Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2019/01126

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2019/01126

Дархан-Уул аймаг

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2019/01126

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01112

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух Ц овогт Р.Б /РД: ......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ......оршин суух И овогт Ш.Г /РД: ....../,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ...... оршин суух Б овгийн Б. Б /РД: ...../ нарт холбогдох,

 

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол нийт 4,571,667 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, хариуцагч Ш.Г, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө, иргэдийн төлөөлөгч Ш.З, гэрч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймгийн ....... гэх газар нэг га газар лууван тариалсан. Ургац хураах хугацаа болоогүй байхад Ш.Г болон Б.Б өмчийн хонь, ямаа 2019 оны 09 сарын 28, 29-ний өдрүүдэд ямар ч хариулгагүйгээр манай тариалангийн талбайд орж, ургацын хохирол учруулсан. Сумын Засаг даргын тамгын газраас ажлын комисс гарган ажиллаж 2019 оны 10 сарын 01-ний өдөр манай талбайд очиж үзэн ургацын хохирлыг тогтоосон. Иймээс 4,571,667 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний зүгээс хариуцагч нарыг адил тэнцүү буруутай гэж үзэж байгаа тул үнийн дүнг хуваан хариуцагч Б.Б 2,285,833 төгрөгийг, хариуцагч Ш.Г 2,285,833 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байгаа. Шүүх хуралдаанаас өмнө Ш.Г шаардаж байгаа үнийн дүнгээ багасгаж, 1,500,000 төгрөгөөр бид тохирч, хариуцагч Ш.Г  нь надад энэ үнийн дүндээ тохирсон мал өгсөн тул түүнд холбогдох шаардлага байхгүй. Харин хариуцагч Б.Б шаардаж байгаа 2,285,833 төгрөгийг мөн адил багасгаж 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай мал Р.Б талбайруу орсон нь үнэн. Манай тэр хавьд хариуцагч Б.Б болон манайх л бог малтай. Манай мал хар ямаа олонтой, Б.Б улаан ямаа олонтой юм. Манай мал нэг удаа орсон. Иймээс Р.Б тохирч 1,500,000 төгрөгөнд тооцож, 1 бяруу, 2 хонь өгсөн. Одоо бидний хооронд маргаан байхгүй, төлбөрөө төлсөн гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 09 сарын 29-ний өдөр манай мал хариулгатай байсан. Манай эхнэр өөрөө малаа хариулж байсан тул манай мал Р.Б талбайд орох боломжгүй. Мөн Р.Б талбайд өмнө нь үхэр ч орсон байдаг байсан. Манайх ойрхон байдаг учраас Р.Б хадам аавд энэ талаар хэлж байсан удаатай. Мөн хохирлыг тогтоохоос өмнө тэднийх луувангаа хурааж байсан. Тэгэхээр ийм хэмжээний хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй. Манай тэр хавьд эдний тариалангийн талбайтай ойрхон Ш.Г, манай хоёр байдаг нь үнэн. Өөр олон хонь, ямаатай айл байхгүй. Гэхдээ манай малын хувьд хариулгатай байдаг тул талбайд ороогүй. Манайх 80 ямаатай бөгөөд үүнээс 3-4 нь хар ямаа байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Б.Б, Ш.Г нарт холбогдуулан, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 4,571,667 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Р.Б нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчаа Б. Б гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчаа андуурч гаргасан гэсэн үндэслэлээр хариуцагчийг солиулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 4761 дугаартай захирамжаар Б.Б жинхэнэ хариуцагч Б.Б сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Нэхэмжлэгч Р.Б нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 1 га газар лууван тариалсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ш.Г өмчлөлийн мал, 29-ний өдөр хариуцагч Б.Б өмчлөлийн мал лууван тариалсан талбайд орж, идэж, сүйтгэсний улмаас нийт 4,571,667 төгрөгийн хохирол учруулсан, хариуцагч нарын малын тоо ойролцоо, олон мал байсан тул учирсан хохирлын хэмжээг тэнцүү хэмжээгээр хуваан, хариуцагч тус бүрээс 2,285,833 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тус тус бүрээс 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд хариуцагч Ш.Г төлбөрөө төлсөн тул хариуцагч Б.Б 1,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Б нь тус талбайд өөрийн мал ороогүй, тухайн өдөр хариулгатай явж байсан, нөгөө талаас талбайд өмнө нь үхэр орж байсан, нэхэмжлэгч Б.Б нь луувангаа тодорхой хэмжээгээр хураасан байсан тул ийм их хэмжээний хохирол учраагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Нэхэмжлэгч Р.Б Дархан-Уул аймгийн ........гэх газар байрлах тариалангийн талбайд 2019 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд бог мал орж, тариалсан лууванг идэж, сүйтгэсний улмаас нийт 4,571,667 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн ... 1 га газарт шар лууван тариалсан байна.Үзлэгээр шар лууван 1 га талбайд бог мал орж, ургамлын массыг идэж /3689 квадрат метр/ 0,37 га газарт таримал ургамлыг гэмтээснээс ургамлын өсөлт зогсож, зах зээлд борлуулах, хадгалах боломжгүй болсон байна. ...Сумын Засаг даргын 2019 оны А/134 дугаар захирамжийн дагуу 1 га талбайгаас хураан авах ургацын дундаж блансаар шар лууван га талбайгаас 73,4 цн буюу 7,34 тн хураан авах гэж тооцвол 0,37 га 2,7 тн буюу 2715 кг ургац хураах боломжтой байсныг тогтоож дүгнэлт гаргав. ... Бодит хохирол 4,571,667 төгрөгний хохирол учирсан байна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү дүгнэлтийн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Б нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр хариуцагч Ш.Г бог мал, 2019 оны 09 сарын 29-ний өдөр хариуцагч Б.Б бог мал тус тус түүний тариалангийн талбайд орж, тарьсан лууванг идэж, хохирол учруулсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Ш.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагч Б.Б нь тухайн өдөр эхнэр малаа хариулж явсан тул манай мал Р.Б талбайд орж, хохирол учруулаагүй гэж маргаж байгаа боловч хариуцагч Ш.Г шүүх хуралдаан дээр гаргасан ... манайх хар голдуу ямаатай, бог малтай бөгөөд 2019 оны 09 сарын 28-ны өдөр манай мал Р.Б талбайд орсон нь үнэн. Нэг л удаа орсон бөгөөд би хохирлоо төлж барагдуулсан. Манай тэр хавьд хариуцагч Б.Б, манайх хоёр л ийм олон бог малтай гэсэн тайлбар, хариуцагч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан ... манайх нийт 290 толгой бог малтайгаас 80 тооны ямаатай бөгөөд ямааны 3-4 нь л хар зүстэй, бусад нь улаан голдуу ямаа байгаа. Манайхны тэр хавьд Ш.Г, манайх хоёр л ийм хэмжээний бог малтай нь үнэн... гэсэн тайлбар, хэрэгт авагдсан талбайд орсон бог малын фото зургуудаас үзэхэд хариуцагч Б.Б дээрх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан дээр хариуцагч Ш.Г хэрэгт авагдсан 2019 оны 09 сарын 28-ны өдөр талбайн хашаанаас малыг гаргаж байхдаа авсан гэх фото зурагт байгаа малыг өөрийн мал мөн болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2019 оны 09 сарын 29-ний өдөр авсан гэх фото зурагт байгаа малыг өөрийн мал биш гэж байгаа, мөн зурагт улаан зүсмийн ямаа олон байгаа нь хариуцагч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан ...80 тооны ямаатай бөгөөд ямааны 3-4 нь л хар зүстэй, бусад нь улаан голдуу ямаа байгаа гэсэн тайлбартай тохирч байх тул хариуцагч Б.Б өмчлөлийн бог мал тариалангийн талбайд орж, хохирол учруулсан гэм буруутай байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Б нь малаа хариулгатай байлгасан, түүний мал талбайд ороогүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Б.Б болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан дээр түүний эхнэр Б.Г гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Г нь хэрэгт авагдсан талбайд орсон малын зургийг ...хэний мал гэдэг нь сайн мэдэгдэхгүй байна гэж тодорхойлж, мөн манайх 80-аад улаан ямаатай. Харин Г дийлэнх нь хар ямаатай, ногоон будагтай.. гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч Б.Б нь өөрийн тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ хариуцагч Б.Б биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Р.Б нь эд хөрөнгөд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Ш.Г, Б.Б нар нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул хуульд заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Б нь өөрт учирсан хохирлын хэмжээг хэрэгт авагдсан Дархан-Уул ..... Засаг даргын Тамгын газраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр тооцож ирүүлсэн бөгөөд энэхүү хохирлын хэмжээг хариуцагч нарт тэнцүү хуваан шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн өдрүүдэд тариалангийн талбайд орсон малын тоо тодорхойгүй байгаа бөгөөд хэрэгт авагдсан фото зургаас харахад хариуцагч нарын бог мал сүргээрээ талбайд орсон байдал, ойролцоо тооны бог малтай гэх талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нарын гэм хорыг арилгах хэмжээг тодорхой байдлаар хувилан хуваарилах боломжгүй байх тул хохирлын нийт хэмжээг тэнцүү хувааж хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч Ш.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн, 1,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Б олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ш.З мал нь хариулгатай байдаг учир Б.Б буруугүй гэж дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч Б.Б мал тухайн өдөр тариалангийн талбайд ороогүй, хариулгатай байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул иргэдийн төлөөлөгчийн энэхүү дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурдаж байна.

 

Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан хэдий ч нэхэмжлэгч Р.Б нь учирсан хохирлын үнийн дүнг багасгаж байх тул дахин бууруулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Б олгож, хариуцагч Ш.Г холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 38,950 төгрөг, хариуцагч Ш.Г 38,950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

З.ТУНГАЛАГМАА