Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Хэргийн индекс | 155/2017/00552/И |
Дугаар | 155/ШШ2017/00835 |
Огноо | 2017-08-09 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2017/00835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, РК88062319 дугаар регистртэй, эрэгтэй, Төр хүнд овогт Одонхүүгийн Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Ноосны урамшуулалын мөнгө 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2017/00552/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жүгдэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт гэр бүлээрээ мал маллаж амьдардаг. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноос авч явсан хүнд итгээд манайх өөрсдийн малын 700кг ноосыг тушаасан. Бид ноосоо өгөхдөө албан ёсны бичиг баримттай найдвартай компанид ноосоо өгнө гэж байсан бөгөөд тухайн үед манайд Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компани ноос авч байна гэхэд нь итгэж тус компанид ноосоо тушаасан. Улмаар бид улсаас жил бүр олгодог ноосны урамшуулалаа авахаар харьяа сумын захиргаандаа ноос тушаасан баримт, малын А данс зэрэг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сард улсаас малчдад ноосны урамшуулал олгосон боловч манайд олгогдоогүй. Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноосны баримтаа яаманд ирүүлээгүй, тайланд тусгагдаагүйн улмаас манайх ноосны урамшуулалын мөнгөө авч чадахгүй хохирсон. Би энэ талаар Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн холбогдох ажилтантай ярихад манай компанид танай падаан ирээгүй учир яам руу явсан баримтад шивэлт хийгээгүй, манай компани хариуцахгүй гэж хэлсэн. Миний хувьд Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноос авч явна гэхэд нь би ноосоо өгсөн. Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж манайх авах ёстой ноосны урамшуулалаа авч чадахгүй хохирсонд тус компани буруутай. 2017 онд улсаас малчдад 1кг ноосонд 1.000 төгрөгийн урамшуулал олгогдсон бөгөөд манайд 700.000 төгрөгийн урамшуулал олгогдох ёстой, үүнээс 10 хувийн татварын шимтгэлийг хасаад 630.000 төгрөгийн урамшуулал миний гарт ирэх ёстой байсан. Иймд Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нийт 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Лидер кашемир хариуцлагатай компанийн захирал Л.Чинболд шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хорооны 34 дүгээр гудамжны 32 тоотод оршин суугч, РУ74080417 регистрийн дугаартай, Лхачинмахын Сүхбаатартай 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 190001-190150, 198341-198400 гэсэн 210 ширхэг падаан өгсөн нь үнэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар нь иргэн О.Пүрэвсүрэнгийн ноос болон ноосны падааны эх хувийг үйлдвэрт хүлээлгэж өгөөгүй тул ноосны падааны мэдээлэл шивэгдээгүй үлдсэний улмаас урамшуулал нь олгогдоогүй байна. Ийм учраас манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцлагаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, РК89062804 дугаар регистртэй, Тайчууд овогт Оюунбаатарын Жүгдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Пүрэвсүрэнгийн эхнэр юм. Манайх Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанид жил бүр ноосоо өөрсдөө оруулж ирээд өгдөг байсан. Өнгөрсөн жил Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тамга, тэмдэг дарсан падаантай хүмүүс ноос аваад явж байхад нь манайх 700кг ноос тушааж, 0190109 дугаартай падаан авсан. Манайх ноосны урамшуулал авахад бүрдүүлдэг бүх материалаа бүрдүүлж сумын Засаг даргын тамгын газарт өгсөн. Тэгээд 2017 оны хавар 04 сард ноосны урамшуулал малчдад олгож байсан ч манайд урамшуулал ороогүй. Дээд газраас нь лавлахад ноос авсан үйлдвэрээс мэдээ нь ирээгүй учраас танайх орсонгүй гэсэн. Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежертэй утсаар ярихад алга болсон падаан дотор танай падаан байна, танайх хүчингүй гээд хасагдсан гэсэн хариу өгсөн. Манайхаас өөр олон айл хохирсон байгаа. Одоо болохоор төлөөлөгч Л.Сүхбаатар гэх хүнээс ноосны урамшуулалын мөнгөө ав, манайх хариуцахгүй гэсэн тайлбар хэлээд байна. Манайх танай компанид л итгэж ноосоо өгсөн учир Л.Сүхбаатар гэх хүн бидэнд хамаагүй. Иймд Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноосны урамшуулалын мөнгө 630.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанид нягтлан бодогч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 08-13а тоотод оршин суух, РК90071000 дугаар регистртэй, Эрдэнэхүнд овогт Батбаярын Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. О.Пүрэвсүрэнгийнхээс ноос авсан Л.Сүхбаатар нь манай компанийн төлөөлөгч мөн бөгөөд падаан дээр тамга, тэмдгээ дараад тоо ширхэгтэйгээр хүлээлгэж өгдөг. Хэрэв дутаасан тохиолдолд хариуцлагыг төлөөлөгч өөрөө хүлээхээр гэрээ байгуулсан. Л.Сүхбаатартай тооцоо хийхэд 5 ширхэг падаан дутсаны нэг нь О.Пүрэвсүрэнгийнх байсан. Гэрээнд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч манайд ноос бэлтгэж өгөөд, бэлтгэсэн ноосны хэмжээний дагуу падааныг нь хараад бид шивэлтэнд оруулснаар малчдын урамшуулал ордог. О.Пүрэвсүрэнгийнхээс авсан гэх 700кг ноос болон падааны хувийг манай компанид өгөөгүй болохоор шивэлт хийх боломжгүй байсан. Иймд О.Пүрэвсүрэнгийн ноосны урамшуулалын мөнгө 630.000 төгрөгийг Л.Сүхбаатар хариуцах ёстой, манай компани төлөхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн нь хариуцагч Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан ноосны урамшуулалын мөнгө 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатарын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг тэрээр өөрөө хариуцах ёстой учир манай компани төлөхгүй, нэхэмжлэгч нь Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тамга, тэмдэг дарсан падаанаар ноос авч байсан учир урамшуулалын мөнгийг тухайн компаниас гаргуулж авна гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компани малчдаас ноос бэлтгэн нийлүүлэх тухай гэрээг Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатартай байгуулж хамтран ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Л.Сүхбаатарын анкет, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны ноосны урамшуулалын падаан хүлээн авсан бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр зэргийн хонины ноос 700 килограммыг Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатарт тушааж, 01901109 дугаартай хонины ноос бэлтгэлийн орлогын падаан авч, өөрийн оршин суух сумын Мал эмнэлгийн үржлийн тасгаар дамжуулан Мал хамгаалах санд хүргүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт, архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагчийн ...итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар ноос болон ноосны падааны эх хувийг үйлдвэрт хүлээлгэж өгөөгүй тул ноосны падааны мэдээлэл шивэгдээгүй үлдэж, О.Пүрэвсүрэнд урамшуулал олгогдоогүй учраас манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцлагаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар хүлээх ёстой... гэх тайлбараас дүгнэхэд Монгол улсын Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам-ын 3.9-д зааснаар О.Пүрэвсүрэнгийн тушаасан ноосны баримт, падааныг нэгтгэж, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоонд тухайн оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хүргүүлэх ёстой үүргээ Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компани биелүүлээгүй байна.
Мөн тус журмын 7.1-д Боловсруулах үйлдвэр...энэ журамд заасан хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйгээс малчинд учирсан хохирлыг уг үйлдвэр бүрэн хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компани төлж барагдуулахаар зохицуулагджээ.
Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар компанийн өмнө эдлэх эрх, хүлээх үүргээ зөрчсөн бол тэдний хооронд байгуулсан гэрээнд заасан хариуцлагыг тооцох эсэх нь тухайн компанид хамааралтай болно.
Иймд хариуцагч Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноосны урамшуулалын мөнгө 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Пүрэвсүрэнд олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 19.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноосны урамшуулалын мөнгө 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Пүрэвсүрэнд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 /арван есөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 19.550 /арван есөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Пүрэвсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА