Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00006

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00006

 

длал

2021.12.226

Б.Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01832 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Б.Э

хариуцагч ӨБХ- ХХК-д холбогдох

 

Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт илүү төлсөн 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлт-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1.Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-нээс илүү төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулах;

1.б.Нэхэмжлэлийн үндэслэл:

Б.Э нь 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ӨБХ- ХХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ...3 өрөө орон сууц болон авто зогсоолын захиалга өгч, орон сууцны үнэ 175 940 000 төгрөг, авто зогсоолын үнэ 18 000 000 төгрөг, нийт 193 940 000 төгрөг байхаар тохирсон. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг бүрэн төлсөн гэж ойлгож байтал хариуцагч талаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлөхгүй тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн тул бэлнээр өгсөн. Ингээд улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулах ажлыг хөөцөлдөх явцдаа буюу 2019 оны 5 дугаар сард хариуцагчтай тооцоо нийлэх үед 10 000 000 төгрөг илүү төлснөө мэдсэн. Мэдсэн даруйдаа хариуцагч талаас 10 000 000 төгрөгийг буцаан шаардахад өгөхөөс татгалзсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.а. Б.Этай харилцан тохиролцож орон сууцны үнийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ талаар гэрээнд бичгээр өөрчлөлт оруулаагүй. Барилгын ажил удааширч, барилга барих явцад барилгын материалын үнэ өссөн, валютын ханш өссөн зэргээс шалтгаалаад 2015 онд орон сууцныхаа үнэд өөрчлөлт оруулж 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Б.Э нь 10 000 000 төгрөгийг илүү төлснөө мэдэхгүй байх боломжгүй гэж үзэж байна.

 

3. Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ӨБХ- ХХК-аас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨБХ- ХХК-аас 174 950 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу худалдан авагч худалдан авсан зүйлийн үнийг төлсөн. Энэ талаар шүүх хуралд гэрч мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн хэлсэн шиг 10 000 000 төгрөгийг илүү төлснөө огт мэдээгүй гэх үйл баримт тогтоогддоггүй. Харин шүүхээс гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй талаараа дүгнэлт хийхдээ ...гэрээний 4.1-д төлбөр төлөх нөхцөлийг тохирсон боловч тодорхой хугацаа заагаагүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь орон сууц, авто зогсоолын үнэ 193 940 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төлсөн болох нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул гэрч С.Цэцэгдаринаагийн мэдүүлсэн үйл явдал үгүйсгэгдэж байна... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Гэрч худал мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгээгүй байхад гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэж байна.

4.б. Хэдийгээр гэрээ болон хуульд заасан заалттай маргах боломжгүй боловч харин эсрэгээрээ гэрээнд өөрчлөлт оруулж, худалдан авсан зүйлийнхээ үнэд харилцан тохиролцож өөрчлөлт оруулж байгаа нь ч хуульд заасан үндэслэлтэй бүрэн нийцсэн үйлдэл. Учир нь талууд харилцан тохиролцсон бол гэрээний аль ч хэсэгт, ямар ч хэлбэрээр өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлснийг бичгээр үйлдээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Түүнчлэн, манай байгууллага үнээ нэмсэн нь нэхэмжлэгчид хохиролтой, шударга бус гэж үзвэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, улмаар бид тухайн орон сууцыг өөрсдийн санал болгож буй үнээр дараагийн худалдан авагчид худалдах бүрэн боломжтой байхад шүүхээс гэрээний үнийг нэмэгдүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн нь харин өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй. Бид барилга байгууламж барьж, түүнийгээ худалдан борлуулж орлого олдог. Харин барилгын материалын үнэ, валютын өсөлт нь зах зээлд орон сууцны үнийг нэмэхээс өөр аргагүй болдог. Үүнийг шүүх анхааралгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв. Учир нь анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ӨБХ- ХХК-д холбогдуулан орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт илүү төлсөн 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний төлбөр тооцооны хавсралт, ӨБХ- ХХК-ийн орлогын баримтын 11 ширхэг тасалбар, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтууд хавсаргасан. /хх-ийн 5-11/

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ӨБХ- ХХК нь Хан-Уул дүүргийн 11 хороонд баригдах Оргил стар таун хотхоны Д блок байрны 2 дугаар орцны 12 дугаар давхарт 3 өрөө орон сууцыг болон 76 тоот авто зогсоолыг нэхэмжлэгч Б.Эд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Б.Э орон сууц, авто зогсоолын үнэд 193 940 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-6/

 

Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүрэгт нэхэмжлэгч Б.Э орон сууц, авто зогсоолын үнэд 193 940 000 төгрөгийг төлсөн, ӨБХ- ХХК нь Хан-Уул дүүргийн 11 хороонд баригдах Оргил стар таун хотхоны Д блок байрны 2 дугаар орцны 12 дугаар давхарт 3 өрөө орон сууцыг болон 76 тоот авто зогсоолыг нэхэмжлэгч Б.Эгийн өмчлөлд шилжүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч Б.Э орон сууц, авто зогсоолын үнэд 10 000 000 төгрөгийг илүү төлсөн эсэх талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний 2.2-т захиалагч энэ гэрээний 4.1-д заасан төлбөргийг графикийн дагуу төлнө гэж заасан үүргээ биелүүлж 193 940 000 төгрөгийг төлснөөс гадна 10 000 000 төгрөгийг илүү төлсөн болох нь гэрээний төлбөр тооцооны хавсралт, ӨБХ- ХХК-ийн орлогын баримтын 11 ширхэг тасалбар, 203 940 000 төгрөгийг төлсөн тухай авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэргээр тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч орон сууцны үнийг нэмэгдүүлэхээр тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулсны дагуу 10 000 000 төгрөгийг төлсөн тул шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа гаргаагүй ба энэхүү тайлбар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцээгүй байхаас гадна нэхэмжлэгчээс гаргасан дээрх нотлох баримтыг үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээгээр ямар үүрэг хүлээхээр тохиролцсон тэр үүргийг харилцан шаардах эрхтэй.

 

Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 3.7-д Ашиглалтад орох хүртэл гэрээний үнэд өөрчлөлт орохгүй гэж тохиролцсон байх тул хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, гэрч С.Цэцэгдаринаагийн ...2015 онд барилгын материалын үнэ өсөөд Оргил стар хотхоны захиалагч нарт 10 000 000-20 000 000 төгрөгийн нэмэлт гэрээ хийсэн. Тухайн үед Б.Э эгч хүлээн зөвшөөрөөд 5 000 000 төгрөгөөр 2 удаа төлсөн... гэсэн мэдүүлэгт үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт нийцэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэж байна... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Гэрээний 6.1-д ...энэ гэрээнд хоёр талын бичгээр үйлдсэн зөвшилдөөнөөр, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Уг нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт заасанчлан хариуцагч гэрээний үнийг нэмэгдүүлэхээр тохиролцсон гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ гэрчийн мэдүүлгээс гадна нотолгооны бусад хэрэгслээр нотлоогүй тул хариуцагчийн ...талууд харилцан тохиролцсон бол гэрээний аль ч хэсэгт, ямар ч хэлбэрээр өөрчлөлт оруулах эрхтэй... гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч ӨБХ- ХХК-аас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн байна.

 

Хариуцагч ӨБХ- ХХК нь орон сууцыг 2013 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор 2015 онд барилгын материалын үнэ өссөн үндэслэлээр орон сууцны үнийг нэмэгдүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт уг шаардах эрхийн үгүйсгэх нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд шаардах эрхийг үгүйсгэх хуульд заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ