Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/00667

 

 

 

 

 

 

 

 

2021 03 23 181/ШШ2021/00667

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М ХХК-д холбогдох,

 

Хууль бусаар барьцаанд хурааж авсан Их засаг олон улсын их сургуулийн эрх зүйн бакалаврын диплом /D201217607/-ыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, М ХХК-ийн захирал Л.Б дансанд шилжүүлсэн хөдөлмөрийн хөлс болох 76,552 иен буюу 2,108,187 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Б.С нь Япон улсад ажиллаж амьдрах зорилгоор М Япон хэлний сургалтын төвийн зарын дагуу 2018 оны 9 дүгээр сард Япон улсад дадлагажигч ажилтан сонгон шалгаруулах ажлын ярилцлаганд орж тэнцсэн. Ажлын ярилцлаганд орж тэнцсэн учраас Япон хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор М төвд сургалтын төлбөр болох 200,000 төгрөг болон ажилд зуучилсан хөлс 5,000,000 төгрөгийг төлсөн.

 

Би 2017 оны 9 дүгээр сард хүүгээ төрүүлсэн ба хүүгээ өөрийн аав, ээжийн асрамжид үлдээж, Япон улсад ажиллаж амьдрахаар шийдсэн. Ажлын ярилцлаганд орох үеэр дадлагажигч ажилтны Япон улс руу нисэх тийзний зардлыг Япон талаас төлдөг мөн Монгол ирэх зардлыг мөн Япон талаас төлдөг гэж байсан. 2018 оны 10 дугаар сард Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Амаар 3 жилийн гэрээ гэж байсан боловч гэрээний, он, сар,өдөр болон гэрээний хугацаа гэрээнд заагдаагүй байсан. Гэсэн хэдий ч би 3 жилийн турш ажиллана гэсэн бодол, эрмэлзэлтэй байсан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед дипломтой хүүхдүүд нь дипломоо өгөөрэй гэхэд нь зарим хүмүүс өгч, зарим нь огт өгөөгүй. Миний хувьд диплом хуулбарлаж аваад өгөх байх гэж бодож байтал хураагаад авахаар нь гайхаад асуутал Японд очоод харлахгүй гэсэн баталгаа гэсэн учраас за за ямар харлах биш дээ гэж бодсон.

 

2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Япон улс руу ниссэн. Япон улсын Мие мужийн Накатэцү компанид дадлагажигчаар ажиллахаар болсон. Анх хөдөлмөрийн гэрээн дээр токарийн ажилтан гэж байсан боловч ажилдаа ороход токарийн ажил биш байсан ба маш хүнд, хортой нөхцөлд машины эд ангийн алдааг гараараа шалгах ажил байсан. Гэсэн хэдий ч амьдралын төлөө зориод ирсэн болохоор маш их хичээж алдаа дутагдал гаргахгүй ажиллаж, мөнгөн шагналаар хүртэл шагнуулж байсан. Хүүгээ хөхнөөс гаргаж амжилгүй Япон улсыг зорьсон учраас хүү маань үе үе өвдөж, санаа зовоож байсан ч шүд зуун ажилласаар байсан. Гэтэл 2020 оны 2 дугаар сард хүү минь шөнө унтаж байхдаа хоолой нь боогдож, амьсгалж чадахгүй яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн байсан. Аав, ээж маань хүүг чинь чам шиг асарч чадахгүй байна, чамд мөнгө хэрэгтэй юм уу хүүхэд чинь хэрэгтэй юм уу, хүүхдээ яаралтай ирж хар, бид хоёр чадахгүй юм байна гэсэн.

 

Тухайн үед Ковид-19 гарсан байсан ба шууд нислэг байхгүй байсан. Тэр үедээ Япон дарга Яманаши сан, Тамаоко сан, Хирошима санд ажиллаж чадахгүй, Монгол буцах хүсэлтэй байгаа тухайгаа хэлэхэд Болохгүй" гэсэн хариу хэлсэн. Японд ажиллаж амьдарч байх хугацаанд М компаниас байнга л шаардлага тавьж, үүрэг, хариуцлага ярьдаг байснаас юу болж байна, юу болохгүй байгаа талаар асууж лавлаж байгаагүй.

 

Маш хүнд нөхцөлд ажилладаг, ар гэр асуудалтай болоод, хүүхэддээ маш их санаа зовсоноос болж нойргүйдэлд орж, хоолноос гарч, ходоод өвдөж, бөөр өвдөж, сэтгэл санаа тогтворгүй болж эхэлсэн. Ар гэрийн гачигдал, сэтгэл санааны хямралын талаараа Улсын онцгой комисс, Япон дахь элчин сайдын яамандаа удаа дараа хандаж, мэдэгдэж, нутаг буцах өргөдлөө өгсөн.Тусгай үүргийн нислэгт хэзээ багтах нь тодорхойгүй байж байтал 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас залгаж 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн нислэгт хамрагдсан талаар хэлсэн. Тэр даруй тусгай үүргийн нислэгт багтсан, ар гэрт маань ийм асуудал байгаа учраас заавал харих хэрэгтэй талаар компанидаа хэлсэн.

 

2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Япон талаас Накатэцү компаний удирдлага, Монгол талаас М сургалтийн төвийн багш Масашиёо сан, Монгол ажилчид гээд гурвалсан уулзалт, онлайн хурал хийж намайг нутаг буцахыг зөвшөөрсөн. Гэхдээ цалинг маань шууд өгөх боломжгүй, татвар, байрны түрээс, газ, ус цахилгаан гээд бүх тооцоог хасч, төлбөр тооцоог тэглээд үлдэгдэл цалинг М байгууллагаар дамжуулан явуулна гэж хэлсэн.

 

Хөдөлмөрийн гэрээг Накатэцү компанитай байгуулж, хурал хийж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас бүх төлбөр тооцоог тэглэж, үлдэгдэл цалин хөлсийг маань Япон компаниас М төвийн захирал Л.Б дансанд шилжүүлсэн гэж ойлгосон. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М төвийн багш Масашиёсо сан фэйсбүүк чатаар Накатэцү компаниас цалингийн чинь хуудас ирсэн гэж хэлсэн.

 

2020 оны 10 дугаар сард диплом болон үлдэгдэл цалингаа авах талаар М төвийн захирал Л.Б утсаар ярин очиж уулзахад маш их хэл амаар доромжилж Чи худлаа хэлж ирсэн, зовж ирсэн юм бол зовж амьдар гэх мэтчилэн хувийн амьдралаар доромжилж 1,500,000 төгрөг өгөөд энэ диллом, цалингаа ав гэж хэлсэн.

 

Ямар үндэслэлээр мөнгө нэхэж байгаа талаар асуухад чи худлаа ярьж тусгай үүргийн нислэгт багтаж, Япон компанид хохирол учруулсан, дараагийн чиний оронд нисэх хүний зардлыг чи даах ёстой гэсэн. Гэрээнд тийм зүйл, заалт огт байхгүй. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М төвөөс мэргэжил дээшлүүлэгчийн хүлээх үүрэг гэж хүний хувийн амьдрал, эрх эрх чөлөөнд халдсан баримт дээр хүчээр гарын үсэг зуруулсан, хэрвээ зурахгүй бол нисгэхгүй гэж байсан. Энэ хүлээх үүрэг гэсэн баримтын 10 дугаар зүйлд дадлагын ажлыг хугацаанаас нь дур мэдэн орхин явах, Зугтан зайлахгүй /харлахгүй/ гэснийг үндэслэж мөнгө нэхэж байна гэж хэлсэн. Гэвч би ажлыг хугацаанаас нь өмнө дур мэдэн орхиж яваагүй, харлаагүй.

 

Нутаг буцах хүсэлтэй байгаагаа нислэгт багтсан даруйдаа компанидаа хэлж, компаний зүгээс хүлээн зөвшөөрч гэрээг цуцалж, эх нутагтаа ирсэн. М сургалтын төв надаас мөнгө нэхэх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.

 

Иймд хууль бусаар барьцаанд хурааж авсан ИЗОУИС-ын Эрх зүйн бакалаврын диплом D201217607-ыг М ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, М сургалтын төвийн захирал Л.Б дансанд шилжүүлсэн миний хөдөлмөрийн хөлс болох 76,552 иен буюу 2,108,187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Б.С-н нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

2018 оны 10 дугаар сарын 01-нд Б.С-той Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээг байгуулсан. Манай байгууллага хэлний бэлтгэлд сургаж Япон улс руу зуучлалын ажиллагаа явуулдаг. Б.С нь Япон улсад очоод өөрийн хувийн байдлаасаа болж гэрээгээ цуцалсан. Манай компани Япон хэлний түвшинг сайжруулах болон компанид зуучилдаг болохоос цалин хөлстэй холбоотой асуудалд оролцдоггүй, шийддэггүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч М ХХК-д холбогдуулан хууль бусаар барьцаанд хурааж авсан Их засаг олон улсын их сургуулийн эрх зүйн бакалаврын диплом /D201217607/-ыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, М ХХК-ийн захирал Л.Б дансанд шилжүүлсэн миний хөдөлмөрийн хөлс болох 76,552 иен буюу 2,108,187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Манай компани Япон хэлний түвшинг сайжруулах болон компанид зуучилдаг болохоос цалин хөлстэй холбоотой асуудалд оролцдоггүй, шийддэггүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талаар:

 

1.1. Нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч хуулийн этгээдийг М япон хэлний сургалтын төв гэж тодорхойлсоны дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/00158 тоот захирамжаар хариуцагч М япон хэлний сургалтын төвд холбогдуулж, иргэний хэрэг үүсгэсэн. /хх1-2, 17/

 

Хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд М ХХК, гүйцэтгэх захирал Л.Б гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд М ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Л.Бямбасүрэн нэхэмжлэлийн хувийг гардан авч, М ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №21/002 тоот албан бичгээр С.У-т хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нь тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. /хх21-22, 25-26/

 

Шүүх хуралдаанд хариуцагч хуулийн этгээдийн нэршлийг нэхэмжлэгчээс тодруулж, М ХХК-д холбогдуулан зөвтгөн шийдвэрлэсэн болно./хх66/

 

1.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товтой 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр биечлэн танилцаж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтан дээр гарын үсэг зурсан боловч Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н нь гэр бүлийн хамт Ковид өвчнөөр ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн. /хх60-61/

 

Шүүх Б.С-н нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох нэхэмжлэлд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хариуцагчийн шүүхэд албадан ирүүлэх тухай захирамж гаргаж, хариуцагчийн төлөөлөгч Л.Бямбасүрэнд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Шүүхээс М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У-н өмгөөлөгч авах хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 02, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлтээ дэмжиж хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна. /хх18-22, 46, 55-57/

 

Иймд Өмнөх шүүх хуралд Нарангуа өмгөөлөгч ковид өвчний улмаас тусгаарлагдаж байгаа гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Хүсэлтэд тусгаарлагдаж байгаа баримт байхгүй байсан. Шүүхээс хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг удаа, дараа хойшлуулсан гэж үзэж байна. Энэ удаа ковид өвчний улмаас халдвартад эмчлүүлж байгаа гэсэн боловч тэр талаарх ХӨСҮТ-ээс ирүүлсэн лавлагаа, тодорхойлолт байхгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч өвдөөгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн учраас өөрөө ирээд хүсэлтээ хэлэх ёстой байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй учраас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын маргаагүй тайлбараар Б.С нь М ХХК-иар зуучлуулан Япон улсын Накатэцү компанид дадлагажигч ажилтнаар ажиллахаар Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжил дээшлүүлэгчийн хүлээх үүрэг гэх баримтад гарын үсэг зурж, 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Япон улсад очиж ажиллаж эхэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Япон улсад очсон, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яаманд хүсэлт гаргасны дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад иржээ.

 

М ХХК нь нэхэмжлэгч Б.Стой Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ түүний Их засаг олон улсын их сургуулийн Эрх зүйн бакалаврын диплом /D201217607/-ыг барьцаалан авч өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарт хариуцагч тал маргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.С-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд өгөөгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.

 

Цалин, хөлс гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Хөдөлмөр эрхэлж байгаа хэн ч хийсэн ажлын үр дүндээ тохирсон цалин, хөлс авах эрхтэй тул нэхэмжлэгч Б.С-н Япон улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан цалин, хөлс болон эрх зүйн бакалаврын диплом зэрэг нь Б.С-н өмчлөлийн хөрөнгөнд хамаарна.

 

Япон улсын Накатэцү компаниас Б.С-н 2020 оны 8 дугаар сард ажилласан цалин болох 76,552 иенийг М ХХК-ийн захирал Л.Б дансанд шилжүүлсэн болох нь М Масаёоши гэх фэйсбүүк хэрэглэгчээс нэхэмжлэгч Б.С-той харилцсан цахим зурвас, Л.Б 91119390 дугаарын утаснаас Б.С-н 99058987 дугаарт бичсэн мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.С-н Их засаг олон улсын их сургуулийн Эрх зүйн бакалаврын диплом /D201217607/, Япон улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан цалин хөлсийг хууль ёсоор эзэмших эрх үүссэн болохыг хариуцагч М ХХК нь нотлоогүй тул эзэмшлийг хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгч Б.С нь өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор зохицуулсан тул нэхэмжлэл гаргасан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ханш 1 иенийг 27.54 төгрөгөөр тооцоход Б.С-н үлдэгдэл цалин хөлс 76,552 иен буюу 2,108,242 төгрөг, түүний Их засаг олон улсын их сургуулийн Эрх зүйн бакалаврын диплом /D201217607/ зэргийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар М ХХК-иас Б.С-н Их засаг олон улсын их сургуулийн Эрх зүйн бакалаврын диплом /D201217607/, цалин 2,108,242 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 118,881 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 319 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ