Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2021/00002

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021           02           24                                            202/МА2021/00002                                           

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2020/00489 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт О-ийн Б,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 11 гудамж, 226 тоотод оршин суух, 38 настай, эмэгтэй, Б овогт Эийн М  нарт холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундыг өмчлөлийн эд хөрөнгийн үнэд 5000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч О.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Бид 2008 онд гэр бүл болоод, 2009 онд хүү Б.Х төрсөн. О.Б намайг эзгүй байх хооронд миний охиныг татаж хоргоодог байсан учир үүнээс болж бид маргаад тусдаа амьдрахаар болсон. О.Б өмнө нь гэр бүлтэй байсан. Өмнөх гэр бүлээ цуцлуулж чадаагүй гэдэг байсан. О.Б надтай хамт амьдарч байх хугацаандаа гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал, хайр халамж тавьдаггүй, ажил төрөл хийдэггүй, ихэвчлэн миний цалин мөнгөөр болгож амьдарч байсан. Иймд хүү Б.Хд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн бид 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Honda insite маркийн 92-** УБА улсын дугаартай автомашиныг 10000000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн автомашин худалдан авах үед мөнгө дутсан байсан учир “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ниас 4000000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгчээс зээлийг заавал Улаанбаатар хотын харьяалалтай хүний нэр дээр гаргана гэсэн учир О.Бийн ах, эгч нар зээлийн гэрээний нэг тал болж гэрээ хийгдсэн. Харин зээлийн гэрээний төлбөрийг би өөрөө сар бүр цалин дээрээсээ төлж дуусгасан. Гэвч автомашины зээлийн төлбөр дууссан байхад автомашины гэрчилгээ дээрх нэрийг солиулаагүй, би автомашины төлбөр төлснөө хэлээд нэхэмжлэхээр хэн, хэн нь өгөх талаар ямар ч хариу өгөхгүй байх юм. О.Б автомашиныг унаж хэрэглэж байгаа учир надад автомашины ямар ч баримт бичиг байхгүй, би О.Бтэй ярилцаад 10000000 төгрөгөөр үнэлээд 5000000 төгрөг надад өгөхийг санал болгоход миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иймд хариуцагч Э.М, О.Б нараас 5000000 сая төгрөг гаргуулан авах хүсэлттэй байна...” гэжээ.

 

           Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Б надаас 5000000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 25-нд Honda insite маркийн автомашиныг Б.Б нь 10000000 төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн буюу энэ нь худал мэдээлэл ба тус автомашиныг 9500000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн Б.Б нь намайг ажилтай байх хугацаанд лизингийн үлдэгдэл төлбөр болох 4000000 төгрөгийг сар бүр 235000 төгрөгийн төлөлт хийдэг байсан ба бүрэн төлж дуусгаагүй. 2018-2019 онд би өөрийн биеэр 2300000 төгрөгийг өөрийн орлогоос өгч лизингээ дуусгасан. Одоо банкны нэр дээр байгаа. Б.Б бид хоёрын хамт амьдарч байсан байрны төлбөрт 1500000 төгрөг, байрны засварт 1000000 төгрөг төлж байсан. Мөн ус, тогны мөнгөнөөс төлөлцдөг байсан. Иймд Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

         Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие хариуцагч О.Бийн ах Б-ы эхнэр болно. Б, Б нар нь 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирж машин авсан. Машин авахдаа мөнгө нь дутсан учир уг машинаа Очир-Ундраа ОМЗ ББСБ-д тавьж 4 сая төгрөгийн зээл авсан. Уг ББСБ нь тухайн үед Улаанбаатар хотын харьяа иргэний үнэмлэхтэй хүнд зээл олгоно гэсэн болохоор миний нэр дээр уг зээлийг гаргуулан авсан болно. Тухайн нэхэмжилсэн мөнгө надад хамаагүй. Уг мөнгийг би захиран зарцуулаагүй болно. Би хэлбэр төдий гарын үсэг зурсан...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Б овогт Бийн Х-д 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоож сар бүр эцэг Б.Бээр тэжээн тэтгүүлж,

 

         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдаж,

 

         Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бд үүрэг болгож,

 

         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдаж,

 

         Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2 115 000 төгрөгийг жангаж, үлдэх 2 885 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Бээс 2 115 000 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бээс 33 105 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 40 164 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож.

               

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

                    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Б-тай хамтын амьдрал үүсгэж хүү Б.Х төрсөн. Би хөдөлмөр зүтгэл гаргаж орон байраа зассан. 10 сая орчим төгрөг зарцуулсан. Гэтэл Б энэ мөнгө төгрөгийг тооцохгүй зөвхөн машины мөнгөний тооцоо гаргаж байна. Б.Б хүүхдийн эрхийг маш их зөрдөг хүн, эмээтэй нь яриулахгүй, аавтай нь яриулахгүй миний авч өгсөн утсыг өөрөө авчихаад хүүхдэд өгөхгүй яриулахгүй, уулзуулахгүй байдаг. Жаахан хүүхдийг шөнө орой болсон үед дэлгүүр хоршоо руу хөөж явуулдаг учраас би хүүгээ өөр дээр авч өсгөх хүсэлттэй байна. Мөн Б-гийн нэхэмжилсэн 5 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэл дээр анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж надаас 2 115 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би ажилтай байх хугацаандаа Б.Б-д мөнгө өгч байсан, түрүүнд бас үндэслэлгүй юм ярьж байна. Би хамтран амьдарч байх хугацаандаа Б.Б-гаас мөнгө төгрөг нэхдэггүй, харин би өөрөө мөнгө олж, байранд засвар хийсэн. Хүүхдийг нь оролдож байгаад салсан гэж худлаа, бид 2 байрнаас болж маргалдаад салцгаасан. Намайг Дундговь аймгийн Өндөр шил суманд байшин барьж байхад манай нэг хамаатан байр зарах гээд байна гэхээр нь өөрөө л мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд ирсэн чинь байраа авчихсан байхаар нь мөнгийг хамт өгөлцсөн. Дараа нь би байрных нь ордерыг үзье гэсэн чинь банкинд тавиатай байсан. Үүнээс болж бөөн хэрүүл болоод 2 тийшээ болсон. Хүү Б.Х-г өөр дээрээ авах бодолтой байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргаж байгаа гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг өмгөөлөгчийн зүгээс санал болон хүсэлт гаргая. О.Бийн хувьд хүүгээ өөр дээрээ авч өсгөх саналтай байна гэдгээ гомдол дээрээ дурдсан байдаг. Хэдийгээр анхан шатны шүүх хүү Б.Хд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудал дээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбогдуулан хариуцагч шүүх хуралдаанд хүүхдээ хүлээн зөвшөөрч байна гэхдээ би хүүхдийн тэтгэлэг төлөхийн хувьд, ажилгүй байгаа учраас төлөх ямар ч боломжгүй байна гэсэн тайлбарыг хэлж байснаас хүүхдийн асрамжтай холбоотой гомдол саналыг гаргаагүй. Мөн өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан тайлбар болох хүүхдийн тэтгэмжтэй холбоотой тайлбарыг гаргаагүй байж байгаа. Тиймээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлтэй байна. Мөн Б.Б-гийн нэхэмжилсэн 5000000 /таван сая/ төгрөгөөс О.Б нь 2115000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Б тухайн машины зээлийг цалин болгон дээрээсээ төлж байсныг хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаандаа надаас мөнгө нэхээд байгаа нь үндэслэлгүй гэж байна. Тухайн үед хамт амьдарч байхдаа сууж байсан байр нь хүний байр байдаг. Хамтран амьдарч байх хугацаандаа тухайн байранд засвар хийж байснаас Б.Б-д энэ мөнгийг өгөөд засварлаад суусан асуудал биш ээ. Харин ч Б.Б энэ машиныг авахад нь өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө олсон цалингийнхаа орлогоос төлөлцөж байсан учраас уг мөнгийг гаргуулж авъя гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож гаргуулах, мөн хариуцагч О.Б, Э.М нарт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө машины үнэд 5000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч О.Б ажил эрхэлдэггүй учир хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, машины зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, өөрийн орлогоор төлсөн учир 5000000 төгрөгийг төлөхгүй гэж, хариуцагч Э.М нэхэмжилсэн мөнгө надад хамаагүй, уг мөнгийг би захиран зарцуулаагүй, миний нэр дээр зээлийг гаргуулан авсан гэж тус тус маргажээ.

 

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж хүүхдийн тэтгэлэг тогтоож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2115000 төгрөгийг буюу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагч Э.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч О.Б эс зөвшөөрч “...хүүгээ өөр дээрээ авч өсгөх хүсэлтэй, ... 2115000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч О.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаанд холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч О.Б нар нь 2008 оноос хамтын амьдралтай болж, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Х төрсөн, иргэний төрсний бүртгэлд хүү Б.Хг эцэг О.Бээр овоглоогүй боловч хариуцагч О.Б хүүхдийн эцгийн талаар маргаагүй, зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ба таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, тэд хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр О.Б болон хариуцагч Э.М нарын нэр дээр “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-тай 4000000 төгрөгийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулж “Honda Insight” маркийн суудлын автомашиныг худалдан авсан тухай үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч О.Б нарын хүү Б. Х нь одоо 11 нас хүрсэн, эхийн асрамжинд байдаг ба хариуцагч О.Б хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул анхан шатны шүүх хүүхдийн тэтгэлэгийг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож, эцэг О.Бээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-т заасантай нийцсэн.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.Б нар нь анхан шүүхэд хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар маргаагүй тул уг асуудлыг шийдвэрлэхэд хүү Б.Х-аас  саналыг нь аваагүй буюу харгалзан үзээгүй гэж үзэх үндэслэлгүйн гадна энэхүү шийдвэрээр хариуцагч О.Бийн эцэг байх эрхийг хязгаарлаагүй, тэрээр өөрөө хүсвэл бие даасан өөр нэхэмжлэлээр шийдвэрлэх боломжтой тул хүүхдийн асрамжийн асуудлаар  түүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.Б нар нь маргаан бүхий эд хөрөнгө болох “Honda Insight” маркийн суудлын автомашиныг хамтын амьдралтай байхдаа худалдан авсан ба зохигчдын тайлбарыг үндэслэн эд хөрөнгийн үнийг 9500000 төгрөг гэж үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, мөн тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй учир тухайн эд хөрөнгийг дундын өмч гэж үзэж ногдох хэсгийг тодорхойлохдоо тухайн хөрөнгөд оруулсан хувь хэмжээгээр тогтоосон нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д нийцсэн гэж үзнэ.

 

Тодруулбал зохигчдын тайлбараас үзэхэд “Honda Insight” маркийн суудлын автомашиныг худалдан авахад нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.Б нар нь хэн аль нь хөрөнгө оруулсан тухайлбал хариуцагч О.Б урьдчилгаа төлбөрийг болон зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн, нэхэмжлэгч Б.Б зээлийн төлбөрт нийт 9 удаа 235000 төгрөг буюу бүгд 2115000 төгрөг төлсөн нь тэднийг тухайн хөрөнгийг бий болгоход өөр өөрийн хөрөнгийг оруулж дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх ийнхүү ногдох хэсгийг тодорхойлохдоо хэрэгт цугларсан нотлох баримтууд болох нэхэмжлэгч Б.Б-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-19-27/, мөнгөн шилжүүлэг /хх-18/, гэрч Г.Г-ийн мэдүүлэг болон зохигчдын тайлбарыг үндэслэж, нэхэмжлэгч Б.Б-д тухайн хөрөнгөнөөс 2115000 төгрөг ногдуулахаар зааж, маргаан бүхий автомашин нь хариуцагч О.Б-ийн эзэмшилд байгаа талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч Б.Б-д ногдох хэсгийн үнийг хариуцагч О.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

 

Харин хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч Б.Б-г орон сууц худалдан авахад хөрөнгө оруулсан, орон сууцны засварт болон бусад зардалд хөрөнгө зарцуулсан гэх боловч энэхүү тайлбараа нотлоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох тухай нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагч О.Бийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 5 дугаар заалтын найруулга, бүтэц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцээгүй, анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу бодож хуваарилсан, энэ талаарх хуулийг буруу хэрэглэсэн, хариуцагч О.Бийн овгийн эхний үсгийг “Б” гэж буруу бичсэн тул энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Хариуцагч О.Бийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 48790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2020/00489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Б овогт Б-ийн Х-г 16 нас хүртэл нь /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй. “ гэж,

 

5 дугаар заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Б-ээс 2115000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2885000 төгрөгийг болон хариуцагч Э.М-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

6 дугаар заалтын “... хариуцагч Б.Б-с 33105 төгрөгийг ...” гэснийг “хариуцагч О.Б-с 53024 төгрөгийг” гэж,

 

7 дугаар заалтын “... 56 дугаар зүйлийн 56.1...” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “... хариуцагч Б.Б-ээс 40164 төгрөг гаргуулж ...” гэснийг “хариуцагч О.Б-эс 48790 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч О.Б-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч О.Б-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                               ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ