Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02375

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02375

 

 

Б.Норжинсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01952 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Норжинсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Энхбаярт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 599 995 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлдэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энх-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Норжинсүрэн нь Б.Энхбаярын хүсэлтийн дагуу харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 000 ам доллар болон 1 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлүүлж, зээлийн гэрээгээ нотариатаар батлуулсан. Зээлдэгч Б.Энхбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 260 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3 150 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 7 410 000 төгрөгийг өгсөн нь үнэн. 2016 оноос хойш зээлийн төлөлт хийгээгүй тул Б.Энхбаяртай биечлэн уулзаж үндсэн зээл, хүүгийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар бодон тооцоо нийлж Б.Энхбаяр өөрөө зээлийн гэрээний ард тооцоо нийлсэн акт гэж бичээд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингэж бичихдээ зээлийн гэрээний ар талд Б.Энхбаяр өөрийн гараар үндсэн зээл 10.000 ам доллар, хүү 6000 ам долларын хамт нийт 16.000 ам доллар болж байна гэж бичсэн. Ингэж бичиж өгснөөсөө хойш 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг өгсөн. Одоо Б.Энхбаяраас үндсэн зээл 10 000 ам доллар, хүү 7 450 ам доллар, нийт 17 450 ам долларыг гэрээ байгуулсан үеийн буюу 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкны ханш 1863,61 төгрөгөөр тооцон 32 519 995 төгрөгийг, төгрөгөөр зээлсэн 1 000 000 төгрөг, түүний хүү 1 080 000 төгрөгийн хамт нийт 34 599 995 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Энхбаяр шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Б.Энхбаяр нь өөрийн найз Г.Баярсайхантай 2015 оны 3 дугаар сараас хамтран ажиллахаар болсон. Тухайн үед санхүүжилт хэрэгтэй байсан учраас 10 000 ам долларыг Г.Баярсайханаас зээлж, Г.Баярсайханд бичиг баримт байхгүй байсан тул түүний эхнэр Б.Норжинсүрэнтэй зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч 10 000 ам долларыг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн, харин 1 000 000 төгрөгийг бодитойгоор хүлээж аваагүй болно. Гэрээ байгуулсаны дараа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 260 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3 150 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус өгч нийт 7 410 000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй байна. Иймд 10 000 ам доллараас хасагдсан үлдэгдэл болон 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгэр сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацааны хүүг хуульд заасан журмын дагуу бодож төлнө. Б.Норжинсүрэнгийн гаргасан 34 599 995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцоо нийлсэн акт нь гэрээ биш учраас зөвхөн гэрээнд заасан хугацаанд л хүү төлнө, гэрээнд 0 хувийн алданги төлнө гэж байгаа тэгэхээр алданги ч тооцохгүй юм. Нэхэмжлэгчээс зээлж авсан 10 000 ам долларыг, гэрээний хугацаанд төлөх хүү 900 ам долларын хамт нийт 10 900 ам долларыг нэхэмжлэлд бичсэнээр нэг ам долларыг 1863,61 төгрөгөөр тооцож нийт 20 313 349 төгрөгнөөс түүнд төлсөн 7 410 000 төгрөгийг хасаж үлдэх 12 903 349 төгрөгийг төлнө, үлдэх 21 696 646 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-т заасныг баримтлан Б.Энхбаяраас 26 817 760 төгрөгийг гаргуулж Б.Норжинсүрэнд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 782 235 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 330 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229 858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Норжинсүрэнд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 181/ШШ2018/01952 тоот шийдвэрийн "... зээлдэгч Б.Энхбаяр нь 2017 оны 9 дугээр сарын 6-ны өдрийн байдлаар тооцоо нийлж, 2017 оны 9 дугээр сарын 11-ний байдлаар хүү 6000 ам.доллар, үндсэн зээл 10 000 ам.доллар, нийт 16 000 ам.доллар болж байна гэсэн тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээг мөн нөхцлөөр 2017 оны 9 дугээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгагдсан гэж үзнэ. Талууд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны байдлаар тооцоо нийлж, 16 000 ам.доллар болж байгаа тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд талуудын хоорондоо тохиролцсон тухайн үеийн ханшаар тооцоход 29 817 760 төгрөгөөс тооцоо хийх үндэслэлтэй байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтыг бодитоор үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дууссан" ...гэж дүгнэсэн атлаа зээлийн гэрээг мөн нөхцлөөр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан гэж үзэн 16 000 ам.доллараас тооцоо хийх үндэслэлтэй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. Гэрээний ар талын нүүр хэсэгт "...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хүү 6 000 ам.доллар, үндсэн зээл 10 000 ам доллар нийт 16 000 ам.доллар болж байна гэх тэмдэглэгээгээр гэрээг мөн нөхцлөөр сунгагдсан гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Бид 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүсэл зоригоо илэрхийлж хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулсан ба тухайн гэрээг сунгаагүй юм. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний дагуу төлөх мөнгөн дүнг тогтоож, тооцоо нийлсэн акг үйлдсэн гэх тэмдэглэгээ нь гэрээг анх байгуулсан нөхцлөөр байгаа агуулгыг огт илэрхийлээгүй байдаг. Хариуцагчийн зүгээс тухайн тооцоо нийлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад утга агуулгын хувьд илт зөрчилтэй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг 13 914 411 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Норжинсүрэн нь хариуцагч Б.Энхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 599 995 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 12 903 349 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 21 696 646 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ...хариуцагчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн бичгийн баримтыг үндэслэсэн гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг гэрээгээр Б.Норжинсүрэн нь хариуцагч Б.Энхбаярт 10 000 ам.доллар, 1 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл буюу 3 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байна. Иймд хариуцагч Б.Энхбаярт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авсан 10 000 ам.долларыг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүснэ. Хариуцагч Б.Энхбаяр уг гэрээний дагуу 10 000 ам.долларыг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй байх бөгөөд харин 1 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэсэн тайлбар гаргасан байна. /хх-ийн 5 тал/ Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 1 000 000 төгрөг өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Норжинсүрэн нь хариуцагч Б.Энхбаяраас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч Б.Энхбаярыг зээлийн гэрээний үүрэгт 7 410 000 төгрөг төлсөн асуудлаар маргаагүй байна. Харин хариуцагчийн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн бичгийн баримтыг зээлийн гэрээг сунгасан гэж тооцож, хүү төлөх эсэх асуудлаар маргажээ.

Хуульд зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино гэж заасан. Талууд гэрээг сунгаж хүү тохирсон талаараа дээрх хуулийн шаардлагыг хангасан буюу анх гэрээг байгуулсан хэлбэрээр сунгасан гэрээг байгуулаагүй байх тул хариуцагчийн үйлдсэн ...2017 оны 9 дүгээр сарын 11-ний байдлаар хүү 6 000 ам.доллар, үндсэн зээл 10 000 ам.доллар, нийт 16 000 ам.доллар болж байна гэсэн бичгийн баримтыг үндэслэн өмнөх хүү тогтоосон гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтыг үндэслэн талууд зээлийн гэрээг сунгасан гэж үзэж хариуцагч Б.Энхбаяраас 26 817 760 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Талууд зээлийн гэрээний зүйлийг ам.доллараар тохиролцож, үүргийг гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Норжинсүрэн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцэх юм.

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүрэгт /10.900 х 2411 төгрөг/- 26 279 900 төгрөг гэж төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 7 410 000 төгрөгийг хасч үлдэх 18 869 900 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01952 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дахь заалтын ...26 817 760 төгрөг гэснийг ... 18 869 900 төгрөг гэж,

2 дахь заалтын ...229 858... гэснийг ...252 299... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхбаярын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                                 Ц.ИЧИНХОРЛОО