Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2017/00334

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2017/00334

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00183

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн .... тоотод оршин суух Б овогт Б-ийн Б /РД: ,,,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ,,,,,,,,,,,,,,,тоотод оршин суух Х овогт Б-ын Т /РД: .........../-т холбогдох,

Оршуулгын зардал 3,438,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, иргэдийн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Б миний бие хохирогчоор оролцсон. Энэ шүүх хуралдааны явцад 3,438,500 төгрөг хасагдсан. Энэ нь хавтаст хэргийн 144,145,146 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлтэй байсан. Ингээд шийтгэх тогтоол гарч шийтгэх тогтоолын 6 дахь заалтанд бусад гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан учраас шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаагүйгээс хасагдсан 3 ширхэг баримтыг дахин шинээр бүрдүүлж нэхэмжлэл гаргасан. Иймд оршуулгын зардалд зарцуулсан 4,438,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дурдаагүй. Шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гээд заагаад өгчихсөн байна. Хэрэгсэхгүй болгосон шаардлага нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт баримтан дээр хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурагдаагүй, он сар өдөр нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 3,438,500 төгрөгийг ихэсгээгүй, багасгаагүйгээр зарлагын падаан бичсэн компани дээрээ очиж авахад энэ хүний буруутай үйл ажиллагаа биш тухайн зарлагын падаан бичсэн ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч маань хохирч байна. Зарлагын падаан бичсэн байгууллага нь буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч тоо, дүнд нь өөрчлөлт оруулахгүйгээр дахин бичиж өгсөн нь хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байгаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 3,438,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн ,,,,,,,, 96 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Т намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоохын хамт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хамт шийдвэрлэсэн юм. Дээрх шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь хохирол төлбөрт нийт 24,882,076 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд 18,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгийн хохирол нэхэмжилж гаргасан, хавтаст хэргийн 144,145,146 дугаар талд хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүгдэгчээс 3,438,500 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнээд хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 402,608 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй гэж дүгнээд надаас 402,608 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон байгаа. Гэтэл Б.Б нь Эрүүгийн хэргийн шүүх хурлаас өмнө нь хэлэлцэгдэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 3,438,500 төгрөгийг надаас гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Миний бие нь тухайн эрүүгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 18,432,608 төгрөгийг санхүүгийн бүх боломжоо шавхаж, өр зээл тавьж, чадан ядан төлж барагдуулсан. Одоо миний бие 8 сартай жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа ба их хэмжээний өртэй, санхүүгийн ямар ч орлогогүй байгаагийн улмаас 3,438,500 төгрөгийг төлөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэл дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болох арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол түүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг заасан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болох 3,438,500 төгрөгийг өмнө хэлэлцэж байсан уу? хэлэлцээгүй байсан уу? гэсэн асуудал нь энэ хэргийн гол маргаан болж байна. Урьд хэлэлцсэн болох нь эрүүгийн хэргийн хавтаст хэргийн 144,145,146 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт, иргэний хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй байх ганцхан үндэслэлийг заасан байдаг. Энэ нь нэхэмжлэлийн хувийн дүнг тооцуулахгүй боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн үнийн дүнг тооцоолоод гаргачихсан буюу гурван хэсэг баримтаар тооцоолоод гаргачихсан байдаг. Энэ нь тооцооллын улмаас биш нотлох баримтын шаардлага хангаагүй улмаас хэлэлцээгүй орхисон байгаа. Урьд хэлэлцсэн учраас нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Т-т холбогдуулан оршуулгын зардалд 3,438,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д: Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь талийгаачийн төрсөн охин мөн болох нь түүний иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд Б.Б нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч байх тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Б.Т нь Б.Б-н нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэж, эрүүгийн шүүх хуралдаанаар өмнө нь хэлэлцэгдэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 3,438,500 төгрөгийг надаас гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь Сум дундын шүүхийн ,,,,,,ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Б-ын Т-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Т-ээс бусдад учирсан гэм хорын хохирол 402,608 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа эрүүгийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад 3,438,500 төгрөгийн баримт болох хавтаст хэргийн 144,145,146 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гээд энэхүү оршуулгын зардалд зарцуулсан 3,438,500 төгрөгийг хангаагүй. Иймд миний бие шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаагүйгээс хасагдсан 3 ширхэг баримтыг дахин шинээр бүрдүүлж нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарладаг болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, шүүхэд 2016 оны 09 сарын 18-ны өдрийн 2,407,500 төгрөгийн, 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 960,000 төгрөгийн, 2016 оны 09 сарын 18-ны өдрийн 71,000 төгрөгийн зарлагын баримтуудын эх хувийг ирүүлсэн бөгөөд мөн хариуцагч талаас 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 71,000 төгрөгийн, огноогүй 2,407,500, 960,000 төгрөгийн баримтуудыг .......... Сум дундын шүүхийн Тамгын газрын шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан баримтуудыг нотлох баримтаар тус тус ирүүлжээ. /хх-9-11, 19-21 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ,,,,, дугаартай шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь хохирол төлбөрт нийт 24,882,076 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 18,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин хэргийн 144, 145, 146 дугаар талд хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл бараа хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, он, сар, өдөр нь тодорхойгүй, хэрэг үйлдэгдэхээс өмнөх он, сар, өдөр бичигдсэн /2016.07.18 гэх/ байх тул шүүгдэгчээс 3,438,500 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байх бөгөөд энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх тогтоолд заасан эрүүгийн хавтаст хэргийн 144,145,146 дугаар талд авагдсан баримтууд нь хэрэгт нотлох баримтаар хариуцагч талаас ирүүлсэн баримтууд мөн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь энэхүү баримтуудыг иргэний нэхэмжлэл гаргахдаа шинээр нөхөн үйлдүүлэн, огноог нь засварлуулан ирүүлсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ... шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаагүйгээс хасагдсан 3 ширхэг баримтыг дахин шинээр бүрдүүлж нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өмнө нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр холбогдох төлбөрийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байх тул энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-тзохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд шүүхийн шийтгэх тогтоолын 6-д энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нотлох баримтаа шинэчлэн гаргуулж, дахин нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг боловч тус шийтгэх тогтоолд ... гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлыг ... гэсэн байгаа нь энэхүү тогтоолоор хэлэлцэгдсэнээс бусад, шийтгэх тогтоол гарах үед нэхэмжлээгүй байсан хохирлыг ойлгохоор байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Б-ийн хариуцагч Б.Т-ээс оршуулгын зардалд 3,438,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч Б.Т-т холбогдуулан гаргасан 3,438,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

З.ТУНГАЛАГМАА