Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01825

 

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01825

 

 

С.Гомбоцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01345 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Гомбоцэрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Модерн тайга ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлээс учирсан 5 489 000 төгрөг, гэрээнээс татгалзсаны үр дагаварт 23 000 000 төгрөг, нийт 28 489 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Оюунцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Гэрэл-Очир

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Түвшинбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гомбоцэрэн нь 2014 оны 6 дугаар сард Зар мэдээ сонинд гарсан зарын дагуу Модерн тайга ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт, 21 дүгээр гудамж 2156А тоот хаягт байрлах 40 м.кв 1 давхар орон сууцыг 23 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцож мөнгөө бүрэн төлсөн.

Гэтэл хариуцагч гэрээний 5.5-д заасны дагуу таазны задаргааг герман материалаар хийх байсан боловч хятад материалаар хийсэн, Солонгос шалны халаалт хийх байсан боловч хийлгүй хятадад үйлдвэрлэсэн 3 ширхэг халаалтын тень өгсөн, суурийн цутгалтыг гэрээнд заасан загвар маркад хүрэхгүй чанаргүй материалаар хийснээс болж сууринд цууралт өгч суурь нь хазайлт өгсөн, усны хаялгагүй хийснээс болж үргэлж ус орж ялзрал, мөөгөнцөр үүсч 1 жил болоогүй байхад бүгд хуурч унасан. Энэ тухай удаа дараа шаардсаны эцэст 2015 оны 5 дугаар сард хагас дутуу засаж өгсөн боловч 2016 онд бүх зүйл нь устан, паркетэн шал нь хөндийрч намган дунд байгаа мэт болсон. Энэ бүхнийг Модерн тайга ХХК-ийн захирал н.Энхчимэг ирж үзээд 1 000 000 төгрөг өгье гэсэн боловч өгөөгүй.

Би 2016 оны 6 дугаар сард би өөрийн материалаар засаж хананд байсан үртсийг авч, мөөгөнцрийг хусаж, эко шилэн хөвөн хийж бүх ОСП хавтанг сольсон, дээврийн нурууг уртасгаж, хавтанг нэмсэн, гадна фасадыг сольсон, үүдний саравчийг засварласан, дотор талын ОСП хавтанг хуулаад чийг хамгаалагч түрхээд дахин хийсэн, шаландаа чийг хамгаалагч хийсэн. Эдгээрийг хийхэд материалын үнэ, засварын хөлс нийлээд 5 489 000 төгрөг болсон.

Иймд Модерн тайга ХХК-д өгсөн 23 000 000 төгрөгийг уг орон сууцанд засвар хийсэн 5 489 00 төгрөгийн хамт нийт 28 489 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гомбоцэрэн нь Модерн тайга ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 40 м.кв талбай бүхий 1 давхар орон сууцыг 23 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, захиалагч мөнгөө бүрэн төлсөн. Уг үнийн дүнд материалын үнэ, ажлын хөлс бүгд багтсан. Захиалагчийн хүсэлтийн дагуу өөрийн хүн хүчээр хоёр ч удаа засвар, үйлчилгээ хийж өгсөн. Манайхыг ажил гүйцэтгэж байхад захиалагч гэр бариад хашаандаа амьдарч байнгын хяналт тавьж байсан.

Газрын байршил нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч өөрөө санал тавьсны дагуу SIP технологиор биш Канад технологоор барих болсон. Учир нь SIP технологиор барихаар дулаан их алддаг, уулын энгэр газар учир хөөсөнцөр материалыг хулгана их иддэг гэх мэдээллийг ойролцоо айлууд хэлж байна доторх дулаалгыг нь үртсээр хийлгэнэ гэсэн өөрийнх нь хүсэлтээр хийсэн.

Модерн тайга ХХК нь гэрээнд заасан ажлын хийж гүйцэтгэн 2014 оны 08 дугаар сарын 13-нд хүлээлгэн өгсөн. Гэрээнд зааснаар гомдлын шаардлага гаргах хугацааг 1 жил байхаар талууд тохиролцсон бөгөөд энэ хугацаа өнгөрсөн.

Нэхэмжлэгчийн байшин бариулсан газар нь байрлалын хувьд уулын энгэр газар тул тус газрыг ухаж тэгшлэн барилгын суурыг цутгасан. Нэхэмжлэгчийн хэлснээр тухайн газарт уулын ус их буудаг, газар нь өөрөө чийгтэй, намгархаг тул хүний хүчин зүйлээс үл хамааран барилгад чийг өгсний улмаас гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй. 2015 онд С.Оюунцэцэгтэй тухайн барилга дээр очиж уулзахад үерийн болон уулын ус ихээр бууж ирэх юмаа үүнээс болж барилгын зарим хэсэг чийгтэж муудаад байна гэхээр нь гэрээнд тусгаагүй ч ус зайлуулагч хийж өгсөн. 2016 онд холбогдож үерийн ус гэрт орчихлоо гэж ярьсан. Үерийн усны улмаас учирсан гэмтлийг манай байгууллага хариуцах учиргүй юм.

Шинжээчийн гаргасан дүгнэлтээс харахад Модерн тайга ХХК-ийг гэрээнд заасан чанар стандартын дагуу уг объектыг барьж гүйцэтгэсэн болохыг нотлож байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс талууд татгалзаагүй, уг гэрээг цуцлах тухай шаардлага гаргаагүй байж гэрээний үнэ болох 23 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Модерн тайга ХХК-иас 3 579 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гомбоцэрэнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 24 909 220 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397 236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 72 226 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Мөн шүүх хуралд гэрч Ү.Надмидцэрэн, шинжээч н.Цэнгэл нарыг оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч, мөн л хүлээн аваагүй юм. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх засварын ажилд зарцуулсан 5 489 000 төгрөгөөс доголдлыг засварлахад гарсан бараа материалын үнэ болох 3 579 780 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, ажил гүйцэтгэсэн ажилтанд олгосон хөлсийг хасч тооцсон. Улмаар гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хангалгүй шийдвэрлэсэн.

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчсөн байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтээр орон сууцны суурийн бетоны чанарыг хэмжихэд бат бэх нь 75М байна гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд тухайн орон сууц нь бүхэлдээ доголтой байна гэж үзэхээр байна.

Гэвч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, суурийн бат бэх нь 200М байхаар гэрээнд заасныг зөрчсөн гэдгийг тогтоосон хэрнээ түүнээс үүдэн гарах үр дагаврыг тогтоогоогүй, байна. Учир нь 75М байхад тухайн барилгын насжилт, чанарт хэрхэн нөлөөлөх тухай ямар нэг ажиллагаа хийгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангахуйц болоход хэдэн төгрөгийн засвар үйлчилгээ хийхийг тогтоогүй байна. Бидний хувьд тухайн орон сууц нь бүхэлдээ доголдолтой зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзэж, түүний үнэ болох 23 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримтууд цуглуулаагүй, мөн зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Гомбоцэрэн нь хариуцагч Модерн тайга ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлээс учирсан хохирол, гэрээнээс татгалзсаны үр дагаварт 28 489 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 02-ны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр хариуцагч Модерн тайга ХХК нь байшин барьж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үнэ 23 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, энэ талаар маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

Зохигч ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон байшинг ашиглах явцад үүссэн доголдлын талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нь уг орон сууцыг SIP технологи, Канад технологийн алинаар баригдсан, гэрээний дагуу тохиролцсон материалаар хийгдсэн эсэх, цаашид хүн амьдрах эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шинжээчээр Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлийг томилж, дүгнэлт гаргуулсан /хх 54-56 дахь тал/. Уг дүгнэлтэд барилгын суурийн бат бэх чанар, бетоны маркийг барилгын сорилт судалгаа шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн БАС-ийн Реконстракшн төвд хандаж тогтоолгох талаар зөвлөсөн тул энэ агуулгаар дүгнэлт гараагүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасны М200 маркийн зуурмагаар барилгын суурийг цутгасан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шинжээчээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийг томилж, дүгнэлт гаргуулсан /хх104-109 дэх тал/. Уг дүгнэлтээр барилгын суурийн бетоны бат бэх чанар М75 дундаж үзүүлэлттэй гэж гарсан.

 

Шинжээчийн дүгнэлтүүд нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл эсхүл сууцыг ашиглах явцад үүссэн доголдол гэдгийг тогтоогоогүй, эргэлзээтэй тул нэхэмжлэгч нь барилгын суурийн хагарч цуурсан, хөгц, мөөгөнцөр, чийгтэх зэрэг нь ашиглалтын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, эсхүл сууцны ажлыг чанаргүй гүйцэтгэснээс үүссэн эсэхийг тогтоолгох, орон сууцад засвар үйлчилгээ хийж, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тодорхойлуулахаар нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2018/06869 дүгээр захирамж /хх 147 дахь тал/-аар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч талаас нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй тул 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч Ц.Цэнгэлийг оролцуулах, зардлын хэмжээг нотлохоор Ү.Надмидийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ үндэслэлийг заагаагүй, энэ талаар захирамж амаар гаргасныг буруутгахгүй ч шүүх хуралдааны тэмдэглэлд үндэслэл тусгагдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

 

дын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 㺺 濿 мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу 俿뿿 .

 

Иймд зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА