Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00018

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00018

 

 

Налайхын дулааны станц ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02594 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Налайхын дулааны станц ТӨХК-ийн хариуцагч Т. ХХК ХХК-д холбогдуулан гаргасан дулааны эрчим хүчний төлбөрт 132 551 360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ш. ХХК-ийн өмгөөлөгч Б.Ч, гуравдагч этгээд Н. ХХК-ийн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Налайхын дулааны станц ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Т. ХХК ХХК-ийн Шинэ Налайх орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангахаар дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг 2014, 2016 онд байгуулсан. Дээрх гэрээнд зааснаар дулааны эрчим хүчээр хангах үүргээ биелүүлсэн боловч Т. ХХК ХХК нь дулааны төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй бөгөөд 2016 оны 11 сараас 2020 оны 02 сарын байдлаар нийт 132 551 360 төгрөгийг төлөөгүй. Уг төлбөрийг задлавал, 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар 10 523 903 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 70 053 360 төгрөгийн үндсэн төлбөр, 9 749 107 төгрөгийн алданги, нийт 79 802 467 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 100 074 747 төгрөгийн үндсэн төлбөр, 14 802 552 төгрөгийн алданги, нийт 114 877 300 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 111 616 041 төгрөгийн үндсэн төлбөр, 16 449 877 төгрөгийн алданги, нийт 128 065 919 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 113 556 233 төгрөгийн үндсэн төлбөр,17 034 935 төгрөгийн төгрөгийн алданги, 2020 оны 02 дугаар сарын бичилт болох 1 950 192 төгрөг, нийт 132 551 360 төгрөгийн дулааны төлбөр үүссэн. Налайхын Дулааны станц ТӨХК нь Н. ХХК болон Тэлмэн консракшн ХХК-ийн хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Н. ХХК нь Налайхын дулааны станц ТӨХК-д нүүрс нийлүүлэх, нийлүүлсэн нүүрсний төлбөрийг Т. ХХК ХХК-ийн дулааны өр төлбөрөөс суутгах нөхцөлтэй бөгөөд тус гэрээний дагуу 54 199 274 төгрөгийн нүүрс нийлүүлэгдэж, уг дүнгээр Т. ХХК ХХК-ийн төлбөрөөс хасч тооцсон. Н. ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 19-23-ний өдрүүдэд нийлүүлсэн 756.94 тн нүүрсийг Ш. ХХК-ийн нэр дээр нийлүүлсэн болох нь анхан шатны баримт, гэрээ байгуулсан хугацаа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А-4/1607 тоот албан бичиг, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №94 тоот Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Налайхын Дулааны станц ТӨХК, Т. ХХК ХХК, Н. ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт акт зэргээр тогтоогддог. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмын 3.11, Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний 4.4.5-д зааснаар төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн өдрийн 0.5%-иар алданги ногдуулна гэж заасны дагуу алданги тооцсон. Иймд Т. ХХК ХХК-аас 132 551 360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т. ХХК ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Налайхын дулааны станц ТӨХК нь дулааны төлбөр тооцооны талаар тооцоо нийлж, баталгаажуулсан зүйл байхгүй тул төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Налайх дулааны станц ТӨХК, Т. ХХК ХХК, Н. ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээгээр Н. ХХК нь Налайх дулааны станц ТӨХК-д 3 000 тонн нүүрс нийлүүлэн Т. ХХК ХХК-ийн үүссэн өр төлбөрт нийт 74 419 572 төгрөгийг суутгуулахаар тохиролцож, нүүрсийг нийлүүлсэн. Гэтэл нэхэмжилж байгаа үнийн дүнг харахад гэрээгээр нийлүүлсэн 3 000 тонн нүүрсний үнийг хассан эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Налайх дулааны станц ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н. ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Налайхын дулааны станц ТӨХК, Т. ХХК ХХК-ийн хооронд үүссэн өр, авлагыг барагдуулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гурвалсан гэрээ байгуулж, Н. ХХК нь Т. ХХК ХХК-ийн Налайх дулааны станц ТӨХК-д төлөх 74 419 572 төгрөгийн төлбөрт 3 000 тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон. Дээрх гэрээг дүгнэсэн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн актаар Н. ХХК нь Т. ХХК ХХК-ийн Налайх Дулааны станц ТӨХК-д төлөх төлбөрт 40 919 903 төгрөг төлсөн. Улмаар 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зурсан. 2018 оны жилийн эцсийн баланс гарахад Налайх дулааны станц ТӨХК-д нийт 2 901 тонн буюу 78 356 646 төгрөгийн нүүрс нийлүүлсэн ба энэ талаар Т. ХХК ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/21 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. 2018 онд Н. ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсоноор нүүрс нийлүүлэлт мөн зогссон. Уул уурхайн нүүрс олборлолт зогссон тул 2016 онд Налайх Дулааны станц ТӨХК-д нийлүүлсэн 756 940 тонн нүүрсний үнийг гурвалсан гэрээний тооцоонд оруулах, тооцоо нийлэх талаар удаа дараа санал санаачлага хүргүүлсэн боловч тус компанийн нийлүүлсэн нүүрсний үнэ болох 20 437 380 төгрөгийг Налайх Дулааны станц ТӨХК-ийн захирал, нягтлан бодогч нар үгсэн хуйвалдаж Ш. ХХК-д өгсөн байсан. Налайх дүүргийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч Сүмбэр худаг ХХК, Н. ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргааны талаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэрэг шийдвэрлэгдсэний дараа дээрх гурвалсан гэрээний хугацааг сунган нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ш. ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Налайхын дулааны станц ТӨХК болон Т. ХХК ХХК-д холбогдох маргаанд Ш. ХХК хамааралгүй. Ш. ХХК нь Налайхын дулааны станц ТӨХК-ийн тендерт шалгаран нүүрс тээвэрлэн нийлүүлж байсан. Ш. ХХК-ийн нэр дээр Н. ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд 756.94 тн нүүрсийг Налайхын дулааны станц ТӨХК-д нийлүүлж, нийлүүлсэн нүүрсний үнэ 20 437 380 төгрөгөөс НӨАТ 10% 2 072 000 төгрөг, дөрвөн байрны дулааны үнэ 1 354 113 төгрөгийг суутгуулж, 17 293 887 төгрөгийг Н. ХХК-ийн Нандин хул ЗДБ нөхөрлөлийн А.Дд хүлээлгэн өгсөн. Н. ХХК-ийн зүгээс манай байгууллагатай холбоотой асуудлыг зохих ёсны байгууллага шалгаад тогтоочихсон, ямар өр төлбөр, авлагын асуудал байхгүй гэдгийг цохон дурьдъя. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй мөнгөн төлбөртэй холбоотой үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31.3-д зааснаар Тэлмэнконстракшн ХХК-иас 132 551 360 /нэг зуун гучин хоёр сая таван зуун тавин нэгэн мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулж Налайхын дулааны станц ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Налайхын дулааны станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820 707 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т. ХХК ХХК-аас 820 707 /найман зуун хорин мянга долоон зуун долоон/ төгрөгийг гаргуулж Налайхын дулааны станц ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч нь төлбөр тооцооны талаар тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй юм. Мөн энэ талаараа мэдэгдээгүй. Налайх дулааны станц ТӨХК, Т. ХХК ХХК, Н. ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Гурвалсан гэрээ байгуулах тухай гэрээгээр Н. ХХК нь Налайх дулааны станц ТӨХК-д 3000 тонн нүүрс нийлүүлж Т. ХХК ХХК-ийн үүссэн өр төлбөрт суутгал хийлгэж нийт 74 419 572 төгрөгийн өр төлбөрийг хаах тухай гэрээ хийсэн бөгөөд гэрээгээр 78 сая гаруй төгрөгийн нүүрсийг "Налайх дулааны станц ТӨХК-д нийлүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэж байгаа үний дүнг харахад гэрээгээр нийлүүлсэн 3000 тонн нүүрсний үнийг хассан эсэх нь тодорхойгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ 3 жилийн хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалт үйлчлэх тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Налайхын дулааны станц ТӨХК нь хариуцагч Т. ХХК ХХК-д холбогдуулан дулааны эрчим хүчний төлбөрт 132 551 360 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээгээр нэхэмжлэгч нь Шинэ Налайх орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах, хариуцагч нь дулааны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь гүйцэтгэх ёстой. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотлоогүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаарлагын татгалзлаа ... Налайх дулааны станц ТӨХК, Т. ХХК ХХК, Н. ХХК-ийн хооронд байгуулагдсан гурван талт гэрээний дагуу Н. ХХК-ийн Налайх дулааны станц ТӨХК-д нийлүүлсэн 3 000 тонн нүүрсний үнийг Т. ХХК ХХК-д үүссэн өр төлбөрт суутгуулсан гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийн шинж чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдээр үүргээ гүйцэтгүүлж болно.

Хэргийн 33-34 дүгээр талд нэхэмжлэгч Налайх дулааны станц ТӨХК, хариуцагч Т. ХХК ХХК, гуравдагч этгээд Н. ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээ байгуулах тухай гэрээ авагджээ. Уг гэрээгээр Н. ХХК нь Налайхын дулааны станц ТӨХК-д технологийн шаардлагад нийцсэн 3 000 тонн нүүрсийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор нийлүүлэх, улмаар нийлүүлсэн нүүрсний төлбөрийг Т. ХХК ХХК-ийн дулааны өр төлбөрт суутгуулахаар тус тус тохиролцсон байна.

Талууд дээрх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дүгнэж, Н. ХХК-ийн нийлүүлсэн нүүрсний үнэ 40 919 903 төгрөгийг хариуцагч Т. ХХК ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үүссэн өр төлбөр 74 419 572 төгрөгөөс хасч тооцсон талаар акт үйлдсэн байна. /хх 67/ Иймд хариуцагчийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 33 499 669 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан гэх баримтын бичилт гэх хэсгээс хариуцагчийн дулааны төлбөрийг тооцоолоход 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 86 919 273 төгрөг төлөх үүрэг үүссэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн төлсөн 13 279 371 төгрөгийг хасч 73 639 902 төгрөг, өмнө тооцоо нийлсэн актын үлдэгдэл 33 499 669 төгрөгийг нэмж, нийт 107 139 571 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Налайх дулааны станц ТӨХК нь Н. ХХК-ийн нийлүүлсэн 740 тонн нүүрсний үнэ болох 20 437 380 төгрөгийг Ш. ХХК-д өгсөн гэх нөхцөл байдалтай холбоотойгоор гуравдагч этгээдийн төлөөлөгч эрх бүхий байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш. ХХК-аас Н. ХХК-д төлбөр буцаасан тухай баримт хэргийн 164 дүгээр талд авагдсан. Уг баримтаас үзэхэд Ш. ХХК нь 740 тонн нүүрсний үнэ 20 720 000 төгрөгийг Н. ХХК-д татвар бусад өртгийг суутган хүлээлгэн өгсөн байна. Иймд уг мөнгөн дүнг гурвалсан гэрээний дагуу хариуцагчид үүссэн дулааны өр төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өр төлбөрт суутгагдахгүй.

Алдангийн тухайд, талуудын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний 4.4.5-д ... хэрэглэгч хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0.5 хувиар алданги ногдуулах-аар заасан.

Хариуцагчийн хувьд дээрх 3 талт гэрээний дагуу Н. ХХК-аас нүүрс нийлүүлэгдэх нүүрсний төлбөрөөр дулааны үнэ төлөгдөнө гэх ойлголттой байсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгдөөгүй буюу гуравдагч этгээд нүүрс нийлүүлэхгүй байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн болон үүссэн өр төлбөрийн талаар тооцоо нийлж байсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь нөгөө тал үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхцлийг бүрдүүлээгүй тул тэрээр мөн хуулийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч Т. ХХК ХХК-аас 73 639 903 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Налайхын дулааны станц ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58 911 457 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээж гэсний дараа хариуцагч Т. ХХК ХХК-аас 526 149 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Налайхын дулааны станц ТӨХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 820 707 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ