Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00766

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00766

 

 

 

МЦХ ХХК ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00449 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч МЦХ ХХК ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, түүний өмгөөлөгч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч МЦХ ХХК ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Баяраагийн нэхэмжлэлтэй МЦХ ХХК ХК-д холбогдох хөдөлмөрийн маргааныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01223 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01567 дугаар тогтоолоор нэхэмжлэгч П.Баярааг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 946 231 төгрөгийг олгуулах шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 946 231 төгрөгийг тус газрын данс руу шилжүүлсэн. П.Баяраатай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 14.1, 27.1, 28.1.2, 28.1.3, 28.1.6, 28.1.16 дах заалтууд болон мөн хуульд нийцүүлсэн МЦХ ХХК ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны А/120 дугаар тушаалаар баталсан МЦХ ХХК ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 3.4.4, 3.4.5-д заасны дагуу ажил олгогч нь ажилтныг тухайн ажил албан тушаалдаа эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлуулах эрх, үүрэгтэй гэж заасны дагуу П.Баяраагийн эрүүл мэндийн асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон төрийн эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандсаны дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, тодорхойлолтоор П.Баяраа нь 75 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан байх бөгөөд эрүүл мэндийн хувьд Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогч нь П.Баярааг хорогдуулсан цагаар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхөөргүй ажил албан тушаалд урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулах санал тавьсан боловч П.Баяраа нь саналыг хүлээж аваагүй тул П.Баяраатай байгуулсан 2018/26 тоот хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардуулж 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн х/146 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоол гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолуудыг хүчингүй болгож, төлбөр авагч П.Баяраа болон төлбөр төлөгч МЦХ ХХК ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунжаргал, А.Зая нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Баяраа гүйцэтгэх хуудас ирээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш гомдол хүсэлт байнга гаргадаг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч МЦХ ХХК ХК-д анх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/7681 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу ажилд томилох тушаал нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийнХ/81 тушаалаар н.Баярааг ажилд томилоод нөхөн олговор нь 05 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжиж орж ирсэн. Үүнийг нэхэмжлэгчид тухайн өдөр нь шилжүүлж биелэгдсэн гэж үзээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5/491 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг П.Баяраагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж Намайг комисс гаргаад хүлээлцэх гэж байна гэчихээд эргүүлээд хавсран гүйцэтгэгч томилоод ажлын байран дээр нь ажиллуулаагүй, ажлаа аваагүй, тамга тэмдэг, ширээ сандлыг минь хүлээлгэж өгсөнгүй хэмээн гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу гүйцэтгэлийн хувийн хэргийг татаж хянаад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 18 дугаар тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгоод шийдвэрлэж ажиллагааг сэргээн явуулах чиглэл өгсөн. П.Баяраагийн гаргасан гомдлоор гүйцэтгэлийн хувийн хэргийг хянахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 103 дугаар зүйлийн 103.3 дэх хэсэгт заасан ажилд эгүүлэн тогтоож, ажлын байран дээр ажиллуулаагүй. Ийм учраас шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна гэж үзээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 18 дугаар тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлтэй.

Хамгийн гол нь П.Баярааг ажилд эгүүлэн тогтоох гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй. Хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас мөн адил хүчин төгөлдөр. Энэ хүнийг нэг өдөр ч ажил хийлгээгүй гэж дурдсан. Хавсран гүйцэтгэгч томилоод ажиллуулсан байдаг гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Холбогдох гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. П.Баярааг ажилд нь томилоод ажил үүргээ хийх боломжоор хангах нөхцөлийг ажил олгогчийн зүгээс биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудас бичсэн. П.Баярааг ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэдэг шалтгаанаар Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж тавьсан байдаг. Энэ дүгнэлтийг гаргахдаа П.Баяраад огт танилцуулаагүй мэдэгдээгүй. Энэ дүгнэлтийг Улсын Ерөнхий байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга улсын ахлах байцаагч н.Бат-Эрдэнийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын дүгнэлт нь холбогдох хууль дүрэм, журмыг бүрэн судлаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гаргасан байх тул хүчингүй болгосонд тооцсугай гэж шийдвэрлээд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэдэг дүгнэлтийг хүчингүй болгосон. П.Баяраа ажлаа бодитоор хүлээж аваагүй. Зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгсөн дүр үзүүлсэн ийм баримтууд байдаг. Уг баримтуудыг үндэслээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 18 дугаар тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохыг нотолсон. П.Баярааг томилсон гэх тэр өдрөө аймгийн холбооны ахлах инженер н.Мөнхдэмбэрэлийг Холбооны газрын дараагийн ажлыг хавсран гүйцэтгэгчээр томилсон тушаалыг гаргасан байдаг. Ажил хүлээлцсэн гэсэн бичиг цаас баримт дээр гарын үсэг зуруулаад эрүүл мэндийн хувьд халж байна гээд мэдэгдэл өгөөд явуулсан. П.Баярааг ажил албан үүргээ гүйцэтгээгүй гэдгийг тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан н.Мөнхдэмбэрэл гэдэг хүний гаргаж байсан тушаалууд, банкны гарын үсэг бүхий гүйлгээнүүд, цалин бодсон баримт болон ахлах нягтлан бодогчийг гэрчээр асуусан баримтууд нь П.Баяраа биш н.Мөнхдэмбэрэл гэдэг хүн ажил үүрэг гүйцэтгэж байсныг нотолж байгаа. Ийм учраас хариуцагч нь шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэхийг эрмэлзэж, биелүүлсэн дүр үзүүлсэн тушаал гаргаж улмаар н.Баярааг ажил албан тушаалыг нь гүйцэтгүүлэхгүй улсын байцаагчийн хууль бус дүгнэлтэд үндэслэж чөлөөлсөн болох нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд 2018 оны Х/117 дугаар ажил хавсран гүйцэтгэх тушаалаар нэг даргын орон тоон дээр 2 дарга томилоод явсан байдаг. н.Баяраа сайн дураар хийхгүй байгаа учраас н.Мөнхдэмбэрэлээр хавсран гүйцэтгүүлсэн гэж тайлбарладаг. Тушаалуудыг харахад Хөдөлмөрийн хуулинд хавсран гүйцэтгэх гэж байдаггүй. Хослон гүйцэтгэгч гэж гардаг. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тушаалаа гаргаад бодит байдал дээр хэрэгжүүлээгүй. Тийм учраас ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг дэмжиж байгаа гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1, 103 дугаар зүйлийн 103.3, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгч МЦХ ХХК ХК-ийн нэхэмжлэлээс үлдэх шаардлага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг хураамжид хариуцуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "МЦХ ХХК" ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2.946.231 төгрөгийг гаргуулан олгохоор, мөн энэ олговороос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг үүрэг болгон шийдвэрлэсэн. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээс ирүүлсэн албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дугаартай "Ажилд томилох тухай" тушаалаар П.Баярааг Дархан-Уул аймгийн Ходбооны газрын даргаар томилж шийдвэрийг биелүүлсэн. Уг тушаал гарсантай холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/81 дугаартай тушаал гарч Ж.Уранчимэгийг томилсон гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Х/57 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. П.Баярааг эгүүлэн ажилд томилсны дараа 2018/26 дугаартай "Хөдөлмөрийн гэрээ"-г 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээг ажилтан П.Баяраагийн зүгээс хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуудсантай холбогдуулан Нууцын баталгаа болон Дархан-Уул аймгийн Холбооны газрын 2018 оны менежментийн төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн холбооны газрын 2018 оны орлогын төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн холбооны газрын 2018 оны зардлын төлөвлөгөөг хүлээлгэн өгснөөр шийдвэр бүрэн биелэгдэж 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажлыг түүнд бүрэн хүлээлгэн өгсөн. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу түүнд олгох олговорт 2.946.231 төгрөгнөөс 2017 оны 2 дугаар сараас 5 дугаар сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд дээрх нийгмийн даатгалд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр МЦХ ХХКны Голомт банкны 2001004296 тоот төгрөгийн дапснаас Шүухийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Улаанбаатар хотын банкны 2617001560 тоот төгрөгийн дансанд 2.781.607 төгрөгийг шилжүүлсэнээр шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дах хэсэгт заасан байх ба дээр дурдсан тушаал шийдвэрээр П.Баярааг урьд эрхэлж байсан ажилд буцаан томилсон тул шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч "МЦХ ХХК" ХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01567 дугаар тогтоолоор нэхэмжлэгч П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 2017 оны 5 дугаар сарын 29 хүртэлх хугацааны олговорт бүгд 2 946 231 төгрөгийг П.Баяраад олгохыг МЦХ ХХК ХК-д даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

"МЦХ ХХК" ХК нь шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16ы өдрийн 03433 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 00357 тоот гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичигт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, МЦХ ХХК ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/81 дугаар тушаалаар П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар томилжээ. / хх-ийн 50/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч "МЦХ ХХК" ХК-д холбогдох 18300591 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 5 дугаар сарын 21ий өдрийн 5/491 тоот тогтоол гаргасан ба уг тогтоолд П.Баяраа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гомдол гаргаж, улмаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 5/491 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ. Иймд хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 8 дугаар сарын 22ы өдрийн 08/05 тоот тогтоолоор сэргээн явуулжээ. /хх-ийн 34, 53, 56/

МЦХ ХХК ХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансаар дамжуулан П.Баяраад олговорт 2 781 607 төгрөг 90 мөнгийг шилжүүлэн өгсөн асуудлаар үйл баримтын талаар талууд маргаагүй, харин ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон эсэх үйл баримтын тухайд маргажээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг зэргийг үндэслэн МЦХ ХХК ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дүгээр тушаалаар П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд томилж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ажил хүлээлцүүлэх комиссын акт үйлдэгдсэн байна. Гэвч П.Баяраад байгууллагын тамга, тэмдэг, өрөөний түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй, ажлаар бодитой хангаагүй атлаа П.Баяраад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгч, Х/117 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалыг ахлах инженер Э.Мөнхдэмбэрэлээр хавсран гүйцэтгүүлсэн, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх үүргээ биелүүлээгүй зэргээс үзэхэд П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бодитой биелэгдээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /хх-ийн 9-12, 177/

Ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоох гэдэг нь тушаал шийдвэрийг хэлбэрийн хувьд гаргахаас гадна бодитойгоор ажил үүргээ гүйцэтгэх боломж олгох явдал юм.

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус заасныг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн болохыг зөв дүгнэсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар  тогтоол хуульд нийцээгүй учраас хүчингүй болгож шийдвэрлэсэнд талууд хэн аль нь гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ