Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/02712

 

 

 

 

 

 

 

 

 

2020 11 03 181/ШШ2020/02712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах ЛБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, АМ ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 58 025 905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ЛБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЛБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЛБ ХХК нь АМ ХХК-ийн захиалгаар дараах тээврийг цаг хугацаанд нь зохих ёсоор зохион байгуулсан. Үүнд: 15741 тоот захиалгын баримтаар 371 кг бүхий агаарын ачаа, Монгол улсын Улаанбаатар хотоос Австрали улсын Мелбурн хот хүртэлх тээврийг 6,085 ам долларын хөлстэйгээр, 15444 тоот захиалгын баримтаар 171 кг бүхий агаарын ачаа, Америк улсын Лос Анжелас хотод байрлах "Hamilton Sundstrand A United Technologies" илгээгч байгууллагаас, Улаанбаатар хот хүртэлх тээврийг 1,520 ам долларын хөлстэйгээр, 14471 тоот захиалгын баримтаар 820 кг бүхий 3 хайрцаг сэлбэг, эд ангийг Америк улсын Лос Анжелас хотод байрлах "Jet landing systems" LLC илгээгч байгууллагаас Улаанбаатар хот хүртэлх тээврийг 5,950 ам долларын хөлстэйгээр дээрх улс орноос захиалгын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан юм. Дээр дурдсан ачаануудын тээврийн хөлс болох нийт 13,555.00 ам долларыг төлүүлэх талаар удаа дараа нэхэмжилж, мэдэгдэл хүргүүлж байсан ч АМ ХХК нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Манайд төлөх ёстой тээврийн хөлс болох 13,555.00 ам долларыг хугацаа хожимдуулсан тул алданги тооцож 6,777.5 ам доллар /төлөх ёстой 13,555.00 ам долларын 50% буюу 6,777.5 ам доллар/-ыг нэхэмжилж байна.

Иймд АМ ХХК-иас тээврийн хөлс 13,555.00 ам.доллар, алданги 6,777.5 ам.доллар зэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны хаалтын ханш 1 ам,доллар 2 853.85 төгрөгөөр тооцож нийт 58 025 905.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч АМ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, М.Батзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. АМ ХХК, ЛБ ХХК нарын хооронд тээвэрлэлтийн хөлс 13,555 ам,долларыг төлөхгүй байсан шалтгаан байгаа. Энэ нь Моннис интернэшнл ХХК нь АМ ХХК-ийн 70%-ийн хувьцааг эзэмшигч бөгөөд ЛБ ХХК нь Моннис интернэшнл ХХК-д тодорхой хэмжээний өртэй байсан. Энэ өрийн улмаас манай компанийн 13,555 ам.долларыг төлөхийг Моннис интернэшнл ХХК нь хойшлуулж байсан. 2020 оны 05 сарын 25-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдснаар энэ хоёр компанийн өр авлага дууссан гэсэн. Иймээс манай компани тээврийн хөлс болох 13,555.00 ам долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.

Тээврийн хөлс болох 13,555 ам долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох ёстой тул 2020 оны 09 сарын 09-ний өдрийн ханшаар тооцсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу тухайн гэрээнд төлбөр төлөх хугацаа, төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй бол тэдэн төгрөгийн алданги тооцно гэж тусгаагүй тул алданги төлөх үүрэггүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЛБ ХХК нь хариуцагч АМ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 58 025 905 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

АМ ХХК-ийн захиалгаар 2015.04.10-ны өдрөөс 2015.08.07-ны өдрийн хооронд ЛБ ХХК нь 15741 тоот захиалгын баримтаар 371 кг бүхий агаарын ачаа, Монгол улсын Улаанбаатар хотоос Австрали улсын Мелбурн хот хүртэлх тээврийг 6,085 ам долларын хөлстэйгээр, 15444 тоот захиалгын баримтаар 171 кг бүхий агаарын ачааг Америк улсын Лос Анжелас хотод байрлах "Hamilton Sundstrand A United Technologies" илгээгч байгууллагаас Улаанбаатар хот хүртэлх тээврийг 1,520 ам долларын хөлстэйгээр, 14471 тоот захиалгын баримтаар 820 кг бүхий 3 хайрцаг сэлбэг, эд ангийг Америк улсын Лос Анжелас хотод байрлах "Jet landing systems" LLC илгээгч байгууллагаас Улаанбаатар хот хүртэлх тээврийг 5,950 ам долларын хөлстэйгээр дээрх улс орноос захиалгын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д Худалдааны зуучлагч гэж заасантай нийцсэн, талууд гэрээний талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэрээний дагуу хариуцагч АМ ХХК нь тээврийн үйлчилгээний төлбөр 13 555 ам.долларыг төлөх үүрэгтэй болох нь ачааны тээвэрлэлтийн баримтууд, талуудын төлбөрийн тооцоог нийлсэн 2019 оны 10 сарын Төлбөрийн мэдэгдэх хуудас, Тооцоо нийлсэн байдал зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч АМ ХХК нь уг төлбөрийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.

 

Харин тээврийн үйлчилгээний төлбөр 13 555 ам.долларыг ачааг АМ ХХК-д хүлээлгэж өгөх үеийн Монгол банкны 1 ам,доллар төгрөгтэй харьцах ханшаар тооцох ёстой гэж маргаж байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт, Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн зохицуулалт нь гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан мөнгөний ханшаар тооцон төлбөр гаргуулах агуулгатай зохицуулалт биш юм. Харин үүргийг гүйцэтгүүлэх үеийн ханшаар тооцон гаргуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг хангах зорилготой юм.

Иймд нэхэмжлэгч ЛБ ХХК нь дээрхи төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу Монгол банкны 2020.09.09-ны өдрийн хаалтын 1 ам,доллар 2,853.85 төгрөгтэй харьцах ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч тээврийн үйлчилгээний төлбөр болох 13 555 ам.долларын 50%-иар алданги тооцож 6 777.5 ам,доллар гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн энэ шаардлага, үндэслэл нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д заасан ...гэрээнд заасан алданги төлүүлэх хамгаалалтын аргаар тодорхойлогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасны дагуу талууд буюу ЛБ ХХК, АМ ХХК нар алдангийн талаар харилцан тохиролцож анзын гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч ЛБ ХХК нь алданги шаардах эрхгүй байна.

2019 оны 10 сарын ЛБ ХХК-ийн Төлбөрийн мэдэгдэх хуудас-нд тээврийн үйлчилгээний төлбөр болох 13 555 ам.долларыг 2019 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна уу. Дурдсан хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд Гэрээнд заасны хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцогдох болохыг анхаарна уу гэснийг анзын талаар тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч АМ ХХК-иас тээврийн үйлчилгээний төлбөр 38 683 936 /13 555 ам.доллар х 2,853.85 төгрөг = 38 683 936/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх алданги 19 341 969 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар АМ ХХК-аас 38 683 936 /гучин найман сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 19 341 969 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ЛБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 079 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, АМ ХХК-иас 351 144 /гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА