Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2020/02798

 

 

 

 

 

 

 

 

 

2020 11 10

181/ШШ2020/02798

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: суух,Ч.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах,ГБХЗХГ /РД:5209056/-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 040 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.О нь ГБХЗГ харъяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ээлжийн нийгмийн ажилтанаар ажиллаж байсан юм.

2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Ч.Оюун-Эрдэнийг эмнэлгийн чөлөөтэй байх хойгуур үүрэгт ажлаас нь хууль бусаар халсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр Ч.Оюун-Эрдэнийг Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ээлжийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1 780 804 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч шүүхийн шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүй тул Ч.О Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр явагдаж дууссан.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр миний цалин, хөлсний олговрыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцсон.

Иймд хариуцагч ГБХЗГ-с 2020 ны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ГБХЗХ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.О-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн бие даасан байгууллага болсон тул Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Ч.О-ийг ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг ГБХЗГ бус Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны удирдлага гаргах болсон тул шүүхийн шийдвэрийг албан бичгийн хамт түр хамгаалах байрлуу илгээсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1. 2- т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Энэ заалтын урьдчилсан нөхцөл нь нэгдүгээрт ажил олгогч байх, хоёрдугаарт ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үндэслэлгүй халагдсан байх ёстой бөгөөд урьдчилан нөхцөл хангагдсан тохиолдолд ажилтан өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор зохицуулсан байна. Бид өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оноос өмнөх цалин хөлс олговрыг олгосон боловч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн ажилтныг ажилд томилох чөлөөлөх хууль эрх зүйн боломжгүй болсон. Учир нь 2020 оны 01 дүгээр сараас хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны ажилтан албан хаагчдыг тухайн байрны зохицуулагч томилж чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ хийх болсон, түүнтэй уялдаж тухайн байгууллагын төсөв ГБХЗГ салсан тул 2020 оны 01 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс олгох эрх бүхий этгээд нь хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч болсон тул манайхаас цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ажилд томилсон тушаал болон хариуцагчаас өгсөн албан бичиг, чиглэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтаар ажилд томилж, цалин хөлс олгох эрхгүй болсон гэдэг нь тодорхой харагдана. Хэдийгээр ГБХЗХ болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний төв нь төсвөөс санхүүждэг байгууллагууд боловч тус бүртээ төсөвтэй, төсвийн захиран зарцуулагчтай. Нэгэнт манай байгууллагаас ажилд томилох болон цалинжуулах эрх байхгүй болсон тул манайхаас цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингаас орон тоогоор ажилчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж байдаг. 2020 оны төсөвт Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь ГБХЗГ төсвийн зарцуулах эрх болон төсөв зарцуулалт нь тусдаа хувиарлагдсан. Мөн нэхэмжлэгчийг ажилд нь авч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйд хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг буруутгах боломжгүй юм.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Б.Б нь Ч.О-ийг ажилд томилох тухай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаар тушаал гаргасан байна. Энэ нь нэхэмжлэгчийг ажилд томилох эрх бүхий албан тушаалтан нь ГБХЗХГ удирдлага бус Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч гэдгийг илэрхийлж байна.

ГБХЗХ болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нар нь төсвөөс санхүүждэг байгууллагууд боловч тус бүртээ төсөвтэй, төсвийн захиран зарцуулагчтай, Нэгэнт манай байгууллагаас ажилд томилох болон цалинжуулах эрх байхгүй болсон тул манайхаас цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Ч.О-ийн цалин хөлстэй тэнцэх олговор 5 040 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг ГБХЗХГ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч ГБХЗХт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 040 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорыг гаргуулах шаардлага гаргасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Ажил олгогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаар Ч.О-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулахаар гомдол гаргах эрхийн хугацааг тоолох бөгөөд Ч.Оийг ажилд томилсон тушаал 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарсан тул Ч.О гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр Ч.О-ийг хариуцагч ГБХЗГын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ээлжийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 1 780 804 төгрөгийг гаргуулж Ч.Од олгож шийдвэрлэжээ. /хх-3-6х/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаар Ч.Онийг ажилд томилох тухай тушаалаар шүүхийн шийдвэрийг үндэслэн Ч.О-ийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтнаар томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа орно.

Иймд нэхэмжлэгч Ч.О нь шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд томилсон 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч ГБХЗГнь 2020 оны 01 сараас эхлэн манай байгууллагын төсвөөс Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны төсвийг тусгаарласан, бие даасан байгууллага болсон, тухайн байрны зохицуулагч нь ажилтныг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ хийх эрхтэй байсан тул ажилд томилох шийдвэр гаргаагүйд манай байгууллага буруугүй гэж маргаж байна.

 

Шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

ГБХЗГ нь Ч.О-г шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилсэн байна.

ГБХЗГ нь Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг үйл ажиллагааны чиглэл, удирдлагаар хангадаг болох нь 2020.01.08-ны өдрийн 01/06 тоот, 2020.01.28-ны өдрийн 01/39 тоот, 2020.03.30-ны өдрийн 01/190 тоот, 2020.06.02-ны өдрийн 01/365 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрын зохицуулагчийн 2020.09.10-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Ч.О-ийг ажилд нь томилсноор ГБХЗГ газрыг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Дээрхи үндэслэлээр хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.О-ийн нэг сарын дундаж цалин хөлс 712 323 төгрөг болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу дахин нотлохгүй.

 

Нэхэмжлэгч Ч.О-ийн ажилгүй байсан хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 7 сар 20 хоног байх тул дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцоход 5 648 887 төгрөг /712 323 х 7 сар = 4 986 261 төгрөг, 712 323 : 21,5 = 33 131 төгрөг, 33 131 х 20 хоног = 662 626 төгрөг, 4 986 261 + 662 626 = 5 648 887 төгрөг/ болж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 5 040 000 төгрөгийг гаргуулж Ч.Од олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ГБХЗГ 5 040 000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 140 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГБХЗГ 95 590 /ерэн таван мянга таван зуун ерэн/ төгрөгийг гаргуулж Ч.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ОЮУНТУЯА