Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00155

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00155

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: -д холбогдох

3 292 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг дарга асан ******* 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А/204 захирамж гаргаж, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь салбарын дансанд 15 000 000 төгрөг шилжүүлсэн. *******ийн үгээр 12 000 000 төгрөгийг Монгол аялал ХХК-д шилжүүлсэн юм. ******* буруу захирамж гаргасан учраас 12 000 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. ******* үлдэгдэл 3 000 000 төгрөгийг бэлнээр авсанаа хүлээн зөвшөөрөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нотариатын баталгаа гаргаж өгсөн юм. Гэтэл хугацаа өнгөрөөд төлөхгүй байна. Тиймээс *******ээс 3 000 000 төгрөг болон шүүхийн шийдвэрээр миний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 292 950 төгрөг нийт 3 292 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Аймгийн засаг дарга асан *******гийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/204 тоот захирамжийн дагуу Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны дансанд орсон 15 000 000 төгрөгийг бүгдийг нь аялалд явсан нэр бүхий 29 аялагчийн зардалд зарцуулсан болно. Тухайн үед 12 000 000 төгрөгийг урьдчилгаа болгон шууд Монгол аялал компанийн дансанд шилжүүлээд үлдсэн 3 000 000 төгрөгийг бэлнээр авч бусад эх үүсвэр болох 10 000 000 төгрөгийг цуглуулж нийт 12 950 000 төгрөгийг бүрэн төлж 24 950 000 төгрөгийн аялал зохион байгуулагдсан. Дараа нь Цагдаад дээрх асуудлаар шалгагдахад ******* намайг хэргийг хүлээчих би бүгдийг нь төлж барагдуулна гэсэн. Үүнээс хойш 2 жил өнгөрөөд төлбөр тооцоог барагдуулаагүй. *******ийг шүүхэд дуудаж үүний улмаас шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандаж төлбөрийг ******* бүрэн барагдуулахаа амлаж гэрээ байгуулахад намайг 3 000 000 төгрөгийг барагдуулна гээд гарын үсэг зурж баталгаа гаргачих би мөнгийг нь төлнө гэсэн өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Би нөхрийг ихээхэн төлбөр хариуцаж байгааг ойлгож байсан 800 000 төгрөгөө 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******т өгсөн. Дахин төлбөр төлөх боломжгүй. Төлөх ёстой *******гээс төлбөр болон тэмдэгтийн хураамжийг гаргуулан шийдвэрлэж өгөхийг хүсье. Шүүх хуралд *******г байлцуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 3 292 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* 800 000 төгрөг төлсөн, энэ төлбөрийг ******* хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар шүүхэд ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Орхон аймгийн Засаг дарга асан ******* Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо гишүүдэд үйлчилдэг ТББ-ын Орхон аймаг дахь салбарын тэргүүн ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ-ний дагуу гарын авлага хэвлүүлэх, жолоочийн анхааруулах наалт хэвлүүлэх, жолооч нарын дунд сургалт зохион байгуулах зардалд Засаг даргын нөөц сангаас 15 000 000 төгрөгийг олгосон байна. Гэтэл *******, ******* нар нь дээрх мөнгийг гэрээнд зааснаас өөрөөр буюу 29 хүний аялалын зардалд зарцуулж, зориулалт бусаар үрэгдүүлсэн болох нь эрүүгийн 201614000017 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. *******, ******* нар нь "өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна... хохирогчийн зүгээс гаргах нэхэмжлэлийг бүрэн барагдуулахад татгалзах зүйлгүй... гэсэн мэдүүлэг, хүсэлтийг Цагдаагийн газарт гаргасан, гэм буруу болоод хохирлын талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 15 000 000 төгрөгийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/98 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд төрийн байгууллагад учруулсан хохирлыг өнөөдрийг хүртэл нөхөн төлөөгүй байгаа тул төрийг хохиролгүй болгохоор Орхон аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Дээрхи Засаг даргын нөөц сангаас олгосон 15 000 000 төгрөгийн 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь *******ийн хэлснээр Монгол аялал компаний дансанд шилжүүлж, үлдэх 3 000 000 төгрөгийг бэлнээр *******т өгсөн тул ******* 3 000 000 төгрөг, шүүхийн шийдвэрээр гаргуулсан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нийт 3 292 950 төгрөгийг хариуцах ёстой гэж нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч ******* нэр бүхий 29 хүний аялалд дээрхи мөнгө зарцуулагдсан, Цагдаад шалгагдах үед Засаг дарга асан ******* намайг хэргийг хүлээчих би мөнгийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. 800 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******т өгсөн дахин төлбөр төлөх боломжгүй тул *******гээс дээрхи төлбөрийг гаргуулж, шүүх хуралд *******г байлцуулна уу гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн тайлбарт 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан эсэх талаар маргаагүй байх бөгөөд шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн баталгаанд 3 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор *******т бүрэн төлж дуусгахыг баталж байна гэжээ.

Хариуцагч ******* 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******т 800 000 төгрөг өгсөн гэж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аваагүй гэж үгүйсгэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа зохигчид гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул хариуцагч ******* уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Харин *******аас 15 000 000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрээр төлөх улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг ******* бүрэн хариуцах үндэслэлгүй байх тул түүний төлөх 3 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 62 950 төгрөгийг хариуцуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд *******ээс 3 062 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 230 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч ******* 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр товлосон шүүх хуралдаанд ирэх боломжгүй тухайгаа холбогдох нотлох баримтаар ирүүлснийг шүүх хүлээн авч, түүний мэтгэлцэж оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр товлосон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн биеэр авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн хариуцагчийн тайлбарт *******г байлцуулах талаар дурдсан боловч гэрчээр оролцуулах эсэх талаар бие даасан хүсэлт гаргаагүй тул хүсэлт гэж дүгнээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 66 680 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 63 957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 3 062 950 /гурван сая жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230 000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66 680 /жаран зургаан мянга зургаан зуун ная/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 63 957 /жаран гурван мянга есөн зуун тавин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ