Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01832

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 10 06 181/ШШ2021/01832

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух, Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ӨБХ ХХК холбогдох,

2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу илүү төлсөн 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гэрч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ӨБХ ХХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Хан-Уул дүүрэгт баригдах Оргил стар хотхоны Д блок байрны 2 дугаар орцны 12 дугаар давхарт 3 өрөө орон сууц болон 76 тоот авто зогсоолын захиалга өгсөн. Гэрээний 1.2 дугаар зүйл, 4.1 дүгээр зүйлд заасны дагуу орон сууцны үнэ 175 940 000 төгрөг, гражийн үнэ 18 000 000 төгрөг нийт үнэ 193 940 00 төгрөг байхаар талууд тохирсон. Гүйцэтгэгч зүгээс гэрээний 1.4-т заасны дагуу орон сууцыг 2013 оны 01 дүгээр сард ашиглалтанд оруулах байсан ч хугацаандаа оруулж чадахгүй болж нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг гүйцэтгэгч тал гаргаж талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2013 оны 03 дугаар улирал болгон хойшлуулсан ч энэ хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй ба нэхэмжлэгч нь 2014 оны 08 сард орон сууцандаа нүүн орсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлсөн гэж ойлгож байтал гүйцэтгэгч талаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөг байна. Та үүнийгээ төл гэх шаардлагыг нэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, танайд төлөх төлбөрийн үлдэгдэлгүй гэдгээ хэлэхэд ...та төлбөрийн үлдэгдэлтэй, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлөхгүй тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй талаар гүйцэтгэгч тал хэлсэн. Тухайн үед гүйцэтгэгч талд гэрээний дагуу төлсөн санхүүгийн баримтаа тулгаж үзэх гэсэн ч орон сууц дамжин нүүх, зарим эд зүйлсээ хамаатаныдаа үлдээх зэрэг шилжилт хөдөлгөөн хийх явцдаа хаяж үрэгдүүлсэн гэж ойлгоод 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 10 сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд бэлнээр өгсөн. Ингээд Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулах ажлыг биеэр хөөцөлдөх явцдаа Улсын бүртгэлийн байгууллагаас гүйцэтгэгч талд өр төлбөргүй болохоо илэрхийлсэн тооцоо нийлсэн баримт авч ир гэсний дагуу 2019 оны 05 дугаар сард хариуцагчтай тооцоо нийлэхэд 10 000 000 төгрөгийг илүү өгсөнө мэдсэн. Улмаар 2019 оны 06 сард олдохгүй байсан санхүүгийн баримт нүүж явахдаа дүүгийндээ үлдээсэн эд зүйлсээс олсон ба баримтыг тулган үзэхэд 10 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд илүү төлсөн болох нь баталгаажсан. Мэдсэн даруйдаа гүйцэтгэгч талаас илүү төлсөн 10 000 000 төгрөгийг эргүүлэн шаардахад эргүүлэн өгөхгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэгч талтай хийсэн гэрээний дагуу орон сууц болон гражийн төлбөр 193 940 000 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацаанд бэлнээр болон эд зүйлээр тооцон төлж барагдуулсан байтал худал хэлж 10 000 000 төгрөгийг илүү авсан байна.

Иймд 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу ӨБХ ХХК-д илүү төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ӨБХ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э-гийн гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Б.Этай харилцан тохиролцож авч буй орон сууцны үнийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ талаар гэрээнд бичгээр өөрчлөлт хийгээгүй юм. Барилгын ажил удааширч, барилга барих явцад барилгын материалын үнэ өссөн, валютын ханш өссөн зэргээс шалтгаалаад 2015 онд орон сууцныхаа үнэд өөрчлөлт оруулж 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Тэглээ ч Б.Э нь 10 000 000 төгрөгийг илүү төлсөнөө мэдэхгүй байх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ӨБХ ХХК-д холбогдуулан 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу илүү төлсөн 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

ӨБХ ХХК нь Б.Этай 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г бичгээр байгуулж, Хан-Уул дүүргийн 11 хороонд баригдах Оргил стар таун хотхоны Д блок байрны 2 дугаар орцны 12 дугаар давхарт 3 өрөө орон сууц болон 76 тоот авто зогсоолыг хүлээлгэн өгөх, Б.Э орон сууцны үнэ 175 940 000 төгрөг, гражийн үнэ 18 000 000 төгрөг нийт үнэ 193 940 00 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-4-5х/

 

Б.Э нь энэхүү гэрээний дагуу нийт 203 940 000 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтууд, ӨБХ ХХК-ийн Авлагын дэлгэрэнгүй бүртгэл-ээр тогтоогдож байна. /хх-6-9х/

Нэхэмжлэгч Б.Э нь гэрээний төлбөрийг төлөхдөө андуурч 10 000 000 төгрөгийг илүү төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал эс зөвшөөрч, орон сууцны үнийг нэмэгдүүлэхээр тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсны дагуу 10 000 000 төгрөгийг төлсөн тул шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч ӨБХ ХХК нь татгалзлаа нотлохоор гэрчээр М.Ц-г асуулгасан бөгөөд гэрч С.Цэцэгдаринаа 2015 онд барилгын материалын үнэ өсөөд төлбөрийн үлдэгдэлтэй айлуудын гэрээний төлбөрийг 10,0-аас 20,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж, 2015 оны зун 8 сараас өмнө гүйцэтгэх захирал Жаргалсайхан, Батзориг, бид нар Б.Э эгчтэй уулзаж, төлбөрийн үлдэгдэлтэй айлуудын гэрээний төлбөрийг нэмж байгааг хэлэхэд Б.Э зөвшөөрч би 10 000 000 төгрөг төлье гэж хэлсэн гэж мэдүүлж байна.

Гэрээний 4.1-д төлбөр төлөх нөхцлийг тохирсон боловч тодорхой хугацаа заагаагүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь орон сууц, гаражийн үнэ 193 940 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө бүрэн төлсөн болох нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул гэрч С.Ц-ийн мэдүүлсэн үйл явдлууд үгүйсгэгдэж байна. Иймд гэрч С.Ц-ийн мэдүүлгээр орон сууцны үнийг 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр талуудыг тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

ӨБХ ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.4-д зааснаар орон сууцыг 2013 оны 1-р улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан, мөн гэрээний 3.7-д Ашиглалтад орох хүртэл гэрээний үнэд өөрчлөлт орохгүй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмын дагуу ӨБХ ХХК нь орон сууцыг 2013 оны 1-р улиралд ашиглалтад оруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор 2015 онд барилгын материалын үнэ өссөн үндэслэлээр орон сууцны үнийг нэмэгдүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Мөн гэрээний 3.7-д Ашиглалтад орох хүртэл гэрээний үнэд өөрчлөлт орохгүй гэж тохиролцсны дагуу гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсан.

Гэрээний дагуу Б.Э нь орон сууцны үнийн сүүлийн төлбөрийг 2017.10.17-ны өдөр төлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Эгийн нэр дээр 2019.05.22-ны өдөр гарсан, Б.Э нь 2019.05 сард хариуцагчтай тооцоо нийлж 10 000 000 төгрөг илүү төлснөө мэдсэн гэж тайлбарласан, 2020.05.14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2020.05.21-ны өдрийн 7006 дугаар захирамжаар Иргэний хэрэг үүсгэж, 2020.09.24-ны өдрийн 12274 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагчийг тус шүүхийн 2021.01.04-нй өдрийн шийдвэрээр эрэн сурвалжилж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс 2021.03.26-ны өдөр хаягийг нь тогтоосон зэргээс нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-10, 12-14, 44-46х/

 

Нэхэмжлэгч Б.Э нь гэрээгээр тохиролцсон үнээс 10 000 000 төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ӨБХ ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч ӨБХ ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ӨБХ ХХК-иас 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨБХ ХХК-иас 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж Б.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА