Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 156

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч М.Батсуурь /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их шавь овогт Мөнхцэцэгийн Батсуурьд холбогдох 2017 2503 0502 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23-24 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 24 дүгээр байрны В-7 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Их шавь овогт Мөнхцэцэгийн Батсуурь /РД:УХ94041433/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Батсуурь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61 дүгээр гудамжны 706 тоот хашаанд байх хохирогч Б.Жамъянтогтохын өвлийн сууцны хаалгыг эвдэн нэвтрэн орж, 32 инчийн "Ти Си Эл" загварын зурагт, Нокиа 6030 загварын 2 ширхэг гар утас, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлж, 8328 УНН улсын дугаартай Тоёота Приус машиныг ашиглан тээвэрлэж "Цэн баавар" ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 200 000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогчид нийт 425 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батсуурь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

 

Хохирогч Б.Жамъянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байж байгаад 12 цаг 30 минутын үед нөхөр хүүхдийнхээ хамт 13 дугаар хороололд байдаг дүү Энхбаярын гэрт очсон юм. Тэгээд тэднийд цай ууж сууж байгаад 16 цагийн үед гэр рүүгээ явсан юм. Тэгээд гэртээ 16 цаг 40 минутад очиход гэрийн хаалга эвдээд цоожийг нь төмөрөөр хөшсөн байсан. Тэгээд гэртээ ороход зурагт байхгүй болсон байсан. Том өрөөний хойд талын орны бүтээлэг бас алга байсан. Мөн зурагтын хажууд байсан 2 ширхэг жижиг Нокиа утас алга байсан. Тэр утасны нэг нь дугаартай, нөгөө нь дугааргүй байсан. 40 000 төгрөгөөр авч байсан. Нөгөө нь ардаа таггүй, ажилладаг 30 000 төгрөгөөр авч байсан. Тэгээд би цагдаа дуудсан ... Алга болсон зурагт маань 32 инчийн ТС1_ загварын 2016 оны 1 дүгээр сард 13 дугаар хорооллын Хятад худалдааны төвөөс 420 000 төгрөгөөр худалдаж авсан байсан зурагт байсан. Орны бүтээлгийТ 2016 онд хосоор нь 70 000 төгрөгөөр авч байсан нэг нь 35 000 төгрөгийн үнэтэй. Нокиа гар утсыг нэгийг нь 40 000 төгрөгөөр, нөгөөг нь 30 000 төгрөгөөр 2016 оны 6 сард Тэди төвөөс авч байсан" гэх мэдүүлэг /хх-23-24х/,

 

Гэрч Г.Очцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чинзориг, Батсуурь хоёр манайд ирсэн. Тэр үед Чинзориг шал согтуу Батсуурь нь машин барьчихсан явж байсан. Тэгээд манай хүүг эргэх талаар ярьж байсан. Би Чинзоригийг согтуу болхоор нь загнаад гэртээ хонуулсан. Батсуурь нь би түрээсийн машинтай явж халтуур хийнэ гээд яваад өгсөн. Тэгээд Чинзориг тэр өдөрөө манайд хоночихоод өдөр гараад явсан. Тэгээд гарч яваад дахин Чинзориг халамцуу Батсуурьтай ороод ирсэн" гэх мэдүүлэг /хх- 27х/,

 

Гэрч М.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад Батсуурь өөрийнхөө 89124026 дугаараас миний 88151686 дугаар руу залгаад та гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ үүдэн дээр гараад очих Батсуурь Даваа ахаа та бичиг баримтаараа надад нэг юм тавиад өгчихөөч би хэд хоногоос буцаагаад авчихна надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж ороод гадаад паспортоо авч гарч ирсэн. Тэр үед Батсуурь Чинзоригийн машиныг унаад ганцаараа явж байсан. тэгээд машиндаа суугаад Чинзориг хаачсан юм гэхэд Цацаа эгчийнд согтуу байгаа гэж хэлж байсан. Тэгээд замдаа юун зурагт юм гэж асуухад манай найзын зурагт байгаа юм мөнгөний хэрэг гараад би түр тавьж байгаа юм хоёр, гурав хоногоос авчихна гэж ярьж байсан. Тэгээд явж байхад Батсуурь Хангай хотхоны тэнд нэг ломбард байдаг юм хоёулаа тийшээ очъё гээд Хангай хотхон руу явсан. Тэгээд Хангай хотхонд ирэхэд Батсуурь Даваа ах та зурагтыг авч яваад ломбардад тавьчих би машинаа зогсоолд тавьчихаад очъё гэсэн. Тэгээд ломбардад ороод зурагтыг нь 200 000 төгрөгт тавьчихаад гарч ирэхэд Батсуурь хүрч ирээд машинаа хойно тавьчихсан гэж хэлж байсан. ТЭгээд хамт машин руу очоод 200 000 төгрөгөө Батсуурьд өгөөд буцаад 32 руу явсан. Тэгээд би замдаа Сансар 32-н хажууд буугаад ээжид эм авахаар эмийн сан дээр буугаад үлдсэн. Батсуурь цаашаа машинтайгаа яваад өгсөн. ... Машин дотор явж байхад Батсуурь намайг та болж өгвөл 200 000 төгрөгөөр тавьчихаарай гэж хэлж байсан. Тэгээд ломбардад ороод хэдээр авах гэхэд хэд хэрэгтэй бэ гэсэн. Тэгэхээр нь 200 000 төгрөгөнд тавьчихмаар байна гэхэд авна авна гэж байсан. Тэгээд 200 000 төгрөгт тавьсан. ... Би тэр мөнгөнөөс нь огт аваагүй" гэх мэдүүлэг /хх-28х/,

 

М.Батсуурийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2017 оны 03 дугаар сарын 04-ны өдөр би Чингэлтэй рүү Чинзоригтой хамт 83-28 УНИ гэсэн дугаартай цагаан өнгийн приус маркийн машинтай халтуур хийгээд явж байсан. Тэгээд нэг гудамж руу ороод явж байсан чинь нэг цоожтой айлын байшин харагдсан. Тэгээд тэр айлын урд талын гудамжаар нь явж байгаад эргээд ард талынх нь гудамжаар орсон. Тэгээд айлын ар талын хашааг нь давж ороход хүн байгаагүй. Тэгээд цоожтой байхаар нь хаалгыг нь төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Тэгээд ороход зурагт болон хоёр Нокио утсыг нь авсан. Хоёр Нокиа нь тавиур дээр байсан. Зурагтыг бор өнгийн орны бүтээлгэнд боогоод аваад гарсан. Тэгээд хашааны гадаа гараад ирхэд Чинзориг урдаас ирээд юу болоод байгаа юм гэхээр нь чимээгүй гээд зурагтаа машин руу хийгээд машиндаа суугаад ард талын гудамжаар нь явсан. Тэгээд зам руугаа ороод явсан. Тэгээд 32-ын тийшээ яваад Даваа гэдэг найзындаа очоод Даваа ахаас бичиг баримтаараа зурагт тавиад өг гэж гуйсан. Даваа ах энэ хулгайн зурагт уу гэхээр нь үгүй миний зурагт гэж хэлсэн. Тэгээд Даваа ахыг аваад Шинэ зам руу яваад Хангай хотгонд очоод зурагтыг ломбардад тавиулсан. Тэгээд мөнгийг нь аваад Даваа ахын гэрийнх нь гудамжинд ирээд нэг шил архи 32-ын дэлгүүрээс аваад машин дотроо хувааж уусан. Тэгээд би архи уугаад тасраад унтчихсан. Тэгээд өглөө сэрхэд Чинзоригийн эгч над руу утастаад та нар машин шүргэсэн гэж байна. Цагдаагийн газраас дуудаж байна гэхээр нь бид хоёр эгчид нь машиныг нь аваачиж өгөөд өөрсдөө цагдаа дээр очсон. ... Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Орны бүтээлэг одоо надад байгаа. Хоёр ширхэг Нокио утас ч гэсэн байгаа би авч ирж өгнө. Би хулгай хийхдээ Чинзориг Даваа нартай тохиролцоогүй. Тэр хоёр хулгай намайг хулгай хийж байна гэж мэдээгүй. Би өөрөө хулгай хийх санааг гаргаж хулгай хийсэн" гэх мэдүүлэг /хх-49х/ болон түүний дахин өгсөн: "... Ломбардад 200000 төгрөгөөр тавьсан. Би өөрөө ломбард руу ороогүй. Би өөрөө бичиг баримтгүй болохоороо ломбард руу ороогүй. Тэр зурагтыг Даваа ах юун зурагт юм гэж асуухаар нь би хулгайн зурагт бишээ миний зурагт, манай найзын зурагт гэж ойлгуулсан. Даваад ах хулгайн зурагт гэж мэдээгүй. ... Би Даваа ахыг та 200000 төгрөгөөр ломбардад тавиад өг гэж гуйсан. Тэгээд 200000 төгрөгөө Даваа ахаас аваад Даваа ахыг 32 дээр буулгаад би явсан. Тэгээд архи аваад Чинзориг ахыг дуудаж гараад машин дотор хувааж уусан. Орой нь дахин архи аваад Даваа ах дээр очоод хувааж уусан. Тэгээд би согтуу явж байгаад үдсэн мөнгөө хаячихсан байсан. Би нэлээд согтсон байсан. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн" гэсэн мэдүүлэг /хх-50х/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-8х/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-25, 26х/,

 

Эд зүйлс түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-17-22х/,

 

"НэтКапитал Авто" ХХК-ны барьцаанд буй 8328 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-75-76х/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59-61х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч М.Батсуурь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61 дүгээр гудамжны 706 тоот хашаанд байх хохирогч Б.Жамъянтогтохын өвлийн сууцны хаалгыг эвдэн нэвтрэн орж, 32 инчийн "Ти Си Эл" загварын зурагт, Нокиа 6030 загварын 2 ширхэг гар утас, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлж, 8328 УНН улсын дугаартай Тоёота Приус машиныг ашиглан тээвэрлэж "Цэн баавар" ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 200 000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогчид нийт 425 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Жамъянтогтох /хх-23-24х/, гэрч Г.Очцацрал /хх-27х/, М.Даваа /хх-28х/  нарын мэдүүлгүүд, М.Батсуурийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-49-50х/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-8х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-25, 26х/, Эд зүйлс түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-17-22х/, "НэтКапитал Авто" ХХК-ны барьцаанд буй 8328 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-75-76х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59-61х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч М.Батсуурьт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Прокурорын яллах дүгнэлтэд М.Батсуурийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Э.Чинзоригийн өмчлөлийн 8328 УНН улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius 20 маркийн автомашиныг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан гэх байдал тогтоогдохгүй байх тул эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.  

 “Нэткапитал авто” ХХК-ний барьцаанд буй 8328 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.