Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00039

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00155 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

3.292.950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагч Ч.Цэдэв, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Аймгийн Засаг дарга асан С.Дангаасүрэн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А/204 захирамж гаргаж, хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь салбарын дансанд 15.000.000 төгрөг шилжүүлсэн. *******ийн үгээр 12.000.000 төгрөгийг Монгол аялал ХХК-д шилжүүлсэн юм. С.Дангаасүрэн буруу захирамж гаргасан учраас 12.000.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. ******* үлдэгдэл 3.000.000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нотариатын баталгаа гаргаж өгсөн юм. Гэтэл хугацаа өнгөрөөд төлөхгүй байна. Тиймээс *******ээс 3.000.000 төгрөг болон шүүхийн шийдвэрээр миний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 292.950 төгрөг нийт 3.292.950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Аймгийн засаг дарга асан С.Дангаасүрэнгийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/204 тоот захирамжийн дагуу хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны дансанд орсон 15.000.000 төгрөгийг бүгдийг нь аялалд явсан нэр бүхий 29 аялагчийн зардалд зарцуулсан болно. Тухайн үед 12.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон шууд Монгол аялал компанийн дансанд шилжүүлээд үлдсэн 3.000.000 төгрөгийг бэлнээр авч бусад эх үүсвэр болох 10.000.000 төгрөгийг цуглуулж нийт 12.950.000 төгрөгийг бүрэн төлж 24.950.000 төгрөгийн аялал зохион байгуулагдсан. Дараа нь Цагдаад дээрх асуудлаар шалгагдахад С.Дангаасүрэн намайг хэргийг хүлээчих би бүгдийг нь төлж барагдуулна гэсэн. Үүнээс хойш 2 жил өнгөрөөд төлбөр тооцоог барагдуулаагүй. *******ийг шүүхэд дуудаж үүний улмаас шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандаж төлбөрийг С.Дангаасүрэн бүрэн барагдуулахаа амлаж гэрээ байгуулахад намайг 3.000.000 төгрөгийг барагдуулна гээд гарын үсэг зурж баталгаа гаргачих би мөнгийг нь төлнө гэсэн өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Би нөхрийг ихээхэн төлбөр хариуцаж байгааг ойлгож байсан 800.000 төгрөгөө 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******т өгсөн. Дахин төлбөр төлөх боломжгүй. Төлөх ёстой С.Дангаасүрэнгээс төлбөр болон тэмдэгтийн хураамжийг гаргуулан шийдвэрлэж өгөхийг хүсье. Шүүх хуралд С.Дангаасүрэнг байлцуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00155 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 3.062.950 /гурван сая жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66.680 /жаран зургаан мянга зургаан зуун ная/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 63.957 /жаран гурван мянга есөн зуун тавин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

*******ийн нэхэмжлэлтэй надад хариуцагдах иргэний хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэн бөгөөд намайг хуралд хоцорч ирсний төлөө миний эзгүйд нотлох баримтыг нь авахгүйгээр үндэслэлгүйгээр мөнгө гаргахаар шийдвэрлэсэн байна. Миний бие хуралд 5 минут хоцорсон бөгөөд өмнө нь нэхэмжлэгч *******т 800.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түүний төрсөн дүү, итгэмжлэгдсэн төлөөлөгч Бошгийн Ганболдын дансанд шилжүүлсэн баримтыг өгөх байтал авахгүйгээр хуралдаан хийж үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Миний хувьд дээрх 800.000 төгрөг шилжүүлсэн баримтыг өмнө нь нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө шүүхэд өгөх гэсэн боловч шүүгчийн туслах Энхбаатар нь хурал дээрээ өгчих гээд аваагүй. Тэгэхлээр нь хурал дээр өгөхөөр ирэхэд намайг хуралд хоцорсон гээд оруулахгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь "...800.000 төгрөгийг хасч нэхэмжил гэхээр олон удаа шүүхээр явсан тул хасахгүй..." гээд бүх мөнгөө нэхэмжилсэн. Үүнийг миний бие зөвшөөрөхгүй байна. Харин үлдсэн 2.263.950 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж 3.062.950 төгрөгөөс 800.000 төгрөгийг хасч үлдсэн 2.263.950 төгрөгийг гаргуулахаар өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан 3.292.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...800.000 төгрөг төлсөн, уг төлбөрийг би хариуцах ёсгүй тул төлбөр төлөх боломжгүй... гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч *******т 3.000.000 төгрөгийг 11 сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгах тухай баталгаа гаргасан ба дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй, 800.000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хариуцагч *******ийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал, тайлбараа нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж улмаар хариуцагчаас 3.000.000 төгрөг, № 142/ШШ2018/01199 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгөөс ногдох 62.950 төгрөг бүгд 3.062.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 230.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.5.-д анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй... гэж хуульд заасны дагуу хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа ирүүлсэн банкны орлогын мэдүүлгийг давж заалдах шатны шүүх нотлох баримтанд үнэлэх боломжгүй.

Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан ....нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын дансанд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 800.000 төгрөг төлсөн тул дээрх төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулж, бусад төлбөрийг төлнө гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ