| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/01854/И |
| Дугаар | 181/ШШ2017/02584 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2017/02584
| 2017 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 181/ШШ2017/0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрээний үүрэгт 4 272 728 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХК, иргэн Ц. нар 2016 оны 09 сарын 20-ны өдөр Бараа материал нийлүүлэх ШН18-16 тоот гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний 2.1.1-д зааснаар захиалагч 9 сарын 20-нд 20 000 000 төгрөг шилжүүлсэн, ийнхүү шилжүүлснээр нийлүүлэгч нь гэрээний 1.5-д зааснаар бүтээгдэхүүнийг 2016 оны 10 сарын 10-ны дотор нийлүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Харин манай компанид янз бүрийн шалтгаан тавьж 2016 оны 11 сарын 11-ний өдөр 7 500 000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 27 500 000 төгрөг хүлээн авсан боловч бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй байсан тул манай компани 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 51/18 тоот албан бичгээр гэрээг цуцалж, илүү шилжүүлсэн төлбөр болох 4 272 728 төгрөгийг буцааж төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй байна. Иймд Ц.аас 4 272 728 төгрөгийг гаргуулж өгнө гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК нь надтай 2016 оны 09 сарын 20-ны өдөр БНХАУ-аас бараа материал нийлүүлэх гэрээ байгуулан 240 суултуур, 240 угаалтуур, 120 ванн нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүн 51 600 000 төгрөгийг захиалагч нь урьдчилгаа 20 000 000 төгрөг, 2016 оны 09 сарын 26-нд 15 000 000 төгрөг, үлдэх 16 600 000 төгрөгийг Шинэ налайх хорооллын 69,6 м.кв үйлчилгээний талбайн төлбөрт тооцон шилжүүлнэ гэж тохиролцсон. Ингээд гэрээ байгуулах үедээ 20 000 000 төгрөгийг авсан. Гэрээнд зааснаар би ХХК-д 2016 оны 09 сарын 24-ны өдөр 23 850 000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Манайх илүү нийлүүлэлттэй явж байхад ХХК нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлэлгүй удсан учир манай хэвийн үйл ажиллагаанд доголдол үүссэн. Гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж 2016 оны 11 сарын 11-ний өдөр 7 500 000 төгрөгийг манайд шилжүүлсэн ба тэр үед нь манайх үлдэгдэл 1 700 000 төгрөгийн барааг нийлүүлсэн. 2016 оны 09 сарын 22-нд ХХК-ийн дэд захирал Б.Аюурзана нь надруу залгаад манайх орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгөх гээд байгаа тул бараагаа яаралтай авах хэрэгтэй байна гэсэн. Би бараагаа 10 сард нийлүүлнэ ш дээ танай захиалсан бараа арай ирээгүй байна гэж хэлсэн. Гэтэл Б.Аюурзана одоо бэлэн танайд ямар бараа байна гэхэд би Yisi брэндийн арай үнэтэй суултуур /Yisi код 3020/ 150 000 төгрөг, угаалтуур /Yisi код 232/ 70 000 төгрөгийнх байна гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 09 сарын 22-нд Налайхт байрлах Шинэ налайх хороололд Yisi 3020 суултуур 65 ш, Yisi 232 угаалтуур 70 ш-г хүргэж өгсөн. Тухайн үед хүргэж өгсөн бараа нь гэрээнд заасан бараанаас 4 000 000 төгрөгийн зөрүү үнэтэй болсон. Иймд би уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ХХК-д төмөр ванн 170х170 см 120 ширхэг нэг бүрийн үнэ 110 000 төгрөгөөр нийт 13 200 000 төгрөг, суултуур 101 ширхэг нэг бүрийн үнэ 120 000 төгрөг, угаалтуур 10 ширхэг нэг бүрийн үнэ 50 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг, Yisi 3020 суултуур 65 ширхэг нэг бүрийн үнэ 110 000 төгрөг, Yisi 232 угаалтуур 70 ширхэг нэг бүрийн үнэ 50 000 төгрөг нийт 10 650 000 төгрөг. Нийтдээ 25.550.000 төгрөгийн барааг нийлүүлсэн. Гэрээгээр нийлүүлэхээр тохиролцсон Segoda гэдэг суултуур, угаалтуур нь манай нийлүүлсэн Yisi брэндийн бараанаас хямд үнэтэй учир үнийн зөрүү суултуур нэг бүрээс 40 000 төгрөг, угаалтуур нэг бүрээс 20 000 төгрөг нийт 4 000 000 төгрөгийн зөрүүтэй байна. Иймд манай нийлүүлсэн бараа нь нийт 29.550.000 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би гэрээнд зааснаар эдний захиалсан 240 суултуур, 240 угаалтуур, 120 ванныг хятад улсад байдаг түнш рүүгээ тоо ёсоор нь захиалсан боловч тэд бүх барааг бэлэн болгочихсон гээд надаас барааны мөнгөө нэхээд байхад надад эдний байгууллага мөнгөө өгөөгүйгээс би хохирсон. Надтай НӨАТ-ийн талаар огт тохироогүй байж надаас НӨАТ нэхэж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “” ХХК, хариуцагч Ц.т холбогдуулан 4 272 728 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “” ХХК нь Ц.тай 2016 оны 09 сарын 20-ны өдөр НШ18-16 дугаартай БНХАУ-аас бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, захиалагч “” ХХК нь 240 угаалтуур, 240 суултуур, 120 ванныг худалдан авах, гэрээний нийт үнийн дүн 51600000 төгрөг, НӨАТ-г ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө, урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөгийг ажил эхлэхэд, үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг 2016 оны 09 сарын 26-нд шилжүүлэхээр тус тус тохиролцож, нийлүүлэгч Ц. нь гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 10-ны дотор захиалагчид нийлүүлэхээр тохиролцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Зохигчдын гаргасан тайлбар, тэдний хооронд байгуулагдсан 2016 оны 09 сарын 20-ны өдөр ШН18-16 дугаартай БНХАУ-аас бараа материал нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч “” ХХК нь БНХАУ-аас бараа материал нийлүүлэх гэрээний урьдчилгаанд 2016 оны 09 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 09 сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус Ц.т төлөх үүрэг хүлээснээс 20 000 000 төгрөгийг 2016 оны 09 сарын 20-ны өдөр хугацаандаа төлсөн, 15 000 000 төгрөгийг нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй бөгөөд 2016 оны 11 сарын 11-ний өдөр 7 500 000 төгрөгийг Ц.т шилжүүлсэн, харин Ц. нь 2016 оны 09 сарын 22-ны өдөр Yisi 3020 суултуур 65 ширхэг х 110 000 төгрөгийн үнэ бүхий 7 150 000 төгрөгийн, Yisi 232 угаалтуур 70 ширхэгийг х 50 000 төгрөгийн үнэ бүхий 3 500 000 төгрөг нийт 10 650 000 төгрөгийн, мөн оны 09 сарын 24-ний өдөр төмөр ванн 170 х 70 см-ийн 120 ширхэг х 110 000 төгрөгийн үнэ бүхий 13 200 000 төгрөгийн, 2016 оны 11 сарын 17-ны өдөр суултуур 120 000 төгрөг х 10 ширхэг 1 200 000 төгрөгийн, угаалтуур 50 000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг 500 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөгийн /хх-ийн 16-18/ нийт 25 550 000 төгрөгийн гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг захиалагчид нийлүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаангүй байна.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 09 сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс надад хохирол учирсан тул буцаан төлөх төлбөр байхгүй гэж маргадаг.
Гэтэл зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “” ХХК нь Ц.т нийтдээ 27 500 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 25 550 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч нь нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байх тул үлдсэн 1 950 000 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзнэ.
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д “...НӨАТ-ыг “” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ц.ын нийлүүлсэн 25 550 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 2 322 727 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцсэн, гэрээгээр тохиролцсоны дагуу шаардах эрхтэй юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардсан 25 550 000 төгрөгийн бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 2 322 727 төгрөг нэхэмжилснийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.
Иймд хариуцагч Ц.аас урьдчилгаанд төлсөн 27 500 000 төгрөгөөс бараа бүтээгдэхүүн нийлүүлээд төлөгдөөгүй үлдсэн 1 950 000 төгрөг, гэрээнд заасан НӨАТ-ын 2 322 727 төгрөг, нийт 4 272 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.аас 4 272 278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83320 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, Ц.аас 83320 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ