Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2019/00333

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2019/00333

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Алгирмаа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Д /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... тоотод оршин суух, Г/РД: ..../-д холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан хохирол 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гнь согтуугаар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт .... улсын дугаартай Мицубиши Колт маркийн машинаар иргэн Д намайг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан болно. Уг асуудлыг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэж хохирлын талаар зарим нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

            Иймд Г-дхолбогдуулан урьд нь үлдээсэн болон шинээр гарсан зардал зэргийг нэмж нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул асуудлыг шийдвэрлэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгнө. Мөн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ...суманд дүүгийнхээ гэрт ирсэн байсан. 2019 оны 05 дугаар  сарын 06-ны өдөр гадуур явж байхад замаар явж байсан машин замаасаа гараад намайг мөргөсөн. Осолд ороод 6 сар өнгөрсөн ч би чөлөөтэй алхаж чадахгүй байна. Би эмнэлэгт 20 хоног хэвтэж өөрийн машинаар хот руу явсан. Эмчилгээний зардалд дунд чөмөг хугараад хадуулсан. Одоо би хажуу талаараа унтаж чаддаггүй. Зүрх өвдөж байгаа. Би алхаж чадахгүй, гэрийнхээ ажлыг хийж чадахгүй байгаа. Сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Би 13 038 580 төгрөг нэхэмжилж байна. 09 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ өдрөөс хойш гарсан зардлыг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Гшүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Гби 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой “Мицубүши Колт” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад иргэн Дыг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 68 тоот магадлалаар сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

2. Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэрэгт авагдасан нотлох баримтын хэмжээгээр 1,460,230 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан ба хохирогчийн нэхэмжлэлээс 4,833,360 төгрөгийг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилсэн 500,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн шийтгэх тогтоолын 7-д “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч ГЭрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нотлох баримтаар тогтоосон 1,460,230 төгрөг /2,440,958 төгрөг төлсөн/ эмчилгээтэй холбоотой цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтад нийцэж байх тул Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн гэж би хариуцагчийн хувьд үзэж байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа гэм хорын хохиролд надаас 12 сая төгрөг гаргуулахаар маргахдаа ямар ямар нотлох баримтыг үндэслэж нэхэмжилж байгаагаа нотлоогүй, зарим нэгэн нотлох баримтыг сүүлд гаргаж өгөхөөр нэхэмжлэлдээ дурдсан байх тул би түүнд дээрх гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 12 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хавтаст хэргийн материалтай танилцсан. Миний үйлчлүүлэгч 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад зам тээврийн осол гаргаж Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ороод нэг жилийн тэнсэн харгалзах ял, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял авсан. Тухайн үед нэхэмжлэгч 5 973 538 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Дараа нь сэтгэл санааны хохирлын мөнгө нэмээд 9 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед хохирогчийн эмчилгээний зардал 2 440 958 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлсөн. Өнөөдөр нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 2 440 958 төгрөгийг хасаж байгаа нь харагдахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад давж заалдах шатны шүүх хуралдаанаар орж шийдсэн эрүүгийн хэргийн материалыг оруулсан. Энэ хэрэг тухайн үед шийдэгдсэн хэрэг юм. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгөн дүн хасагдах байх гэж бодож байна. Хэргийн материалаас харахад тухайн 2 440 958 төгрөгөөс гадна 12 000 000 төгрөг нэхэмжилж байна гэж үзэж байна. Бичгийн баримтыг судлахад эмчилгээний зардал 3 917 300 төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнд нэмээд 1 901 790 төгрөг нэхэмжилдэг. Өмнөх эрүүгийн хэрэгт 2 815 510 төгрөгийн баримт өгсөн гэсэн зүйл оруулж ирсэн байна гэж харж байна. 12 000 000 төгрөгөөс шатахууны зардал 440 000 төгрөг, таксины зардал 190 000 төгрөг, хувцас 1 259 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 500 000 төгрөг, цалин 3 600 000 төгрөг, бусад үйлчилгээ 1 103 700 төгрөг, нийт 12 000 000 төгрөг нэхэмжилсэн байна гэж харж байна. Баримтаас харахад энэ баримтууд хавтаст хэрэгт харагдаж байгаа боловч тухайн баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан эсэх нь эргэлзээтэй. Эмчилгээний баримтыг харахад 6, 7 дугаар сарын баримт байсан. Энэ нь Эрүүгийн шүүх хуралдааны шийдвэр гарахаас өмнөх үед гарсан баримт байна гэж үзэж байна. Шатахууны зардал гэх 440 000 төгрөгийг юунд зарцуулсан гэдэг нь тодорхойгүй байна. Хувцас хэрэглэл нь 2017 онд авсан хувцас байдаг. Өмгөөлөгчийн зардал нь энэ хүн өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч авч байгаа үүндээ төлсөн төлбөр гэж ойлгож байна. Хавтаст хэргийн материалаас харахад 1 500 000 төгрөг өгөөгүй байдаг. 750 000 төгрөг авсан гэсэн баримт хавсаргасан байдаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах мөнгө гэж харагдахгүй байна. Цалингийн хувьд 3 600 000 төгрөг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад Хятад компанид ажилладаг гэсэн албан бичиг байсан. Одоо “Эм жи мастер” компанид гэрээт нягтлан бодогчоор ажилладаг гэсэн бичгийн баримт байгаа. Гэхдээ энэ хүнийг ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлсөн баримт, тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримт байхгүй. Бусад зардлыг харахад гэрийн үйлчилгээ, таксины мөнгө зэрэг байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэжээ.

 

Хэрэгт цуларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Г-дхолбогдуулан Эрүүл мэндэд учирсан хохирол 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Гнь нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Гнь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...сум, 4-р багийн нутаг дэвсгэрт ...улсын дугаартай “Мицүбиши Колт” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ нэхэмжлэгч Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-18-25/, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-15-17/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй болно. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй “ гэж заасан.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу юм. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдлийн улмаас хохирол учруулсан шалтгаант холбоотой юм.

 

Хариуцагч Гнь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон явах үедээ нэхэмжлэгч Дыг мөргөж эрүүл мэндэд гэм хор учруулсан нь шалтгаант холбоотой байна. 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Дын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С-с8 653 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс 4 385 250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчаас гаргуулж олгох зардлуудад:

1.    Цалин нэг сард 1 200 000 төгрөгөөр тооцож 3 сарын / 1200 000 *3 =3 600 000 төгрөг/ хх-67-68-р тал/

2.    Эм тариа эмчилгээний зардал 1 235 770 төгрөг/ хх137-171-р тал/, /46-60-р тал 1 091 790 төгрөг/ 337 240 төгрөг, /хх-97-р тал/, таксигаар үйлчлүүлсэний хөлс 828 500 төгрөг /хх-116-132-р тал/,эм тарианы үнэ 885 460 төгрөг/хх-51-р тал/

3.    Шүүх хуралдаанд ирж, буцсан шатахууны зардал /58 450+60 000 =118 450 төгрөг/, /хх-87-88-р тал/      

эм тарианы зардал 556 120 төгрөг/хх-114-р тал/ нийт  8 653 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс 4 385 250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нийт нэхэмжлэлийн шаардлагаас хувцасны үнэ, өмгөөлөгчийн зардал, зарим шатахууны зардал эм тарианы үнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь өмгөөлүүлэх эрх нь сайн дурын үндсэн дээр хийгдэх боломжтой зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй, хувцас хэрэгсэл /цүнх/-ийн үнэ 1,259,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаар нотлогдохгүй, зарим баримт нь арилсан харагдах боломжгүй эм тарианы зардалыг нотлох баримтын шаардлага хангахгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, бусад баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С-сулсын тэмдэгтийн хураамж 153 403 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С-с8 653 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс 4 385 250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С-сулсын тэмдэгтийн хураамж 153 403 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчигтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ