Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/02594

 

 

 

 

 

 

 

 

 

2020 10 20 181/ШШ2020/02594

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах, НДС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, ТК ХХК -д холбогдох,

Дулааны эрчим хүчний төлбөр 132 551 360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд ШД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НДС ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НДС ТӨХК нь Дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь ТК ХХК-ийн Шинэ Налайх орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангахаар, Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ-г 2014, 2016 онд байгуулсан. Манай компани нь гэрээнд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах үүргээ биелүүлсээр ирсэн. Гэтэл ТК ХХК нь дулааны төлбөрөө заасан хугацаанд төлдөггүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын байдлаар дулааны төлбөр нийт 132 551 360 төгрөгийг төлөөгүй байна.

Энэхүү төлбөрийг задлан харуулбал: 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар 10 523 903 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 70 053 360 төгрөгийн үндсэн төлбөр, 9 749 107 төгрөгийн алданги, нийт 79 802 467 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 100 074 747 төгрөгийн үндсэн төлбөр, 14 802 552 төгрөгийн алданги, нийт 114 877 300 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 111 616 041 төгрөгийн үндсэн төлбөр, 16 449 877 төгрөгийн алданги, нийт 128 065 919 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 113 556 233 төгрөгийн үндсэн төлбөр,17 034 935 төгрөгийн төгрөгийн алданги, 2020 оны 02 дугаар сарын бичилт болох 1 950 192 төгрөг, нийт 132 551 360 төгрөгийн дулааны төлбөр үүссэн.

НДС ТӨХК нь НХ ХХК болон ТК ХХК нарын хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гурвалсан гэрээ байгуулах тухай гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээгээр НХ ХХК нь НДС ТӨХК-д нүүрс нийлүүлэх, улмаар нийлүүлсэн нүүрсний төлбөрийг ТК ХХК-ийн дулааны өр төлбөрөөс суутгах нөхцөлөөр хийгдсэн бөгөөд тус гэрээний дагуу 54 199 274 төгрөгийн нүүрс нийлүүлэгдэж, уг дүнгээр ТК ХХК-ийн төлбөрөөс хасагдаж тооцогдсон. Дээрхи мөнгөн дүнг задлан харуулбал: 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40 919 903 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 388 246 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 4 323 565 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 7 567 560 төгрөг, нийт 54 199 274 төгрөгийн НХ ХХК-иас нийлүүлсэн нүүрсийн мөнгийг ТК ХХК-ийн дулааны төлбөрөөс хасаж тооцсон.

НХ ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 19-23-ний өдрүүдэд нийлүүлсэн 756.94 тн нүүрсийг ШД ХХК-ийн нэр дээр нийлүүлсэн болох нь анхан шатны баримт, гэрээ байгуулсан хугацаа зэргээр нотлогддог. Энэ асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А-4/1607 тоот албан бичиг, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №94 тоот Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тоггоол, НДС ТӨХК, ТК ХХК, НХ ХХК нарын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт акт зэргээр тогтоогддог.

Нэхэмжлэлд хавсаргасан авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан дээр НХ ХХК-иас нүүрсээр нийлүүлсэн 54 199 274 (тавин дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун далан дөрвөн) төгрөгийн төлбөрийг хасаж тооцсон болох нь баталгаажсан.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам-ын 3.11 Тухайн сард төлсөн төлбөрийг тооцохдоо урьд сард гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл болон алдангийг эхний ээлжинд төлснөөр тооцон суутгаж зөрүүг тухайн сарын төлбөрт тооцно, мөн Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ-ний 4.4.5-д хэрэглэгч хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн өдрийн 0.5%-иар алданги ногдуулна гэж заасны дагуу алданги тооцсон.

Иймд ТК ХХК-иас 132 551 360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ТК ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НДС ТӨХК-иас 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын байдлаар үүссэн халаалтын төлбөр болох 132 551 360 төгрөгийг манай компаниас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. НДС ТӨХК нь дулааны төлбөр тооцооны талаар манай компанитай тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй тул төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. НДС ТӨХК-ийн төлөөлөн захирал Ц.М, ТК ХХК-ийг төлөөлөн захирал З.Ц, НХ ХХК-ийг төлөөлөн захирал А.Д нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гурвалсан гэрээ байгуулах тухай гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр НХ ХХК нь НДС ТӨХК-д 3000 тонн нүүрс нийлүүлж ТК ХХК-ийн үүссэн өр төлбөрт суутгал хийлгэж нийт 74 419 572 төгрөгийн өр төлбөрийг хаах тухай гэрээ хийсэн бөгөөд гэрээгээр 78,0 сая гаруй төгрөгийн нүүрсийг НХ ХХК нь НДС ТӨХК-д нийлүүлсэн гэдэг. Гэтэл нэхэмжилж байгаа үнийн дүнг харахад гэрээгээр нийлүүлсэн 3000 тонн нүүрсний үнийг хассан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Иймд НДС ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд НХ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: НДС ТӨХК, ТК ХХК хооронд үүссэн өр, авлагыг барагдуулах үндэслэлээр дээрхи компаниуд болон НХ ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр НХ ХХК нь ТК ХХК-ийн Налайх дулааны станц ТӨХК-д төлөх 74 419 572 төгрөгт тэнцэх 3.000 тонн нүүрс нийлүүлэх гурвалсан гэрээ байгуулсан. Дээрх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд оролцогч талууд дүгнэн акт үйлдсэн. Энэхүү актаар НХ ХХК нь ТК ХХК-ийн Налайх Дулааны станц ТӨХК-д төлөх төлбөрт 40 919 903 төгрөг төлсөн байдаг юм. Улмаар гэрээг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан учир гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зурсан. 2018 оны жилийн эцсийн баланс гарахад бид НДС ТӨХК-д нийт 2.901 тонн буюу 78 356 646 төгрөгийн нүүрс нийлүүлсэн байдаг ба энэ талаар гэрээнд оролцогч тал болох ТК ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/21 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Гурвалсан гэрээнд оролцогч талууд дахин хоорондын тооцоо нийлэх талаар удаа дараа утсаар болон биечлэн ярилцаж байсан боловч өнөөг хүртэл нэгдсэн тохиролцоонд хүрч хамтарсан акт үйлдээгүй өөр хоорондоо бичиг өгөлцсөөр өнөөг хүрсэн. 2018 онд Налайх дүүргийн Засаг даргын орлогч Ж.Тунгалагийн албан бичиг ирүүлсэнээр НХ ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсоноор нүүрс нийлүүлэлт мөн зогссон.

Нэгэнт уурхайн нүүрс олборлорт зогссон тул бид гэрээний үүргээ биелүүлэх үндэслэлээр 2016 онд НДС ТӨХК-д нийлүүлсэн 756 940 тонн нүүрсний үнийг гурвалсан гэрээний тооцоонд оруулах, тооцоо нийлэх талаар удаа дараа санал санаачлага хүргүүлсэн боловч тус компанийн нийлүүлсэн нүүрсний үнэ болох 20 437 380 төгрөгийг НДС ТӨХК-ийн захирал, нягтлан бодогч нар үгсэн хуйвалдаж ШД ХХК гэгчид өгсөн байсан. Дээрхи асуудлаар АТГ, ТӨХ, ҮАЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудад хандан шалгуулах болсоноор цаг хугацаа их алдсан юм. Бид гурвалсан гэрээтэй холбоотой асуудлыг харилцан зөвшилцөх замаар эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэрлэх саналтай байгаа ба Налайх дүүргийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч Сүмбэр худаг ХХК, НХ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргааны талаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд бид иргэний нэхэмжлэл гаргасан ба шийдвэр гарсаны дараа дээрхи гурвалсан гэрээний хугацааг сунган нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд ШД ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НДС ТӨХК болон ТэлмэнконстракшнХХК-д холбогдох маргаанд манай байгууллага хамааралгүй болно. Манай байгууллага нь урьд өмнө нь НДС ТӨХК-ийн тендерт шалгаран нүүрс тээвэрлэн нийлүүлж байсан нь үнэн. Манай байгууллагын нэр дээр НХ ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд 756,94 тн нүүрсийг НДС ТӨХК-д нийлүүлж, нийлүүлсэн нүүрсний үнэ 20 437 380 төгрөгнөөс НӨАТ 10% 2 072 000 төгрөг, дөрвөн байрны дулааны үнэ 1 354 113 төгрөгийг суутгуулсан гээд 17 293 887 төгрөгийг НХ ХХК-ийн Нандин хул ЗДБ нөхөрлөлийн А.Даваанямд хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байгаа. НХ ХХК-ийн зүгээс манай байгууллагатай холбоотой асуудлыг зохих ёсны байгууллага шалгаад тогтоочихсон, ямар өр төлбөр, авлагын асуудал байхгүй гэдгийг цохон дурьдъя. Иймд манай байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй мөнгөн төлбөртэй холбоотой үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НДС ТӨХК нь хариуцагч Тэлмэнконстракшн-д холбогдуулан дулааны эрчим хүчний төлбөр 132 551 360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

НДС ТӨХК нь ТК ХХК-ийг хэрэглэсэн дулааны төлбөрөө тухай бүрт нь төлөөгүйгээс 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын байдлаар дулааны төлбөрт нийт 115 516 425 төгрөг, алданги 17 034 935 төгрөг, нийт 132 551 360 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ТК ХХК дулааны төлбөр тооцооны талаар манай компанитай тооцоо нийлж, баталгаажуулаагүй, гурвалсан гэрээний дагуу НХ ХХК-иас нийлүүлсэн нүүрсний үнийг дулааны төлбөрөөс хассан эсэх нь тодорхойгүй гэж маргаж байна.

 

Дулааны төлбөр 115 516 425 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн тухайд,

 

НДС ТӨХК нь ТК ХХК-тай 2014 оны 9 сар, 2016 оны 11 сард Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ-г байгуулж, шинэ Налайх орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангаж, ТК ХХК нь хэрэглэсэн дулааны төлбөрийн зарим хэсгийг төлж байсан талаар зохигч маргаагүй.

Талуудын байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-д заасантай нийцсэн, хэлцлийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

НДС ТӨХК нь ТК ХХК-ийн 2014.12.30-ны өдрөөс 2020.02.13-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан-г гаргаж ирүүлсэн /хх-111х/ бөгөөд хариуцагч уг тайланд бичигдсэн дулааны төлбөрийн бичилт, төлөлтийн талаар маргаагүй.

Нэхэмжлэгч НДС ТӨХК нь ТК ХХК-ийн хэрэглэсэн дулааны хэмжээг тогтоохдоо барилгын зургийн дагуу хэмжилт хийж мкв-ыг баталгаажуулсан гэрчилгээг үндэслэсэн, 2016 оны 11 сард дулааны төлбөрийг тооцох мкв-ыг баталгаажуулж гэрээнд тусгасан, ТК ХХК-иас орон сууц худалдан авсан өмчлөгчтэй эрчим хүчээр хангах гэрээг байгуулж, гэрээнд заасан мкв-ыг ТК ХХК-ийн дулааны төлбөр тооцох мкв-аас хасч тооцож байгаа гэж тайлбарлаж байгааг хариуцагч ТК ХХК нь үгүйсгээгүй, дулааны төлбөр тооцох мкв /хэмжээ/-ын талаар маргаж, шүүхэд нотлох баримт гаргаагүй болно.

Иймээс дулааны төлбөрийн талаар тооцоо нийлээгүй гэх хариуцагчийн тайлбар нь дулааны төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

НДС ТӨХК нь ТК ХХК, НХ ХХК нартай 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гурвалсан гэрээ байгуулах тухай гэрээг байгуулж, НХ ХХК нь Налайх дулааны станц ТӨХК-д 3000 тонн нүүрсийг 2017.07.24-ний өдрийн дотор нийлүүлэх, нийлүүлсэн нүүрсний төлбөрийг ТК ХХК-ийн дулааны өр төлбөрт суутгуулах, Налайх дулааны станц ТӨХК нь нүүрсийг хүлээн авч, нүүрсний үнийг ТК ХХК-ийн дулааны өр төлбөрөөс хасч тооцох, ТК ХХК нь НХ ХХК-тай тохиролцсоны дагуу 3000 тн нүүрсний төлбөрийг өөрийн дулаан өр төлбөрт суутгуулах, дулааны өр төлбөрийн талаар нүүрс нийлүүлэгдэж байгаа хугацаанд сар бүр тооцоо нийлж, хасалт хийлгэхээр тохиролцжээ. /хх-33-34х/

 

Уг гэрээний дагуу НХ ХХК нь НДС ТӨХК-д 2017.05.25-ны өдөр 40 919 903 төгрөгийн, 2017.12.28-ны өдөр 1 388 246 төгрөг, 2018.02.08-ны өдөр 4 323 565 төгрөгийн, 2018.03.31-ний өдөр 7 567 560 төгрөгийн нийт 54 199 274 төгрөгийн нүүрс нийлүүлсэн болох нь Налайх дулааны станц ТӨХК-иас гаргасан НХ ХХК-ийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх-94-95х/, НДС ТӨХК, ТК ХХК, НХ ХХК нарын 2017.08.02-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт /хх-67х/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Харин НХ ХХК-ийн НДС ТӨХК-д 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд нийлүүлсэн 756, 940 тн нүүрсний үнэ 20 437 380 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гурвалсан гэрээ байгуулах тухай гэрээний дагуу НДС ТӨХК-ийг ТК ХХК-ийн дулааны төлбөрт тооцох үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь: дээрхи нүүрсийг гурвалсан гэрээ байгуулахаас өмнө НХ ХХК-иас ШД ХХК-ийн нэрээр нийлүүлж /хх-92-93х/, төлбөр тооцоогоо барагдуулсан /хх-174х/, Гэрээний гурван тал гэрээ байгуулахдаа болон 2017.08.02-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ дээрхи нүүрсний үнийг оруулахаар тохиролцоогүй байна.

 

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Гурвалсан гэрээ байгуулах тухай гэрээний дагуу НХ ХХК-ийн нийлүүлсэн нүүрсний үнэ 54 199 274 төгрөгийг НДС ТӨХК тухай бүрт нь ТК ХХК-ийн дулааны төлбөрөөс хасч, тооцсон болох нь Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх-10-11х/-гаар тогтоогдож байна.

 

2016 оны 11 сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ-ний 4.2-д заасны дагуу хангагчаас сарын эхний 10 хоногт багтаан дулааны төлбөрийг бичиж хэрэглэгчид хүргүүлж хэрэглэгч төлбөрийг нэхэмжлэл бичигдсэнээс хойш 14 хоногт багтаан төлөхөөр заасан. Хариуцагч ТК ХХК нь 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны дулааны төлбөр нийт 115 516 425 төгрөгийг төлөөгүй болох нь Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх-10-11х/, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд ТК ХХК-иас дулааны төлбөрт 115 516 425 төгрөгийг гаргуулж НДС ТӨХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Алданги 17 034 935 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд,

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заажээ.

Талуудын байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ-ний 4.4.5-д Хэрэглэгч хэрэглэсэн дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн өдрийн 0,5 хүртэл хувиар алданги ногдуулна. Алдангийг сар бүрийн төлбөрт тус тусад нь ногдуулах бөгөөд алдангийн нийт хэмжээ нь тухайн төлөгдөөгүй төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байна гэж талууд алдангийн талаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ: 222.1.1.үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж заасан тул хариуцагч ТК ХХК нь дулааны төлбөрийг сар бүрт нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна. НДС ТӨХК нь гэрээнд заасны дагуу ТК ХХК-ийн сар бүр төлөх төлбөрт тус тусад нь алданги тооцож /хх-10-11х/, алданги 17 034 935 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь алдангийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул алдангиас чөлөөлөх, алдангийг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31.3-д зааснаар ТК ХХК-иас 132 551 360 /нэг зуун гучин хоёр сая таван зуун тавин нэгэн мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулж НДС ТӨХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч НДС ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820 707 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТК ХХК-иас 820 707 /найман зуун хорин мянга долоон зуун долоон/ төгрөгийг гаргуулж НДС ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА