Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00358

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02712 дугаар шийдвэртэй

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 58 025 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б..л, түүний өмгөөлөгч Н.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.., түүний өмгөөлөгч Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Л ХХК-ийн төлөөлөгч Б.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК нь А ХХК-ийн 15741 тоот захиалгын баримтаар 371 кг бүхий агаарын ачаа, Монгол улсын Улаанбаатар хотоос Австрали улсын Мелбурн хот хүртэлх тээврийг 6 085 ам.долларын хөлстэйгээр, 15444 тоот захиалгын баримтаар 171 кг бүхий агаарын ачаа, Америк улсын Лос Анжелас хотод байрлах "Hamilton Sundstrand A United Technologies" илгээгч байгууллагаас, Улаанбаатар хот хүртэлх тээврийг 1 520 ам.долларын хөлстэйгээр, 14471 тоот захиалгын баримтаар 820 кг бүхий 3 хайрцаг сэлбэг, эд ангийг Америк улсын Лос Анжелас хотод байрлах "Jet landing systems" LLC илгээгч байгууллагаас Улаанбаатар хот хүртэлх тээврийг 5 950 ам.долларын хөлстэйгээр дээрх улс орноос захиалгын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан юм. Дээр дурдсан ачаануудын тээврийн хөлс болох нийт 13 555 ам.долларыг төлүүлэх талаар удаа дараа нэхэмжилж, мэдэгдэл хүргүүлж байсан ч А ХХК нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Манайд төлөх ёстой тээврийн хөлс болох 13 555 ам.долларыг хугацаа хожимдуулсан тул алданги тооцож 6 777.5 ам.доллар /төлөх ёстой 13 555 ам.долларын 50% буюу 6 777.5 ам.доллар/-ыг нэхэмжилж байна. Иймд А ХХК-иас тээврийн хөлс 13 555 ам.доллар, алданги 6 777.5 ам.доллар зэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны хаалтын ханш 1 ам.доллар 2 853.85 төгрөгөөр тооцож нийт 58 025 905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, М.Батзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК, Л ХХК нарын хооронд тээвэрлэлтийн хөлс 13 555 ам.долларыг төлөхгүй байсан шалтгаан байгаа. Энэ нь Моннис интернэшнл ХХК нь А ХХК-ийн 70%-ийн хувьцааг эзэмшигч бөгөөд Л ХХК нь Моннис интернэшнл ХХК-д тодорхой хэмжээний өртэй байсан. Энэ өрийн улмаас манай компанийн 13 555 ам.долларыг төлөхийг Моннис интернэшнл ХХК нь хойшлуулж байсан. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдснаар энэ хоёр компанийн өр авлага дууссан гэсэн. Иймээс манай компани тээврийн хөлс болох 13 555 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Тээврийн хөлс болох 13 555 ам.долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох ёстой тул 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ханшаар тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу тухайн гэрээнд төлбөр төлөх хугацаа, төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй бол алданги тооцно гэж тусгаагүй тул алданги төлөх үүрэггүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар А ХХК-аас 38 683 936 /гучин найман сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 19 341 969 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 079 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А ХХК-иас 351 144 /гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тээврийн хөлс болох 13 555 америк долларыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны 2853.85 төгрөгийн ханшаар тооцож 38 683 936 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь тухайн тээвэрлэлт хийгдсэн үеийн ханшаар тээвэрлэлтийн зардал болох 13 555 америк долларыг тооцож төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны 1 984.84 төгрөгийн ханшаар тээврийн хөлс 1 520 америк доллар буюу 3 016 956.8 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны 1 984.84 төгрөгийн ханшаар тээврийн хөлс 5 950 америк доллар буюу 11 809 798 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны 1 987.92 ханшаар тээврийн хөлс 6 085 америк доллар буюу 12 096 493.2 төгрөг, нийт 26 923 248 төгрөг болно. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэснээс үзвэл үүрэг үүсэх үе гэдгийг тээвэрлэлт хийгдсэн үе гэж ойлгоно. А ХХК нь ачаа тээврийг хүлээж авснаар тээврийн хөлс төлөх үүрэг үүссэн болно. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийн талаар тохиролцоогүй тул тээвэрлэлт хийгдсэн өдрийн ханшаар тооцно. Иймд тээвэрлэлт хийгдсэн үеийн ханшаар тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 58 025 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тээвэрлэлтийн хөлс 13 555 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А ХХК-ийн захиалгаар Л ХХК Монгол улсын Улаанбаатар хотоос Австрали улсын Мелбурн хот, Америк улсын Лос Анжелас хотоос Улаанбаатар хот хүртэл ачаат тээврийг захиалгын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх.7-21/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдааны зуучлалын гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт нийцжээ.

Хэргийн 24 дүгээр талд зохигчдын хооронд хийсэн Тооцоо нийлсэн байдал гэсэн бичгийн баримт авагдсан, уг баримтаар 13 550 ам.долларын өглөгтэй болохыг хоёр тал баталсан, талуудын хэн аль нь дээрх баримтыг үгүйсгэж маргаагүй.

Анхан шатны шүүх А ХХК-иас тээврийн үйлчилгээний төлбөр 38 683 936 /13 555 ам.доллар х 2,853.85 төгрөг = 38 683 936/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх алданги 19 341 969 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан, талууд алданги төлөх талаар бичгийн хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2019 оны 10 дугаар сард хүргүүлсэн Төлбөрийн мэдэгдэх хуудас-т ...дурдсан хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцогдох болно гэж заасан байгаа нь алданги шаардах эрх үүссэн гэж үзэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Л ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах ханшаар буюу Монгол банкны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хаалтын 1 ам.долларыг 2 853.85 төгрөгтэй харьцах ханшаар тооцож нэхэмжилсэн нь дээрх заалттай нийцсэн байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Нэхэмжлэгч тээврийн хөлс болох 13 555 америк долларыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны 2853.85 төгрөгийн ханшаар тооцож 38 683 936 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөөгүй. Ачаа хүлээлгэж өгөх үеийн ханшаар тооцох байсан гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/02712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 203 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО