Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 95

 

Э.Түвшин-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

ялтан Э.Түвшин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Ганхуяг,

хохирогч Т.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

хохирогч Н.Лхагвадоржийн өмгөөлөгч Н.Батбаатар,

хохирогч Ж.Цэрэнчимэд,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Н.Баярмаа, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Түвшин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Түвшин-Эрдэнэд холбогдох 201525031230 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Хиад боржигин овгийн Энхбаяржавхлангийн Түвшин-Эрдэнэ, 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЕЙ85062715/,

Э.Түвшин-Эрдэнэ нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгийн эх үүсвэргүй атлаа бусдад “банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа, олон хүнтэй хамтарч ажилладаг, эд хөрөнгөө барьцаалж хүүтэй мөнгө зээлүүлээч хугацаанд нь өгье” гэж худал хэлж давтан үйлдлээр:

Иргэн Т.Сансараас:

-“хашаа байшингаа барьцаанд тавьчих, дээд хэмжээгээр нь зээл гаргаж өгье, хамтарч ажиллая” гэж хэлээд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Т.Сансарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг “Хас” банкинд 27.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 14.500.000 төгрөгийг бэлнээр,

-2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “хүнээс зээлсэн мөнгө хүүтэй нэхэгдээд байна, яаралтай мөнгө олоод өгөөч” гэж хэлээд 14.300.000 төгрөгийг дансаар,

Иргэн Т.Мөнхбаатараас:

-2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Т.Мөнхбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22-25 тоот орон сууцыг “Капитал” банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж Т.Сансараар дамжуулан 16.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Н.Лхагвадоржоос:

-2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг бэлнээр,

-2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг бэлнээр, 8.000.000 төгрөгийг дансаар,

-2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “аавын дүү зээл авах гэж хөөцөлдөж байгаа, өмнөх зээлийг хаагаад өмнө авсан мөнгөтэй хамт өгье” гэж хэлээд өдрийн 1 хувийн хүү төлөхөөр тохиролцож 30.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Ц.Батсүхээс:

-2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “1 сарын хугацаатай 1 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Хаан” банкинд Н.Лхагвадоржоор дамжуулан 15.500.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн С.Мөнх-Эрдэнээс:

-2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “1 сарын хугацаатай мөнгө зээлүүлээч” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг “Капитал” банкинд барьцаанд тавиулж 10.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Ж.Цэрэнчимэдээс:

-2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа, олон хүнтэй хамтарч ажилладаг, 30 орчим сая төгрөг хэрэгтэй байна, байраа барьцаалаад мөнгө зээлүүлээч, сар болгон банкны зээлийн төлөлтийг хийгээд бэлнээр 500.000 төгрөг өгч байя” гэж хэлээд Ж.Цэрэнчимэдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34-110 тоот орон сууцыг “Капитал” банкинд барьцаанд тавиулж 1 жилийн хугацаатай 32.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн П.Батбаяраас:

-“Зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө байрлуулахад мөнгө хэрэгтэй байна, 14 хоногийн хугацаатай хэрэглээд өгье” гэж хэлээд 2014 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутагт 6.000.000 төгрөгийг бэлнээр,

-2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “зээл бүтдэггүй, мөнгө зээлээч” гэж хэлээд 1.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж,

-2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн “Хаан” банкнаас 2.000.000 төгрөгийг дансаар,

-2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн “Хаан” банкнаас 6.000.000 төгрөгийг дансаар,

Иргэн Б.Буянхишигээс:

-2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт “20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч, 26.000.000 төгрөг болгож өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-278 тоот 227.16 мкв газрыг “Женерал Фенанс” ББСБ-д барьцаанд тавиулж, 1 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Н.Цогтбаяраас:

-“Хамтарч ломбард ажиллуулъя” гэж хэлээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 10 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Ариг” банкны салбарт 30.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уг мөнгөнөөс Чингэлтэй дүүргийн нутагт сарын 10 хувийн хүүтэй 13.000.000 төгрөгийг бэлнээр тус тус итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад 204.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Түвшин-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Хиад боржигон овогт Энхбаяржавхлангийн Түвшин-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэмт хэргийг давтан үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнэд оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнээс 194.243.440 төгрөг гаргуулж, хохирогч Боржигин овогт Тогтохын Сансар /РД: ЧЗ78072874/-т 18.800.000 төгрөг, Сартхуун овогт Тожидын Мөнхбаатар /РД: ХБ67020876/-т 16.000.000 төгрөг, Боржигон овогт Нямбуугийн Лхагвадорж /РД: ХМ78092714/-д 46.500.000 төгрөг, Чанцлай овогт Цэвэлийн Батсүх /РД: ЦЕ78070674/-д 11.000.000 төгрөг, Баатад овогт Жанчивын Цэрэнчимэд /РД: ЧК67020668/-д 38.973.440 төгрөг, Шаргууд овогт Пунцагдоржийн Батбаяр /РД: ЗВ83110711/-д 14.750.000 төгрөг, Цэнхэр овогт Буяндоржийн Буянхишиг /РД: ЧЕ82012573/-д 25.000.000 төгрөг, Тууварчин овогт Намсрайжавын Цогтбаяр /РД: ЧН81071618/-д 23.220.000 төгрөг тус тус олгож,

хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Түвшин-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгахдаа хэт нэг талыг барьж, яллан буруутгах үүднээс байцаалт, мэдүүлэг авч байсан бөгөөд миний хүсэлтийг авч хэлцдэггүй, шалгуулъя гэсэн баримт материалыг мэдүүлэгт бичдэггүй, шалгадаггүй, хохирогч нарын мэдүүлэг “үнэн зөв” гэж тулган байцаадаг байсан. Мөрдөн байцаалтад өмгөөлөгчийг байлцуулъя гэхэд “чи өмгөөлөгчөөр яадаг юм бэ, хохирогч нарын мэдүүлж байгаа үнэн зөв гэж хүлээн зөвшөөр гэж тулган тайлбар мэдүүлэг авч байсан нь миний эрх ашиг маш ихээр хохирч, зарим хийгээгүй хэргийнхээ төлөө 11 жилийн чанга дэглэмтэй хорих ял авсандаа маш их гомдолтой байна. Мөн шүүх хурал дээр хохирогч Сансар, Мөнхбаатар, Лхагвадорж нар илт худлаа ярьж намайг гүтгэсэнд гомдолтой байна. Үнэн хэрэгтээ Сансар, Лхагвадорж, Даваасүрэн бид 4 нийлж 2013-2014 онд Кюкшү цамхагт 401 тоот өрөөг түрээслэж, зээл чөлөөлөх, мөнгө зээлэх ажлыг хамтран хийж байсан атлаа мөрдөн байцаалт болон шүүхийн хуралдаанд зээл чөлөөлөх ажлыг хамтран хийж байгаагүй гэж худал мэдүүлэг удаа дараа өгч надад залилуулж хохирсон мэтээр гүтгэж байна. Сансар, Лхагвадорж нар надтай хамтран ажиллаж байсныг шүүх хуралдаанд гэрч Б.Даваасүрэн, Г.Болортуяа нар гэрчилж байсныг шийтгэх тогтоолын 11, 12 дугаар хуудаст бичсэн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүйд харамсаж байна. Учир нь би Лхагвадорж, Сансар нартай хамтран ажиллаж зээл чөлөөлдөг байхад бид бие биедээ итгэж харилцан мөнгө өгч авдаг байсан. Ихэвчлэн данснаас дансны хооронд гүйлгээ хийдэг байсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч гэх Сансар болон миний “Хаан” банкны дансны хуулгыг бид хоёрын хоорондын орлого зарлагын гүйлгээнүүдийг он сараар нь тулгаж шалгаагүй. Би Сансарт хичнээн сая төгрөгийг хэдэн удаа ямар зорилгоор шилжүүлсэн. Сансар надаас хичнээн сая төгрөгийн орлого зарлагын гүйлгээ хийж байсан нь ямар учиртай мөнгөнүүд болохыг огт асууж байцааж шалгаагүй. Тооцооны илүү дутууг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх намайг Т.Сансарыг залилан мэхлэж “Хас” банкнаас авсан зээлээс 28.800.000 төгрөг авсан гэж ял тулгасан нь огт үндэслэлгүй юм. Банкны баримтаар тогтоогоогүй, бэлнээр мөнгө авсан баримт байхгүй байхад түүний гүтгэлгээр намайг хилсээр ялласан. Мөн Т.Мөнхбаатарын өмчлөлийн орон сууцыг барьцаалж “Капитал” банкнаас авсан 40.000.000 төгрөгийн зээлээс Т.Сансараар дамжуулан 16.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэснээ бодит байдал дээр Т.Сансарын хүргэн ах Т.Мөнхбаатарын байрыг барьцаалж зээл авч автомашины наймаа хийх гэсэн юм гэж, Чи “капитал” банкны Буянхишигт хэлээд гуйгаад өг, Буянхишигт би 2.000.000 төгрөг хахуулдан өгсөн гэж хэлж Сансар өөрөө хүргэн ах Т.Мөнхбаатарыг залилан мэхэлж 39.600.000 төгрөг авсан асуудлаа надад тохсон. Би Т.Сансарт, Т.Мөнхбаатар нараас ямар ч мөнгө аваагүй. Харин Сансар, Мөнхбаатарын байрыг тавьж авсан мөнгөнөөсөө 2.000.000 төгрөгийг банкны Буянхишигт өгч байхад би байсан. Үлдсэн 37.600.000 төгрөгийг Т.Сансар өөрөө авсан атлаа надад өгсөн гэж хэлсэн байсан. Мөн Сансар нь намайг Мөнхбаатарын эхнэр болох өөрийн эгчдээ эвлэрлийн гэрээ хийчих, мөнгийг нь авсан гэж хэлнэ шүү гэж намайг гуйж ятгадаг байсан. Хэрвээ намайг Мөнхбаатарыг залилан мэхлэж 16.000.000 төгрөгийг авсан гэж үзэж  байгаа бол яагаад Т.Сансарыг хамтран бүлэглэсэн гэж үзэхгүй, хэргийн холбогдогчоор шалгахгүй ганц намайг алагчлан үзэж, нотлох баримтгүй ял тулгаж, олон жилийн хорих ял оноосонд гомдолтой байна. Т.Сансар хэнд ч баримтгүй мөнгө өгдөггүй, дансаар мөнгө хийдэг бөгөөд хүнд залилуулах биш, уран цэцэн үгтэй, хүнд итгэл төртөл ярьдаг хүн юм. Т.Мөнхбаатар, Т.Сансар нарын хооронд мөнгө өгч авалцсан баримт байгаа бөгөөд Сансар бид хоёрын хооронд мөнгө өгч авалцсан (16.000.000) ямар ч баримт байхгүй байхад шүүх намайг Сансараар дамжуулан Мөнхбаатарыг залилсан гэж үзэж байгаад гайхаж байна. Сансар, Мөнхбаатар нар хүргэн ах дүүгийн холбоогоороо хуйвалдаж намайг гүтгэж байна. Прокурор З.Энхжаргал Т.Мөнхбаатараас Т.Сансарыг хэрэгт татах үгүйг асууж байсан нь шударга явдал гэж үзэхгүй байна. Мөн Т.Мөнхбаатар нь шүүх хуралдаанд би Чингэлтэй дүүргийн шүүхэд ажиллаж байсан гэж хэлж байсан. Т.Сансар намайг болон банкийг залилан мэхэлсэн 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр би “Хас” банкнаас автомашин лизингээр худалдан авсныг Т.Сансар автомашиныг авчихаад одоог хүртэл өгөхгүй байна. Банк болон намайг 18.000.000 төгрөгөөр хохироож байгаа атлаа шүүх хуралдаанд надаас автомашин аваагүй гэж худал хэлж байсан. Т.Сансар автомашин авсныг Б.Даваасүрэн, Г.Болортуяа, Э.Цэлмэг-Эрдэм, Мягмарсайхан нар мэднэ. Үүнийг шалгуулж хохирол тооцоогоо гаргуулмаар байна. Мөн түүнчлэн Сансар, Б.Даваасүрэн бид нартай хамтран зээл чөлөөлөх ажил хийж байсан. Хохирогч гэх Н.Лхагвадорж надтай хамтран ажиллаж байгаагүй гэж шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн. Гэтэл Н.Лхагвадорж нь надтай танилцахаасаа өмнө олон жил зээлж, мөнгө хүүлэх ажил хийж бусдыг хохироож байсан хүн юм. Хэрвээ “Зар мэдээ” “Шуурхай мэдээ” сонинуудын 2010-2014 онуудын дугааруудыг шалгаж үзэх юм бол Н.Лхагвадоржийн 96371929 гэсэн дугаараар зээл чөлөөлж, барьцаатай зээл өгнө гэсэн зар 7 хоног бүр 2 удаа гарч байсныг үзэж болно. Үнэн хэрэг дээрээ Лхагвадорж нь Батсүхээс 15.500.000 төгрөгийг надаар түрүү барьж өөрөө залилан авсан юм. Н.Лхагвадорж нь 2014 оны 6 дугаар сард намайг гар утсаар дуудаад миний нэг танил Батсүх байраа зараад мөнгөтэй байгаа, би чамд мөнгө зээлж, авч өгч байгаа болж уулзъя, чи надаас 15.000.000 төгрөг аваад өгөөгүй байгаа биз дээ, надад мөнгө их хэрэгтэй байна гэж хэлж Батсүхийг дуудаж ирүүлээд би 10 хувь эрсдэлийг нь даана гэж Н.Лхагвадорж нь Батсүхийг хууран мэхлэж, мөнгийг нь авчихаад намайг гэмт хэрэгт түлхсэнд маш их гомдолтой байна. Н.Лхагвадорж нь Хишигнямын хашаа байшинг Мөнх-Эрдэнэд миний нэрээр барьцаалуулж мөнгийг нь Лхагвадорж авсан. Лхагвадорж намайг Ц.Туяа, П.Даваабаатар нарт 34.500.000 төгрөгөө алдсан, зурхайч Энхжаргал нар надад хөрөнгө оруулалт хийнэ гэж ББСБ байгуулахаар хөөцөлдөж байсан зэргийг мэддэг байсан хэрнээ огт мэдэхгүй гэж худал мэдүүлж байгаад гомдолтой байна. Г.Болортуяа нь намайг хүмүүсээс мөнгө зээлэхэд хамтран оролцож байсан. Цэрэнчимэдийн байрны мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг авсан, зурхайч Мандахцэцэг, Энхжаргал нартай намайг танилцуулж хамтран ажиллана гэж итгүүлж байсанд гомдолтой байна. Цэрэнчимэдийн 20.000.000 төгрөг, Буянхишигийн 20.000.000 төгрөгийг тус тус Т.Сансар авсан. Би хохирогч гэх Батбаяраас бэлнээр 6.000.000 төгрөг аваагүй байхад авсан гэж үзсэнд гомдолтой байна. Мөн Лхагвадорж, Мөнхбаатар, Батсүх нар эвлэрлийн гэрээ хийе гэж өөрсдөө хөөцөлдөж намайг дарамтлан гэрээ хийж хуурсан. Мөн би Ц.Туяа, Б.Даваабаатар нарт 34.500.000 төгрөгөө залилуулсан байхад тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсанд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг дахин шалгаж өгөхийг хүсэж байна.” гэв.

Ялтан Э.Түвшин-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнэ нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Т.Сансарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг барьцаалуулж “Хас” банкнаас авсан зээлээс нийт 28.800.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Т.Мөнхбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 22-25 тоот орон сууцыг барьцаалуулж, “Капитал” банкнаас авсан 40.000.000 төгрөгийн зээлээс 16.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.Лхагвадоржоос 15.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 8.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 55.000.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Ц.Батсүхээс 15.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч С.Мөнх-Эрдэнийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг нь барьцаалуулж, “Капитал” банкнаас авсан зээлээс 10.000.000 сая төгрөгийг бэлнээр, 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Ц.Цэрэнчимэдийн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 34-110 тоот орон сууцыг нь барьцаалуулж, “Капитал” банкнаас авсан зээл 32.000.000 төгрөгийг бэлнээр, хохирогч П.Батбаяраас 2014 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг “Мобайл” банкаар, 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн “Хаан” банкнаас 8.000.000 төгрөгийг дансаар нийт 15.000.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Буянхишигийн Баянгол дүүргийн 16-р хороо, 15-278 тоот 227,16 мкв газрыг “Женерал Фенанс” ББСБ-д барыдаалуулж, авсан зээл 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Цогтбаярын Баянзүрх дүүргийн 16-р хороо, 24-р байр 10 тоот орон сууцыг барьцаалуулж “Ариг” банкны салбараас 30.000.000 төгрөгийн зээлээс 13.000.000 сая төгрөгийг бэлнээр тус тус авч, бусдад 204.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, “Хасбанк”, Т.Сансар нарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ, “Капитал” банк, Т.Мөнхбаатар нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, “Капитал” банк Ж.Цэрэнчимэд нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, зээл төлөх тухай Э.Түвшин-Эрдэнээс гаргасан тайлбар, “Женерал финанс” ББСБ, Б.Буянхишиг нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэж дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнэ шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “2013 оны 4 дүгээр сарын сүүлчээр Т.Сансартай танилцаж дараа нь түүнтэй "Огч" ХХК-д хамтарч ажиллаж байсан. Тус компанид Даваасүрэн, Лхагвадорж, Т.Сансар бид 4 хамтарч ажиллаж байсан. Би Т.Сансараас 4.600.000 төгрөг авсан, буцааж түүнд 13.000.000 сая төгрөг төлсөн. Би Мөнхбаатараас мөнгө аваагүй, түүнийг Б.Буянхишигтэй уулзуулж байсан. Лхагвадоржоос 25.000.000 сая төгрөг авсан 35.000.000 төгрөг өгсөн түүнээс 20.000.000 төгрөг аваагүй. Ц.Батсүхээс мөнгө аваагүй, Лхагвадоржтой цуг явж байсан. Мөнх-Эрдэнийн хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлж өгөөд бидний хооронд тооцоогүй болсон. Цэрэнчимэдийн орон сууцыг барьцаалж “Капитал” банкнаас 32.000.000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 20.000.000 сая төгрөгийг “фото студи” ажиллуулахаар авсан, 10.000.000 төгрөгийг Болортуяад өгсөн. Батбаяраас 10.000.000 төгрөг авсан, 12.000.000 төгрөг өгсөн. Буяхишигийн байрыг барьцаалж 20.000.000 төгрөг авснаас Т.Сансарт өгсөн. Т.Сансар бид 2-ын хооронд өгөх, авах тооцоо байсан. Миний тооцоогоор Т.Сансараас 59.000.000 төгрөг авах ёстой. Т.Сансар ахдаа худлаа хэлчихлээ гэхээр нь зээлийн гэрээ хийсэн. Би Даваабаатарт 34.500.000 төгрөг өгөхдөө Т.Сансартай цуг явж байсан, Туяа, Даваабаатар нарт мөнгө өгөөд алдсан гэж өөрт холбогдох хэргийн талаар зарим үйлдэл холбогдлоо үгүйсгэж мэдүүлэг өгсөн” гэдэг. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах болон хянан шийдвэрлэх шүүхийн шатанд гарах шийдвэрүүд түүний дотор шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтанд үндэслэсэн байх ёстой билээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэх талаар эрх бүхий этгээд шүүхээс хийж буй дүгнэлт нь хуулиар тодорхойлсон эх сурвалжаас олж авсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан болон бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурласан байхыг хуулиар нарийвчлан зохицуулсан байна. Уг зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг цуглуулах болон бэхжүүлэх ажиллагааны арга, журмыг хуульчлан тодорхойлсон бөгөөд эдгээрийг баримтлаагүй буюу зөрчсөн тохиолдолд баримт сэлт нь нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт шууд заасан байна. Мөн тухайн этгээдийн гэм буруутай эсэх талаар эргэлзээ гарвал “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх хэсэгт зарчимлан тодорхойлжээ. Мөн түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг халах буюу хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ гэж тодорхойлоод 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь хэсэгт хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй бол тогтоолыг заавал хүчингүй болгохоор заажээ. Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Түвшин-Эрдэнийг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа мөрдөн байцаалтын шатанд түүнийг яллагдагчаар татаж, яллагдагчаар удаа дараалан байцаахдаа өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ энэ хуульд заасан журмыг баримтлалгүй зөрчсөн, хохирогч гэх хүмүүсээс мөнгө бэлнээр авсан гэх бичгийн нотлох баримт байхгүй байхад нотлогдсон гэж үзсэн, хэрэгт чухал ач холбогдол бүхий бичиг баримтыг шаардан гаргуулж аваагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бичгийн нотлох баримтыг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгаж, шинжлэн судлалгүй шийтгэх тогтоол гаргасан нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьж гүйцэт биш хийсэн тогтоолд дурьдсан дүүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэлүүд байна. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3, 39 дүгээр  зүйлийн 39.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Түвшин-Эрдэнийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй. Э.Түвшин-Эрдэнийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаагч Д.Батсүрэн яллагдагчаар татаж, байцаахад яллагдагч Э.Түвшин-Эрдэнэ нь би өмгөөлөгчтэй байцаалт өгмөөр байна гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Э.Түвшин-Эрдэнийг яллагдагчаар байцаасан 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн байцаалт, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт зэрэг 5 удаа Э.Түвшин-Эрдэнийг яллагдагчаар байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй байцаалт явуулж яллагдагчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй, яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангана гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн.

2.Мөрдөн байцаалтын шатанд Э.Түвшин-Эрдэнэд холбогдох хэргийн бичгийн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ үзлэг нэгжлэг хийсэн, хураан авсан тухай тэмдэглэл байхгүй, хэргийн оролцогч, байгууллага, албан тушаалтнаас гаргаж өгсөн, шуудангаар ирсэн бичиг баримтыг хөндлөнгийн гэрч оролцуулж тэмдэглэл үйлдээгүй, хаанаас хэн гаргаж өгсөн, эсвэл хаанаас яаж цуглуулж, бэхжүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй бичиг баримтуудын хуулбаруудыг хавтаст хэрэгт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 , 93 дугаар зүйл, 132-140 дүгээр зүйлд заасан бичиг баримт хураан авах үндэслэл, журам, тэмдэглэл үйлдэх тогтоол гаргах, хөндлөнгийн гэрч байлцуулах зэрэг хуулиар нарийвчлан зохицуулсан үндэслэл, журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, нотлох чадвараа алдсан баримт сэлтийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолын 13 дугаар талд дурьдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон “Хасбанк”, Т.Сансар нарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ, “Капитал” банк, Г.Мөнхбаатар нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, “Капитал” банк, Цэрэнчимэд нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, зээл төлөх тухай Э.Түвшин-Эрдэнээс гаргасан тайлбар, “Капитал” банкны нэхэмжлэлтэй М.Цэрэнчимэдэд холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй, зөрчсөн нотлох баримтууд байна. Мөн түүнчлэн “бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо” гэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлд тодорхойлон бичигдээгүй хохирогч П.Батбаярын “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулганууд, хохирогч Н.Лхагвадорж, Э.Түвшин-Эрдэнэ нарын хооронд хийсэн зээлийн гэрээнүүд, хохирогч Т.Мөнхбаатарын банкинд мөнгө төлсөн баримтууд нь эх хувь биш, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримт сэлтүүд байна.   

З. Шийтгэх тогтоолд дурьдсан 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Т.Сансарын өмчлөлийн хашаа байшинг барьцаалуулж, “Хас” банкнаас авсан зээлээс нийт 28.800.000 төгрөгийг Т.Мөнхбаатарын өмчлөлийн орон сууцыг барьцаалуулж “Капитал” банкнаас авсан 40.000.000 төгрөгийн зээлээс 16.000.000 төгрөгийг Э.Түвшин-Эрдэнэ залилан мэхлэж авсан гэж шүүхийн тогтоолд дурьдсан боловч Т.Сансараас 28.800.000 төгрөгийг, Мөнхбаатараас 16.000.000 төгрөгийг бэлнээр эсвэл дансаар Э.Түвшин-Эрдэнэ авсан тухай ямар ч бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байхгүй, хохирогч гэх Т.Сансарын мэдүүлгээс өөр нотлох баримтын эх сурвалжгүй байхад шүүх залилан мэхлэж авсан нь нотлогдсон гэж үзсэн. Харин Т.Сансар нь хүргэн ах Т.Мөнхбаатараас 37.600.000 төгрөг авсан өгсөн тухай 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн бичгийн нотлох баримт байхад Т.Сансар нь Т.Мөнхбаатарыг залилан мэхэлсэн гэж үзэхгүй, шалгахгүй, Т.Сансарын мэдүүлгээр Э.Түвшин-Эрдэнийг залилан мэхэлсэн гэж бичгийн нотлох баримтгүйгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Ц.Батсүхээс 15.500.000 төгрөгийг бэлнээр, хохирогч П.Батбаяраас 2014 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авсан нь мөнгө авсан, өгсөн тухай бичгийн нотлох баримтгүй байхад нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч гэх Э.Мөнх-Эрдэнэтэй 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг бэлнээр авч оронд нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн нь иргэд хоорондын иргэний эрх зүйн гэрээгээр авч өгөлцсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бусдыг хохироосон залилан мэхэлсэн үйлдэл байхгүй байхад ял оноох үндэслэлгүй.

4. Хэрэгт хамааралтай, чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шаардан гаргуулж аваагүй, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, магадлах буюу байцаалтын аргаар нотлох баримтуудыг нягтлаагүй, шалгаж нотлоогүй орхигдуулсан нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, хохирогч Т.Сансар, ялтан Э.Түвшин-Эрдэнэ нарын хооронд “Хаан” банкны хувийн дансаар нь 2013, 2014 онуудад олон удаа олон зуун сая төгрөгийн гүйлгээнүүд харилцан хийгдсэн байхад эдгээр гүйлгээнүүд болон шилжигдэж байсан мөнгөнүүдийн эх сурвалж, гүйлгээний утга, ямар учиртай юуны мөнгөнүүд харилцан шилжүүлж байсны учир шалтгааныг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед огт шинжлэн судалж, магадлан шалгаагүй. Гэтэл шийтгэх тогтоолд ялтан Э.Түвшин-Эрдэнийг хохирогч Т.Сансараас “Хас” банкнаас авсан зээлээс 28.800.000 төгрөг залилан мэхлэж авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Уг 28.800.000 төгрөгийг Э.Түвшин-Эрдэнэ бэлнээр авсан баримт байхгүй. Хохирогч Т.Сансар, ялтан Э.Түвшин-Эрдэнэ нарын банк хоорондын гүйлгээний баримтаар нотлогдоогүй, Э.Түвшин-Эрдэнэ нь Т.Сансарыг залилан мэхэлж 28.800.000 төгрөгийг авсан гэх үйл баримт нь ганцхан Т.Сансарын мэдүүлгээс өөр нотлох баримтын эх сурвалжгүй эргэлзээтэй байгаа нөхцөлд Э.Түвшин-Эрдэнийн “Хаан” банкны 5990130252 тоот төгрөгийн дансны 28 хуудас хуулга, хохирогч Т.Сансарын “Хаан” банкны 5079045456 тоот төгрөгийн дансны 2013, 2014 онуудын 9 хуудас дансны хуулгуудын Э.Түвшин-Эрдэнэ, Т.Сансар нарын хооронд шилжүүлж байсан мөнгөний орлого, зарлагын гүйлгээний эх сурвалж гүйлгээний утгыг нарийвчлан мөрдөн, байцаалтаар шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн түүнчлэн ялтан Э.Түвшин-Эрдэнийг нь шүүхийн хэлэлцүүлгийн үед “...би Т.Сансараас 4.600.000 төгрөг авсан, буцааж түүнд 13.000.000 төгрөг төлсөн. Буянхишигийн байрыг барьцаалж 20.000.000 төгрөг аваад Т.Сансарт өгсөн. Сансар бид 2-ын хооронд өгөх авах тооцоо байсан. Миний тооцоогоор Т.Сансараас 59.000.000 төгрөг авах ёстой” гэж мэдүүлсэн тохиолдолд Т.Сансар, Э.Түвшин-Эрдэнэ нарын “Хаан” банкны дансны гүйлгээг шалгахгүйгээр Э.Түвшин-Эрдэнийг Т.Сансарыг залилан мэхлэж 28.800.000 төгрөг авсан гэм буруутайд тооцоход эргэлзээг төрүүлж байна. Мөн Э.Түвшин-Эрдэнийн 28 хуудас дансны хуулганд 2014 оны 1 дүгээр сараас 2014 оны 12 дугаар cap хүртлэх хэрэгт ач холбогдолтой гүйлгээнүүдийн хуулга байхгүй, анхан шатны шүүх энэ хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28 өдөр прокуророос хүлээн авсан талаар шийтгэх тогтоолд дурьдсан. Гэтэл хохирогч Т.Сансарын 9 хуудас “Хаан” банкны дансны хуулгыг “Хаан” банкнаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн байгаа нь эдгээр чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд огт шалгаж, магадлалгүй мөрдөн байцаалтыг гүйцэт биш хийснийг харуулж байгаа болно.

5. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгахдаа ялтан Э.Түвшин-Эрдэнийг зөвхөн яллах талыг баримтлан, хохирогч нарын өргөдөл гомдол, мэдүүлэгт хэт итгэж нотлох баримтыг цуглуулсан нь хууль зөрчихөд хүргэсэн. Гэмт хэрэгт холбогдох, гэм буруутай байж болох бусад холбогдогч нар нь гэрч, хохирогч нарын дүрээр ял завшиж, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж байгаа, дан ганц ялтан Э.Түвшин-Эрдэнийг яллах, ял оногдуулах нь шудрага бус, шүүхийн шийдвэр нь “хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Э.Түвшин-Эрдэнийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Түвшин-Эрдэнэ болон өмгөөлөгч Н.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг тогтоогоогүй гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, бусад байдлыг тогтоогоогүй. Энэ хэрэг анхнаасаа банк бус санхүүгийн байгууллага байгуулах, зээл чөлөөлөх үйл ажиллагаанаас үүдэлтэй. 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд барьцаалан зээлдүүлэх газарт дөрвүүлээ ажиллаж, зээл чөлөөлөх ажил хариуцсан захирлаар Сансар ажиллаж, санхүүг хариуцдаг байсан. Сансар, Лхамцэрэн нар Э.Түвшин-Эрдэнэтэй хамт зээл чөлөөлөх ажил хийдэг байсан. Харин дараа нь “Ихбэл финанс” ББСБ-г байгуулахаар хөөцөлдөж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг тогтоогоогүй байна. Үүнийг тогтоосноор уг гэмт хэргийн гарсан байдал, гэм буруугийн хэлбэр тогтоогдоно. “Огч” ХХК байсан эсэх, хамтарч зээл чөлөөлдөг байсан эсэх, “Ихбэл финанс” гэж компани байсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй. Гэсэн хэрнээ Э.Түвшин-Эрдэнийг “Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжгүй атлаа” гэж буруутгасан. Түүнд компани, үйлчилгээ байгаа эсэхийг шалгаагүй хэрнээ бусдыг хууран мэхэлсэн гэж буруутгаж байгаагаараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотлогдвол зохих бусад байдал гэдгийг тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогчоор тогтоогдох ёсгүй зарим хүнийг хохирогчоор тогтоож хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Мөнх-Эрдэнийг хохррогчоор тогтоосон. Мөнх-Эдэнэтэй Э.Түвшин-Эрдэнэ зээлийн гэрээ байгуулж мөнгө авсныхаа төлбөрт хашаа, байшин өгсөн. Уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна уу. Хохирогч Мөнх-Эрдэнэ “Гомдолгүй, хохиролгүй. Өгсөн мөнгөнийхөө оронд хашаа байшин авсан” гэсэн байхад үүнийг яагаад залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гэж үзэж байна вэ. Мөн хохирогч Мөнхбаатараас хэн мөнгө авсан бэ. Мөнхбаатар нь Сансарт 1 сарын 10 хувь хүүтэй мөнгө зээлсэн. Үүнд Сансарын үйлдэл, оролцоо байна уу гэдгийг шалгаагүй. Мөнх-Эрдэнэ, Мөнхбаатар нар үнэхээр хохирогч мөн үү, үгүй гэдгийг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийг тогтоож чадсан эсэх нь эргэлзээтэй. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэлэлгүй гарсан учир хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана уу.” гэв.

Хохирогч Т.Мөнхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Түвшин-Эрдэнэ өөрийн хийсэн үйлдлийг эсрэгээр нь ярьж байна. Анхан шатны шүүхэд Мөнхбаатар гэж хүнийг танихгүй, тэр Буянхишигтэй уулзуулаад л явсан гэж ярьдаг. Э.Түвшин-Эрдэнэд итгэх болсон шалтгаан нь тэрээр банкинд ажиллаж байсан, Нийслэлийн шүүхэд ажиллаж байсан гэж хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Т.Мөнхбаатарын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Өмгөөлөгч Ганхуяг хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудаас зөвхөн Э.Түвшин-Эрдэнийн өгсөн мөнгийг л тайлбарлаад байгаа болохоос бүгдийг харьцуулан үзээгүй. Мөн 59.000.000 төгрөг өгөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй худал зүйл юм. Харин ч хохирлын тооцооноос 11.000.000 төгрөгийг илүү авсан байдаг. Сансарын хувьд боловсрол багатай хүн. Тэрээр өөрийн хашаа байшинг болон хргэн ахынхаа байрыг банкны барьцаанд тавиулан байж Э.Түвшин-Эрдэнэтэй хамтарч ажиллах үндэслэл байхгүй. Хохирогч нарт хууль сануулж байцаалт авсан бөгөөд тэд мэдүүгээ үнэн зөвөөр өгсөн. 2013 оны 8 дугаар сард Э.Түвшин-Эрдэнэ 4.5 сая төгрөг авсан гэж шийтгэх тогтоолд хүртэл заасан. Э.Түвшин-Эрдэнэ өөрөө 11.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 8.8 сая төгрөг дансаар шилжүүлж авсан гэдэг нь нотлогдсон. Нөгөө талаар Э.Түвшин-Эрдэнэ нь Сансарыг өөртэй нь хамтран оролцож бусад хүмүүсийг хохироосон гэх зүйл ярьж байна. Тэр байтугай гэрч Болортуяаг хэрэгт хамтран оролцсон гэж ярьж байна. Тийм л юм бол шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Болортуяагаас гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон уу, үгүй юу гэж асуухгүй яасан юм бэ. Э.Түвшин-Эрдэнэ “Дөрвүүлээ нийлж “Ихбэл финанс” нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулсан. Захирал нь Сансар байсан” гэж байгаа ч энэ нь нотлогддоггүй. Э.Түвшин-Эрдэнэ харин тус компаний гишүүн нь байсан гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. “Огч” ХХК нь Даваасүрэн гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Хохирогч Сансарын нэр дээр ямар нэг компани байхгүй. Э.Түвшин-Эрдэнэ нь Мөнхбаатарын мөнгийг авсан гэдгээ хүлээсэн. Хавтаст хэрэгт Э.Түвшин-Эрдэнийн Мөнхбаатартай байгуулсан зээлийн гэрээ, мөнгөө эргүүлэн төлөх талаар баталгаа гаргасан гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Э.Түвшин-Эрдэнэ үйлдэл нь хэрэгсэхгүй болчих байх, ял шийтгэл нь багасах байх гэдэг үүднээс зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээ байгуулсан гэж хэлдэг. Хавтаст хэрэгт энэ бүх баримтууд авагдсан бөгөөд Э.Түвшин-Эрдэнэ мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан бүх дансны хуулгыг шалгаж, үнэлж дүгнэсэн. Э.Түвшин-Эрдэний хувьд Сансарын данс руу мөнгө шилжүүлж байсан, Сансараас мөнгө шилжүүлэн авч байсан талаарх дансны хуулгыг тайлбарлаж чадаагүй. Мөнхбаатар хэдийг төлж, хэдийг буцааж өгснийг тайлбарлаж чадахгүй байна. Э.Түвшин-Эрдэнэ Сансарын данс руу 96.000.000 төгрөг шилжүүлээд 107.000.000 төгрөг буцаан авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Ж.Цэрэнчимэд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гомдолтой байна. Өвлийн хүйтэнд орон байрнаасаа  хөөгдөж гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Лхагвадоржийн өмгөөлөгч Н.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Түвшин-Эрдэнэ Лхагвадоржоос 55.000.000 төгрөг авсан. Үүнээс 8.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Э.Түвшин-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд Лхагвадоржтой хамтарч ажиллаж байсан гэж ярьж байсан хэдий ч мөнгийг авч ашигласан хүн нь Э.Түвшин-Эрдэнэ өөрөө юм. Э.Түвшин-Эрдэнэ “Би банкинд ажилладаг. Мөнгийг чинь найдвартай өсгөж өгч болно. Надад итгэж болно” гэж хэлсэн учир Лхагвадорж мөнгө зээлүүлсэн. Лхагвадорж нь Э.Түвшин-Эрдэнэтэй хамтарч банк бус санхүүгийн байгууллага байгуулах талаар хамтран ажиллаагүй, ажиллах ч үндэслэл байхгүй юм. Банк бус санхүүгийн байгууллагыг хэн нэг хүнээс 5 сая, 10 сая төгрөг зээлж аваад байгуулчихдаг юм биш. Өндөр хэмжээний дүрмийн сантай, шалгуур өндөртэй байдаг. Лхагвадорж нь Э.Түвшин-Эрдэнэд мөнгөө өгснөөр богино хугацаанд өндөр хүү авна гэж итгэж мөнгөө өгсөн. Тэд хамтран ажиллаж байсан гэх зүйл байхгүй.” гэв.

Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Түвшин-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын эд зүйлийг итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, бусдад 204.800.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Э.Түвшин-Эрдэнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ялтны өмгөөлөгч Ганхуяг давж заалдах гомдолдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт зааснаар Э.Түвшин-Эрдэнийг өмгөөлүүлэх болоцоогоор хангаагүй гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, дэслэгч Батсүрэн Э.Түвшин-Эрдэнийг сэжигтнээр тооцож байцаалт авах үед түүний өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Лхагвасүрэн ажиллаж байсан. Э.Түвшин-Эрдэнийн хувьд Б.Лхагвасүрэн өмгөөлөгчөөс сүүлд татгалзсан. 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Э.Түвшин-Эрдэнийг яллагдагчаар байцаахдаа түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгсөн. Э.Түвшин-Эрдэнээс 2016 оны 4 дүгээр сарын 6, 4 дүгээр сарын 24, 9 дүгээр сарын 23-ны өдрүүдэд байцаалт авсан бөгөөд тухай бүрт өмгөөлөгчгүй байцаалт өгнө гэж хэлж байсан. Э.Түвшин-Эрдэнийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй гэх зүйл байхгүй. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч О.Баярбаясгалангаар өмгөөлүүлэхээр сонгон авсан гэж хэлж байсан боловч байцаалт, мэдүүлэг өгөхдөө “өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй” гэдэг байсан. Түүнийг өмгөөлөгч авах боломжоор бүрэн хангасан. Тэгээд Э.Түвшин-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийг заавал орлцуулах үндэслэл байхгүй. Өмгөөлөгч Н.Гансүх “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 140 дүгээр зүйлд заасан бичиг баримт хураан авах, тэмдэглэл үйлдэх, тогтоол гаргах, гэрч байлцуулах зэрэг хуулиар нарийвчлан зохицуулсан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох чадвараа алдсан нотлох баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн  үндэслэлээ болгосон” гэж байна. Үүнд тайлбар хэлэхэд шийтгэх тогтоолын 13 дугаар хуудсанд ”Хас” банк хохирогч Сансар нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, “Капитрон” банк хохирогч Цэрэнчимэд нарын хооронд байгуулсан зээл, барьцааны гэрээ, зээл төлөх тухай Э.Түвшин-Эрдэнээс гаргасан тайлбар, “Капитрон” банкны нэхэмжлэлтэй Цэрэнчимэдэд холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд, хохирогч Батбаярын “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, Лхагвадорж, Э.Түвшин-Эрдэнэ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд, Мөнхбаатарын банкинд мөнгө төлсөн тухай баримтууд, хохирогч Мөнхбаатар, Цэрэнчимэд, Лхагвадорж нарын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлууд, гомдолд хавсаргасан албан бичгээр холбогдох байгууллагуудаас үндсэн хувиас хуулбарлан авч нотариатаар баталгаажуулсан баримтуудыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд эдгээр баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Мөрдөн байцаалтын шатанд дээрх баримтуудтай холбогдуулан ямар нэг маргаан гараагүй байдаг. Э.Түвшин-Эрдэнэ нь  хохирогч Сансарын өмчлөлийн хашаа, байшинг барьцаалж 28.800.000 төгрөг, хохирогч Мөнхбаатарын орон сууцыг барьцаалуулж “Капитрон” банкнаас авсан 40.000.000 төгрөгөөс 16.000.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан гэх үйлдлийн тухайд уг мөнгийг бэлнээр болон дансаар авсан талаар нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байхгүй гэж Гансүх өмгөөлөгч хэлж байна. Мөн тэрээр хохирогч Сансарын мэдүүлгээс мөнгө өгсөн гэдгийг нотлох, өөр нотлох баримтын эх сурвалж байхгүй байхад зөвхөн хохирогчийн худал мэдүүлгийг үндэслэл болгож залилан мэхэлж авсан гэж үзсэнд гомдолтой байна гэж байна. Э.Түвшин-Эрдэнэ нь Мөнхбаатараас 16.000.000 төгрөг авсан гэдгээ баталж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Мөнхбаатар, Сонинбаяр нараас бэлэн 16.000.000 төгрөг төгрөг авсан. Хүү алданги нийлээд 18.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сард төлж барагдуулахаар тохиролцсон” гэж өөрийн гараар бичсэн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан. Мөн 2016 оны 4 сарын 29-ний өдөр Сонинбаяр Э.Түвшин-Эрдэнэ нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Үүнээс гадна 18.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах тухай Эвлэрүүлэн зуулчах хуулийн дагуу байгуулсан гэрээ, Э.Түвшин-Эрдэнээс 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Чингэлтэй дүүргийн прокурорын газарт” гэж хаяглан гараар “Мөнхбаатараас мөнгө зээлж авсан нь үнэн” гэсэн бичсэн баримт зэрэг нотлох баримтууд байдаг. Энэ хэргийн хохирогч нар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үеэс эхэлж мэдүүлгээ хөдөлбөргүй, тууштай өгч байсан. Мөнхбаатарын тухайд Сансарт яагаад мөнгө өгсөн талаар Мөнхбаатарын өмгөөлөгч тодорхой ярьсан. Шүүх хуралдаанд ч гэсэн энэ асуудал тодорхой яригдсан. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Эдгээр нотлох баримтуудаар Э.Түвшин-Эрдэнийн бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл тогтоогдож байна. Батсүхээс 15.500.000 төгрөг бэлнээр авсан бөгөөд “авсан мөнгөө буцааж төлөх нь үнэн” гэсэн бичиг хийж өгч, өгөх цаг хугацаа тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Хохирогч Батсүх анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр ороцсон бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогч Батсүхийг залилсан болох нь тогтоогдсон. Хохирогч Мөнх-Эрдэнэтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд оронд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай хашааг Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн. Мөнх-Эрдэнэ нь яах ч аргагүй энэ гэмт хэргийн хохирогч байдаг. Э.Түвшин-Эрдэнэ бусдыг гэрээгээр халхавчлан залилан мэхлэж байгаа байдал харагддаг. Хохирогч Мөнх-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулах гэсэн боловч нэгэнт энэ хүнээс хохирлоо барагдуулж авсан учир шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байдаг. Э.Түвшин-Эрдэнэ Мөнх-Эрдэнээс зээлсэн мөнгөө тогтсон цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж шүүх үзсэн. Батсүхийн 15.500.000 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг гэрч Ш.Батбаяр нотолно. Хохирогч Сансар, Э.Түвшин-Эрдэнэ нарын хооронд “ХААН” банкны дансаар 2013-2014 онуудад олон тооны гүйлгээ хийгдсэн. Эдгээр гүйлгээний эх сурвалж, ямар учиртай гүйлгээ болохыг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй гэж байна. Хавтаст хэрэгт Э.Түвшин-Эрдэнийн “Хаан” банкны дансны хуулга авагдсан бөгөөд уг баримтад хэрэгт ач холбогдол бүхий ямар ч баримт байхгүй. Хэрэг удаа дараа нэмэлт мөрдөн байцаалтад буцан шалгагдаж байхад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас энэ талаар ямар нэг гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Өнөөдөр л энэ талаар ярьж байна. Мөн хохирогч Сансарын “ХААН” банкны дансны хуулга хавтаст хэрэг авагдсан. Уг дансны хуулга нь мөрдөн байцаалтын шатанд 2 удаа албан бичиг хүргүүлсний үндсэн дээр ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан. Хохирогч Сансар, Э.Түвшин-Эрдэнэ нарын хооронд мөнгө өгсөн авсан асуудал байдаг бөгөөд хохирогч Сансараас Э.Түвшин-Эрдэнийн данс руу 107.600.000 төгрөг, Э.Түвшин-Эрдэнээс Сансарын данс руу 96.000.000 төгрөг шилжсэн байдаг. Үүнээс харахад хохирогч Сансар Э.Түвшин-Эрдэнэ рүү 11.6 сая төгрөг илүү шилжүүлсэн нь харагдаж байна. Э.Түвшин-Эрдэнэ хэргийг сунжруулах, хугацаа хожих зорилгоор хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулдаг байсан. Түүнд хохирол төлөх ямар ч хөрөнгийн эх үүсвэр, өөрийн орон сууц байхгүй. Ийм мөртлөө хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулж, тэднийг цаг хугацаа эд хөрөнгийн хувьд хохироосон. Дээрх хохирогч нар нь Э.Түвшин-Эрдэнийг зээлийн эдийн засагч байхад нь холбогдсон байдаг. Тухайн үед боломжийн амьдралтай байсан хүмүүс өнөөдөр орон сууцгүй болж, дээрээс нь нилээд хэмжээний зээл төлөхөөр болоод байгаа юм. Хохирогч Сансар, Мөнхбаатар, Лхагвадорж нарыг хамтран ажиллаж байгаагүй гэж худал хэлж байна гэж байна. Эдгээр хүмүүсийн боловсролын байдлыг авч үзэхэд 8 дугаар ангийн боловсролтой Сансарыг энэ хүний ярьж байга шиг банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, удирдаж байсан гэж үзэхэд хэцүү юм. Хохирогч Мөнхбаатарын хувьд ч болвсролын байдал тодорхойгүй байдаг. Хохирогч Лхагвадорж өмнө нь Солонгос улсад 9 жил ажиллаж байгаад ирсэн гэдэг бөгөөд хурааж цуглуулсан хөрөнгөө Э.Түвшин-Эрдэнэд алдсан гэдгээ хэлдэг. Тэрээр байцаан шийтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж байсан шалтгаан нь ээрч гацаж ярьдаг, ярьсан зүйлийг нь ойлгоход хэцүү хүн байдаг. Ийм хүмүүсийг өөртэйгээ хамтран ажиллаж байсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Э.Түвшин-Эрдэнэ нь бусдын итгэл үнэмшлийг өөртөө татаж залилдаг байсан бөгөөд хүнээс мөнгө авахдаа заавал хэн нэг хүнтэй хамт очдог, эсвэл автомашинтай очдог байсан. Өөрийгөө бусдад чадвартай гэдэг байдлаар харуулахыг зорьдог байсан. Иймдээ ч Болортуяаг машинтай дагуулж очсон байдаг. Болортуяагийн хувьд уг хэрэгт оролцсон оролцоо байхгүй бөгөөд хэргийн талаар тодорхой мэдүүлсэн “Огч” ХХК, “Ихбэл финанс” ХХК зэрэг 20-иод байгууллагын талаар Э.Түвшин-Эрэдэн ярьдаг бөгөөд тоосгоны үйлдвэр байгуулна гэх мэтээр хүн бүртэй өөр өөрөөр ярьдаг байсан. Э.Түвшин-Эрдэнэ нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сар хүртэл “Хас” банкинд зээлийн эдийн засагч хийсэн. 1 жил гаруй хугацаанд 10 гаруй компани байгуулж үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь худлаа. Ингэх ямар ч боломжгүй. Хэдийгээр энэ байдлыг шалгах шаардлага байгаагүй ч өөрийнх нь хэлж байгаагаар хамтран бизнес хийж байсан гэх Болорчимэг, Болортуяа, Даваасүрэн нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, тэднээс мэдүүлэг авсан. Өмгөөлөгч нар эрх ашгийг нь хамгаалсангүй, хэргийг гүйцэд шалгасангүй гэж байхын оронд мөрдөн байцаалтын шатанд цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах хэрэгтэй байсан. Хохирогч гэх хүмүүс Э.Түвшин-Эрдэнэд мөнгө өгсөн гэх нотлох баримтууд байхгүй гэж байгаа хэдий ч бүх хохирогч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Э.Түвшин-Эрдэнэ бүх хохирогч нартай эвлэрлийн гэрээ хийсэн. Хэдийгээр хохирогч нарын зүгээс санаачлага гаргаж эвлэрлийн гэрээ хийдэг байсан ч Э.Түвшин-Эрдэнэ тэднийг ийм байдалд оруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Э.Түвшин-Эрдэнэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийгээгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн онцлог нь энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээд нь хохирогчтой ямар нэгэн байдлаар харилцаж, уг харилцаанаас улбаалан түүний итгэлийг олж авсан, эсхүл бодит байдлыг худал хэлж хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг.

Гэтэл мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Б.Түвшин-Эрдэнийн бусдыг залилан мэхэлсэн гэх үйлдлийг шалгахдаа уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг хангалттай шалгаж тогтоогоогүй атлаа “итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар нэр бүхий есөн хохирогчийг 204.800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж хэт ерөнхийлэн яллах дүгнэлт үйлдсэн нь буруу болжээ.

Тухайлбал, хохирогч Т.Мөнхбаатар: “…Т.Сансар надтай уулзаж хөрөнгө оруулах мөнгө хэрэгтэй гэсэн…бүх юмыг Т.Сансараар дамжуулан хийнэ гэсэн. Т.Сансар манай эхнэрийн дүү учраас итгээд өгсөн”,

хохирогч Ц.Батсүх: “...Манай найз Н.Лхагвадорж нь Б.Түвшин-Эрдэнийг танилцуулаад “Энэ хүн зээл чөлөөлдөг найдвартай, манай хуурай дүү байгаа юм. Чи 15.500.000 төгрөг зээлдүүлчих…” гээд мөнгө зээлдүүлсэн”,

хохирогч Д.Мөнх-Эрдэнэ: “...Манай найз Н.Лхагвадорж “Манай хуурай дүү, мөнгөний хэрэг гараад байгаа юм. Мөнгө зээлдүүлээч” гэж Б.Түвшин-Эрдэнийг танилцуулсан. 2014 онд 10.000.000 төгрөг зээлдүүлсэн. Хашаа байшин шилжүүлж авсан болохоор гомдол саналгүй” гэж мэдүүлсэнээс үзвэл Б.Түвшин-Эрдэнийн дээрх нэр бүхий хохирогч нараас мөнгө авах үйлдэлд Т.Сансар, Н.Лхагвадорж нар чухам ямар оролцоотой болох нь эргэлзээтэй, тодруулбал Б.Түвшин-Эрдэнэтэй хамжиж бусдын эд хөрөнгийг залилан аваад байна уу, хохирогч нар Э.Түвшин-Эрдэнэд итгэж мөнгөө өгөөд байна уу, эсхүл Т.Сансар, Н.Лхагвадорж нарт итгэж мөнгөө өгөөд байна уу гэдэг байдал бүрэн гүйцэт нотлогдохгүй байна.

Мөн Э.Түвшин-Эрдэнэ нь “Т.Сансар, Н.Лхагвадорж, Б.Даваасүрэн нартай хамтран зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулж Кёкүшю цамхагт оффис түрээслэж байсан” гэж тайлбарлаж байх тул энэхүү байдлыг нарийвчлан шалгаж, зээл чөлөөлөх, хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр нэр бүхий хохирогч нарт хохирол учруулсан үйлдэл хийсэн эсэх эсхүл дээрх нэр бүхий этгээдүүд нь хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны эрсдлээ Э.Түвшин-Эрдэнэд үүрүүлэн тохож байгаа эсэх, “ашигтай ажиллаж зээлж авах” гэх нэрийдлээр бусдаас мөнгө авахад хэн хэн оролцсон, уг оролцоонд хэн нь “…Би арыг нь даана” гэх мэтээр урьдчилан амлаж ямар үүрэг гүйцэтгэсэн талаар, Э.Түвшин-Эрдэнэ, Т.Сансар нарын хооронд дансаар шилжүүлсэн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн эсэх, “Огч” ХХК, “Ихбэл финанс” ББСБ зэрэг зээл, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай Э.Түвшин-Эрдэнэ ямар холбоотой ажиллаж байсан болон түүний үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд бүрэн дүүрэн дүгнэлт хийж зайлшгүй шалгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Э.Түвшин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг нарын гаргасан "...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх"-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Түвшин-Эрдэнэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан хэрийг прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Э.Түвшин-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ  

                                                                        Ц.ОЧ