Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2022/00206

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

      ...................

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..................оршин суух, Д.О,

Хариуцагч: ........................... оршин суух,Д. З

Нэхэмжлэлийн шаардлага: 16.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.С,

Хариуцагч: Г.З,

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.З-тэй 2020 оны 05 дугаар сарын  29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 12.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл зээлүүлсэн юм. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.З нь 360 хоноход зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож, 250 хоногийн 6.000.000 төгрөг болон үндсэн зээл 12.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг болсон. Тус зээлээс хариуцагч нь 2021 оны 07 дугаар сард 1.800.000 төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл 16.200.000 төгрөгийг хариуцагч Г.З-с гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.З-т 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус 3 удаа нийт 12.000.000 төгрөгийг зээлсэн. Энэхүү зээлийг баталгаажуулж 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байдаг. Гэрээний үүрэгт талууд сайн дураар хүлээн зөвшөөрсөн 1.800.000 төгрөгийн зээлийн хүү төлөгдсөн. Иймд зээлийн үлдэгдэл 10.237.420 төгрөг, хүү 255.740, алданги 5.246.580 төгрөг, нийт 15.739.740 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч нь шүүхэд бчигээр ирүүлсэн харий тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О-өөс 2020 оны 05 сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлсэн мөнгөнөөсөө бэлнээр болон хүнс бараа нийт 5 580 080 төгрөгийг төлсөн. Мөн хүүнд 1 800 000 төгрөг төлсөн... Ийм учраас 6 419 920 төгрөгийг төлж барагдуулан...  Нэхэмжлэгч Б.О-ийн 2017 онд надад зээлсэн гэх 5.000.000 төгрөгийг өөрийн данснаас шүүж үзэхэд миний дансанд тус гүйлгээ орж ирээгүй байсан. Нэхэмжлэгч бидний хооронд мөнгө зээлж авах, өгөх харилцаа олон удаа үүсэж байсан боловч 2016-2017 онд Б.О-өөс 5.000.000 төгрөг аваагүй. Дэлгүүрийн тооцоо нийлдэг гараар бичсэн хар дэвтэр дээр өгсөн гэж тайлбар бичсэн байна. Хэрвээ би мөнгө зээлсэн бол өнгөрсөн 6 жилийн хугацаанд өгөхгүй байна гэж байхгүй. Зээлсэн мөнгөө төлсөн л байх учиртай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байна. Энэ зүйлд зааснаар хэрвээ мөнгө зээлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би Б.О-д 7.000.000 төгрөг, 6 сарын хүү 1.470.000 төгрөг, нийт 8.470.000 төгрөг төлөх байснаас 8.602.700 төгрөг төлсөн. Тиймээс дахин мөнгө төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ........... дугаартай зээлийн гэрээ, хариуцагч Г.З-ийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид баталгаа болгон бичиж өгсөн бичвэр, 2016 оны 12 сарын 20-ны өдөр гэсэн Г.З, Э.У нарын гар бичмэл, Б.О-ийн нэр дээрх ............. тоот дансны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.

5. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: гараар бичсэн бүртгэлийн дэвтэр, Г.З нэр дээрх ............ тоот дансны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр, дэлгэрэнгүй хуулга, Э.У-ын ........... дугаартай дансны хуулгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.З-т холбогдуулан зээл, алданги нийт 16.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь зээл, зээлийн хүү, алдангийг бүрэн төлж барагдуулсан учир би төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн зээлд 3.359.420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх зээл, алдангинд 12.840.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2016 оноос эхлэн зээлийн харилцаа үүссэн байна. 2016 оны 12 сарын 20-ны өдөр анх 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-өөс зээлсэн ба энэ мөнгөө төлж, 2017 оны 03 сарын 03-ны өдөр 6 500 000 төгрөг зээлсэн болох нь хариуцагч Г.З-ийн гар бичмэл баримтаар, 2019 оны 11 сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 31-ны өдөр 2 000 000 төгрөг зээлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар буюу баримтаар тогтоогдож байна. / хэргийн материалын 94, 92, 93-р тал/

Нэхэмжлэгчээс 2017 оны 03 сарын 03-ны өдөр 6 500 000 төгрөг бэлнээр, 2019 оны 11 сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 31-ны өдөр 2 000 000 төгрөг дансаар хариуцагч авснаар тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна.

Энэ харилцаагаа нэгтгэж бичгэн хэлбэрт оруулж талууд 2020 оны 05 сарын 29-ны өдөр................дугаартай Зээлийн гэрээ талууд үйлдсэн байна. Энэ зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор, мөнгийг хариуцагчийн Хаан банкны ........... тоот дансанд шилжүүлэх нөхцөлтэйгээр гэрээг байгуулжээ. Гэтэл Б.О нь энэ өдөр 12 сая төгрөгийг хариуцагчийн Хаан банкны дансанд шилжүүлээгүй ба энэ нь өмнө өгсөн мөнгөө нэгтгэж бичгээр гэрээ үйлдсэн гэж талууд тайлбарладаг. Тухайлбал гэрээ бичгээр байгуулагдсан өдөр буюу 2020 оны 05 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлээгүй ба өмнө нь 12 сая төгрөгийг амаар тохиролцож өгсөн байна.

Харин зээлсэн мөнгөө хугацаандаа буцаан төлөх үүргийг зээлдэгч Г.З хүлээх ба энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч Б.О нь амаар байгуулсан зээлийн гэрээний үүргээ шаардаж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан ба 2020 оны 05 сарын 29-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй байна. Гэсэн хэдий боловч хариуцагч нь 1 470 000 төгрөгийг хүүнд төлөхийг хүлээн зөвшөөрч хүүгээ төлсөн байх тул энэ мөнгөн дүнг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй буюу талуудын сайн дурын үндсэн дээр төлөгдсөн хүү байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл зээлдэгч өөрөө хүүгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч төлснийг буруутгах боломжгүй. Үүнд талууд маргадаггүй болохыг дурдаж байна.

Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсан. Гэтэл 2020 оны 05 сарын 29-ны өдөр талуудын хооронд бичгээр хийсэн................ тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь тухайн өдрөө гүйцэтгээгүй байна. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, банкны дансны хуулгаар нотлогдож байна. Иймд зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгийг хариуцагчийн Хаан банкны ............... тоот дансанд шилжүүлэх нөхцөл тухайн үедээ биелэгдээгүй, энэ гэрээг өмнөх харилцаагаа нэгтгэж дүгнэж хийсэн гэж талууд


тайлбарлаж байх тул энэ гэрээний дагуу алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл уг гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө гэж заасан байх ба энэ гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 12 000 000 төгрөгийг өгөөгүй, өмнө нь буюу 2017,2019 онуудад мөнгийг өгсөн байх тул дээрх 2020 оны 05 сарын 29-ны өдөр талуудын хооронд бичгээр хийсэн ......... тоот гэрээний үүргийг шаардах боломжгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл энэ гэрээний дагуу мөнгө тухайн үед талууд өгч авалцаагүй байх тул энэ гэрээний үүргийг буюу алдангийг нэхэмжлэх боломжгүй юм. Энэ гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө гэсэн нь зөвхөн зээлдэгчид хамааралтай бус гэрээний талуудад аль алинд нь хамаарах боломжтой гэж үзэхээр байна. Тухайлбал энэ гэрээгээр бол зээлдүүлэгч нь тухайн өдөр 12 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн атлаа энэ өдөр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байгаа нь зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болохоор байгааг дурдаж байна. Иймд 2020 оны 05 сарын 29-ны өдөр талуудын хооронд бичгээр хийсэн ........... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзээгүй болно.

Тухайлбал нэхэмжлэгч нь үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 4 200 000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлэхдээ үндсэн зээл 12 000 000 төгрөгийг зөвшөөрч, алданги төлөхийг эс зөвшөөрч маргасан тайлбарыг гаргаж өмнөх шүүх хуралдаануудад оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар,...болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдоно гэж хуульчилсан. Гэтэл хариуцагч нь энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2019 онд 7 сая төгрөг дансаар авсан, өмнө нь авсан гэх 5 сая төгрөгийг төлсөн байх ёстой гэж тайлбарлаж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Тухайлбал өмнөх шүүх хуралдаануудад 12 сая төгрөг авсан гэдгээ тайлбарлаж, энэ мөнгөн дүн дээр талууд тооцоо нийлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр давхар нотлогдож байна.

 

Зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлөх үүргийг хариуцагч хүлээх ба нэхэмжлэгчийн үндсэн зээл 12 000 000 төгрөгөөс хариуцагч нь бэлнээр болон дэлгүүрийн бараанд 4 402 580 төгрөг төлснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрдөг, мөн дансаар буюу .................. тоот данснаас 2 088 000 төгрөг, ......... тоот данснаас 1 050 000 төгрөг, .................. тоот данснаас 1 100 000 төгрөг нийт 4 238 000 төгрөг төлсөн болох хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдож байна. Үүнийг дараах байдлаар задлав. Үүнд:

 

............... тоот хариуцагч Г.З-ийн данснаас нэхэмжлэгч ......... тоот дансанд шилжүүлсэн мөнгө

2020.01.08

300 000

2021.09.12

200.000

2021.05.24

100 000

2021.04.21

500 000

Нийт

1 100 000 төгрөг

......... тоот хариуцагч Г.З-ийн нөхөр У-ын данснаас нэхэмжлэгч ............тоот дансанд шилжүүлсэн мөнгө

2020.01.24

300.000

2020.03.18

95000

2020.03.19

555 000

2020.06.26

100 000

2020.12.27

38 000

2021.06.12

100 000

2021.07.16

200 000

2021.08.14

100 000

2021.08.17

100 000

2021.09.01

300 000

2021.09.16

200 000

Нийт

2 088 000 төгрөг

........... тоот хариуцагч Г.З-ийн нөхөр У-ын данснаас нэхэмжлэгч .......... тоот дансанд шилжүүлсэн мөнгө

2020.06.26

500 000

2021.07.21

300 000

2021.08.02

50 000

2021.10.16

200 000

Нийт

1 050 000 төгрөг

Нийт / дансаар/

4 238 000 төгрөг

 

Иймд нэхэмжлэгчийн үндсэн зээлд 12 000 000 төгрөгөөс бэлнээр өгсөн мөнгө болон дэлгүүрээс бараа материал өгсөн мөнгөн дүн болох 4 402 580 төгрөг, дансаар шилжүүлсэн 4 238 000 төгрөгийг хасч үлдэх 3 359 420 төгрөгийн үндсэн зээлийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзэж хариуцагчаас гаргуулж үлдэх 8 640 580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь ******* дугаартай гэрээний дагуу хариуцагчаас алдангид 4.200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба дээрх ....... дугаартай гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй байх тул алданги нэхэмжлэх эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 4.200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч нь 2017 онд зээлсэн мөнгөний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлан мэтгэлцэж байгаа ба Иргэний хуулийн 75 зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж хуульчилжээ. Нэхэмжлэгчээс хариуцагч нь өмнөх зээлийн харилцаагаа дуусгавар болгоогүй байхдаа 2019 онд нэмж мөнгө зээлсэн, мөн хүү, үндсэн зээлдээ тодорхой мөнгийг 2021 оны 10 сар хүртэл төлж байсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2022 оны 04 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нийт нэхэмжлэлийн шаардлагаа 15 739 740 төгрөг гэж тодруулж байна гээд тооцооллыг хэрэгт ирүүлсэн. Өмнө нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 05 сарын 29-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний дагуу мөнгөө нэхэмжилж байна гэж тайлбарлан мэтгэлцэж байсан ба уг шүүх хуралдаан дээр шинээр баримт ирүүлж / хэргийн материалын 94-р тал/ 2016, 2017 онд зээлүүлсэн мөнгөө нэхэмжилж байна гэсэн үндэслэлийг гаргаж, илэрхийлсэн. Иймээс хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчим, тэгш эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчид нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх эрхгүй этгээд юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх боломжгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 238.950 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас 3.359.420 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул энэ хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 68.701 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Г.З-с 3.359.420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндсэн зээл, алдангид 12.840.580 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68.701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОТГОНЖАРГАЛ