Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0296/З |
Дугаар | 507 |
Огноо | 2017-12-06 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 507
“Ч-Э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан хийж, “Ч-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0706 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0596 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ч-Э” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн “Ч-Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0706 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Ч-Э” ХХК-ийн захирал Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчин шийдвэрлэсэн. “Ч-Э” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр “О” ХХК-ийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь Хадагтайн нэртэй 203.15 гектар талбай бүхий МV-002449 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан. “О” ХХК-ийн эзэмшилд байсан МV-002449 дугаартай тусгай зөвшөөрөл нь Капитрон банкны барьцаанд байсан ба манай компани нь 300.000 гаруй ам долларын өрийг төлж шилжүүлэн авсан.
Ашигт малтмалын газраас гадаадын хөрөнгө оруулагчийн мөнгийг л авахыг урьтал болгосон болохоос биш, байгаль орчин нөхөн сэргээлт, ТЭЗҮ, Монгол Улсын оршин суух хаяггүй этгээд, захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлэн заагаагүйгээс үүсэх эрх зүйн харилцаа хэрхэн зохицуулах талаарх хуульд заасан хийвэл зохих зүйлийг огт хийлгүй тусгай зөвшөөрлийг шилжүүлж, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулсан нь эцсийн эцэст энэхүү шүүхийн маргаанд хүргэсэн.
Нэхэмжлэгч анхнаасаа л нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заагдсан ажиллагааг огт хийлгүйгээр шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр маргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд эндээс үзвэл шүүхээс хэргийн оролцогчийн маргаж буй асуудлаар дүгнэлт хийх шаардлагатай байна. Үүнийг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулиар захиргааны байгууллагаас шийдвэр гаргах процессийг бүхэлд нь зохицуулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь ч захиргааны үйл ажиллагаагаа тус хуульд нийцүүлэн явуулах шаардлагатай байна. Тус хуулийн 18 дугаар зүйлд захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээдийн талаар зохицуулсан ба үүнд зааснаар оролцогч Монгол Улсад оршин суух хаяггүй, эсхүл байнга оршин суудаггүй бол захиргааны байгууллагын шаардсан хугацаанд түүний өмнөөс захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлэж болно.
Нэхэмжлэгч компанийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай нэг үүсгэн байгуулагчтай ба итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь зөвхөн Ё Я М гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Энэхүү маргаанд хамаарах хугацаанд Ё Я Мнь өвчтэй байсны улмаас компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байсан бөгөөд мэдэгдлийг хүлээн аваагүй. Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлэх нь уг шийдвэр гаргах ажиллагаанд чухал ач холбогдолтой байсан. Үүнийг тодорхойлоогүйгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 574558 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг тус компанид хамааралгүй этгээд болох Д.Г-д хүргүүлснээр тус компани нь мэдэгдлийг хүлээн авч чадалгүйгээр цуцлагдах үндэслэл бий болсон талаар мэдэлгүйгээс өнөөдрийн нөхцөл байдалд хүрээд байна.
Шүүхээс Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын заалтыг хэрэглэсэн байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрээ хэрхэн мэдэгдэх талаар 43 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байтал хуулийг хэрэглэлгүйгээр Улсын Дээд шүүхийн тайлбарыг хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Ашигт малтмал, газрын тосны газар нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар хүлээх үүргээ Ашигт малтмал, газрын тосны газар хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхээс гаргуулахыг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзан, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг бүрдсэн талаарх хариуцагчийн 7/4558 дугаар мэдэгдлийг нийтэлсэн мэдээллийн хэрэгслийн талаарх нотлох баримтыг авахуулах хүсэлтийг ч үл ойшоож хангалгүй орхин үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүйгээр хэргийн оролцогчийн мэтгэлцэх боломжоор хангаагүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү миний гаргасан “Д.Г-ыг Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2016-07-27-ны өдрийн 7/4558 дугаар албан бичгийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг тогтоолгох, уг этгээд “Ч-Э” ХХК-д ажиллаж байсан эсэх талаар” нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авах хүсэлтийг хүлээн авалгүй захирамж гарган татгалзсан хэрнээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Ашигт малтмалын газрын 2016-07-27-ны өдрийн мэдэгдлийг Д.Г өөрийн шуудангийн хайрцгаараа хүлээж авсан нь тогтоогдож байна. Д.Г нь “Ч-Э” ХХК-ийн менежер ажилтай, Кадастрын хэлтсээс 7/4558 тоот мэдэгдлийг гардан авах эрх бүхий албан тушаалтан...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, Д.Г нь “Ч-Э” ХХК-д ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох гэрээг байгуулаагүй, манай компанийн ажилтан огт биш юм. Харин “О” ХХК-ийн дампуурсан тусгай зөвшөөрлийг үнэ хүргэн дамлан худалдсан зуучлагч хүн болохыг анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хуулийн шаардлага хангаагүй байна.
Түүнчлэн хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа болоод бусад хийвэл зохих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үаng Yanming нь уурлах, баярлах, сэтгэл хөдлөл, шатаар хурдтай өгсөх үед зүрхний өвчний өөрчлөлт бий болох хэдий ч ухаан санаа бүрэн, бусадтай харилцах харилцаа нь хэвийн чадвартай...” гэж дүгнэснийг өөрийн мэдлэгийн цар хүрээнээс хэтэрсэн өөрөөр хэлбэл, нарийн мэргэжил шаардсан асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт юуг хамааруулах талаар тодорхойлж үүний /а/-д өвчтэй гэж тодорхой зааж өгсөн. Шүүхээс нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн Үаng Yanming-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудыг үнэлсэн атлаа уг баримтыг хэргийн ач холбогдол, нөхцөл байдалд тохируулан үнэн зөвөөр үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч компани нь нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд хөрөнгө оруулагч нар нь нутаг буцсан тул үйл ажиллагаа явуулахгүй байгаа...” гэж дурдсан байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 7.2 гэх заалттай нийцэхгүй байна” гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь ганц үүсгэн байгуулагчтай компанийн хувьд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нэг байж болох талаар Компанийн тухай хуулийн зохицуулалттай нийцэхгүй байгаа бөгөөд гүйцэтгэх захиралтай өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас компанийн үйл ажиллагааг хэвийн явуулж чадаагүй байдлыг үнэн бодитойгоор үнэлээгүй гэж үзэхээр байна.
Энэ бүхнээс авч үзвэл, анхан болон давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 34 дүгээр зүйл, 56 дугаар зүйл болон Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байхаар хуульчилжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Ч-Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-002449 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд ...алданги ногдуулна”, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч “Ч-Э” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр “О” ХХК-ийн эзэмшиж байсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хадагтай” нэртэй газарт орших 203.15 га талбай бүхий ашигт малтмалын MV-002449 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг анх олгосон 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс тооцож, жил бүрийн 7 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө буюу 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх, энэ хугацаанд төлөөгүй бол нэмж 30 хүртэл хоног буюу мөн оны 8 дугаар сарын 21-ний дотор төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч энэ хугацааны дотор төлөөгүй байна.
Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээ нэхэмжлэгч нь “компанийн үүсгэн байгуулагч Yang Yanming /Ё Я М/ гадаад улсад өвчтэй байсан” гэж тайлбарлах боловч энэ талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч компанид 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 7/4558 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хаяг болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 65-21 тоот /шуудангийн 51/40/-д шуудангаар хүргүүлсэн, уг мэдэгдлийг хүлээн авсан болох нь гэрч Д.Г-ын мэдүүлэг, захиргааны байгууллагын баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбар, “Монгол шуудан” ХК-ийн албан бичиг, шуудан хүргэгчийн дэвтэр зэргээр нотлогдож байна.
Тухайлбал, гэрч Д.Г-ын “...Би 2016 оны 8 дугаар сарны 02-ны өдөр 7/4558 тоот албан бичгийг хүлээн авсан. ...БНХАУ руу Ё Я М-д утсаар ярьж, ашигт малтмалын лицензийн төлбөр төлөх тухай албан бичиг ирснийг мэдэгдэж, төлбөрөө төл гэж хэлсэн. Гэтэл Ё Я М нь “өөрөө энэ асуудлыг хариуцахгүй байгаа, Ши гэх хүнийг хариуцаж байгаа” гэж хэлсэн. Төлбөрөө төл, хугацаа чинь болсон гэдгийг олон дахин Ё Я М-д хэлсэн, мөн Эрээн хотод амьдардаг БНХАУ-ын иргэн Ч М-ээр дамжуулж бас хэлүүлж байсан. ...Би тус компанид менежерээр ажилладаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ё Я М-ий визийг сунгуулж өгөөд ажиллахаа больсон...” гэсэн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хариуцагч нь тус компанид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь тогтоогджээ.
Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг ойлгоно”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж тус тус заасан байна.
Мөн энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ч-Э” ХХК нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлж ажиллах үүрэгтэй байхад нэхэмжлэгчээс төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгааныг “компанийн захирал L Х /Л Х Ж/ 2015 онд ажлаасаа чөлөөлөгдсөн, энэ хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, хөрөнгө оруулагч Ё Я М хүнд өвдсөн” зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас болсон гэж тодорхойгүй тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд дээрх шалтгаанаар 2016 оны 10 дугаар сард төлбөрийг алдангийн хамт төлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэсгүй юм.
Ийнхүү нэхэмжлэгч “Ч-Э” ХХК нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүлээн авсан боловч төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь тогтоогдсон тул маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 5 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ч-Э” ХХК-ийн MV-002449 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0706 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА