Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/02458

 

 

 

 

 

 

2020оны 10сарын05дөр

 

181/ШШ2020/02458

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  С.Н /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  НШ газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 тоот захирамжаар 140,934,389 төгрөгийг Хаан банканд би төлөх болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт миний гэр бүлийн өмчлөлийн тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай 316 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г дугаартай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн Б тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 93.7 м.кв ажлын байр , эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 30 м.кв талбайтай хувийн сууцыг эрхийн улсын Г2бүртгэлтэй 564 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар хураагдсан. Төлбөрт хураагдсан эдгээр үл хөдлөх эд хөрөнгөнд 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 1150 тоот тогтоолоор шинжээч томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Шинжээчийн хөрөнгийн үнэлгээ 205,400,000 төгрөг, 45,324,422 төгрөг болсон. Энэхүү үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ тогтоолгох гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт бага хийгдсэн бодит үнэлгээ биш гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.С.Нийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулах дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 дүгээр захирамжаар *******, С.С.Н нараас 140,934,389 төгрөгийг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2203020862, Г-2203006190 дугаартай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн г тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Г-2дугаартай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамжны 716б тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан. Төлбөр төлөгч нараас 2020 оны 03 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг нийт 900,000,000 төгрөгөөр үнийн саналыг өгснийг төлбөр авагч тал зөвшөөрөөгүй ба үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд талууд тохиролцоогүй тул 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 150 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК үнэлгээ тогтоосон. Эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 4/10291 тоот албан бичгээр мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг сануулсан. Төлбөр төлөгч *******, С.С.Н нар нь 2020-04-01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу уг шийдвэрт буюу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрсдийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах боломжтой тул 1 сарын хугацаа олгож өгнө үү гэх хүсэлтийг тус газарт бичгээр ирүүлсэн тул бие даан худалдан борлуулах боломжит 1 сарын хугацаа олгосон талаар 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 4/11346 тоот албан бичгээр мэдэгдсэн. Бие даан худалдан борлуулах боломжит 1 сарын хугацаа өнгөрсөн тул 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 6/83 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 4/19940 тоот анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн. Шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн. Мөн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу Төлбөр төлөгч нар өөрсдийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй танилцан уг үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах боломжит 1 сарын хугацааг авч байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.С.Н нь хариуцагч НШ газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 дүгээр захирамж /хх-39 тал/-аар С.С.Н, ******* нар нь нэхэмжлэгч Хаан банканд 70,528.21 ам.доллар буюу 140,503,478 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 181/ШЗ2018/01495 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-41 тал/-аар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас /хх-38 тал/ олгосноор 2019 оны 01 сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-42 тал/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад НШ газрын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 19280237/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-51 тал/, мөн өдрийн 19280237 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-52 тал/-уудаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн г тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020862 дугаарт бүртгэлтэй 316 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006190 дугаарт бүртгэлтэй 482 м.кв талбайтай газрын хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамжны 716б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 93.7 м.кв талбайтай хувийн сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Г-2дугаартай 564 м.кв талбай бүхий газрын хамт, 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 19280237/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-56 тал/-оор Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамжны 716б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус битүүмжлэн, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг НШ газрын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 19280237/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-54 тал/, мөн өдрийн 19280237/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-55 тал/, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 19280237/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-59 тал/-уудаар тус тус хураасан байна.

Төлбөр төлөгч *******, С.С.Н нар нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх санал /хх-63,64 тал/-ыг НШ газарт гаргасан байх ба төлбөр авагч Хаан банк ХХК нь төлбөр төлөгч нараас гаргасан үнийн саналыг эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт /хх-66 тал/-ийг НШ газарт гаргажээ.

НШ газар нь 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 150 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-67 тал/-оор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид хууль сануулсан /хх-68 тал/ байна.

НШ газар дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь 2020 оны 03 сарын 23-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-69-98 тал/-г НШ газарт ирүүлсэн байх ба Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн г тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020862 дугаарт бүртгэлтэй 316 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006190 дугаарт бүртгэлтэй 482 м.кв талбайтай газрын хамт 205,400,000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамжны 716б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 93.7 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай хувийн сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Г-2дугаартай 564 м.кв талбай бүхий газрын хамт 45,324,422 төгрөгөөр буюу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн нийт үнэ цэнийг 250,724,422 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээг гаргасан байна.

Төлбөр төлөгч ******* нь үнэлгээний тайлантай 2020 оны 03 сарын 26-ны өдөр танилцсан болох нь НШ газрын 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 4/10291 дугаартай Мэдэгдэл /хх-100 тал/, мөн өдөр үйлдэгдсэн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-101 тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд 2020 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч С.С.Н нь үнэлгээний тайлангийн талаар мэдсэн байсан болох нь түүний *******н хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэн агуулга бүхий НШ газарт хандан гаргасан хүсэлт /хх-102/-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.С.Н нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд анх 2020 оны 06 сарын 09-ний өдөр гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан тул шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган дахин 2020 оны 06 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх дахин хүлээн авахаас татгалзсан, улмаар шүүхэд 2020 оны 07 сарын 27-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн гэж тайлбарладаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч нарт шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 03 сарын 26-ны өдөр мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул төлбөр төлөгч нарын үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа 2020 оны 04 сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч тухайн нөхцөл байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж, уг тайлбараа нотлох баримт болгон хэрэгт нотлох баримтаар хөрөнгө үнэлгээний МЧД ХХК-ийн үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар гаргаж өсгөн боловч уг тайланд НШ газрын 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 150 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолд дурдагдаагүй эд хөрөнгө буюу гурван машины гарааш, ажлын байр гэх зэрэг хөрөнгийн үнэлгээг тусгасан, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 93.7 м.кв талбайтай хувийн сууцыг ажлын байр нэрээр үнэлгээнд тусгаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хөрөнгө мэтээр үнэлгээний тайланд алдаатай тусгасан, байшин, хашаа, газар, үүдний тамбур зэргийг тус тусад нь үнэлж гаргасан үнэлгээ байх тул уг үнэлгээний тайлан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээг үгүйсгэх баримт болж чадахгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.С.Нийн хариуцагч НШ газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.С.Нийн хариуцагч НШ газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 181/ШЗ2020/09934 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР