Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2020/00489

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр Дугаар 136/ШШ2020/00489 Д аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 6 дугаар баг, Д 15 гудамж, 1511 тоотод оршин суух, эмэгтэй, 40 настай, Б овогт Бгийн Б /РД:ЕЛ80101800/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 4 дүгээр баг, Дын 14-8 оршин суух, эрэгтэй, 39 настай, Б овогт Оийн Б /РД:Е666666/-т

Хариуцагч: У хот, Бдүүрэг, 12-р хороо, Ж гудамж, ....6 тоотод оршин суух, эмэгтэй, 38 настай, Б овогт Эгийн М /РД:Ц44444444/ нарт холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2008 онд гэр бүл болоод, 2009 онд хүү Б.Х төрсөн. Б намайг эзгүй байх хооронд миний охиныг татаж хоргоодог байсан учир үүнээс болж бид маргаад тусдаа амьдрахаар болсон. Б өмнө нь гэр бүлтэй байсан. Өмнөх гэр бүлээ цуцлуулж чадаагүй гэдэг байсан. Бид 2018 оны 7 сарын 25-ны өдөр Honda insite маркын 9248 УБА улсын дугаартай автомашиныг 10 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн автомашин худалдан авах үед мөнгө дутсан байсан учир Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-иас 4 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгчээс зээлийг заавал Улаанбаатар хотын харьяалалтай хүний нэр дээр гаргана гэсэн учир Бийн ах, эгч нар зээлийн гэрээний нэг тал болж гэрээ хийгдсэн. Харин зээлийн гэрээний төлбөрийг би өөрөө сар бүр цалин дээрээсээ төлж дуусгасан. Гэвч автомашины зээлийн төлбөр дууссан байхад автомашины гэрчилгээн дээрх нэрийг солиулаагүй, би автомашины төлбөр төлснөө хэлээд нэхэмжлэхээр хэн хэн нь өгөх талаар ямар ч хариу өгөхгүй байх юм. Б автомашиныг унаж хэрэглэж байгаа учир надад автомашины ямар ч баримт бичиг байхгүй, Би Бтэй ярилцаад 10 сая төгрөгөөр үнэлээд 5 сая төгрөг надад өгөхийг санал болгоход миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч Э.М, Б.Б нараас 5 сая төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч өөрийн тайлбартайгаа холбогдуулан ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. 2018 оны 9 дүгээр сард 2.300.000 төгрөгийг Бд өгсөн гэж хариуцагч тайлбарлаж байна. Хамгийн сүүлд банк бус санхүүгийн байгууллагад зээл төлж хаалгасан огноог харахад 7 дугаар сарын 24-ний өдөр гэсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Үүнээс дүгнэхэд цаг хугацааны хувьд эрс зөрөөтэй байдаг. Тэгэхээр хариуцагч өөрөө 2.300.000 төгрөг өгч зээлээ хаалгасан гэдэг тайлбар нь тодорхой тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зохигчид аль аль нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж заагдсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд даргалагч хариуцагчаас одоогоор танд унаа байгаа юу гэж асуухад байхгүй гэсэн мөртлөө 8832 гэсэн Улаанбаатарын дугаартай машин унаад явж байгаа. Ийнхүү илтэд худал мэдүүлэг тайлбар өгөөд байгааг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэдийгээр банк бусын төлбөр Бтэй хамаарахгүй боловч Б өөрөө машин авах гэж тэр зээлийг авсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Honda insite маркын автомашиныг Б.Б нь 10 сая төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн нь худал мэдээлэл ба 9.5 сая төгрөгөөр авсан. Би 40 хувийг нь өгөөд банк бус санхүүгийн байгууллагаас 9.500.000 төгрөгөөр машин авч байсан. Намайг ажилгүй байх хугацаанд Б эмнэлэгт ажиллаад төлж байсан. Сард 235.000 төгрөг өгдөг байсан. Үлдэгдэл 2.300.920 төгрөгийг би өөрөө төлөөд зээлээ хаасан. Б 2.000.000 гаруй төгрөг төлсөн. Яагаад надаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байгааг гайхаж байна. Би байрных нь мөнгөнөөс өгөөд, засвар хийж өгч байсан. Гэтэл ямар учраас надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, бие муутай учир хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй, боломжгүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Б.Б, Э.М нараас 5 000 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б ажил, орлоггүй, орон гэргүй, бие муутай гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Э.М зөвхөн миний нэр дээр зээл гаргуулаад төлөлтийг Б.Б, Б.Б нар өөрсдөө төлсөн. Надад хамааралгүй гэж маргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хүүхдийн тэтгэлгийн тухайд

Хариуцагч Э.М нь Төв аймгийн Мөнгөн морьт суманд өндөр настай эмээгээ асарч байгаа тул шүүх хурлыг надгүйгээр явуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б хэн аль нь уг хүсэлтийг хангаж Э.Мгүйгээр хурлыг явуулах нь зүйтэй гэх саналтай байгаа тул тус хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нар нь 2008 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Х төрсөн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 0306878 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй, ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоож, эцэг Б.Бээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүү Б.Х нь Д аймагт оршин суудаг ба төвийн бүсэд хамаарч байна. Үндэсний статистикийн хорооны даргын Хүн амын амьжиргааны 2020 оны доод түвшинг тогтоох тухай 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Төвийн бүсийн амьжиргааны доод түвшинг 198 300 төгрөг байхаар тогтоожээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.Хд 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож сар бүр эцэг Б.Бээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

5 000 000 төгрөг гаргуулах тухайд

Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сард 9248 УБА улсын дугаартай Хонда Инсайт маркын автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд дундын өмч гэж үзэн 5 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Очир-Ундраа ОМЗ ББСБ ХХК-аас 4 сая төгрөгийн зээл авахад... Улаанбаатар хотын харьяалалтай хүний нэр дээр зээл гарна гэсэн учир Бийн ах, эгч нар зээл авсан. Харин зээлийн төлбөрийг би өөрөө сар бүрийн цалин дээрээс төлж дуусгасан гэх, хариуцагч Б.Бийн шүүх хуралдаанд гаргасан Э.Мийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагагүй. Учир нь энэ хүний нэр дээр зөвхөн зээл гаргуулж, машин авахуулсан юм. гэх, хариуцагч Э.Мийн Миний бие О.Бийн ах Баярсайхны эхнэр болно. Б, Б нар нь 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирж машин авсан. Машин авахдаа мөнгө нь дутсан учир уг машинаа Очир-Ундраа ОМЗ ББСБ-д тавьж 4 сая төгрөг зээлж авсан. Уг ББСБ нь тухайн үед Улаанбаатар хотын харьяа иргэний үнэмлэхтэй хүнд зээл олгоно гэсэн болохоор миний нэр дээр уг зээлийг гаргуулан авсан болно. Тухайн нэхэмжилсэн мөнгө надад хамаагүй. Уг мөнгийг би захиран зарцуулаагүй болно. Би хэлбэр төдий гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б болон Б.Б нарын хэн аль Очир-Ундраа ОМЗ ББСБ ХХК-аас зээлсэн 4 сая төгрөгөөс Э.М ямарч төлөлт хийгээгүй тухай, мөн Э.М дээрх төлбөрөөс огт төлөлт хийгээгүй тухай нөхцөл байдалд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Б.Б нар нь 2008 оноос хойш хамтын амьдралтай байсан ба хоорондоо гэрлэж гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна. Иймд тэднийг гэр бүлийн гишүүд гэж үзэх боломжгүй.

Талууд 2018 онд Хонда инсайт маркын автомашинийг худалдан авчээ. Тэдний хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгийг Иргэний хуулийн 125 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд тус хуулийн 108 дугаар зүйлд зааснаар дундын өмч гэж үзнэ.

Хонда инсайт маркын автомашин нь Б.Бийн эгч Э.Мийн нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч талуудын шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд Э.М нь автомашины эзэмшил дээр маргаагүй, уг автомашиныг Б.Б, Б.Б нарынх мөн гэж тайлбар гаргажээ. Иймд талуудын маргаж буй Хонда инсайт маркын автомашиныг Б.Б, Б.Б нарын дундын өмч гэж үзэв.

Хариуцагч Хонда Инсайт маркын автомашиныг машиныг 2018 онд 9 500 000 төгрөгөөр худалдан авч байсан гэх, нэхэмжлэгч машиныг 10 500 000 төгрөгөөр худалдаж авсан гэж тухайн үедээ Б надад хэлж байсан, одоо тэгвэл 9 500 000 төгрөг байсан юм байлгүй гэх тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргажээ. Нэхэмжлэгч уг автомашиныг 10 500 000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбар гаргасан боловч баримтаар нотлоогүй байна. Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан автомашиныг 9 500 000 төгрөгөөр авсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Тоёота Пасо гэдэг машинтай байж байгаад тэрийгээ зараад 6.000.000 төгрөгтэй хот орсон. Энэ машиныг өөрөө ажил хийж олсон мөнгөөрөө авч байсан. Хотод 5 500 000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, 4 000 000 төгрөгийг нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлүүлээд Honda insight машиныг авч байсан. Сүүлд машин авахад л нэхэмжлэгч сар бүр 235.000 төгрөг өгч байсан. Түүнээс өмнөх машиныг авахад туслалцаа үзүүлж байгаагүй. Б машин авахад 2.000.000 гаран төгрөг л өгсөн, үлдэгдлийг нь би өөрөө төлсөн. гэжээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн өмнө эзэмшиж байсан Тоёота Пасо маркийн автомашиныг хариуцагч өөрийн мөнгөөр худалдан авсан, түүнд нэхэмжлэгчээс төлбөр төлөөгүй гэдэгт маргаагүй байна. Иймд уг автомашиныг борлуулж Хонда инсайт маркын автомашиныг худалдан авахад оруулсан 5 500 000 төгрөгийг хариуцагч Б.Бийн өмч гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 235 000 төгрөгөөр нийт 9 удаагийн гүйлгээгээр 2 115 000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2 300 920 төгрөг, нийт 4 415 920 төгрөгийг Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5076461128 тоот дансанд зээлийн төлөлтийн зориулалтаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Г.Гантөмөрийн мэдүүлэг, Б.Бгийн Хаан банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-27/, Г.Гантөмөрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

Гэвч Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5076461128 тоот дансанд шилжүүлсэн 2 300 920 төгрөгийг Б.Бийн цалингийн орлого байсан бөгөөд зээл хаалгахаар өөрт нь өгсөн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул 2 300 920 төгрөг нь хариуцагчийн өмчлөлд хамаарахаар байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Бгийн төлсөн гэх 4 415 920 төгрөгөөс 2 115 000 төгрөг нь нэхэмжлэгчийн, үлдсэн хэсэг нь хариуцагчийн өмчлөл мөн болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэж заасны дагуу Б.Бгийн 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2 115 000 төгрөгийн шаардлагыг хангаж Б.Бээр гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа Б.Бтай хамт амьдарч байх хугацаандаа байрны төлбөрт 1 500 000 төгрөг, байрных нь засварт 1 000 000 төгрөг гаргаж зарцуулсан, мөн ус тогны мөнгөнөөс төлөлцдөг байсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг 25.2.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч Э.М нь зөвхөн зээлийг өөр дээрээ гаргасан, автомашин нь Б.Б, Б.Б нарын өмч гэдэгт маргаагүй, мөн автомашин нь Б.Бийн эзэмшилд байсан тул Э.Мт холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б нь хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /198,300/2=99150*12=1,189,800-650,000= 539,800*2,4= 12,955.2+20150=33,105.2/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 33 105 /гучин гурван мянга нэг зуун тав/ төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгаас 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 40 164 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Б овогт Бгийн Б.Х /РД:Е.........5/-д 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоож сар бүр эцэг Б.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бд үүрэг болгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2 115 000 төгрөгийг жангаж, үлдэх 2 885 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Бээс 2 115 000 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бээс 33 105 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 40 164 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА