Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00238

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Оонийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02798 дугаар шийдвэртэй, Ч.Оонийн нэхэмжлэлтэй, Ээ газарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 040 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Оонэ нь Ээ ээ газрын харъяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ээлжийн нийгмийн ажилтанаар ажиллаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Оонийг эмнэлгийн чөлөөтэй байх хойгуур үүрэгт ажлаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр түүнийг Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ээлжийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1 780 804 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул Ч.Оонэ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр явагдаж дууссан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр цалин, хөлсний олговрыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцсон.

Иймд хариуцагч Ээ ээ газраас 2020 ны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Оонийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн бие даасан байгууллага болсон тул Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Ч.Оонийг ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг Гэр бүл, хүүхэд ээ газар бус Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны удирдлага гаргах болсон тул шүүхийн шийдвэрийг албан бичгийн хамт түр хамгаалах байрлуу илгээсэн.

Бид өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оноос өмнөх цалин хөлс олговрыг олгосон боловч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн ажилтныг ажилд томилох чөлөөлөх хууль эрх зүйн боломжгүй болсон. Учир нь 2020 оны 01 дүгээр сараас хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны ажилтан албан хаагчдыг тухайн байрны зохицуулагч томилж чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ хийх болсон, түүнтэй уялдаж тухайн байгууллагын төсөв Ээ ээ газраас салсан тул 2020 оны 01 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс олгох эрх бүхий этгээд нь хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч болсон тул манайхаас цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ажилд томилсон тушаал болон хариуцагчаас өгсөн албан бичиг, чиглэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтаар ажилд томилж, цалин хөлс олгох эрхгүй болсон гэдэг нь тодорхой харагдана.

Хэдийгээр Ээ ээ газар болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний төв нь төсвөөс санхүүждэг байгууллагууд боловч тус бүртээ төсөвтэй, төсвийн захиран зарцуулагчтай. Нэгэнт манай байгууллагаас ажилд томилох болон цалинжуулах эрхгүй болсон.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Ч.Оонийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд нэхэмжлэгчийг ажилд томилох эрх бүхий албан тушаалтан нь Ээ газрын удирдлага бус Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч гэдгийг илэрхийлж байна.

Ээ ээ газар болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нар нь төсвөөс санхүүждэг байгууллагууд боловч тус бүртээ төсөвтэй, төсвийн захиран зарцуулагчтай, манай байгууллагаас ажилд томилох болон цалинжуулах эрхгүй болсон тул манай байгууллагаас цалин хөлс нэхэмжлэх нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Гэр бүл, хүүхэд ээ газраас 5 040 000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Оонэд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Оонийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 140 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэр бүл, хүүхэд ээ газраас 95 590 /ерэн таван мянга таван зуун ерэн/ төгрөгийг гаргуулж Ч.Оонэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийг гарснаас хойш ажилтныг өмнөх ажилд нь эгүүлэн авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлс олгох эрх бүхий этгээд нь Ээ, ээ газар биш Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч болсон тухай дурьдсан буюу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ажилд эгүүлэн томилсон тушаалыг тухайн байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд гаргасан байдаг.

Мөн 2020 оны төсвийн тухай хууль түүнийг дагасан төсвийн шууд захирагч нарын өөрчлөлтөөс хамаарч ганц манайх бус хэд хэдэн төрийн байгууллага төсөв салж, ажил томилох эрх бүхий этгээд өөрчлөгдсөн байдаг. Бидний зүгээс дээрх баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Сангийн яамнаас энэ талаар баримт авах гэсэн боловч өгөөгүй.

Нэхэмжлэгч ажилдаа эргэж орох ямар ч сонирхолгүй байсан бөгөөд өөр ажил эрхэлж байсан талаар тайлбарт дурдсан байгааг анхаарч үзээгүй.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах цалин хөлс олгох, ажилд авах тушаал гаргах эрх нэгэнт хариуцагч Ээ ээ газарт байхгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон. Өмнөх 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу түүнд олгох байсан 1 780 804 төгрөгийн олговрыг олгож, дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн боловч Төсвийн болон бусад хууль тогтоомж зөрчиж ажилд авах боломжгүй байсан тул бид ажилд авах тушаал гарган хөдөлмөрийн гэрээ байгуулж чадаагүй.

Ээ, ээ газар, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь нэг чиглэлтэй төсвийн байгууллагууд боловч тус бүртээ төсвийн шууд захирагчтай хуулиараа нэг байгууллагын гүйцэтгэх эрх хэмжээг нөгөө байгууллага гүйцэтгэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ удаа дараа чиглэл өгч байсан гэдгээр дүгнэсэн байдаг. Төсвийн байгууллагаас харьяалах байгууллагыг удирдлага зохион байгуулалтаар хангах үүднээс чиглэл хүргүүлэх боломжтой боловч, тухайн байгууллагын ажилтныг танайх манайд харьяалагддаг тул танай ажилтныг ажилд авах тушаалыг манайх гаргасан гэх боломжгүй. Гэтэл ийм агуулга бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь байж боломгүй алдаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн цалин хөлсийг тооцохдоо нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 4 040 000 төгрөг гэж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1 000 000 төгрөг гэж тодорхойлсон байгааг харгалзан үзэлгүй нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд нөхөн олговрыг тооцоогүй. Иймд давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Оонэ нь хариуцагч Ээ ээ газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр Ч.Оонийг Гэр бүл, хүүхэд ээ газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Ээлжийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэжээ. /хх3-6/

 

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Ч.Оонийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтнаар томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх53/

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, ажил олгогч нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоогоогүй, ажилтны хөдөлмөрлөх эрх арилаагүй гэж дүгнэж, нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх буюу 7 сар 20 хоногийн хугацаанд хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул дээрх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Гэр бүл, хүүхэд ээ газрын төсвөөс Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн төсөв санхүү, хүний нөөцийн хувьд тусдаа болсон буюу шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэг нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт зааснаар шилжсэн гэх нөхцөл байдлыг нотлох баримтыг хариуцагч байгууллага гаргаж өгөөгүй, уг баримт өөрт нь байхгүй гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/2020/00185 дугаар шийдвэрээр Ч.Оонийн нэг сарын дундаж цалинг 712 323 төгрөгөөр тооцсныг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгчид олгох олговрын хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 7 сар 20 хоногоор тооцвол 5 648 887 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан 5 040 000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан зарчимтай нийцнэ. Иймд Гэр бүл, хүүхэд ээ газраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус 1 000 000 төгрөгийн олговрыг илүү тооцож, гаргуулсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА