Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 38

 

В.Б-, Т.М- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01239/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: В.Б-, Т.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

          “Дархан-Уул аймаг, Дархан сум 16-р баг 1-р хороолол 13-р байр 65 тоот 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээр үнэлүүлэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч В.Б-, Т.М- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Б-, Т.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч В.Б-, Т.М- нараас:

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг, 13 дугаар байрны 65 тоот 3 өрөө байранд харилцан тохирсон үнэлгээнд хүрээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Капиталзууч ХХК-аар үнэлгээ гаргуулсан, үнэлгээг гаргахдаа хэдэн зураг дараад явсан байдаг. Уг байрны дотоод засвар үйлчилгээ болон орчны тохижилт, зах зээлийн үнэтэй уялдуулан бодитой үнэлгээ гаргаагүй үнэлгээг хүчингүйд тооцуулж, зах зээлийн бодит үнэ ханшаар дахин үнэлүүлэх хүсэлтэй байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгээс:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2014 оноос хойш 5 жил болсон байдаг. Энэ шийдвэрийг гүйцэтгэх явцад нэг барьцааг 2 газар барьцаалсан Капитрон банктай холбоотой асуудал өнөөдрийг хүртэл манайх дээр маргаантай явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Капитрон банк хүсэлтээ давхар гаргасан. Энэ 3 өрөө орон сууцыг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгнө үү гээд улмаар Капитрон банк болон Наран косметик ХХК-тай холбоотой байрны маргаан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Улсын дээд шүүх хүртэл маргалдаад энэ тогтоолоо барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгоод Капитрон банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Наран косметик ХХК манай байгууллагад удаа дараа өргөдөл гомдол гаргаж дахиж үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу Ү-2003006888 улсын бүртгэлтэй дугаарт бүртгэгдсэн Дархан сум 8 дугаар баг 1 дүгээр хорооллын 13 дугаар байрны 65 тоот 3 өрөө орон сууцыг төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул 2018 оны 09 дүгээр сард шинжээч томилон 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар биечлэн танилцуулсан тайлбарыг шийдвэр гүйцэтгэлийн тэмдгээр баталгаажуулж авахад гомдол гаргаагүй байдаг. Харин дуудлага худалдааг явуулахад гомдол гаргаж байгаа  энэ үйлдэл нь хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч В.Б-, Т.М- нарын Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан Капиталзууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Б-, Т.М- нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Дархан-Уул аймаг, Дархан сум,16-р баг, 1-р хороолол, 13-р байр, 65 тоот хаяг байрлах Ү-2003006888 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Наран косметикс ХХК-ийн хүсэлтээр анх хөрөнгийн үнэлгээний Капиталзууч ХХК-иар 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар орон сууцны зах зээлийн үнэлгээг 82.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг.  Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Наран косметикс ХХК-ийн дахин хүсэлтээр Капиталзууч ХХК-иар 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн үнэлгээний тайлангаар орон сууцны зах зээлийн үнэлгээг 63.000.000 төгрөгөөр дахин үнэлсэн. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 –д заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Хоёр дахь удаагийн дахин үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар анх тогтоогдсон 82.000.000 төгрөгийн Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон буюу энэ нь математик тооцооллоор дараах бодолттой байна.

82.000.000 төгрөгийн гуравны нэг буюу 82.000.000*1/3=27.333.333 төгрөгийн өөрчлөлт байна.

Тэгэхээр манай орон сууцны зах зээлийн үнэ дараах тохиолдолд дээрх хуулийн заалтын дагуу дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

А. 82.000.000+27.333.333=109.333.333 дээш үнэ өссөн.

Б. 82.000.000-27.333.333=54.666.667 доош үнэ буурсан.

Дээрх хоёр тооцооллоос харахад Капиталзууч ХХК-иар 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн үнэлгээний тайлангаар орон сууцны зах зээлийн үнэлгээг 63.000.000 төгрөгөөр  дахин үнэлсэн нь аль ч тооцооллыг хангахгүй байна.

Мөн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан хуулийн заалтад талуудын хүсэлтээр гэж заасан байхад зөвхөн нэг талын буюу Наран косметикс ХХК-ийн хүсэлтээр дахин хөрөнгийн үнэлгээ хийсэн байна. Манай тал дахин үнэлгээ хийлгэх хүсэлт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид гаргаж өгөөгүй. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 13-р байр 65 тоот хаягт байрлах Ү-2003006888 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцанд дахин зах зээлийн үнэлгээ тогтоолгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Гомдол гаргагч В.Б-, Т.М- нар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /цаашид ШШГГ/-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хариуцагч ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байна гэж дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг гомдол гаргагч В.Б-, Т.М- нар эс зөвшөөрч төлбөр төлөгч бид дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх зөвхөн төлбөр авагч талын хүсэлтээр дахин үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчихөөс гадна төлбөр төлөгч бидний эрх ашгийг хохироосон тул дахин хийсэн үнэлгээг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 942 дугаартай захирамжаар Наран косметикс ХХК-ний нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох 42.406.984 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Т.М- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Наран косметикс ХХК шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх тухай хүсэлтийг Сум дундын 7 дугаар шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3433 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Дархан сумын 16 дугаар баг, 13 дугаар байрны 65 тоотын 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн байна.

Улмаар 2015 оны 01 дүгээр сарын12-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тухайн орон сууцыг хурааж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл хүргүүлжээ.

Төлбөр авагч Наран косметикс ХХК-ний үнийн саналыг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 08 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Үнэлгээчин томилох тухай” тогтоолоор Капиталзууч ХХК-ийг үнэлгээчнээр томилсон бөгөөд үнэлгээчний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дархан сумын 16 дугаар баг, 13 дугаар байрны 65 тоотын 3 өрөө орон сууцны зах зээл дэх үнийг 82.000.000 төгрөг гэж үнэлж ирүүлснийг  шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр авагч нарт танилцуулж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолоор үнийн дүнгийн 70 хувиар буюу 57.400.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Уг дуудлага худалдаанд төлбөр төлөгч нар оролцоогүй гэсэн үндэслэлээр дээд шатны байгууллагаас  тэрхүү дуудлага худалдааг хүчингүй болгосон бөгөөд  төлбөр авагч Наран косметикс ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги  хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15070142101 дугаартай тогтоолоор Капитал зууч ХХК-ийг дахин үнэлгээчнээр томилсон байх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлангаар Дархан сумын 16 дугаар баг, 13 дугаар байрны 65 тоотын 3 өрөө орон сууцны зах зээл дэх үнийг 63.000.000 төгрөг гэж үнэлж ирүүлснийг төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан байна.

Энэхүү үнэлгээг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги  дахин шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэсэн  хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна гэж дүгнээд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд... ...дахин үнэлгээ тогтоож болно” гэж заасны дагуу  Дархан сумын 16 дугаар баг, 13 дугаар байрны 65 тоотын 3 өрөө орон сууцны зах зээл дэх үнийн 82.000.000 төгрөгийн гуравны нэгээс багагүй өөрчлөлт орсон гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги  “... өөрчлөлт орсон үндэслэлтэй тохиолдол...” гэдгийг баримтаар нотолж нарийвчлан шалгалгүйгээр хийсвэр дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчсөн байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг хэрэглэх урьдчилсан нөхцөл байдал үүссэн эсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дүгнэлт хийгээгүй байна.

Дахин үнэлгээ тогтоолгох тухай төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан нөхцөл байдлууд тусгагдсан эсэх, үүнийг шийдвэр гүйцэтгэх байгууллага нягталж үзээд шаардлагатай гэж үзвэл дахин үнэлгээ хийлгэж болох хуулийн боломжтой.

Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар 82.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан үл хөдлөх эд хөрөнгө 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлангаар ямар үндэслэлээр 63.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа  болон яагаад дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай болсон нь  ойлгомжгүй, тодорхой үндэслэл тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ хийлгэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Мөн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан хуулийн заалт”-д талуудын хүсэлтээр гэж заасан байхад зөвхөн нэг талын буюу Наран косметикс ХХК-ийн хүсэлтээр дахин хөрөнгийн үнэлгээ хийсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дахин үнэлгээчин томилсон 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15070142101 дугаартай тогтоол нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчиж гарсан байх тул уг тогтоолын дагуу  Дархан сумын 16 дугаар баг, 13 дугаар байрны 65 тоотын 3 өрөө орон сууцны зах зээл дэх үнийг 63.000.000 төгрөг гэж үнэлсэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гомдол гаргагч В.Б-, Т.М- нарын дахин хийсэн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч В.Б-, Т.М- нарын давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус заасныг баримтлан гомдол гаргагч В.Б-, Т.М- нарын Дархан-Уул аймаг дахь ШШГГ-т холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох Капиталзууч ХХК-ийн дахин үнэлгээ хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, гомдол гаргагч В.Б-, Т.М- нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагч Т.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ         

                                                                                                                      Л.АМАРСАНАА