Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/шш2017/00916

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/00916

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А-д холбогдох,

Барьцааны хөрөнгийг 65.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 1486 дугаар шийдвэрээр Н.М надаас 60.047.546 төгрөгийг гаргуулж Мөнгөн зоос ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу одоо Г.Анд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно.

Г.Анд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийг шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон байдаг. Шинжээчийн тогтоосон үнэ нь зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур, зүйд нийцэхгүй хямд үнэлсэнд гомдолтой байна.

Иймд барьцааны хөрөнгийг 65.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв..

 

Хариуцагч Г.А-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 1486 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 сарын 13-ны өдрийн 719 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 сарын 28-ны өдрийн 523 дугаар тогтоолоор Н.М-гаас 60.047.546 төгрөгийг гаргуулж Мөнгөн зоос кредит ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу ИХШХШТХуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 8 сарын 15-ны өдрийн 2932 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч

Н.М-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.М-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019043 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ХД-ийн 69 дүгээр байрны 53 тоот 45,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тус тус битүүмжлэн хурааж төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн саналыг авахдаа хуулийг тайлбарлан үнийн саналыг гаргуулан авсан.

Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн тогтоосон үнэ болох 160.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан.

Үүний дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Сэлэнгэ эстимэйт ХХКомпаниар үнэлгээ тогтоолгосон.

Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 65.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгчид 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 3/37853 тоот албан бичгээр мэдэгдэж мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баримтжуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар дуудлага худалдааг зарласан боловч үнийн санал ирүүлээгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тооцон 32.500.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 3/2622 дугаартай мэдэгдэл, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 1/31 дугаартай тогтоолыг 2017 оны 01 сарын 17-ны өдөр төлбөр төлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Г.А-нд холбогдуулан, Барьцааны хөрөнгийг 65.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01486 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь Г.А 2016 оны 8 сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 16281009 дугаар тогтоолоор тогтоогдож байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Г.А 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 203 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилжээ.

Сэлэнгэ эстимэйт ХХК нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2016 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар 65 000 000 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайланг Г.Анд ирүүлсэн байна.

Шинжээчийн хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон уг хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг Г.А 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 3/37852 тоот албан бичгээр төлбөр төлөгчид хүргүүлж тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан тул нэхэмжлэгч Н.М нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Г.Анд холбогдох, Барьцааны хөрөнгийг 65.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгч хүчингүй болгуулах тухай Н.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР