Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02366

 

МАГАДЛАЛ

2020.12.16 Дугаар

 

 

 

 

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02458 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 тоот захирамжаар Хаан банк ХХК-д миний бие 140 934 389 төгрөг төлөхөөр болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 53-716а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү2203020862 дугаартай 316 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г2203006190 дугаартай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53-716Б тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-2203021327 дугаартай 93.7 м.кв ажлын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013903 дугаартай 30 м.кв талбайтай хувийн сууцыг эрхийн улсын Г2203002095 бүртгэлтэй 564 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар хураагдсан. Төлбөрт хураагдсан эдгээр үл хөдлөх эд хөрөнгөнд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1150 тоот тогтоолоор шинжээч томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Шинжээчийн хөрөнгийн үнэлгээ 205 400 000 төгрөг, 45 324 422 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ тогтоолгох гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт бага хийгдсэн бодит үнэлгээ биш гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 дугаар захирамжаар Л.Бат-Ирээдүй, С.Наранцэцэг нараас 140 934 389 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2203020862, Г-2203006190 дугаартай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамж 716а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021327, Ү-2203013903, Г-2203002095 дугаартай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамжны 716б тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан. Төлбөр төлөгч нараас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг нийт 900 000 000 төгрөгөөр үнийн саналыг өгснийг төлбөр авагч тал зөвшөөрөөгүй ба үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоосон. Эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/10291 тоот албан бичгээр мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг сануулсан. Төлбөр төлөгч Л.Бат-Ирээдүй, С.Наранцэцэг нар нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрсдийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах боломжтой тул 1 сарын хугацаа олгож өгнө үү гэх хүсэлтийг тус газарт бичгээр ирүүлсэн тул бие даан худалдан борлуулах боломжит 1 сарын хугацаа олгосон талаар 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11346 тоот албан бичгээр мэдэгдсэн. Бие даан худалдан борлуулах боломжит 1 сарын хугацаа өнгөрсөн тул 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/83 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/19940 тоот анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн. Шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Н-ийн хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 181/ШЗ2020/09934 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх үнэлгээтэй холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгуулагын холбогдох албан тушаалтнуудад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч тухайн нөхцөл байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтанд заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах түр зогсох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн. Шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээ хийлгэсэн гэдэг. Үнэлгээнд тухайн үед холбогдох албан тушаалтанд гомдол гаргаж хариуг нь авсны дараа шүүхэд хандсан. Шүүх удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Анх шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Хэрэв шүүхийн холбогдох албан тушаалтнаас гомдол гаргаж хариу аваагүй тохиолдол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахгүй байлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн байгуулагаар үнэлгээ хийлгэж нотлох баримтаар өгсөн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээг үгүйсгэх баримт болохгүй гэж дүгнэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас үнэлж, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч С.Наранцэцэг нь хариуцагч НШШГГ холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамжны 716а тоотод байрлах 316 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг мөн хаягт байрлах 18644318255575 нэгж талбарын дугаар бүхий 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 205 400 000 төгрөгөөр, мөн гудамжны 716а-1 тоот хаягт байрлах 93.7 м.кв, 30 м.кв талбайтай хувийн сууцыг, 18644318275582 нэгж талбарын дугаартай, 564 м.кв талбайтай газрын хамт 45 324 422 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 дугаар захирамжаар С.Н, Л.Б нараас 140 503 478 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрлэснийг баталсан байна. /хх-14-16/

 

Дээрх захирамжийг төлбөр төлөгч нар биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШЗ2018/01495 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6764 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж гүйцэтгэх хуудас олгосны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19280237 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /хх-38, 41-42/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-51-59/

 

Төлбөр төлөгч С.Н, Л.Б нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамжны 716а тоотод байрлах 316 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг 632 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 18644318255575 нэгж талбарын дугаар бүхий 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 60 000 000 төгрөг, мөн гудамжны 716а-1 тоот хаягт байрлах 93.7 м.кв талбайтай хувийн сууцыг 133 000 000 төгрөгөөр, 18644318275582 нэгж талбарын дугаартай, 564 м.кв талбайтай газрыг 70 000 000 төгрөгөөр, 30 м.кв талбайтай хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдаагаар худалдах үнийн санал ирүүлсэн. /хх-63-34/

 

Төлбөр авагч Хаан банк ХХК нь дээрх үнийн саналыг зөвшөөрөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчийг томилжээ. /хх-66-67/

 

Сэлэнгэ-Эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамж 716а тоотод байрлах, 316 м.кв талбайтай, хувийн сууцыг болон 482 м.кв газрын хамт 205 400 000 төгрөгөөр, мөн гудамжны 716б-1 тоотод байрлах 93.7 м.кв болон 30 м.кв талбайтай хувийн сууцыг 564 м.кв талбай бүхий газрын хамт 45 324 422 төгрөгөөр тус тус үнэлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-70-81, 83-98/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу төлбөр төлөгч С.Н, Л.Б нарт Сэлэнгэ-Эстимэйт ХХК Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамж 716а тоотод байрлах, 316 м.кв талбайтай, хувийн сууц болон 482 м.кв газрыг 205 400 000 төгрөгөөр, мөн гудамжны 716б-1 тоотод байрлах 93,7 м.кв болон 30 м.кв талбатай хувийн сууц болон 564 м.кв талбай бүхий газрыг 45 324 422 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар 2020 оны 3 дугаар сараны 26-ны өдөр мэдэгджээ. /хх-87/

 

Төлбөр төлөгч С.Н, Л.Б нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш буюу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр НШШГГ төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гарган, хүсэл зоригоо илэрхийлснийг анхан шатны шүүх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан борлуулах тухай санал гаргаж болно гэж зохицуулсан. Төлбөр төлөгч тал 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах санал гаргасан боловч 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Мөн нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хөрөнгө үнэлгээний МЧД ХХК-ийн тайланг үндэслэн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг эргэлзээгүй тодорхойлох улмаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БАЙГАЛМАА