Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 202/МА2020/00001

 

Н.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00333 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Н.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Г-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Г нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн нутагт 95-12 УБД улсын дугаартай Мицубиши Колт маркийн машинаар иргэн Н.Д намайг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан болно. Уг асуудлыг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэж хохирлын талаар зарим нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно. Иймд С.Г-д холбогдуулан урьд нь үлдээсэн болон шинээр гарсан зардал нэмт нийт 12 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул асуудлыг шийдвэрлэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү…” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Миний бие 2019 оны 09 сарын 12-ны өдрөөс хойш дахин эмнэлэгт хэвтэж, эм тариа хийлгэсэн бөгөөд сэргээн засах клиник эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 337240 төгрөг, нэмэгдэж гарсан эм тариа 556340 төгрөг, Улаанбаатар хотоос Сайншанд сум, Сайншанд сумаас Улаанбаатар хот явахад гарсан бензины зардал 145000 төгрөг, нийт 1038580 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 1038580 төгрөгөөр нэмэгдүүлж байна...” гэжээ.  

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч С.Г би 2019 оны 05 сарын 06-ны өдрийн орой “Мицубиши Колт” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад иргэн Н.Д-г мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр 1460230 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан ба хохирогчийн нэхэмжлэлээс 4833360 төгрөгийг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт, мөн шийтгэх тогтоолын 7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус шийдвэрлэснийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч С.Г Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол /нотлох баримтаар тогтоогдсон 1460230 төгрөг/ 2440958 төгрөгийг төлсөн, эмчилгээтэй холбоотой цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалтад нийцэж байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн гэж хариуцагч миний зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа гэм хорын хохиролд надаас 12000000 төгрөг гаргуулахаар маргахдаа ямар ямар нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжилж байгаагаа нотлоогүй, зарим нэгэн нотлох баримтыг сүүлд гаргаж өгөхөөр дурдсан байх тул би түүнд дээрх гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 12000000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариу тайлбар гаргаж байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Г нь 2019 оны 05 сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан. Тухайн үед нэхэмжлэгч 5973538 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Дараа нь сэтгэл санааны хохирол нэмээд 9000000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогчийн эмчилгээний зардалд 2440958 төгрөгийг төлсөн. Өнөөдөр нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс 2440958 төгрөгийг хасаж байгаа нь харагдахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад давж заалдах шатны шүүх хуралдаанаар орж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн материалыг оруулсан. Үндсэн шаардлагаас энэ мөнгөн дүн хасагдах байх гэж бодож байна. Хэргийн материалаас харахад тухайн 2440958 төгрөгөөс гадна 12000000 төгрөгийг нэхэмжилж байна гэж үзэж байна. Бичгийн баримтыг судлахад эмчилгээний зардал 3917300 төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнд нэмээд 1901790 төгрөг нэхэмжилдэг. Өмнөх эрүүгийн хэрэгт 2815510 төгрөгийн баримт өгсөн гэсэн зүйл оруулж ирсэн байна гэж харж байна. 12000000 төгрөгөөс шатахууны зардал 440000 төгрөг, таксины зардал 190000 төгрөг, хувцас 1259000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1500000 төгрөг, цалин 3600000 төгрөг, бусад үйлчилгээ 1103700 төгрөг, нийт 12000000 төгрөг нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Баримтаас харахад эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан эсэх нь эргэлзээтэй. Эмчилгээний баримтыг харахад 6,7 дугаар сарын баримт байсан. Энэ нь эрүүгийн шүүх хуралдааны өмнөх үеийн баримт гэж үзэж байна. Шатахууны зардал гэх 440000 төгрөгийг юунд зарцуулсан гэдэг нь тодорхойгүй. Хувцас хэрэглэл нь 2017 онд авсан хувцас байдаг. Өмгөөлөгчийн зардлын хувьд энэ хүн өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч авч үүндээ төлбөр төлсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас харахад 1500000 төгрөг өгөөгүй байдаг. 750000 төгрөг авсан гэсэн баримт хавсаргасан байдаг. Тиймээс энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах мөнгө гэж харагдахгүй байна. Цалингийн хувьд эрүүгийн хэрэг шалгагдаж байхад Хятад компанид ажилладаг гэсэн албан бичиг байсан. Одоо “ЭЖ” ХХК-д гэрээт нягтлан бодогчоор ажилладаг гэсэн баримт байгаа. Гэхдээ энэ хүнийг ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлсөн баримт, тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримт байхгүй. Бусад зардлыг харахад гэрийн үйлчилгээ, таксины мөнгө зэрэг байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна...” гэжээ.   

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г-с 8653330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэлээс 4385250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г-с улсын тэмдэгтийн хураамж 153 403 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.   Нэхэмжлэгч Н.Д нь ЭЖМ ХХК-д гэрээт нягтлан бодогчоор ажиллаж сард 1200000 төгрөгийн цалин авч байсан гэж 3 сарын цалин 3600000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 67-68-р хуудсанд байгаа бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон нь үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар би хавтаст хэргийн 67-68-р хуудсанд байгаа бичгийн нотлох баримтуудтай танилцахад 67-р хуудсанд нэхэмжлэгч Н.Даас өмгөөлөгч Б.Банзрагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлсөнд 750000 төгрөг төлсөн баримт, мөн 68-р хуудсанд өмгөөлөгч Б.Банзрагч Н.Д нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус хавсаргасан, Н.Дын нэхэмжилсэн 3600000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл хавтаст хэргийн 62-66-р хуудсуудад байгаа бичгийн нотлох баримтад “Н.Д Эм-Жи-Мастер ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 1200000 төгрөгийн цалин хүссэн өргөдөл, 1200000 төгрөгөөс 10 хувь хасаад 1080000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, мөн 2019 оны 04 сарын 30-ны өдөр Н.Д нь 1200000 төгрөгийн цалин хүссэн өргөдөл, мөн 1080000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт болон Эм-Жи-Мастер ХХК-ийн захирлын он сар өдөргүй Н.Д тус компанид гэрээт нягтлан бодогчоор ажилладаг, тэрээр сард 1200000 төгрөгийн цалин авдаг” гэсэн тодорхойлолтуудыг тус тус хавсаргасан боловч шүүх эдгээр бичгийн баримтуудыг үнэлж дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Н.Д нь Эм-Жи-Мастер ХХК-д нягтлан бодогчоор томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон ХАОА-т төлсөн баримт байгаа эсэх талаарх бичгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл болно. Мөн анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид эм тариа, эмчилгээний зардал 1235770 төгрөг /хх-ийн 137-171, 46-60/, 1091790 төгрөг, 337240 төгрөг /хх-ийн 97/, таксигаар үйлчлүүлсний хөлс 828500 төгрөг /хх-ийн 116-132/, эм тарианы үнэ 885460 төгрөг /хх-ийн 51/ тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал: хавтаст хэргийн 137-171-р хуудсуудад “...нэхэмжлэгчээс шинээр нотлох баримт болгон шүүх хуралдаанд оруулж ирсэн 1235770 төгрөгийн баримтыг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардалтай холбоотой бичгийн нотлох баримтын хүрээнд бүрэн шийдэгдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 1235770 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1235770 төгрөгийг хариуцагч С.Гоос нэхэмжлэгчид дахин давхардуулж төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу байна. Шүүх хавтаст хэргийн 46-60-р хуудсанд байгаа бичгийн нотлох баримтыг үнэлж нийт 1091790 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ уг мөнгө шилжүүлсэн баримтууд нь бичгийн нотлох баримтын болоод хуулийн шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, хуулбар бичиг баримтуудыг үнэлж дүгнэн төлбөр тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хавтаст хэргийн 97-р хуудсанд байгаа бичгийн нотлох баримтыг үнэлж “...нэхэмжлэгч Н.Д нь сэргээн засах эмчилгээ хийлгэсэн” гэж нийт 337240 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ ирэх очих таксины мөнгө 10000 төгрөгийг ямарч баримт байхгүй байхад түүнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн сэргээн засах эмчилгээтэй холбоотой зардлууд тухайлбал аль эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь тодорхойгүй, ор хоногийн мөнгө нь ч тодорхой бус баримтуудыг үнэлж, хариуцагчаас 337240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хавтаст хэргийн 116-132-р хуудсанд байгаа нотлох баримтуудыг үнэлж таксигаар үйлчлүүлсний хөлс 828500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ ямар нотлох баримтуудыг үнэлж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие хавтаст хэргийн 116-132-р хуудсанд байгаа нотлох баримтуудтай танилцахад эдгээр хуудаснуудад таксины төлбөртэй холбоотой нэг ч баримт байхгүй, харин нэхэмжлэгч Н.Даас бусдад мөнгө шилжүүлсэн гэх хавтаст хэргийн 46-60-р хуудсанд хуулбараар авагдсан Н, О, Х нарт шилжүүлсэн мөнгөний баримтууд дээр санхүүгийн тэмдэг дарсан, мөн иргэн А, Э, О, Г, Гг, Ч, А, Т, З нарт 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 682500 төгрөгийг шилжүүлсэн, зориулалт нь тодорхойгүй, санхүүгийн тэмдэг дарсан, хуулийн шаардлага хангаагүй бичгийн баримтуудад дүгнэлт хийж, тэдгээрийг таксигаар үйлчлүүлсний хөлс гэж 682500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнээс гадна нэхэмжлэгч хавтаст хэргийн 32-р хуудсанд хариуцагчаас таксины үйлчилгээний хөлс 190000 төгрөгийг нэхэмжилж жагсаалт гаргасан баримтыг задаргааны хамт гаргасан боловч тэдгээр нь хуулийн шаардлага хангаагүй бичгийн баримтууд байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байтал шүүх 828500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Шүүх хавтаст хэргийн 51-р хуудсанд байгаа нотлох баримтуудыг үнэлэхдээ “...нэхэмжлэгч 885460 төгрөгийн эм тарианы зардалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн боловч мөн л хуулийн шаардлага хангаагүй, ямар зориулалтаар эм тариа авсан нь тодорхойгүй, зарим бичгийн баримтуудад тухайлбал 56-р хуудсанд кальци 72000 төгрөг, 58-р хуудсанд юунд төлсөн нь тодорхойгүй 70000 төгрөг, 59-р хуудсанд 46000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй баримтуудыг хавсаргасан байхад эдгээрийг хариуцагчаас төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Н.Д-н нэхэмжилсэн 8653330 төгрөгөөс 674570 төгрөгийг хариуцагч С.Г-с гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 7978760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч Н.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 5 сард 5 дахь өдрийн орой ажил тараад вагонд суугаад дүү дээрээ ирчихээд 1 дэх өдрийн орой нь вагонд суух гээд гарсан хүн. Зам хөндлөн гарахад ямар ч хөдөлгөөнгүй чөлөөтэй байсан. Замын цаанаас нэг машин хурдтай ирж байсан. Би вагоныхоо билетээ авсан үгүйгээ шалгах хооронд тэр машин замаасаа гарч, явган хүний зам руу орон намайг ирж мөргөсөн. Би маш хүнд байдалтай эмнэлэгт очсон. Ямар байдалтай байснаа мэдэхгүй байгаа. Зүүн хөлийн дунд чөмөг бүтэн хугарсныг хадуулсан. Хариуцагч талаас гаргаж байгаа гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би согтуу байгаагүй, машин зам дээр яваагүй. Би 20 хоног эмнэлэгт хэвтсэн. Эд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирч байна. Мөн би эмэгтэй хүн гуравхан хоног гэрийн болон албаны ажил орхигдоход барагддаггүй их ажил байдаг билээ. Маш их гомдолтой байна. Би эрүүгийн хэргийн шүүх хуралд орж чадаагүй. Би эмнэлэгт хэцүү байдалтай бараг хэзээ үхэх юм бол гэж бодоод байж байсан. Миний төрсөн дүү Золжаргал намайг сар эмнэлэгт сахисан. Би амьсгалын аппараттай хэвтэж байсан. 200 000, 300 000 төгрөгийн уураг авч ирж хийгээд намайг хагалгаанд оруулж байсан. Би үхэх юм байна гээд залбирч байсан. Энэ эм тарианы мөнгийг үгүйсгэж байгааг гайхаж байна. Би 27 жил улсад нягтлан бодогч хийсэн. Би “ЭЖ” компанид ажиллаж байсан нь үнэн. 2018 оны 09 дүгээр сараас эхэлж ажилласан. Тэр компанид бүх ажлыг нь хийдэг байсан. Би тэр компанид чөлөөтэй ажиллая гэж гэрээт ажилтан хийдэг байсан. Би захирлаасаа тодорхойлолт аваад өгсөн. Манай захирал надад хэлэхдээ он сар нь хэдэнд байвал болох вэ, та өөрөө тавьчихаарай гараараа бичдэгийг та мэдэж байгаа гээд өгсөн. Би нугасаараа мэдээ алдуулсан болохоор их мартдаг. Түүнийг мартсан байна лээ. Өргөдлөө хэдэнд бичсэнээ ч мэдэхгүй. Үнэн бодит баримтуудаа өгсөн. Би өнөөдрийг хүртэл ажил хийж чадахгүй, 50 хувиар групп тогтоолгочихсон явж байгаа. Эм тарианы мөнгө багасах гээд би цалингаа бага нэхэмжилсэн. Эмэгтэй хүн тасралтгүй дусал хийлгэж байхад шээс их хүрдэг. Надад маш их хэцүү байсан. Би ийм олон хэцүү хоногийг өнгөрөөчихөөд байхад эм тарианы хувьд их гомдолтой байна. Би дээд шатны шүүхэд нь гомдол гаргаад явах байсан ч миний нас 50 хүрч байна, надад олон үр хүүхэд байна, бас нэг хүний хүүхдийг заавал шийтгээд яахав ажлаа хийгээд явж байвал миний гомдлыг хурдан барагдуулах байх гээд гомдол гаргаагүй. Шүүхийн тогтоолыг уншихад эм тарианы баримтыг үгүйсгэх аргагүй ч нотолж чадсангүй, иргэний шүүхэд нэхэмжлэнэ үү гэсэн байсан. Тэгээд би олон хүнтэй маргаж байгаад энэ хүнийг шийтгэх нь гол асуудал биш, би иргэний шүүхэд нь нэхэмжлэлээ гаргаад өгчихье, би 27 жил нягтлан хийсэн юм чинь байгаа баримтаа хамгаалж чадна гээд иргэний шүүхэд хандсан. Такси надад ямар ч баримт өгөхгүй байсан. Тэгээд гараараа бичсэн баримтуудыг бүрдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр өөрийнхөө машинаар ирээд буцсан бензиний мөнгийг шийдэж өгөөгүйд гомдолтой л байсан. Мөн би сайн дураараа тэр өмгөөлөгчийг аваагүй. Энэ согтуу явж байсан машинтай хүн намайг ирж мөргөсөн болохоор би өмгөөлөгч авсан. Миний өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгосонд би гомдолтой байсан. 2017 онд авсан хувцас байна гэсэн. Тэр пүүз надад үнэтэй, сайхан пүүз байсан. Тэгээд миний хувцсыг үнэлээгүй. Би мөн энэ гэмтлийн улмаас утсаа хаясан. Тэд нарыг хэрэгсэхгүй болгоход надад гомдолтой байсан. Гэхдээ би шүүхийн шийдвэрийг хүндэлсэн. Шүүх олон талаас нь харж үзэж байгаа, олон хүн ярилцаж байгаад гаргасан гээд хүндэтгэлтэй хандсан. Сэргээн засах эмнэлэгт хэвтсэн баримтууд байгаа. Эмчилгээнд явсан дэвтрээ хүртэл явуулсан. Яагаад түүнийг үгүйсгэж байгаа юм бэ. Маш их гомдолтой байна...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн цалин хөлсний талаар ярьж байна. Хавтаст хэргийн 67-68 дугаар талд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ болон өмгөөлөгчийн хөлс зардал бичигдсэн байдаг. Гэсэн хэдий ч 66 дугаар талд нэхэмжлэгчийн “ЭЖ” ХХК-д гэрээт нягтлан бодогчоор ажилладаг гэх цалин хөлсний тодорхойлолтууд, компаний тодорхойлолт зэрэг зүйлүүд авагдсан. Уг баримтаас харахад он сар л тавигдаагүй болохоос биш тухайн баримт дээр бичгийн нотлох баримтын шаардлага хангасан өөрийн гэсэн үндсэн тамга эх хувиараа дарагдсан. Эх хувиараа байгаа албан бичиг байсан. Үүнийг ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэдэггүй юм байна гэж үзэх үндэслэл болохгүй. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд оролцохоос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд эрх үүрэг заасан байгаа. Тухайн баримтыг үгүйсгэх буюу татгалзал байгаа бол энэ талаарх холбоотой баримтаа цуглуулах эрх нь нээлттэй. Гэтэл хариуцагч талаас үүнтэй холбоотой ямар ч баримт хэрэгт өгсөн зүйл байхгүй. Үүнийг үгүйсгэсэн баримт ч байдаггүй. Хавтаст хэргийн 137-171 дүгээр талд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архивын тамгатай баримт хэрэгт авагдсан байдаг. Энэ баримтын нийт үнийн дүнг тооцоолоод гаргахаар миний тооцоогоор 1 417 497 төгрөг болж байгаа. Энэ баримтын гэм хорын зардлаа гаргаад авчихсан юм гэдэг зүйлийг ярьж байгаа боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос эдгээр баримттай холбоотой зардлыг гаргуулаад авчихсан юм уу гээд харахаар эдгээр баримтын зардал гарсан юм уу гэдэг байдал харагддаггүй. Яг ямар баримтуудын зардлыг гаргуулсан гэсэн дүн байдаггүй. Нийт мөнгөн дүнгээр нь 1 200 000 төгрөгийн баримтыг ханган шийдвэрлэлээ, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болголоо гэсэн зүйл бичигдсэн байдаг.  Мөн хавтаст хэргийн 46-60 дугаар талд нэхэмжлэгчийн гэм хорын зардлын баримтууд бүгд авагдсан байдаг. 46-50 дугаар тал хүртэл интернет банкаар тухайн төлбөрөө шилжүүлж байсан баримт, 51-60 дугаар талд эмийн баримтууд хэрэгт авагдсан байдаг. Гэтэл 46-50 дугаар хуудсанд авагдсан интернет банкийг үйлчилгээгээр бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдэг зүйлийг тавьж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл түрүү нэхэмжлэгч өөрөө хэлж байсан. Нэг хүн дээр очоод массаж хийлгэнэ, массаж хийж байгаа хүн нь ямар нэгэн төлбөрийн баримт өгөхгүй учраас төлбөрийг нь хийхдээ өөрийнхөө дансаар интернетээр шилжүүлдэг байсан. Мөн таксигаар явж байхдаа хүртэл интернет банкаа ашиглаад хийдэг байсан гэдэг. Гэтэл энэ интернет банк ашигласныгаа нэхэмжлэгч хэрэгт хийхдээ албан ёсны санхүүгийн тамгатай даруулж өгсөн байгаа юм. Гэтэл энэ баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн 116-132 дугаар талд гэм хорын хохирлын баримттай холбогдуулаад ярьдаг. Гэтэл бас л нэхэмжлэгчийн интернет банкаар мөнгөө шилжүүлсэн эм тарианы үнэ, заримдаа утга нь бичигдээд шингэн ясны үе эмчилгээнд, такси гээд зарим нэг таксины дугаарыг гараараа интернет банкныхаа шилжүүлэг дээр таксиныхаа улсын дугаарыг бичээд явчихсан төлбөрийн баримт байдаг. Гэтэл энэ төлбөрийн баримтыг ямар ч нөхцөл байдлаар үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс миний хувцас урагдсан, өмгөөлөгчийн зардал мөнгийг нэхэмжилсэн гэдэг асуудлыг тавьдаг. Гэтэл Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт хэрэглээний зардал нэмэгдсэн тохиолдолд үүнийг арилгах үүрэг гэм хор учруулагчид нөхөн төлөх үүрэг хуулиар заасан байдаг. Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм гэж нэхэмжлэгчийн зүгээс тавьж байгаа боловч хувцастай холбогдуулаад бодит үнэлгээ гарсан зүйл хэрэгт байдаггүй. Харин өмгөөлөгчийн зардал хэрэгт авагдсан байдаг. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ урьдчилгаа авсан 750 000 төгрөгийн төлбөрийн баримт эдгээр нь авагдсан байхад үүнийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь үйлчлүүлэгч маань цуглуулсан зардал нь л энэ байгаа болохоос биш цуглуулаагүй маш их байсан. Мөн өвчтэй байх үед нь тэр болгоны зардлыг цуглуулах боломж байгаагүй. Гэсэн хэдий ч анхан шатны шүүхээс гарсан энэ шийдвэрийг хүндэтгээд хүлээн зөвшөөрмөөр байна гэдэг хүсэлтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч С.Г-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 12000000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1038580 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 13038580 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Г эс зөвшөөрч ... эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн, ... ямар нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжилж байгаагаа нотлоогүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар эс зөвшөөрч анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах тухай агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2- дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч С.Г нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэм буруутайн улмаас нэхэмжлэгч Н.Д-н биед “зүүн дунд чөмөгний далд хугарал, дух, баруун хацар, зулай хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 2440958 төгрөг төлсөн /хх-19-29/ зэрэг үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч Н.Д нь эрүүл мэндэд учирсан хохиролд буюу 1. Эм тариа, эмчилгээнд нийт 3907300 төгрөг /үүнд өмнөх эрүүгийн хэрэгт 2815510 төгрөг, нэмж гарсан зардалд 1091790 төгрөг/, 2. Бензины зардалд 440000 төгрөг, 3. Таксигаар үйлчлүүлсэн 190000 төгрөг, 4. Хувцас хэрэглэлийн үнэ 1259000 төгрөг, 5. Өмгөөлөгчийн хөлс, зардал 1500000 төгрөг, 6. Ажилгүй байсан хугацааны цалин 1 сард 1200000 төгрөг буюу 3 сарын цалин 3600000 төгрөг, 7. Бусад үйлчилгээнд 1103700 төгрөг, нийт 12000000 төгрөг /хх-32/, нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэмж гарсан зардалд нийт 1038580 төгрөг /хх-174/ нэхэмжилж, бүгд 13038580 төгрөгийг /хх-176/ хариуцагч С.Г-с нэхэмжилжээ.

            Дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэхэд эм тариа, эмчилгээний зардалд өмнөх эрүүгийн хэрэгт гэж нэхэмжилсэн 2815510 төгрөгийн зардлын хувьд холбогдох нотлох баримтуудыг эцэслэн дүгнэж шийдвэрлэх боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй.

            Учир нь нэхэмжлэгч Н.Д нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнөх эрүүгийн хэрэгт гаргасан эм тариа, эмчилгээний зардалтай холбоотой иргэний нэхэмжлэлээс шийдвэрлээгүй үлдсэн зардлууд гэж  тодорхойлж, улмаар эрүүгийн хэргээс хамаарах нотлох баримтыг /хх-135-172/ хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн байх боловч энэ нь Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/138 шийтгэх тогтоолд /хх-22-28/ “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эм тарианы зардалд зарцуулсан 1460230 төгрөгийг шүүгдэгч хариуцах үндэстэй ба ... нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн гэж шүүх үзэв.” гэж зааснаас үзэхэд дурдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлд тооцогдож үнэлэгдээгүй, эсхүл үнэлэгдсэн эсэх нь тодорхойгүй гэж үзэхээр байна.

            Мөн энэхүү шийтгэх тогтоолд эм тариа, эмчилгээтэй холбоотой зардлаас хэлэлцээгүй орхисон, эсхүл хэрэгсэхгүй болгосон талаар дурдагдаагүй байх боловч нэхэмжлэгч нэгэнт дээрх зардлыг эрүүгийн хэрэгт шийдвэрлээгүй гэж үзэж шаардлагаа тодорхойлсон ба хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй байх тул түүний энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй болжээ.

            Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт ... -ын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр ... байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд мөн ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтанд хамааралтай шаардлагыг гаргасан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хүсэлтдээ энэ талаар “...Ганболдод холбогдох Эрүүгийн 1919001730116 дугаартай хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлаад шалгаж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хх-4/ гаргасныг анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжинд /хх-7/ өөрөө олж авах боломжгүй тухайгаа нотлоогүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй.

            Энэхүү хүсэлтэд дурдсан “...баримтуудыг шинжлэн судлаад шалгаж өгнө үү...” гэсэн агуулгаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан өөрөө олж авах боломжгүй байхаас илүүтэй уг эрүүгийн хэрэгт авагдсан баримтад үзлэг хийлгэх гэсэн агуулга байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох бүрдүүлэх журмыг болон нэхэмжлэгчийн энэ талаарх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх үйл баримт бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлтийг эцэслэн хийх боломжгүй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Улмаар анхан шатны шүүх хэргийг эмхэтгэхдээ буюу хэргийн хуудсыг дугаарлахдаа хэргийн 80 дугаар хуудаснаас дахин 71 гэж хуудсыг давхардуулан дугаарласан, мөн хуудсыг дугаарлахдаа баллаж, дахин дахин засварласан нь “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” зэрэгт нийцээгүйг магадлалд тэмдэглэв.

            Мөн маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийгээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатарын “ ... анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ...” тухай давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 153403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153403 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                         ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                               Н.БАТЧИМЭГ