Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 39

 

“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01119/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “М-” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-” ХХК-д холбогдох

          “8.374.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч “Х-” ХХК-ийн захирал Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасайхан нараас:

“М-” ХХК нь “Х-” ХХК-д 2016 оны 07 дугаар сарын 07, 2016 оны 08 дугаар сарын 04, 2016 оны 09 дүгээр сарын 02, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд нийт 27.985.000 төгрөгийн үнийн дүн бүхий 25 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. “Х-” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 07-оос 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн төлөлтөөр нийт 19.610.500 төгрөгийг төлж, үлдэгдэл 8.374.500 төгрөг үлдээд байгаа нь тооцоо нийлсэн акт болон 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Х-” ХХК-ны захирал Б.Б- манай компанид ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байгаа. Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал үнийг төлөх, худалдагч тал эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргийг тус тус хүлээдэг. Манай “М-” ХХК-ийн хувьд ямар нэгэн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан. Харин “Х-” ХХК нь гэрээний үндсэн үүрэг болох үнийг төлөх үүргээ зөрчсөн байна. Тиймээс үлдэгдэл төлбөр болох  8.374.500 төгрөгийг “Х-” ХХК-иас гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х-” ХХК-ийн захирал Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Содболд нараас :

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь “М-” ХХК болон “Х-” ХХК-ийн хооронд албан ёсны хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулагдаагүй, мөн гэрээгээр нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүнийг миний бие болон манай компанийг төлөөлөх ямар нэгэн эрх бүхий этгээд хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Х-” ХХК-иас  8.374.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М-” ХХК-д  олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 148.942 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 148.942 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х-” ХХК-ийн захирал Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Содболд нар  давж заалдсан гомдолдоо:

“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х-” ХХК-д холбогдох 8.374.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүн болох 8.374.500 төгрөгийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжилсэн үнийн дүнгээс 2.150.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Иймд давж заалдах шатны гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасайхан давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймгийн “Х-” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу үүссэн төлбөр тооцооны үлдэгдэл болох 8.374.500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах утга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. Үүнд: “Хариуцагчийн нэхэмжилсэн үнийн дүн болох 8.374.500 төгрөгийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжилсэн үнийн дүнгээс 2.150.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд давж заалдсан гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “М-” ХХК хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулж гэрээний дагуу нийлүүлсэн материалын үлдэгдэл төлбөр 8.374.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч “Х-” ХХК  бидний хооронд албан ёсны хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулагдаагүй, гэрээгээр нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүнийг манай компанийг төлөөлөх ямар нэгэн эрх бүхий этгээд хүлээж аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон болсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Х-” ХХК болон түүний өмгөөлөгч давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Гэрээт борлуулагчийн гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг үндэслэн тайлбарлаж, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Мөн гэрээний агуулгыг тайлбарлахдаа талуудын хоорондох тохиролцоо нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч “Х-” ХХК бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа боловч борлуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 19.610.500 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 8.374.500 төгрөгийг 2 хувааж төлөхөөр нэхэмжлэгч талд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж байсан болох нь хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Чулуунбаатарын Одонцэцэгийн эзэмшлийн ХААН банк дахь 5087116532 дугаартай данс руу 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 4.857.500 төгрөг шилжүүлсэн болох нь банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох бөгөөд хариуцагч тал өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Х-” ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжилсэн үнийн дүнгээс 2.150.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдсан гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлийг гаргаж тайлбарлаагүй, нотлох баримтаа зааж тодорхойлоогүй болно.

Иймд хариуцагч “Х-” ХХК болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч “Х-” ХХК болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Х-” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ                      

                                                                                                                       Л.АМАРСАНАА