Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/00449

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/00449

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М.Ц.Х

хариуцагч: Н.Шт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: п.б

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр анх шүүхэд ирүүлснээр хүлээн авч 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7-р хороо Хувьсгалчид а-10 гудамж 176 а тоот хаягт оршин суух Жалайр овогт Жаргалсайханы Азбаяр /РД:ДЮ89041075/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2196/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Агаржавын Зая /ҮД: 0113/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэгч Жаргалсайханы Оюунжаргал /ҮД:0987/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Хүрлээгийн Цогтсайхан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0174/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Сэрээнэндоржийн Чинбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар: 1282/, нарийн бичгийн даргаар Д.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ц.Х ХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: П.п.бгийн нэхэмжлэлтэй М.Ц.Х ХК-д холбогдох хөдөлмөрийн маргааныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01223 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01567 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Пэлжирийн п.бг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 946 231 төгрөгийг олгуулах шийдвэр гаргасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/7681 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан мэдэгдлийг төлбөр төлөгч М.Ц.Х ХК нь заасан хугацаанд биелүүлж төлбөр авагч П.п.бг Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/81 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 946 231 төгрөгийг тус газрын данс руу шилжүүлсэн болно.

Ийнхүү М.Ц.Х ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд Дархан-Уул аймгийн Холбооны Газрын дарга П.п.бтай 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулахаар уулзсан боловч хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтны хүсэл зоригийн зөрүүтэй асуудлаас болж хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын хамт хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01223 дугаар шийдвэрт маргаан бүхий тушаалыг /П.п.бг ажлаас чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/57 дугаар тушаал/ хүчингүй болгохыг даалгаагүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 4/1317 дугаар албан мэдэгдэлд заасны дагуу ажил олгогч нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар 17-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, П.п.бд Холбооны Газрын даргын ажил үүргийг Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын албан өрөөд даргын ажлын зөвлөлийн гишүүдийн дэргэд хүлээлгэн өгч ажил хүлээлцэх эрх бүхий комисс болон П.п.б нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан, түүнчлэн П.п.бд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т /Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно/ гэж заасан байх бөгөөд М.Ц.Х ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч П.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн Х/81 тоот тушаал гарган Н.Шт хүргүүлсэн болон дээр дурдсан бусад үйл баримт нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангасан буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэр биелүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 тоот тогтоол нь хуульд нийцсэн тогтоол юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 14.1, 27.1, 28.1.2, 28.1.3, 28.1.6, 28.1.16 дах заалтууд болон мөн хуульд нийцүүлсэн М.Ц.Х ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны А/120 дугаар тушаалаар баталсан М.Ц.Х ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 3.4.4, 3.4.5-д заасны дагуу ажил олгогч нь ажилтныг тухайн ажил албан тушаалдаа эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлуулах эрх, үүрэгтэй гэж заасны дагуу П.п.бгийн эрүүл мэндийн асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон төрийн эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандсаны дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, тодорхойлолтоор П.п.б нь 75 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан байх бөгөөд эрүүл мэндийн хувьд Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажил албан тушаалдаа тэнцэхгүй /Хөдөлмөрийн чадвараа алдсан/ болох нь тогтоогдсон болно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1 дүгээрт заагдсан ангиллаар 70-аас дээш хувиар буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ангилалд хамаарч байна.

Иймд П.п.бгаар ажил үүрэг гүйцэтгүүлэх нь ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, эрсдэл учрах үндэслэлтэй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэмд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тушаал гарган хариуцуулсан боловч П.п.бгийн ажилтны эрхийг хангаж холбогдох цалин хөлсийг олгож байсан болно.

Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогч нь П.п.бг хорогдуулсан цагаар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхөөргүй ажил албан тушаалд урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулах санал тавьсан боловч П.п.б нь саналыг хүлээж аваагүй тул П.п.бтай байгуулсан 2018/26 тоот хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардуулж 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн х/146 тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасны дагуу заасан хугацаанд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулан, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны олговрыг шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний Шийдвэр гүйцэтгэх ажиллахаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоол гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

П.п.б нь ажил олгогчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гагцхүү хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болон шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа тул М.Ц.Х ХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн

01223 дугаар шийдвэрийг биелүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж заасан, төлбөр төлөгч нь дээр дурдсанчлан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг төлж, цалин хөлсийг олгож НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байхад сэргээх тогтоол гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолуудыг хүчингүй болгож, төлбөр авагч П.п.б болон төлбөр төлөгч М.Ц.Х ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 08/5 дугаартай дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцогдсон тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Төлбөр авагч н.п.б нь тус компанийн Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 сарын 17-ны өдрийн XI57 тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. н.п.б нь тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 05 сарын 29-ний өдөр 01223 дугаар шийдвэр гарч М.Ц.Х ХК- ийн Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 946 231 төгрөгийг гаргуулан энэ олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн олговрыг тооцон авч дэвтэрт зохих бичилт хийхийг үүрэг болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч н.п.б нь шийдвэр гарснаас хойш М.Ц.Х ХК-д ханддаггүй. Ерөнхий сайд, УИХ гишүүн төрийн эрх бүхий хүмүүст хандаж явсаар байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Ингээд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаад шүүхээс шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. М.Ц.Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн Х/80 дугаар тушаал гарч тус компанийн Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргаар ажиллаж байсан н.Уранчимэгийг ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Х/81 тоот тушаалаар н.п.бг ажилд нь эгүүлэн томилсон. Энэ шийдвэрийг төлбөр төлөгч М.Ц.Х ХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хугацаатай мэдэгдлийг сайн дураар биелүүлж ажилд нь эгүүлэн томилсон. Уг тушаал гарсантай холбогдуулаад 2018 оны 06 сарын 22-ны өдөр мөн урьд гаргасан шийдвэрийг Х/57 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Ингээд хуульд заасан тодорхой нөхцөл бүрэн биелэгдсэн. н.п.бг ажилд нь эгүүлэн томилсны дараа н.п.бгийн зүгээс 2018 оны 05 сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан. Өргөдөл гаргахдаа 2018 оны борлуулалтын орлого, телефон болон интернет зэргийн тоог урьд ажиллаж байсан даргатай адилхан хийх, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах гэсэн санал гаргасан. Гэтэл М.Ц.Х ХК-ийн 94,7 хувийг МУ-ын Засгийн Газар эзэмшдэг,төрийн өмчит хуулийн этгээд. Салбарын захирлуудтай хөдөлмөрийн гэрээг заавал хугацаатай байгуул гэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр ирсэн байсан. н.п.бгийн саналын зөрүүтэй асуудлаас болоод хөдөлмөрийн гэрээг байгуулж чадаагүй. 2018 оны 06 сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд 119 тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.Оюунжаргалын өрөөнд н.п.бтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж, хөдөлмөрийн тухай хуулийн 21.7-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон.Ингээд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болсон. Улмаар 2018 оны 06 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажлыг түүнд бүрэн хүлээлгэж өгсөн. Үүнтэй холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан. Шүүхийн шийдвэрт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2,946,231 төгрөгөөс 2017 оны 2, 3, 4, 5 дугаар сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөд 2018 оны 05 сарын 18-ны өдөр М.Ц.Х ХК-ийн Голомт банкны төгрөгийн данснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Улаанбаатар хотын банкны данс уруу 2,781,607 төгрөгийг шилжүүлснээр шүүхийн шийдвэр бүхэлдээ биелэгдсэн. Төлбөр төлөгч холбогдох үүргээ бүрэн хийж гүйцэтгэсэн. МУ-ын ШШГТХ-ийн 103 дугаар зүйлийн 103.3.-т мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж заасан. 2018 оны 05 сарын 14-ний өдрийн Х/81 тоот тушаалаар н.п.бг ажилд нь эргүүлэн тогтоож ажлыг нь хүлээлцүүлсэн. Нөхөн олговрыг олгосон. Ийм учраас төлбөр төлөгч буюу М.Ц.Х ХК нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн хууль зүйн үндэслэлтэй. н.п.бгийн зүгээс ЧДИХАШ шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 05 сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан. Хэргийг ЧДИХАШШ 2018 оны 11 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Өөрөөр хэлбэл 2017 оны 05 сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 сарын 14-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор, эрүүл мэндийн нөхөн бичилт хийлгэхийг М.Ц.Х ХК-д даалгаад 2018 оны 05 сарын 14-ний өдрөөс хойш эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж үзээд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. М.Ц.Х ХК-ийн Дархан-Уул аймгийн хувьцаат компанийн даргаар ажиллаж байсан н.п.бтай холбогдуулаад тухайн үед 2015 оноос эхлэн тус Холбооны Газрын ажиллагсдын зүгээс МУ-ын Засгийн Газар, ЗГ-ын тохируулагч агентлаг, Мэдээлэл технологи харилцаа Холбооны Газар, Төрийн өмчийн хороо, Авилгатай тэмцэх газар гэх мэт маш олон газар олон гомдол гаргаж байсан. Энэ гомдол дунд бас нэг асуудал яригдаж байсан нь н.п.б нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсантай холбогдуулаад ажиллаж болдоггүй байнгын дарамт шахалтад ажиллаж байсан учраас ажил олгогчийн зүгээс холбогдох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, өөрийн дотооддоо мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэмд заасны дагуу н.п.бгийн эрүүл мэндийн талаарх тодорхойлолтыг Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газраас хүссэн. Тус газраас ирсэн тодорхойлолтод н.п.б нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэврийг 2012 оны 05 сард тогтоолгон авч байгаа бөгөөд эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 161/021 тоот актаар 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан болох нь үнэн гэж албан бичиг ирүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалд тэнцэхгүй байвал Улсын дээд шүүхээс гаргасан зөвлөмж, хуулийн тайлбартай нийцнэ. Үүнтэй холбогдуулаад Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, мэргэжлийн хяналтын газарт хандсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд н.п.б нь ердийн өвчний жагсаалтын 1.3.39 дахь заалтаар Хөдөлмөрийн чадвар алдалтын 75 хувиар тогтоолгосон байгаа нь ЗГ-ын 2015 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан эмнэлэг хөдөлмөрийн комиссын дүрмийн 1.5.1-д зааснаар 70-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ангилалд хамаарч байна.Тийм учраас энэ ажил албан тушаалд тэнцэхгүй гэдгийг тухайн үед буюу 2018 оны 06 сарын 19-ний өдөр ажил олгогчид ирүүлсэн. Энэ баримтуудын хүрээнд 2018 оны 06 сарын 22-ны өдөр н.п.бд мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд дээр дурдсан нөхцөл байдлуудыг 1 бүрчлэн дурдаад М.Ц.Х ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.4 дахь хэсэг, 3.4.5-д заасны дагуу эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2018/26 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө бичгээр мэдэгдсэн. Мөн 2018 оны 06 сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгосон тогтоолд дурдсан хуулиар хүлээгээгүй боловч н.п.бд эрүүл мэндийн хувьд харшлахгүй ажил албан тушаалыг албан ёсоор бичгээр санал болгосон. Санал болгохдоо Холбооны Газрын зөвлөхийн ажлын байрыг бий болгож, цалин хөлсийг одоо авч байгаа цалингаас нь бууруулахгүйгээр гол нь ажлын цагийг богиносгоно гэдэг мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлээс өмнө өгөөд хүлээж авахгүй гэсэн учраас хуульд заасан үүргээ М.Ц.Х ХК биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн зохицуулалттай. Энэ нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт хуулиар гарсан байхыг шаардана. Энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлж өгсөн. Нийгмийн даатгалын хэлтсийн 75 хувиар хөдөлмөрийн чадвараа алдаж 2012 оноос хойш одоогийн цаг хүртэлх хугацаанд тэтгэмжийг улсаас аваад явж байгаа энэ нь холбогдох төрийн байгууллагын баримт хууль зүйн үндэслэлтэй нийцэж байгаа. Мэдэгдэл өгсний дагуу 2018 оны 07 сарын 23-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн. Гүйцэтгээд түүнд 2018 оны 06, 07 сарын цалинг Хөдөлмөрийн гэрээнд заасан тохиролцсоны дагуу бүрэн олгосон. Мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсний дараа 2018 оны 07 сарын 20-ны өдрийн гүйцэтгэх захирлын Х/46 дугаартай тушаал гарч эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр 2018 оны 07 сарын 23-ны өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож өгсөн. Тушаал гарсантай холбогдуулан ажил хүлээлцэх комисс томилогдсон. Тухайн комисс н.п.бд тушаалын талаар мэдэгдсэн. н.п.б тушаалыг хүлээж авахгүй та нартай шүүх дээр уулзана гэсэн хариу өгсөн. Ингээд тухайн өдрөөс талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсныг ажилтан маш сайн мэдэж байгаа. Үүнтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Нэгэнт ажилтан тушаалыг гардаж авахгүй гэсэн учраас ажил хүлээлцэх комисс хуралдаад баталгаат шуудангаар хүргүүлсэн. Баталгаат шуудангаар илгээсэн боловч шуудан хүргэгчээс шуудан хүлээн авахаас татгалзсан байсан. Үүнтэй холбоотой үйл баримтын талаар н.п.бгийн нэхэмжлэлтэй М.Ц.Х ХК-д холбогдох ЧДИХАШ шүүх дээр хянагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн дүгнэлтийг нэгэнт хийсэн учраас энэ баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу М.Ц.Х ХК-ийн зүгээс урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож н.п.бг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэн гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байсан 2018 оны 05 сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол дээрх нөхцөл байдлуудтай дүгнэхэд хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тогтоолыг үндэслэн 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 08/05 дугаар шийдвэр гарган дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн үйлдэл нь харин эсрэгээрээ хууль бус болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Ийм учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 08/05 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тогтоолыг тус тус хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож өгнө үү. Хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих ёстой. Хариуцагч талаас шүүхийн шийдвэр биелүүлэх талаар огт ярьсангүй. Нэг л үйл баримт байгаа. Чингэлтэй дүүргийн тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг харахад ШШГТХ-ийн 30 дугаар зүйлийг баримталсан. 30 дугаар зүйлд 2 үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх нөхцөл байдаг. Нэгдүгээрт ШШГТХ-ийн 27 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэдгийг баримталсан нь өөрөө үндэслэлгүй. н.п.бгийн нэхэмжлэлтэй М.Ц.Х ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, ялангуяа хариуцагчаас 27.2-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн зүйл байгаагүй. Хоёр дахь үндэслэл нь ШШГТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 29.1.9-д заасан үндэслэлийг ярьж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох хоёр дох үндэслэл нь эрх зүйн чадамжгүй болсонтой холбоотой. Гэтэл энэ маргаан ЧД-ийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн шийдвэр өөрөө биелэгдсэн юм уу? гэдэг асуудал байгаа. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2018 оны 05 сарын 14-ний өдөр н.п.б гэдэг хүнийг ажилд нь томилсон тушаал гаргасан. Өмнө нь н.Уранчимэг гэдэг хүнийг Дархан- Уул аймгийн Холбооны Газрын даргаар томилсон тушаал хүчингүй болсон. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх үндэслэл биелэгдсэн хэлбэр. М.Ц.Х ХК-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 2018 оны 05 сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгосон н.п.бд олгох ёстой ажилгүй байсан хугацааны олговор мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг шилжүүлсэн. Ингэж шилжүүлсэн байдал нь ШШГТХ-ийн 103 дугаар зүйлийн 3 дах үндэслэл бүрдэж байна. Шүүхийн шийдвэр биелэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. 2018 оны 06 сарын 13-ны өдөр хариуцагч байгууллагыг төлөөлж байгаа н.Оюунжаргал шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 06 сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр удаа ирсэн мэдэгдлийн дагуу н.п.бд ажлыг нь хүлээлгэж өгсөн. Н.Уранчимэг гэдэг хүнээс ажлыг хүлээж авсан. Ажлыг хүлээж авсан учраас н.п.б ажил үүргээ гүйцэтгэх ёстой. 2018 оны 06 сарын 22-ны өдөр н.п.бд эрүүл мэндийн шалтгаан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгсөн ч гэсэн энэ хүн ажлаа хийж байх ёстой. 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгөөд 07 сарын 22-ны өдөр дуусах байсан. Энэ хүртэл ажил үүргээ өөрөө гүйцэтгээгүй байж надад ажлыг бүрэн бодитой хүлээлгэж өгөөгүй би ажлаа хийж чадахгүй байна гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх газар гомдол гаргаад үүний дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтол гарсан байх гэж ойлгосон. Яг ямар үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээд байгаа нь тогтоол дээр тодорхойгүй. Харин хуулиар хүлээсэн нэхэмжлэгчийг эрүүл мэндэд нь харшлахгүй ажил албан тушаалд томилох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна гэдэг энэ үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ямар хамааралтай юм бэ? шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийх үүрэг хүлээсэн байгууллага. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгаа нь өөрөө үндэслэлгүй. н.п.б М.Ц.Х ХК-ийн захирал н.Алтан-Очир, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Азбаяр нарлуу байнга чат бичдэг. Миний ард гавьяат хуульч Н.Эрзан хуурай дүү эрх зүйч н.Чинбат, н.Булгамаа гэдэг хүмүүс бүтэн баг ажилладаг. Тийм учраас та нар юу ч хийж чадахгүй гэдэг. Хариуцагч нарын зүгээс 2017 оны 05 сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгд заасан нөхцөл биелэгдээгүй гэдгийг өөрсдөө нотлох ёстой. Сэргээсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдагдаагүй 29.5, 103 зэрэг үндэслэлүүдийг ярьж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ЧДИХАШШ-ийн 2017 оны 01223 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1725 магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 01567 дугаар тогтоолоор н.п.бг М.Ц.Х ХК-ийн Дархан-Уул аймаг дахь Холбооны Газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 2,9 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. п.б гүйцэтгэх хуудас ирээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш гомдол хүсэлт байнга гаргадаг. Утсаар ч гаргадаг. Өөрөө ч гаргадаг.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч М.Ц.Х ХК-д анх 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 4/7681 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу ажилд томилох тушаал нь 2018 оны 05 сарын 14-ний өдрийн Х/81 тушаалаар н.п.бг ажилд томилоод нөхөн олговор нь 05 сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжиж орж ирсэн. Үүнийг нэхэмжлэгчид тухайн өдөр нь шилжүүлж өгсөн. М.Ц.Х ХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны Х/81 дугаар тушаалаар н.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 2,7 сая төгрөгийг олгосон үндэслэлээр Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдсэн гэж үзээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5/491 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг н.п.бгаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж Намайг комисс гаргаад хүлээлцэх гэж байна гэчихээд эргүүлээд хавсран гүйцэтгэгч томилоод ажлын байран дээр нь ажиллуулаагүй, ажлаа аваагүй, тамга тэмдэг, ширээ сандлыг минь хүлээлгэж өгсөнгүй.гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу гүйцэтгэлийн хувийн хэргийг татаж хянаад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 18 гэсэн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгоод шийдвэрлэж ажиллагааг сэргээн явуулах чиглэл өгсөн. Яагаад ийм чиглэл өгсөн бэ гэвэл н.п.бгийн гаргасан гомдлоор гүйцэтгэлийн хувийн хэргийг хянахад ШШГТХ-ийн 29.1.5, 103.3-д заасан ажилд эгүүлэн тогтоож, ажлын байран дээр ажиллуулаагүй. Ийм учраас шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна гэж үзээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 18 гэсэн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлтэй.

Хамгийн гол нь н.п.бг ажилд эгүүлэн тогтоох гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй. Хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас мөн адил хүчин төгөлдөр. Энэ хүнийг нэг өдөр ч ажил хийлгээгүй гэж дурдсан. Хавсран гүйцэтгэгч томилоод ажиллуулсан байдаг гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Холбогдох гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Н.п.бг ажилд нь томилоод ажил үүргээ хийх боломжоор хангах нөхцөлийг ажил олгогчийн зүгээс биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудас бичсэн. н.п.бг ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэдэг шалтгаанаар Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж тавьсан байдаг. Энэ дүгнэлтийг гаргахдаа н.п.бд огт танилцуулаагүй мэдэгдээгүй. Энэ дүгнэлтийг Улсын ерөнхий байцаагчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга улсын ахлах байцаагч н.Бат-Эрдэнийн гаргасан 2018 оны 06 сарын дүгнэлт нь холбогдох хууль дүрэм, журмыг бүрэн судлаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гаргасан байх тул хүчингүй болгосонд тооцсугай гэж шийдвэрлээд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэдэг дүгнэлтийг хүчингүй болгосон. Энэ баримтыг бид шүүхэд гаргаж өгсөн. Гуравдагч этгээдээс яагаад ажилд нь тогтоогоогүй гэж үзэж байгаа гэвэл, Нэгдүгээрт Хууль бусаар халсан тушаалаа хүчингүй болгох ёстой. Тушаалаа бол хүчингүй болгосон. Ажилтныг урьд байсан ажил хөдөлмөрийн үүргээ биелүүлэх боломжоор хангах, үүрэг биелүүлэх нөхцлийг бий болгох ажил албан тушаал гүйцэтгэх үүргийг өгч үүргээ биелүүлж эхлэх нөхцөл бүрдэж байж шүүхийн шийдвэр хуучин ажлын байранд нь тогтоосон гэж үзэх ийм хоёр нөхцөл байдаг. Гэтэл н.п.б ажлаа бодитоор хүлээж аваагүй. Ажлаа нэг хоног нэг цаг ч хэрэгжүүлээгүй. Ажил хүлээлцсэн акт, цалин олгосон байдал, ажлаас чөлөөлсөн, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг ярьдаг. Эдгээр баримтууд нь огт хэрэгжээгүй. Зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгсөн дүр үзүүлсэн ийм баримтууд байдаг. Уг баримтуудыг үндэслээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 18 дугаар тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохыг нотолсон. Уг тогтоол н.п.бгийн томилсон албан тушаалын эрхээ бусад этгээдээр хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж ШШГТХ-ийн 103.3-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн эрхийг хангаж ажилд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байгаа. н.п.бг томилсон гэх тэр өдрөө аймгийн холбооны ахлах инженер н.Мөнхдэмбэрэлийг Холбооны Газрын дараагийн ажлыг хавсран гүйцэтгэгчээр томилсон тушаалыг гаргасан байдаг. н.Мөнхдэмбэрэл гэдэг хүн Холбооны Газрын даргын ажлыг гүйцэтгэж байснаас н.п.б нэг ч өдөр тэр ажлыг гүйцэтгээгүй. Ажил хүлээлцсэн гэсэн бичиг цаас баримт дээр гарын үсэг зуруулаад эрүүл мэндийн хувьд халж байна гээд мэдэгдэл өгөөд явуулсан. Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэдгийг гэнэт өөрт нь мэдэгдэхгүйгээр гаргасан учраас эргээд гомдол гаргаад хүчингүй болгосон. н.п.бг ажил албан үүргээ гүйцэтгээгүй гэдгийг тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан н.Мөнхдэмбэрэл гэдэг хүний гаргаж байсан тушаалууд, банкны гарын үсэг бүхий гүйлгээнүүд, цалин бодсон баримт болон ахлах нягтлан бодогчийг гэрчээр асуусан баримтууд нь н.п.б биш н.Мөнхдэмбэрэл гэдэг хүн ажил үүрэг гүйцэтгэж байсныг нотолж байгаа. Ийм учраас хариуцагч нь шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэхийг эрмэлзэж, биелүүлсэн дүр үзүүлсэн тушаал гаргаж улмаар н.п.бг ажил албан тушаалыг нь гүйцэтгүүлэхгүй улсын байцаагчийн хууль бус дүгнэлтэд үндэслэж чөлөөлсөн болох нь нотлогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдаад нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ дээр н.п.бг ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй юм байна, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг бүрэн бодитой хэрэгжүүлээгүй гэдэг шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хоёр асуудлын хүрээнд ярих ёстой. 2018 оны 08 сарын 21-ний өдрийн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь салаа утгагүй маш тодорхой бичсэн. н.п.б өөрөө ажлаа хийгээгүй, хийх боломжгүй байсан. Энэ нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд 2018 оны Х/117 дугаар ажил хавсран гүйцэтгэх тушаалаар нэг даргын орон тоон дээр 2 дарга томилоод явсан байдаг. н.п.б сайн дураар хийхгүй байгаа учраас н.Мөнхдэмбэрэлээр хавсран гүйцэтгүүлсэн гэж тайлбарладаг. Тушаалуудыг харахад Хөдөлмөрийн хуулинд хавсран гүйцэтгэх гэж байдаггүй. Хослон гүйцэтгэгч гэж гардаг. 2018 оны 05 сарын 14-ний өдөр тушаалаа гаргаад бодит байдал дээр хэрэгжүүлээгүй. Зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуурах гэсэн ажил хийж байна цаасаар. Тийм учраас ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг дэмжиж байгаа гэв.

Шүүх хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ц.Х ХК хариуцагч Н.Шт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албыг нэмж татуулах, иргэн П.п.б төлөөлөгчөөрөө дамжуулж гуравдагч этгээдээр оролцох хүсэлт тус тус гаргаснаар тус байгууллагыг хариуцагчаар, иргэн П.п.бг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Иргэн П.п.бгийн М.Ц.Х ХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01223 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч П.п.бг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, түүнийг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 2017 оны 5 дугаар сарын 29 хүртэлх хугацааны олговорт бүгд 2.946.231 төгрөгийг хариуцагч М.Ц.Х ХК-иас гаргуулж олгон, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч М.Ц.Х ХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлалаар, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан болохыг тогтоолгох талаар нэхэмжлэгчийг шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэн, шийдвэрийн нэг дэх заалтад, нэхэмжлэлийн шаардлагаас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтад 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс хураамжид илүү төлсөн 113 950 төгрөгийг буцаан олгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өөрчилсөн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01567 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Ц.Х ХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 16ы өдрийн 03433 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 00357 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдсоны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 сарын 25-ны өдрийн 18300591 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагаа явагдсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/7681 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан мэдэгдлийн дагуу М.Ц.Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/81 дугаар тушаалаар П.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажилд мөн өдрөөс эгүүлэн тогтоож тушаасан, мөн өдөр М.Ц.Х ХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансанд олговрын 2 781 607 төгрөг 90 мөнгийг шилжүүлсэн, мөнгө шилжүүлэх баримтаар П.п.бд түүний Хаан банкны дансаар 2 781 607 төгрөг 90 мөнгийг шилжүүлэн өгсөн. Олговрын мөнгө шилжүүлсэн асуудлаар талууд маргаагүй.

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр П.п.б М.Ц.Х ХК-ийн захиралд хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцлийн талаарх гэрээг хугацаагүй байгуулах тухай санал хүргүүлсэн.

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр М.Ц.Х ХК П.п.бтай, Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажил, албан тушаалд сарын үндсэн цалин 900 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн 2018/26 тоот гэрээг бичгээр байгуулжээ.

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5/491 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан.

П.п.б 2018 оны 05 дугаар сарын 25-наар огноолон Н.Шт хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй хойшлуулаад байгаа, өмнөх хүнээ ажлаас чөлөөлөөгүй, хуурамч тушаал гаргасан гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай, 2018 оны 6 сарын 11-нээр огноолон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай өргөдлүүд ирүүлсэн.

2018 оны 6 сарын 20-оор огноолон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг 2018 оны 6 сарын 26-ны өдрийн дотор биелүүлэх тухай 4/1317 тоот мэдэгдлийг М.Ц.Х ХК-ийн захиралд, мөн Н.Шт П.п.бг ажилд нь томилуулах, шүүхийн шийдвэр биелүүлээгүй байх тул хариуцлага тооцох тухай мэдэгдэл тус тус хүргүүлжээ.

2018 оны 6 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажил хүлээлцүүлсэн акт үйлдэн, ажил хүлээлцэх комисст Д.Болдбаатар, Ж.Азбаяр, П.п.б, Ж.Уранчимэг, Э.Мөнхдэмбэрэл нар оролцсон.

М.Ц.Х ХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/81 дугаар, П.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилсонтой холбогдуулан захирлын 2017 оны 2 сарын 17-ны өдрийн Х/57 тушаалыг хүчингүй болсонд тооцсон тушаал ирүүлсэн.

П.п.бгийн гомдлыг үндэслэн гүйцэтгэлийн хувийн хэргийн хянаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоол гарсан.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцсон тул М.Ц.Х ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дугаар тогтоолыг цуцалж, Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гаргасан үйл баримтууд бий болсон, эдгээр үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангасан, П.п.бг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн Х/81 тоот тушаал гарган, уг албан тушаалд ажиллаж байсан хүнийг чөлөөлсөн, ажлыг нь 2018 оны 6 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Холбооны Газрын даргын ажлын өрөөнд актаар ажлыг нь хүлээлцүүлсэн, 2018 оны 6, 7 сарын цалинг олгосон гэж, хариуцагч тушаал гаргасан хэдий ч томилсон ажил, албан тушаалд ажиллуулаагүй, шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлээгүй гэж, гуравдагч этгээд П.п.бг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн үндэслэлийг дэмжиж байна.

Талууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу П.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон эсэхэд маргаж байна.

Мэтгэлцээнээр цугларсан нотлох баримтуудаар, М.Ц.Х ХК П.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эгүүлэн томилж Х/81 дүгээр тушаал гаргасан хэдий ч 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажлыг хүлээлцүүлэх акт үйлдэхдээ байгууллагын тамга, тэмдэг өрөөний түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй байна. Мөн өдөр Дархан-Уул аймгийн Холбооны газрын дарга П.п.бд гэсэн мэдэгдлээр эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил,албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөр ажилд ажиллуулах санал болгох тухай мэдэгдэл өгч, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Х/117 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил,албан тушаалыг ахлах инженер Э.Мөнхдэмбэрэлээр хавсран гүйцэтгүүлсэн байгаа нь ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажилд томилчоод 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил хүлээлцээгүй, ажиллуулаагүй байж, ажил хүлээлцсэн акт үйлдсэн өдрөө өөр ажилтныг даргын ажил, албан тушаалд томилсон нь П.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд ажиллуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн бөгөөд харин тодорхой үндэслэл, шаардлагын улмаас талууд харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулах нөхцлүүдийг хуулиар зохицуулсан ба ажил олгогч ажилтанд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тохирсон ажил, үүргээр хангаагүй, тухайн ажил, албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байж 2018 оны 6, 7-р саруудад цалин гэж олгосон нь ажилтан тухайн ажил,албан тушаалыг эрхлэн гүйцэтгэсэн үндэслэл болохгүй юм.

Мөн шүүх шийдвэрлэсэн, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх ажиллагаа хийгдсэн баримтгүй тул ажиллагааг хийгдээгүй гэж үзэх үндэслэл болно.

М.Ц.Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаар тушаалд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон эрүүл мэндийн шалтгааны талаарх 2018 оны 6 сарын 19-ний өдрийн 10-01-001/114 тоот Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 01-01-001/01 дугаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагчийн шийдвэрээр хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон байна. Ажилтанг ажил, албан тушаалд нь бодитоор ажиллуулаагүй тул ажлаас чөлөөлөх үйл баримт бий болсон гэх үндэсгүй.

Иймд П.п.бг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь, 36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолд М.Ц.Х ХК нь шүүхээс хууль бус болохыг тогтоон ажилд эгүүлэн томилох шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүй, нэхэмжлэгч П.п.бгийн эрхийг зөрчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн, 103 дугаар зүйлийн 103.3.Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 сарын 21-ий өдрийн 5/491 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцон тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Энэ ажиллагааны дагуу анхны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлэн явагдах нөхцөл бүрдэж байна.

Н.Ш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1.Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй, 29.1.9.төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон.гэж заасныг үндэслэсэн нь тогтоолын агуулгад нийцэхгүй, түдгэлзүүлсэн ажиллагаа байхгүй, эрх залгамжлал хамааралгүй, төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон гэх үндэслэлүүд бий болоогүй тул хуульд заасан үндэслэлээр хийгдсэн ажиллагаа гэж үзэх үндэсгүй, энэ тогтоолыг хүчингүй болгох үндэстэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцохыг зохицуулсан ба шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох үндэсгүй.

Хуульд заасан ажиллагаа болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын дагуу М.Ц.Х ХК-ид холбогдох П.п.бг эрхэлж байсан ажил,албан тушаалд нь эгүүлэн томилох ажиллагаа, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 сарын 21-ий өдрийн 5/491 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарахаас өмнөх шатнаас үргэлжлэн явуулах нь зүйтэй болно.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган,Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үлдэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1., 30 дугаар зүйлийн 30.1., 103 дугаар зүйлийн 103.3., 122 дугаар зүйлийн 122.5.-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Ц.Х ХК-ийн нэхэмжлэлээс үлдэх шаардлага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг хураамжид хариуцуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ