Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/01119/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Үйлдвэрийн баруун бүс ..... тоот М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум, .....-р баг, ......-р хороолол, ....... байрны ...... тоот Х ХХК-д холбогдох

 

8 374 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай М- ХХК нь Х ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 07, 2016 оны 8 дугаар сарын 04, 2016 оны 9 дүгээр сарын 02, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрүүдэд нийт 27 985 000 төгрөгийн үнийн дүн бүхий 25 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Х- ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 7-ноос 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн төлөлтөөр нийт 19 610 500 төгрөгийг төлж, үлдэгдэл 8 374 500 төгрөг үлдээд байгаа нь тооцоо нийлсэн акт болон 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Х- ХХК-ны захирал Б.Б манай компанийн ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байгаа. Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал үнийг төлөх, худалдагч тал эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргийг тус тус хүлээдэг. Манай М- ХХК-ийн хувьд ямар нэгэн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан. Харин Х- ХХК нь гэрээний үндсэн үүрэг болох үнийг төлөх үүргээ зөрчсөн байна. Тиймээс үлдэгдэл төлбөр болох 8 374 500 төгрөгийг Х- ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х- ХХК-ны захирал Б.Б-, түүний өмгөөлөгч Б.С- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь М- ХХК болон Х- ХХК-ийн хооронд албан ёсны хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулагдаагүй, мөн гэрээгээр нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүнийг миний бие болон манай компанийг төлөөлөх ямар нэгэн эрх бүхий этгээд хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн материалын үлдэгдэл төлбөр 8 374 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х- ХХК нь талуудын хооронд албан ёсны хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулагдаагүй, мөн гэрээгээр нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүнийг манай компанийг төлөөлөх ямар нэгэн эрх бүхий этгээд хүлээж аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч нь бүтээгдэхүүн борлуулсны төлбөрт 19 610 500 төгрөгийг төлсөн талаар маргаагүй бөгөөд гэрээ байгуулаагүй бараа бүтээгдэхүүн авч байсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа болно.

 

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээт борлуулагчийн гэрээнд Х- ХХК-ийг төлөөлж захирал Б.Б- гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг дарсан гэрээг нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэдийгээр гэрээнд нийлүүлэгч М- ХХК-ийг төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд гэрээт борлуулагч Х- ХХК-ий захирал Б.Б нь гэрээний саналыг хүлээн авсан болохоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд дээрх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээт борлуулагчийн гэрээний 1.1-д нийлүүлэгч тал бараа бүтээгдэхүүнийг борлуулагчид тодорхой хөнгөлттэй үнээр нийлүүлэх, борлуулагч нь эдгээр бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу худалдан авч эцсийн хэрэглэгч үйлчлүүлэгчид борлуулах, гэрээний 1.2-т нийлүүлэгч нь борлуулагчид бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн шилжүүлэх, борлуулагч нь эдгээр бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулах ажлыг зохион байгуулж, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээллээр хангах үүргийг хүлээхээр, гэрээний 2.1-д борлуулагч нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн өмнөөс өөрийн зардлаар борлуулах, 2.3-д Борлуулагч нь бараа бүтээгдэхүүнийг өөрөө худалдан авч цааш нь борлуулахаас гадна нийлүүлэгч хэрэглэгчтэй шууд холбох зуучлалын үйл ажиллагаа явуулж болно гэж зааснаас үзэхэд талуудын хоорондох тохиролцоо нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул худалдах,  худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банкнаас нотлох баримтаар хариуцагч Х- ХХК-ийн захирал Б.Б-ийн нэхэмжлэлд бичигдсэн утаснаас нэхэмжлэгч М- ХХК-ийн ажилтан Ч.О- дансанд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг, 1 857 500 төгрөгийг тус тус шилжүүлж байсан талаар Б.О-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч нь Б.О- нь Х- ХХК-д ажилладаг эсэх нь эргэлзээтэй, Б.Б-ийн утасны дугаар биш гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Мөн хариуцагч Х- ХХК-нь бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа боловч барааны үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж захирал Б.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр М- ХХК-д хүсэлт ирүүлж байсан бөгөөд хүсэлтэдээ ...материалын үнэ болох 8 374 500 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 50 хувь болох 4 187 250 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 05-нд үлдсэн 50 хувь болох 4 187 250 төгрөгийг тус тус төлж дуусгана, энэ хүсэлтийг минь харгалзан үзэж итгэл хүлээлгэнэ гэдэгт найдаж байна гэж ирүүлсэн зэргээс талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Х- ХХК нь бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч Х- ХХК-аас 8 374 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Х- ХХК-ны төлөөлөгч Б.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр зохигчдын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Б.Л-, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Ж.Э-, хариуцагч Х-ХХК-тай байгуулсан эрх зүйн үзүүлэх туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Б.С- нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х- ХХК-аас 8 374 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1–д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 148942 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 148942 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА