Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01345

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01345

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:С.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК -д холбогдох

чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбогдон гарсан зардал 5.489.000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 23.000.000 төгрөг, нийт 28.489.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Л.Б, С.О өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Э.Э түүний өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Г нь 2014 оны 6 дугаар сард Зар мэдээ сонинд гарсан Зуслангийн газар дээр өвлийн дулаалгатай, шалны халаалттай, орчин үеийн загвар шийдэлтэй, SIP технологтой байшин хямд үнээр богино хугацаанд барьж өгнө гэсэн зарын дагуу очиж уулзан харилцан тохиролцсоноор 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан гэрээний дагуу тооцоогоо хийж орон сууцыг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.

Гэтэл хариуцагч гэрээний 5.5-д заасны дагуу таазны задаргааг герман материалаар хийх байсан бооловч хятад материалаар хийсэн, Солонгос шалны халаалт хийх байсан боловч хийлгүй хятадад үйлдвэрлэсэн 3 ширхэг халаалтын тень өгсөн, суурийн цутгалтыг гэрээнд заасан загвар маркад хүрэхгүй чанаргүй материалаар хийснээс болж сууринд цууралт өгч суурь нь хазайлт өгсөн, усны хаялгагүй хийснээс болж үргэлж ус орж ялзрал, мөөгөнцөр үүсч 1 жил болоогүй байхад бүгд хуурч унасан.

Энэ тухай удаа дараа шаардсаны эцэст 2015 оны 5 дугаар сард хагас дутуу засаж өгсөн боловч 2016 онд бүх зүйл нь устан, паркетэн шал нь хөндийрч намган дунд байгаа мэт болсон. Энэ бүхнийг Энхчимэг ирж үзээд 1 сая төгрөг өгье гэсэн боловч өгөхгүй болохоор нь шүүхэд өгсөн.

Би 2016 оны 6 дугаар сард би өөрийн материалаар засаж хананд байсан үртсийг авч, мөөгөнцрийг хусаж, эко шилэн хөвөн хийж бүх ОСП хавтанг сольсон, дээврийн шувуун нурууг уртасгаж, хавтанг нэмсэн, гадна фасадыг сольсон, үүдний саравчийг засварласан, дотор талын ОСП хавтанг хуулаад чийг хамгаалагч түрхээд дахин хийсэн, шаландаа чийг хамгаалагч хийсэн. Эдгээрийг хийхэд материалын үнэ, засварын хөлс нийлээд 5.489.000 төгрөг болж байгаа юм.

С.Г нь М ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14081/ дугаар 21 дүгээр хэсгийн гудамж 2156А тоот хаягт байрлах 40м.кв 1 давхар орон сууцыг 23.000.000 төгрөгөөр бариулахаар тохиролцож мөнгөө бүрэн төлсөн.

Гэтэл уг орон сууц нь хөгцөрч, мөөгөнцөрдөн чийг үнэртэж хүн амьдрах боломжгүй болсон бөгөөд суурийн ажлыг чанаргүй хийснээр цууралт өгч дотор нь амьдрах боломжгүй болоод байгаа тул М ХХК-д өгсөн 23.000.000 төгрөгийг уг орон сууцанд засвар хийсэн 5.489.00 төгрөгийн хамт нийт 28.489.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Г нь М ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14081/ дугаар 21 дүгээр хэсгийн гудамж 2156А тоот хаягт байрлах 40м.кв 1 давхар орон сууцыг 23.000.000 төгрөгөөр бариулахаар тохиролцож мөнгөө бүрэн төлсөн нь үнэн. Уг үнийн дүнд материалын үнэ, ажлын хөлс бүгд багтсан.

М ХХК нь нэхэмжлэгчтэй хийсэн гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэн 2014 оны 8 дугаар сарын 13-нд захиалагчид хүлээлгэж өгсөн бөгөөд захиалагчийн хүсэлтийн дагуу өөрийн хүн хүчээр хоёр ч удаа засвар, үйлчилгээ хийж өгсөн, гадна фасадыг будаж засмаар байна 1,2 сая төгрөг өг гэхээр нь 1 сая төгрөг өгье гэсэн боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Манайхыг ажил гүйцэтгэж байхад захиалагч гэр бариад хашаандаа амьдарч байнгын хяналт тавьж байсан.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсог бөгөөд шинжээчийн гаргасан дүгнэлтэд ... уг орон сууц нь SIP технологи буюу SIP хавтангаар баригдсан бөгөөд хавтан нь олон төрөл байдаг ба OSB фанер, ган, хөнгөн цагаан зэрэг материалаар хийгддэг, бүтцийн хувьд хоёр хавтангийн дунд хавчуулагдсан дулаан тусгаарлагч хөөсөнцөр материалаас бүрддэг болно. SIP технологи нь үйлдвэрт бэлтгэгддэг бөгөөд даацын дулаалгат хавтан юм гэж, мөн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд .. суурийн бат бэх В-5 анги буюу М-75 дундуаж үзүүлэлттэй байна гэж дүгнэсэн дүгнэлтүүд нь М ХХК-ийг гэрээнд заасан чанар стандартын дагуу уг объектыг барьж гүйцэтгэсэн болохыг нотлож байна.

М ХХК нь гэрээнд заасан ажлын хийж гүйцэтгэн 2014 оны 8 дугаар сарын 13-нд хүлээлгэн өгсөн. Гэрээнд зааснаар гомдлын шаардлага гаргах хугацааг 1 жил байхаар талууд тохиролцсон бөгөөд энэ хугацаа өнгөрсөн.

Нэхэмжлэгчийн байшин бариулсан газар нь байрлалын хувьд уулын энгэр газар тул тус газрыг ухаж тэгшлэн барилгын суурыг цутгасан. Нэхэмжлэгчийн хэлснээр тухайн газарт уулын ус их буудаг, газар нь өөрөө чийгтэй, намгархаг тул хүний хүчин зүйлээс үл хамааран барилгад чийг өгсний улмаас гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй.

2015 онд С.Оюунцэцэгтэй тухайн барилга дээр очиж уулзахад үерийн болон уулын ус ихээр бууж ирэх юмаа үүнээс болж барилгын зарим хэсэг чийгтэж муудаад байна гэхээр нь гэрээгээр хийх ажилд ороогүй ч гэсэн ус зайлуулагч хийгээд өгөөч гэж гуйсны дагуу тухайн сууцны хэсгээр өргөн 1 метр, гүн нь 70 см хэмжээтэй ус зайлуулагч хийж өгсөн. 2016 онд холбогдож үерийн ус гэрт орчихлоо гэж ярьсан. Үерийн усны улмаас учирсан гэмтлийг манай байгууллага хариуцах учиргүй юм.

Газрын байршил нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч өөрөө санал тавьсны дагуу SIP технологиор биш Канад технологоор барих болсон.

Учир нь SIP технологиор барихаар дулаан их алддаг, уулын энгэр газар учир хөөсөнцөр материалыг хулган их иддэг гэх мэдээллийг ойролцоо айлууд хэлж байна доторх дулаалгыг нь үртсээр хийлгэнэ гэсэн өөрийнх нь хүсэлтээр хийсэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс талууд татгалзаагүй, уг гэрээг цуцлах тухай шаардлага гаргаагүй байж гэрээний үнэ болох 23.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч С.Г нь М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний улмаас үүссэн хохиролд 28.489.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч М ХХК нь /гүйцэтгэгч/ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14081/ дугаар 21 дүгээр хэсгийн гудамж 2156А тоот хаягт байрлах 40м.кв 1 давхар, 40м.кв талбайтай орон сууцыг 1 сарын хугацаанд барих, нэхэмжлэгч С.Г нь /захиалагч/ материалын үнэ, ажлын хөлсөнд 23.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хийсэн байна./хх-ийн 6,7-р хуудас/

Талууд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байгаа болно.

Гүйцэтгэгч М ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч С.Г /захиалагч/, хариуцагч М ХХХ /гүйцэтгэгч/ нар нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаагүй бөгөөд ажлын үр дүн болох орон сууцыг ашиглах явцад шинээр илэрсэн доголдол / дутагдал/-ын талаар маргажээ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.-т ... хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэжээ.

Ажлын үр дүнг хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдал гэдэг нь тухайн ажлын үр дүнг хүлээн авах үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй, харин тухайн эд хөрөнгийн ашиглалтын явцад илрэх дутагдлыг хэлнэ.

Энэ дутагдал нь ашиглалтын явцад илрэх дутагдал, ашиглалтын явцад шинээр үүсэх дутагдал гэж ангилагдах юм.

Нэхэмжлэлд дурдсан сууринд цууралт өгч хазайлт өгсөн, усны хаялгагүй хийснээс болж үргэлж ус орж ялзрал, мөөгөнцөр үүссэн зэрэг дутагдалуудыг ашиглалтын явцад шинээр илрэх дутагдал гэж үзнэ.

1.Барилгын хөгжлийн төвийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд:

Уг амины орон сууц нь SIP технологи буюу SIP хавтангаар баригдсан бөгөөд хавтан нь олон төрөл байдаг ба OSB фанер, ган, хөнгөн цагаан зэрэг материалаар хийгддэг, бүтцийн хувьд хоёр хавтангийн дунд хавчуулагдсан дулаан тусгаарлагч /хайлуулсан, хөөлгөсөн, полистрол, полиуретан зэрэг/ хөөсөнцөр материалаас бүрддэг болно. SIP хавтан нь үйлдвэрт бэлтгэгддэг бөгөөд даацын дулаалгат хавтан юм,

Нэхэмжлэгээс ирүүлсэн фото зураг болон объектод хийсэн шалгалтаас үзэхэд сууцны урд хананд хөгц, мөөгөнцөр үүссэн, чийгний үнэр ихтэй байгаа нь Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх заалт зөрчиндөж байна гэжээ. /хх-ийн 51-57-р хуудас/

2.Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэрэгжилтний гаргасан шинжээчийн дүгнэлтэд:

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14081/ дугаар 21 дүгээр хэсгийн гудамж 2156А тоот хаягт байрлах 40м.кв 1 давхар, 40м.кв талбайтай орон сууцны барилгын суурийн бетоны бат бэх В5 анги буюу М75 дундаж үзүүлэлттэй гэжээ./хх-ийн 99-112-р хуудас/

Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг зохих төвшинд гүйцэтгэж ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2.Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно гэжээ.

Нэхэмжлэгч нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан баталгаат хугацааны дотор буюу 2015 оны 6 дугаар сард захиалагчид гомдол гаргаж М ХХК нь ус зайлуулагчийг хийж өгсөн талаар талууд маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хугацаанд /илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор/ гомдол гаргасан гэж үзнэ.

Мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1.-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж,

352.2.2.-т захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэжээ.

Захиалагч С.Г нь орон сууцны ашиглалтын явцад шинээр илэрсэн доголдлуудыг өөрөө арилгаж, холбогдох зардлыг гүйцэтгэгч М ХХК-аас нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14081/ дугаар 21 дүгээр хэсгийн гудамж 2156А тоот хаягт байрлах 40м.кв 1 давхар, 40м.кв талбайтай орон сууцны хананд байсан үртсийг авч, мөөгөнцрийг хусаж, эко шилэн хөвөн хийж бүх ОСП хавтанг сольсон, дээврийн шувуун нурууг уртасгаж, хавтанг нэмсэн, гадна фасадыг сольсон, үүдний саравчийг засварласан, дотор талын ОСП хавтанг хуулаад чийг хамгаалагч түрхээд дахин хийсэн, шаландаа чийг хамгаалагч хийсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-30,73-79-р хуудас/

Хариуцагч М ХХК, нэхэмжлэгч С.Г нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон үнийг төлж уг гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээний дагуу М ХХК-д төлсөн 23.000.000 төгрөгийг буцаан нэхэмжлэх үндэсгүй байна.

Иймд хариуцагч М ХХК-иас доголдлыг засварласан үнэ болох 3.579.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24.909.220 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Шинжээчийн зардалд 251160 төгрөгийг нэхэмжлэгч С.Г төлсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 3.579.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24.909.220 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 72226 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                                         

                                   

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО