Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00395

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00395

 

 

 

                                  Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/03379 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Т С ХХК-д холбогдуулан гаргасан эд хөрөнгө хөлслөх гэрээний биелэлтэд 11,357,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас нийт 11,357,700 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т ХХК 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Т С ХХК-тай Doosan 300 маркийн ...улсын дугаартай эксковатор, Luingong zl50c маркийн ковшийг 3 сарын хугацаатай, сарын 20,000,000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээг байгуулсан. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 11,357,700 төгрөгийг төлөөгүй. Ковш 1 хоногийн 316,600 төгрөг, нийт 48 хоногийн төлбөр 15,196,800 төгрөг, экскаватор 1 хоногийн 666,600 төгрөг, нийт 28 хоногийн 18,664,800 төгрөг, түрээсийн нийт төлбөр 33,861,600 төгрөг болно. Үүнээс хариуцагч тал 23,033,000 төгрөг төлснийг хүлээн авч үлдэгдэл 10,828,600 төгрөг, ковшийн шүдний үнэ 560,000 төгрөг, нийт 11,357,600 төгрөгийн авлагатай. Гэрээний 2.7-д ковшийн шүд элэгдэх эд ангийг түрээслэгч тал хариуцна гэж заасан. Нэхэмжлэгч тал ковшийг ачиж ирэх замд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 668,000 төгрөг, 880,000 төгрөгөөр түлш авсан.   Татвар 1,269,700 төгрөг, бензин 660,000, 18 литр моторын тос 120,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

  2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:   Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан ба эксковаторын сарын түрээс 20,000,000 төгрөг, ковш 9,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Ковшийн ажилласан хугацаанд маргаагүй. 1 хоногт 316,666 төгрөг, эксковатор 1 хоногт 666,666 төгрөгийн ажлын хөлстэй. Эксковатор нийт 24 хоног ажилласан бөгөөд 16,000,000 төгрөгийн ажил хийснээс 1,600,000 төгрөгийн татвар суутгасан. Т ХХК хувь хүний данс руу орлого хийж байгаа учраас ХАОАТ-ын хуулийн 21.1-т зааснаар 10 хувийн татвар суутгадаг. Урьдчилгаа 4,000,000 төгрөг өгсөн, ажлын явцад 10,000,000 төгрөг өгсөн. Эксковаторын хөлсөнд 400,000 төгрөг төлөөгүй. Ковш 48 хоног ажилласан бөгөөд нийт 13,477,338 төгрөгийн ажил хийсэн. Гэтэл бодоод үзэхэд 15,200,000 төгрөг болж байх ба 1,800,000 төгрөгийн зөрүү гарсныг зөвшөөрөхөөс аргагүй. Тооцооны алдаа гарсан. Үүнээс 1,269,799 төгрөгийг татварт суутгаад, урьдчилгаанд 2,000,000 төгрөг өгсөн. Ажлын явцад 8,033,333 төгрөг олгосон. Мөн 300 литр түлшний үнэ 660,000 төгрөг, 18 литр моторын тосны үнэ 120,000 төгрөгийг суутгаж, одоо 3,194,267 төгрөгийн үлдэгдэлтэй. Нийт 3,594,267 төгрөг төлөхөөр байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 9,562,733 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Т С ХХК-с 10,096,751 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,260,249 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т С ХХК-аас 176,498 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

4.1 Талууд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээгээр 1 ширхэг эксковатор, 1 ширхэг ковшийг 3 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Эксковатор 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс, ковш 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажилд гарсан. Эксковаторын сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөг, ковш 9,500,000 төгрөг байсан ба эксковатор 24 хоног ажиллаад эвдрээд буцсан. Харин ковш нийт 48 хоног ажилласан. Эксковатор нийт 16,000,000 төгрөгийн ажил хийсэн ба үүнээс татварт 1,600,000 төгрөг суутгасан, мөн урьдчилгаа төлбөрт төлсөн 4,000,000 төгрөг, ажлын явцад олгосон 10,000,000 төгрөгийг хасаад 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Ковш 48 хоног ажилласан бөгөөд нийт 15,199,968 төгрөгийн ажил хийснээс татвар 1,269,799 төгрөг суутгасан, урьдчилгаа 2,000,000 төгрөг өгсөн. Ажлын явцад 8,033,333 төгрөг олгосон, 300 литр түлшний үнэ 660,000 төгрөг, 18 литр моторын тосны үнэ 120,000 төгрөгийг суутгаж одоо 3,116,836 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл шүүх нэхэмжлэгчээс хүн амын орлогын албан татварт хураан авч төрд төлсөн 1,869,799 төгрөг, түлшний үнэд суутгасан 660,000 төгрөг, 18 литр моторын тосны үнэ 120,000 төгрөг, ковшийн шанаганы үнэ 560,000 төгрөг нийт 4,209,799 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн урьдчилгаа олгосон мөнгийг 1,000,000 төгрөгөөр дутуу тооцсон. Хариуцагч татварт 2,869,799 төгрөг суутгаж авсан бөгөөд шүүх суутгал хийсэн татварын баримтаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч талд буцааж олгуулахаар шийдвэрлэсэн. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 21.1 дэх хэсэгт зааснаар тухайн орлогын 10 хувиар тооцож татвар суутган тооцох ёстой. Гэрээнд нэхэмжлэгч тал өөрийн түрээсийн орлогыг хувь хүний дансаар авахаар тохирсон учир хуулийн дагуу татвар суутган авах ёстой. Хуулиар үүрэг хүлээлгэсэн харилцаанд заавал нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн. Албан татвартай холбоотой асуудлыг талууд гэрээгээр зохицуулахгүй бөгөөд энэ харилцааг хуульд үүрэг болгон зохицуулсан. 

4.2 Мөн ковшийн шанаганы шүдний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлийн үед НӨАТ төлөгч байгууллагын нэмэгдсэн өртгийн албан татвартай үнийг тусгасан санхүүгийн баримтаар гүйлгээ хийгдэж байгаа бөгөөд татварын албаны дугааргүй бэлэн мөнгөний баримтыг шүүх үндэслэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.3 Гэрээнд тухайн техникийг Улаанбаатар хотоос Дундговь аймагт байрлах уурхай хүртэлх шатахууныг хариуцагч хариуцаж харин буцах зардлыг нэхэмжлэгч тал хариуцахаар тохирсон байхад буцах зардалд хариуцагчаас зээлсэн шатахуун болон тосны үнийг суутган авсан нь буруу гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,209,799 төгрөгийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал 1,260,249 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3,949,550 төгрөгийг нэмж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т ХХК эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт 11,357,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Т С ХХК 3,594,267 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ. 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

4. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Doosan 300 маркийн ...УБ улсын дугаартай экскаваторыг сарын 20,000,000 төгрөгөөр, Luigong ZL50C маркийн ковшийг сарын 9,500,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил ашиглалтад гэрээний зүйл болох экскаватор, ковшийг шилжүүлсэн, хариуцагч гэрээний төлбөрт нийт 23,033,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх5-8, 17-20, 99-101/

 5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин гэрээний зүйлийг ашигласан хугацаа, төлбөрийн хэмжээнд маргаж байна. Нэхэмжлэгч “ ковшийг 48 хоног ажиллуулсан төлбөр 15,196,800 төгрөг, экскаваторыг 28 хоног ажиллуулсны төлбөр 18,664,800 төгрөг, нийт 33,861,600 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн төлсөн 23,033,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 10,828,600 төгрөг дээр ковшийн шүдний үнэ 560,000 төгрөгийг нэмж нийт 11,357,600 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй” гэж тайлбарласан бол хариуцагч “ковшийн ажилласан хугацаанд маргахгүй нийт 15,200,000 төгрөгийн ажил хийсэн, үүнээс 1,269,799 төгрөгийг татварт, 300 литр түлшний үнэ 660,000 төгрөг, 18 литр моторын тосны үнэ 120,000 төгрөгийг суутгасан, урьдчилгаанд 2,000,000 төгрөг, ажлын явцад 8,033,333 төгрөг өгсөн, одоо 3,194,267 төгрөгийн үлдэгдэлтэй. Харин экскаватор 24 хоног ажилласан бөгөөд 16,000,000 төгрөгийн ажил хийснээс 1,600,000 төгрөгийг татварт суутгаж, урьдчилгаанд 4,000,000 төгрөг, ажлын явцад 10,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 400,000 төгрөг төлөөгүй” гэж үгүйсгэж байна.

6. Шүүх экскаваторын ажлын хөлсийг 1 өдрийн 666,666 төгрөг, 24 хоногийн 15,99,984 төгрөг, ковшийн ажлын хөлсийг 1 өдрийн 316,666  төгрөг, 48 хоногийн 15,199,968 төгрөг, 2 тээврийн хэрэгслийг нийт 31,199,952  төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэн, үүнээс хариуцагчийн төлсөн 23,033,000 төгрөгийг хасч үлдэх 8,166,952 төгрөг дээр хариуцагчийн суутгасан түлшний үнэ 660,000 төгрөг, татвар 1,269,799 төгрөгийг нэмж тооцон хариуцагчаас нийт 10,096,751 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын тохиролцоонд нийцжээ.

6.а. Талууд гэрээний 2.7, 3.3, 3.4, 3.5-д “сард 2 хоног завсар хийнэ, шүдийг түрээслэгч тал даана”, “түрээслүүлэгч тал нь гэрээний хугацаанд экскаватор механизмыг саадгүй, эвдрэл гэмтэлгүй ажиллах үүднээс засвар үйлчилгээг сайтар хийж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах үүрэг хүлээнэ”, “түрээслэгч тал дизель түлшийг бүрэн хариуцна”, “түрээслүүлэгч тал экскаватор механизмыг операторын цалин хөлс, хоол болон тос, тослох материал зэрэг бүхий л зардлыг хариуцна” гэж тохиролцсон байна.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн тайлбарласанчлан нэхэмжлэгчид төлөх дүнгээс түлшний үнэ 660,000 төгрөг, ковшийн шанаганы шүдний үнэ 560,000 төгрөгийг  хасч тооцох үндэслэлгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь хариуцагчаас тосны үнэ 120,000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Тодруулбал, гэрээгээр ковшийн шүд болон түлшний үнийг түрээслэгч буюу хариуцагч, түрээсийн зүйлийн хэвийн үйл ажиллагааг хангах, экскаватор механизмын тос, тослох материалын зардлыг түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч хариуцахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь экскаваторыг 4 хоног илүү ажилласан гэх боловч хэрэгт эргэлзээгүй баримт авагдаагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

7. Түүнчлэн хариуцагч нь түрээсийн төлбөрийг хувь хүний дансанд шилжүүлсэн учраас хүн амын орлогын албан татвар суутгасан гэж тайлбарладаг боловч уг дүнг татварын албанд төлсөн талаарх баримтгүй. Гэрээний 2.7 дах хэсэгт “түрээслүүлэгч тал нь НДШ болон НӨАТ, ХХОАТ-аа бүрэн хариуцна” гэж тусгасан заалт нь засвартай байна. /хх6, 18/

8. Хариуцагч нь урьдчилгаа төлбөрт нийт 24,033,000 төгрөг төлсөн байхад шүүх 1,000,000 төгрөгөөр дутуу тооцсон гэх гомдол үндэслэлгүй. Хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 23,033,000 төгрөг шилжүүлснээс өөр баримтгүй байна.

9. Гэрээний 2.7-д түрээслэгч тал буюу хариуцагч нь ковшийн шанаганы шүдийг хариуцахаар тохиролцсон. Нэхэмжлэгчээс ирүүлсэн ковшийн шүд худалдаж авсан 560,000 төгрөгийн зарлагын баримтыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй, мөн түлшний үнийг түрээслэгч хариуцахаар гэрээгээр тохиролцсон байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/03379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,142 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                        ШҮҮГЧИД                              Д.БЯМБАСҮРЭН  

 

                                                                                       А.МӨНХЗУЛ