Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2021/03379

 

2021 12 15 184/ШШ2021/03379

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х, 00 дүгээр хороо, 000 тоот хаягт байрлах Т ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.Н /000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С, 0 дүгээр хороо, 000 тоот хаягт байрлах Т ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд З.Т /000000/-д холбогдох,

Эд хөрөнгө хөлслэх гэрээний биелэлт 11,357,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 10р сарын 27ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2019 оны 9 сарын 20-ны өдөр Doosan 300 маркын эксковатор 000 улсын дугаартай 1 ширхэг, Luingong zl50c 1 ширхэг ковш түрээслүүлэн ажиллуулахаар тохиролцсон. Гэрээний үргэжлэх хугацаа гурван сарын хугацаатай, нэг сарын 20 сая төгрөгөөр байгуулсан ба гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,357,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага 11,357,600 төгрөгийг ковш 1 хоногийн төлбөр 316,600 төгрөг, нийт 48 хоног ажилласны төлбөр 15,196,800 төгрөг, экскаватор 1 хоногийн төлбөр 666,600 төгрөг, нийт 28 хоног ажилласны 18,664,800 төгрөг гээд нийт төлөх түрээсийн төлбөр 33,861,600 төгрөг юм. Үүнээс хариуцагч тал 23,033,000 төгрөгийг төлснийг хүлээн авч үлдэгдэл 10,828,600 төгрөг, ковшийн шүдний үнэ 560,000 төгрөг, нийт 11,357,600 төгрөгийн авлагатай.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д ковшийн шүд элэгдэх эд ангийг түрээслэгч тал даана гэж заасан. Манай компани ковшийг ачиж ирэхдээ замдаа 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 668,000 төгрөг, 880,000 төгрөгөөр түлш авсан. Маргаан бүхий 9-р сарын 27-ноос 10-р сарын 27-ныг хүртэл 28 хоног гэдгийг бензиний баримт, жолоочийн хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Татварын 1,269,700 төгрөг, бензин 660,000, 18 литр моторын тос 120,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага 11,357,700 төгрөгөө дэмжиж оролцож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 9-р сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 3 сар хүчинтэй. Энэ гэрээнд эксковаторын сарын түрээс 20,000,000 төгрөг, ковш сарын түрээс 9,500,000 төгрөгөөр тохиролцсон. Ковшийг ажилласан хугацаанд маргаагүй, 1 хоногт 316,666 төгрөг, эксковатор 1 хоногт 666,666 төгрөгийн ажлын хөлстэй. Эксковатор нийт 24 хоног ажилласан бөгөөд 16,000,000 төгрөгийн ажил хийснээс 1,600,000 төгрөгийн татвар суутгасан. Учир нь Таргилхайрхан ХХК хувь хүний данс руу орлого хийж байгаа учраас хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 21.1-т зааснаар 10 хувийн татвар суутгадаг. Урьдчилгаа 4,000,000 төгрөг өгсөн. Ажлын явцад 10,000,000 төгрөг өгсөн. Эксковаторын хөлсөнд 400,000 төгрөг төлөөгүй байгаа.

Ковш 48 хоног ажилласан бөгөөд нийт 13,477,338 төгрөгийн ажил хийсэн гэж хариу тайлбартаа бичсэн. Сая бодоод үзэхэд 15,200,000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл 1,800,000 төгрөгийн зөрүү гарч байгааг зөвшөөрөхөөс аргагүй. Тооцооны алдаа гарсан байна. Үүнээс 1,269,799 төгрөгийг татварт суутгаад, урьдчилгаанд 2,000,000 төгрөг өгсөн. Ажлын явцад 8,033,333 төгрөг олгосон. Мөн 300 литр түлшний үнэ 660,000 төгрөг, 18 литр моторын тосны үнэ 120,000 төгрөгийг суутгаж, одоо 3,194,267 төгрөгийн үлдэгдэлтэй.

Нэхэмжлэгч компанид нийт 3,594,267 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхөөр байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 9,562,733 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ дугаартай Түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 5-8 дахь тал/, хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ дугаартай Түрээсийн гэрээ, тооцоололын баримт, ажлын хуудас /хавтаст хэргийн 17-20, 21, 22-73 дахь тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Эд хөрөнгө хөлслэх гэрээний биелэлт 11,357,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хавтаст хэргийн 1 дэх тал/

Хариуцагч Т ХХК нь ... нэхэмжлэгч компанид нийт 3,594,267 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхөөр байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 7,762,733 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзжээ. /хавтаст хэргийн 16 дахь тал/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл ээ ... 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээний үүргийн биелэлт хангуулах гэж, хариуцагч ... нэхэмжлэгчийн техник, хэрэгслүүд эвдрэл гэмтэлтэй байсан тул хугацаанаасаа өмнө гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарлаж маргаж байна. /хавтаст хэргийн 5-8 дахь тал/

Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ дугаартай Түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

-хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ дугаартай Түрээсийн гэрээ, тооцоололын баримт, ажлын хуудас /хавтаст хэргийн 17-20, 21, 22-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д ...Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээ гэх нэртэй хийгдсэн гэрээ нь Эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287-1-д зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгө ашиглуулсны хөлсийг шаардах эрхтэй. /хавтаст хэргийн 5-8, 17-20 дахь тал/

Хууль, гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу хөлслүүлэгч нь хөлслөгч /хариуцагч/ Талын сахиус ХХК-ийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгө /Doosan 300 маркын эксковатор 0000 улсын дугаартай 1 ширхэг, Luingong маркын zl50c 1 ширхэг ковш/-ийг түр хугацаагаар шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Хөлслөгч Т ХХК нь эд хөрөнгө ашигласны хөлс буюу эксковатор ашигласны хөлсөнд 24 хоногийн 15,999,984 төгрөг, ковш ашигласны хөлсөнд 15,199,968 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Мөн гэрээний 2.7, 3.4-т зааснаар дизель түлшийг бүрэн хариуцахаар, шүд элэгдэх эд ангийг түрүүслэгч тал даана гэж тус тус гэрээгээр тохиролцсон байна. /хавтаст хэргийн 6 дахь тал/

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар гэрээний талууд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч талын экскаваторыг сарын 20,000,000 төгрөгөөр, ковшийг сарын 9,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, хариуцагч талаас нэхэмжлэгч рүү эд хөрөнгө ашигласны хөлс нийт 23,033,000 төгрөг шилжүүлсэн. Ковшийн 1 хоногийн ашигласны хөлс 316,666 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 48 хоног нийт 15,196,800 төгрөгийн хөлс төлөх, экскаваторыг 1 хоног ашигласныг хөлс 666,666 төгрөг, 2019 оны 9-р сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 24 хоногт нийт 15,999,984 төгрөгийн хөлс төлөх, нэхэмжлэгч ашиглалтын явцад 660,000 төгрөгийн түлш, 18 литр тос, тослох материал, 560,000 төгрөгийн үнэ бүхий ковш шүд сольсон зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Зохигч ...экскаватор 1 өдрийн 666,666 төгрөгийн хөлстэй, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 27-ний өдөр татаж авсан, нийт 24 хоног ашиглаж 15,999,984 төгрөгийн ажил хийсэн, хариуцагч Талын сахиус ХХК хөлслүүлэгчид 23,033,000 төгрөг шилжүүлсэн, ...ковш 48 хоног ажилласан, ...хариуцагч үлдэгдэл хөлс 3,594,267 төгрөг үлдсэн талаар маргаангүй.

Харин нэхэмжлэгч талаас эксковатор 28 хоног буюу 4 хоног илүү ашигласан, татвар болон түлш, тос, шүдний үнэ зэргийг суутгах үндэслэлгүй гэж, хариуцагч талаас нэхэмжлэгч талаас хувь хүний данс руу орлого хийж байсан учраас Хүн амын орлогын албан татвар 10 хувь, үүнд 1,600,000 төгрөг, 1,269,799 төгрөг нийт 2,869,799 төгрөг татварт суутгасан, мөн 300 литр түлшний үнэ 660,000 төгрөг, 18 литр моторын тосны үнэ 120,000 төгрөг, ковшны шанаганы 8 ширхэг шүдний үнэ 560,000 төгрөгийг суутгасан гэж маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7, 3.3, 3.4-д ...шүд элэдэгдэх эд ангийг хөлслөгч тал даана гэх, түрээслүүлэгч /хөлслүүлэгч/ тал нь гэрээний хугацаанд эксковатор механизмыг саадгүй, эвдрэл гэмтэлгүй ажиллах үүднээс засвар үйлчилгээг сайтар хийж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах үүрэг хүлээнэ гэх, ...түрээслэгч /хөлслөгч/ тал дизель түлшийг бүрэн хариуцна гэж заасан тул хариуцагч дизель түлшний үнэ 660,000 төгрөг, ковшны шанаганы 8 ширхэг шүдний үнэ 560,000 төгрөг зэргийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээний 3.5-д Түрээслүүлэгч тал нь эксковатор механизмыг операторын цалин хөлс, хоол болон тос, тослох материал зэрэг бүхий л зардлыг хариуцна гэж тохиролцсон тул тосны үнэ 120,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч эксковаторыг 24 хоног ашигласан, мөн Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хувь хүний данс руу шилжүүлсэн тул татвар суутгасан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд татвар төлсөн, суутгасан баримтыг ирүүлээгүй, уг мөнгө шилжүүлсэн баримтууд хувь хүн буюу М, Т ХХК шилжүүлсэн, гэрээний 2.7-д зааснаар Хүн амын орлогын албан татварыг хариуцагч тал дарсан байгаа зэргээр үзэхэд эд хөрөнгө ашигласны хөлсөөс татвар суутгасан нь үндэслэлгүй, гэрээнд нийцэхгүй байна.

Эксковатор нийт 24 хоног ажилласан 1 өдрийн 666,666 төгрөг нийт 15,999,984 төгрөгийн ажил хийсэн, Ковш нийт 48 хоног ажилласан 1 өдрийн 316,666 төгрөг нийт 15,199,968 төгрөг, хоёр техникийг ашигласан нийт ажлын хөлс 31,199,952 төгрөгийн ажил хийсэн байна. Үүнээс хариуцагч талын төлсөн 23,033,000 төгрөгийг хасч үлдэх 8,166,952 төгрөг, мөн түлшний үнэ 660,000 төгрөг, татварт суутгасан гэх 1,269,799 төгрөг нийт 10,096,751 төгрөгийг хариуцагч тал төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,260,249 төгрөгийг шаардсан нь гэрээнд нийцэхгүй, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Үүнд: нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар эксковаторыг хариуцагч 28 хоног бус 24 хоног ашигласан байх бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн ажилчдын хөдөлмөрийн гэрээ, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, түлш худалдаж авсан баримт зэрэг нь 4 хоног илүү ажилласныг нотлохгүй байна.

Нэхэмжлэгч тал зөрүү 4 хоног ашигласан гэж тайлбарлах боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа баримтаар нотлох, холбогдох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, ирүүлээгүй тул илүү ашигласан 4 хоногийн хөлсийг шаардах эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иймд дээрх хэрэгт авагдсан баримт, Иргэний хууль, гэрээнд заасныг үндэслэн хариуцагч Т ХХК-с 10,096,751 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар ...шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах-аар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2,2, 116, 118 дугаар зүйлүүдэдэ тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Т ХХК-с 10,096,751 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,260,249 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-с 176,498 төгргийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН