Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/01952

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/01952

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э/-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 34.599.995 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Н нь Б.Э ын хүсэлтийн дагуу харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000 ам доллар болон 1.000.000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлж Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.

Зээлдэгч Б.Э нь зээл авсан өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.260.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3.150.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус авч нийт 7.410.000 төгрөгийг өгсөн нь үнэн.

2016 оноос хойш зээлийн төлөлт хийхгүй, зайлсхийгээд байхаар нь аргаа бараад Б.Э тай биечлэн уулзаж үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бодож тооцоо нийлэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар бодож Тооцоо нийлж Б.Э өөрөө Зээлийн гэрээний ард Тооцоо нийлсэн акт гэж бичээд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Ингэж бичихдээ зээлийн гэрээний ар талд Б.Э өөрийн гараар үндсэн зээл 10.000 ам доллар, хүү 6000 ам долларын хамт нийт 16.000 ам доллар болж байна гэж бичсэн.

Ингэж бичиж өгснөөсөө хойш 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг өгсөн.

Одоо Б.Э аас үндсэн зээл 10.000 ам доллар, хүү 7450 ам доллар, нийт 17450 ам долларыг гэрээ байгуулсан үеийн буюу 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкны ханш 1863,61 төгрөгөөр тооцон 32.519.995 төгрөгийг, төгрөгөөр зээлсэн 1.000.000 төгрөг, түүний хүү 1.080.000 төгрөгийн хамт нийт 34.599.995 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Б.Э нь өөрийн найз Г.Б тай 2015 оны 3 дугаар сараас хамтран ажиллахаар болсон. Тухайн үед санхүүжилт хэрэгтэй байсан учраас 10.000 ам долларыг Г.Б аас зээлж, Г.Б д бичиг баримт байхгүй байсан тул түүний эхнэр Б.Н тэй зээлийн гэрээ байгуулсан.

Би 10.000 ам долларыг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сарын 3%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн, харин 1.000.000 төгрөгийг би бодитойгоор хүлээж аваагүй болно.

Гэрээ байгуулсаны дараа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.260.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3.150.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өгч нийт 7.410.000 төгрөгийг төлсөн талаар бид маргахгүй байгаа юмаа.

Иймд 10.000 ам доллараас хасагдсан үлдэгдэл болон 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгэр сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацааны хүүг хуульд заасан журмын дагуу бодож төлнө.

Б.Н гийн гаргасан 34.599.995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тооцоо нийлсэн акт нь гэрээ биш учраас зөвхөн гэрээнд заасан хугацаанд л хүү төлнө, гэрээнд 0%-ийн алданги төлнө гэж байгаа тэгэхээр алданги ч тооцохгүй юм.

Нэхэмжлэгчээс зээлж авсан 10.000 ам долларыг, гэрээний хугацаанд төлөх хүү 900 ам долларын хамт нийт 10.900 ам долларыг нэхэмжлэлд бичсэнээр нэг ам долларыг 1863,61 төгрөгөөр тооцож нийт 20.313.349 төгрөгнөөс түүнд төлсөн 7.410.000 төгрөгийг хасаж үлдэх 12.903.349 төгрөгийг төлнө, үлдэх 21.696.646 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

 Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Э аас 34.599.995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Б.Э нь Б.Н гээс 10.000 ам долларыг, 1.000.000 төгрөгийн хамт 3 сарын хугацаатай зээлж, 3%-ийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 5-р хуудас/

Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлж 2017 оны 9 дүгээр сарын 11-ний байдлаар үндсэн зээл 10.000 ам доллар, хүү 6000 ам доллар, нийт 16000 ам доллар болсон тухай тэмдэглэж зээлдэгч Б.Э гарын үсэг зурсан байна. /хх-ийн 5-р хуудасны арын нүүр/

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Б.Э нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүд 1.260.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3.150.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өгч нийт 7.410.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Зээлдүүлэгч Б.Н нь зээлдэгч Б.Э т 10.000 ам долларыг 1.000.000 төгрөгийн хамт зээлдүүлсэн гэж байгаа боловч Б.Э нь 10.000 ам долларыг бодитойгоор авсан, харин 1.000.000 төгрөгийг бодитойгоор аваагүй гэсэн тайлбар өгч, нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгээгүй, шилжүүлсэн тухай баримтыг ирүүлээгүй тул зээлдэгч Б.Э 1.000.000 төгрөгийг буцаан өгөх үүргийг хүлээгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Б.Н г 1.000.000 төгрөгийг хариуцагч /зээлдэгч/ Б.Э т зээлдүүлсэн гэх үндэсгүй.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч Б.Э 2017 оны 9 дүгээр сарын 06-ний байдлаар тооцоо нийлж 2017 оны 9 дүгээр сарын 11-ний байдлаар хүү 6000 ам доллар, үндсэн зээл 10.000 ам доллар нийт 16.000 ам доллар болж байна гэж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээг мөн нөхцөлөөр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгагдсан гэж үзнэ.

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны байдлаар тооцоо нийлж 16000 ам доллар болж байгаа тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд талуудын хоорондоо тохиролцсон тухайн үеийн ханшаар тооцоход 29.817.760 төгрөг /16000 ам доллар х 1863,61төгрөг =29.817.760/-нөөс тооцоо хийх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул гэрээний үүргээс хасаж 29.847.760-3.000.000=26.817.760 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н д төлөх үүрэгтэй.

Гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү төлөх үүрэгтэй болно.

Иймд хариуцагч /зээлдэгч/ Б.Э аас 26.817.760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Б.Н д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.782.235 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Э нь 10.000 ам долларыг Б.Н гийн нөхөр Г.Б аас зээлсэн, гэрээгтүүний эхнэр Б.Н тэй хийсэн гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн аль нь ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй, шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-т заасныг баримтлан Б.Э аас 26.817.760 /хорин зургаан сая найман зуун арван долоон мянга долоон зуун жаран/ төгрөгийг гаргуулж Б.Н д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.782.235 / долоон сая долоон зуун наян хоёр мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 330950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                     

                                  ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО