Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 7

 

Р.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01112/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 05-ны өдрийн 1126 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Р.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Ш.Г-,

            Б.Б- нарт холбогдох

"Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол нийт 4,571,667 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Р.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дархан-Уул аймгийн Орхон сумын Улаан хошуу гэх газарт нэг га газар лууван тариалсан. Ургац хураах хугацаа болоогүй байхад Ш.Г-ийн болон Б.Б-ийн өмчийн хонь, ямаа 2019 оны 09 сарын 28, 29-ний өдрүүдэд ямар ч хариулгагүйгээр манай тариалангийн талбайд орж, ургацын хохирол учруулсан. Сумын Засаг даргын тамгын газраас ажлын комисс гарган ажиллаж 2019 оны 10 сарын 01-ний өдөр манай талбайд очиж үзэн ургацын хохирлыг тогтоосон. Иймээс 4.571.667 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний зүгээс хариуцагч нарыг адил тэнцүү буруутай гэж үзэж байгаа тул үнийн дүнг хуваан хариуцагч Б.Б-эс 2.285.833 төгрөгийг, хариуцагч Ш.Г-оос 2.285.833 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байгаа. Шүүх хуралдаанаас өмнө Ш.Г-оос шаардаж байгаа үнийн дүнгээ багасгаж, 1.500.000 төгрөгөөр бид тохирч, хариуцагч Ш.Г- нь надад энэ үнийн дүндээ тохирсон мал өгсөн тул түүнд холбогдох шаардлага байхгүй. Харин хариуцагч Б.Б-эс шаардаж байгаа 2.285.833 төгрөгийг мөн адил багасгаж 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ш.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай мал Р.Б-ийн талбай руу орсон нь үнэн. Манай тэр хавьд хариуцагч Б.Б-ий болон манайх л бог малтай. Манай мал хар ямаа олонтой, Б.Б-ийх улаан ямаа олонтой юм. Манай мал нэг удаа орсон. Иймээс Р.Б-тэй тохирч 1.500.000 төгрөгт тооцож, 1 бяруу, 2 хонь өгсөн. Одоо бидний хооронд маргаан байхгүй, төлбөрөө төлсөн гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 09 сарын 29-ний өдөр манай мал хариулгатай байсан. Манай эхнэр өөрөө малаа хариулж байсан тул манай мал Р.Б-ийн талбайд орох боломжгүй. Мөн Р.Б-ийн талбайд өмнө нь үхэр ч орсон байдаг байсан. Манайх ойрхон байдаг учраас Р.Б-ийн хадам аавд энэ талаар хэлж байсан удаатай. Мөн хохирлыг тогтоохоос өмнө тэднийх луувангаа хурааж байсан. Тэгэхээр ийм хэмжээний хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй. Манай тэр хавьд эдний тариалангийн талбайтай ойрхон Ш.Г-ийнх, манай хоёр байдаг нь үнэн. Өөр олон хонь, ямаатай айл байхгүй. Гэхдээ манай малын хувьд хариулгатай байдаг тул талбайд ороогүй. Манайх 80 ямаатай бөгөөд үүнээс 3-4 нь хар ямаа байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б-эс 1.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Б-д олгож, хариуцагч Ш.Г-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-эс 38.950 төгрөг, хариуцагч Ш.Г-оос 38.950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...Хариуцагч нарын гэм буруутай үйлдлийг хэрэгт авагдсан гэрэл зургууд, кадастрын зураг зэргийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн байна.

Гэм хорын хохирлын хэмжээ тогтоосон ажлын хэсгийн дүгнэлт нь ”Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалыг үндэслэн “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ын дагуу тооцох нь зүйтэй боловч хамтарсан ажлын хэсэг тариалангийн талбайд мал орсон үйл явдлыг тухайн үед нь газар дээр нь очиж баримтжуулаагүй, ажлын хэсгийн дүгнэлтийг хохирогч, холбогдогч талуудад танилцуулаагүй, тариалан эрхлэгчийн гэрээг хавсаргаагүй, кадастрын зураг дээрх эзэмшигчийн нэр тодорхойгүй тариалсан ургамлын санхүүгийн баримт байхгүй, зах зээлийн үнэ ханш нотлох баримтын шаардлага хангаагүй зэргээс нэхэмжлэгч Р.Б- тариалан эрхлэгч мөн эсэх. шүүхэд гэм хорын шаардлага гаргах эрхтэй эсэх тодорхойгүй байна.

Нөгөөтээгүүр тариалангийн тухай хуулийн 28.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээд эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч нар 2019 оны 09 сарын 28, 29-ны өдрүүдэд зөрчил үйлдсэн эсэх, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хонь, ямааны дүрс бүхий гэрэл зураг хариуцагчийн өмчийн мал мөн эсэх, хонь, ямааны гэрэл зураг дээрх тариалангийн талбай нэхэмжлэгчийн эзэмшлийн талбай мөн эсэх, хонь ямааны гэрэл зураг гэм хор учруулсан гэх өдрүүдийн зураг мөн эсэх тодорхой бус байхаас гадна нэхэмжлэгчийн гаргаж өгсөн шүүхийн шийдвэр үндэслэл болсон хонь ямааны фото зураг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.

Хариуцагч Б.Б- шүүхэд өгсөн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт ... 2019 оны 09 сарын 28, 29-ны өдрүүдэд манай мал хариулгатай байсан, нэхэмжлэгчийн тариан талбайд манай мал ороогүй гэх тайлбарыг гэрч Б.Гантуяагийн хууль сануулж өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа тул хариуцагч Б.Б-ийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч Б.Б- гэм буруутай гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай анхан шатны шүүхийн шийдвэр нийцээгүй гэж Давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч хариуцагч Б.Б-эс 1.500.000 төгрөг гаргуулахаар шийдсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Р.Б- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар гаргаж байна.

Миний бие Орхон сумын Улаан хошуу гэдэг газарт 1 га газрыг 2019.05.20-ны өдөр Төрбат гэх хүний өмчийн тариалангийн талбайг аман гэрээгээр 300.000 төгрөгөөр түрээслэн 2019.05.22 өдөр шар луувангаа тариалсан.

Хариуцагч Ш.Г- нь өөрийн мал орсон гэдгийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож хохирлыг барагдуулсан.

Талбайд мал орсны дараа Дархан сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаран уг мал идсэн хэсгийг 2019.10.01 тариан талбай дээр очиж GPS-ээр газрын кадастрын зургийг гаргаж идэж тахалсан газрын хэмжээг тодорхой гаргаж дүгнэлт хийж хохирлын тоо хэмжээг гаргаж өгсөн. Орхон сумын Засаг даргын тамгын газраас ургацаа хураалгүй түр хүлээж бай гэсэн тул дүгнэлтийг гарснаас хойш нэлээдгүй хугацааны дараа урагцаа хурааж эхлээгүй байсан.

Анхан шатны шүүх хурал дээр нийт гарсан хохирлыг  2 айлаас тэнцүү гаргуулах хүсэлт гаргаж дүгнэлтээр гаргасан үнийн дүнг бууруулан нэг айлаас 1.500.000 төгрөг гаргуулах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхэд өгсөн дүрс зураг болон тайлбар хариуцагч Б.Б-ийн мал болохыг нотолмоор байхад нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн өмгөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангах  үндэслэлгүй  байна.

            Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч Ш.Г-, Б.Б- нарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан  гэм хорын хохирол 4.575.667 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч  нараас тус бүрээс 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба Ш.Г-той 1.500.000 төгрөгт мал авахаар харилцан тохиролцсон, хариуцагч Б.Б- 1.500.000  төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч  маргажээ.

            Нэхэмжлэгч Р.Б- нь 1 га газар лууван тариалж, тариалсан лууван хэвийн явцтай сайн ургасан, 2019 оны 09 дүгээр сарын 28, 29-ны өдөр лууван тариалсан талбайд мал орж, идэж сүйтгэсэн үйл баримт нь нэхэмжлэгч болон хариуцагч Ш.Г-ийн тайлбар, тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр тогтоогдсон  байна.

            Нэхэмжлэгч Р.Б- нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хохирол учруулсан этгээдээс шаардах эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд Ш.Г-, Б.Б- нарыг хариуцагчаараа тодорхойлсны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулжээ.

            Хариуцагч Ш.Г- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлснээр  маргаан дуусгавар болсон  байна.

            Хариуцагч  Б.Б- “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай мал хариулгатай байсан..., ...Р.Б-ийн талбайд өмнө нь үхэр ч орсон байдаг байсан...,  ...хохирлыг тогтоохоос өмнө тэднийх луувангаа хурааж байсан..., ...ийм хэмжээний хохирол  учирсан гэж байгаа нь  үндэслэлгүй...  гэж  тайлбар  гаргаж  маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх  үүрэгтэй юм.

Харин хариуцагч Б.Б- дээрх татгалзал тайлбарыг нотолж, нотлох баримтыг шүүхэд  ирүүлээгүй, гэрч  Б.Гантуяаг \Б.Б-ийн  эхнэр\-ын мэдүүлгээр лууван  тарьсан талбайд   малаа  оруулаагүй  гэдгийг  нотолж  чадаагүй   байна.

            Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн  шаардлагыг хангахдаа хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад  тулгуурласан байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо “...хохирлын хэмжээ тогтоосон ажлын хэсгийн дүгнэлт нь..., ...зах зээлийн үнэ ханш нотлох баримтын шаардлага хангаагүй..., ... Р.Б-  тариалан эрхлэгч мөн эсэх...,  ...хариуцагч нар ..., ...зөрчил үйлдсэн эсэх..., ...хонь ямааны фото зураг ..., ...хуулийн шаардлагад нийцэхгүй..., гэжээ.

            Хэргийн оролцогч нь өөрийн  шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг  нотлох баримт гэнэ. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа  өөрөө  гаргаж өгөх цуглуулах  үүрэгтэй.

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан дээрх  үндэслэл нь хэрэгт авагдсан  нотлох баримтад  үндэслэгдээгүй  байх тул  хангахгүй орхих нь зүйтэй.

Хариуцагч Ш.Г- нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Энэ  тохиолдолд  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой юм.

Харин шүүх түүнд  холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул   зөвтгөж өөрчлөлт оруулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 1126 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын

 “...хариуцагч Ш.Г-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэсэн хэсгийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.Г- нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Б.Б-эс төлсөн 39.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

         

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                     АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                                ГҮЙЦЭТГЭГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                      ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ