Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 89

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00183/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 334 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Б- овогтой Б-гийн Б-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Х- овогтой Б-ын Т-т холбогдох,

          “Оршуулгын зардал 3.438.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.Б-гаас:

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд би хохирогчоор оролцсон. Шүүх хуралдааны явцад 3.438.500 төгрөг хасагдсан нь нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтанд бусад гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан учир шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаагүйгээс хасагдсан 3 ширхэг баримтыг дахин шинээр бүрдүүлж нэхэмжлэл гаргасан. Иймд оршуулгын зардалд зарцуулсан 4.438.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбатаас:

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын 6 дах хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- энэ гэмт хэргийн улмаас уичрсан бусад гэм хорын хохирлоо хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж зааж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 3.438.500 төгрөгийг ихэсгээгүй, багасгаагүйгээр зарлагын падаан бичсэн компани дээр очиход энэ хүний буруутай үйл ажиллагаа биш зарлагын падаан дээр бичсэн ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч хохирсон. Зарлагын падаан бичсэн байгууллага нь буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч тоо, дүнд нь өөрчлөлт оруулахгүйгээр дахин бичиж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийн шаардлага болох 3.438.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т-ээс:

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б- нь хохирол төлбөрт нийт 24.882.076 төгрөг нэхэмжилж мөрдөн байцаалтын шатанд 18.000.000 төгрөгийг төлж барагдуулсан” нь нотлох баримтаар нотлогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжилж гаргасан нотлох баримтууд нотлох баримтын шаарлага хангаагүй гэж үзэж хохирлоос төлөгдөөгүй 3.438.500 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнээд төлөгдөөгүй үлдсэн 402.608 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрдэсэн шүүхийт тогтоол хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн хэргийн шүүх хурлаас өмнө хэлэлцэгдэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 3.438.500 төгрөгийг надаас гаргуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Миний бие мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд уг мөнгийг төлж барагдуулсан учир нэхэмжлээд байгаа 3.438.500 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалаас:

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол түүний нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах” эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан байдаг. Нэхэмжлэлийг хэлэлцэхгүй байх ганцхан үндэслэлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасан байдаг. Энэ нь нэхэмжлэлийн үнийн дүнг тооцуулахгүй бөгөөд гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн үнийн дүнг тооцоолоод гаргасан буюу гурван хэсэг баримтаар тооцоолсон байна. Тооцооллын улмаас биш нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас хэлэлцээгүй орхисон. Урьд хэлэлцсэн учир нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Б.Т-т холбогдуулан гаргасан 3.438.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Б.Б- нь эцгээ алдсанаар түүнд их хэмжээний хохирол учирсан. Талийгаач нь 3 га газар үхрийн нүд, чацаргана жимс тариалсныг тэр жил хурааж авч чадаагүй талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Өөр бусад зүйлсийг нэхэмжлэхгүйгээр зөвхөн “оршуулгын үед” зарцуулсан зүйлийн баримтыг бүрдүүлж нэхэмжилсэн тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 334 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат давж заалдсан гомдолдоо:

            Б.Б- нь эцгээ алдсанаар түүнд их хэмжээний хохирол учирсан. Талийгаач нь 3 га газар үхрийн нүд, чацаргана жимс тариалсныг тэр жил хурааж авч чадаагүй талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Өөр бусад зүйлсийг нэхэмжлэхгүйгээр зөвхөн “оршуулгын үед” зарцуулсан зүйлийн баримтыг бүрдүүлж нэхэмжилсэн тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 334 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Б.Т-т холбогдуулж, оршуулгын зардал 3.438.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өмнө нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр холбогдох төлбөрийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байх тул энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзвэл шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Хариуцагч Б.Т- 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 96 тоот шийтгэх тогтоолоор бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож шийтгэгджээ. Энэхүү шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь талийгаач Б-гийн төрсөн охин мөн болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өв залгамжлагч байх тул мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “ Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж зааснаар оршуулгын зайлшгүй зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б- эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед шаардлага хангаагүй нотлох баримт өгсөн боловч иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хэрэгт эх хувиар нь өгсөн бичгийн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэхдээ нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлж байна.

Анхан шатны шүүх хэргийн 9-11 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “...гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлыг...” гэсэн байгаа нь энэхүү тогтоолоор хэлэлцэгдсэнээс бусад, шийтгэх тогтоол гарах үед нэхэмжлээгүй байсан хохирлыг ойлгоно гэж буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “ Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар  маргах эрхгүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжилж гаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн бөгөөд тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэл дахин гаргах эрхээ алдахаар, 292.2-т нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан тул нэхэмжлэгч Б.Б- нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлсний эцэст дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Б.Т-т холбогдуулан гаргасан 3.438.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Т-ээс 3.438.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаарнэхэмжлэгч Б.Б- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Б.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 69.966 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                      ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА