Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/00747

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/00747

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-34-23 тоотод оршин суух ******* овогт ******* ******* *******-д холбогдох

 

улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* 2019 оны 12 сарын 27-ны өдөр миний эхнэр 29.000.000 төгрөг зээлдүүлсэн юм билээ. 29000000 төгрөгөөсөө эхнэр 23900000 төгрөгийг нь буцааж өгөөд 5100000 төгрөгийг нь өгөөгүй үлдэгдэл байгаа болохыг би 2020-03-04-ний өдөр мэдсэн юм. 2020-03-04-ний өдөр С.******* нөхрийн хамт надтай уулзаад эхнэрээс чинь 25000000 төгрөг авах учиртай машинаа барьцаанд өг гэхээр нь би санаа зовоод ТОЁОТА ПРИУС-30 маркийн улсын дугаартай суудлын авто машинаа С.*******д үлдээгээд эхнэрээсээ асууж байгаад машинаа авна гэж хэлээд хариад эхнэрээ С.*******д 25000000 төгрөгийн өглөгтэй эсэхийг асуухад 5100000 төгрөг өгөх ёстой гэхээр нь 3-р сарын 6-нд 5100000 төгрөгийг нь өгөөд машинаа авъя гэтэл С.******* 25000000 сая төгрөг өгч байж машинаа ав гэхээр нь би 5.100.000 төгрөгөө өгөлгүй Орхон аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж улмаар Орхон аймгийн Прокурорын газар 2020-03-30-ны өдөр 82 дугаартай тогтоол өглөө. Би энэ машинаа 2019-10-11-нд Улаанбаатар хот дахь "ГУРТЫН ТАВИЛАН" ЗГБХН-ээс 11000000 төгрөгийн зээл авч авсан юм. Одоогоор машин маань тухайн байгууллагын нэр дээр байдаг бөгөөд би зээлээ бүрэн төлж дуусгаж байж машинаа өөрийн нэр дээрээ болгох юм. Би С.*******гаас зээл огт аваагүй машинаа ч албан ёсоор барьцаанд тавиагүй учир миний машиныг С.******* хууль бусаар авсан учир би машинаа түүний хууль бус эзэмшлээс гаргуулан авахаар шаардаж байна. Иймд С.*******гаас М.******* миний эзэмшлийн Приус-30 маркийн 22-54-УАЕ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эхнэр Г.Батбилэг нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.*******гаас 29.000.000 төгрөг зээлээд 23.000.000 төгрөгийг буцаагаад төлсөн байна. Эхнэр нь 5.100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн тооцоотой байхад 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр С.******* нь нэхэмжлэгч М.*******тэй уулзаад танай эхнэрээс 25.000.000 төгрөг авах ёстой. Машинаа үлдээгээд яв гэсэн байна. Тэгээд эхнэрээсээ асуухад би 5.100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж хэлсэн байдаг. Тэгээд ах дүү нараасаа мөнгө цуглуулаад 5.100.000 төгрөгийг бүрдүүлээд очиж уулзаад машинаа авъя гэхэд би 25.000.000 төгрөг авах болохоос 5.100.000 төгрөг авахгүй гэж хэлсэн. Тэгээд миний машиныг хууль бусаар авлаа гээд цагдаагийн газарт хандахад шүүхээр шийдүүл гэсэн. Машиныг Гуртын тавилан ХХК-иас 11.000.000 төгрөгийн зээлээр 2019 оны 11 дүгээр сард авснаар бодитоор машин М.*******ийн мэдэлд ирсэн. Хууль ёсны эзэмшигч нь М.******* бөгөөд шаардах эрх нь М.*******эд байгаа. Гэтэл хариуцагч энэ машин М.*******ийн машин биш, Гуртын тавилан ХХК-ийн машин учраас надаас шаардах эрхгүй гэж байгаа. Тэгэхээр , С.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагчид бусдын машиныг хууль бусаар авч өөрийн эзэмшилд байлгах хууль зүйн үндэслэл байхгүй. С.******* нь өөр хүний машиныг бас авсан эрүүгийн хэрэг үүссэн байгаа юм байна лээ. Би М.*******ийн эхнэрийн дансны хуулгыг аваад шүүгээд үзэхэд М.*******ийн эхнэр нь С.*******гаас 83.000.000 төгрөг аваад 116.000.000 төгрөг болгож өгсөн байна. Тэгээд ямар нэгэн гэрээгүй авсан учраас 28.000.000 төгрөг нэхэмжлээд шүүхэд хандсан байгаа. Хариуцагч нэхэмжлэгч М.*******тэй эрх зүйн харилцаа үүссэн бол тэр баримтаа хэрэгт өгөх ёстой. ... М.*******ийг гудамжинд явж байхад С.******* нөхөртэйгээ цуг явж байгаад танай эхнэрээс 25.000.000 төгрөг авах ёстой, мөнгөө авчирч өгөөд машинаа аваарай гээд аваад явсан. М.******* өөрөө бичиг үсэг юу ч мэддэггүй хүн. Тэгээд тийм л их мөнгө авчихсан юм байх даа асууя гээд машинаа орхиод явсан гэсэн. Машин дотор нь эхнэрийнх нь жирэмсний карт, машины бичиг баримт гээд бүгд байгаа гэсэн. Одоо машин С.*******гийн мэдэлд байгаа. ...Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.******* би тус шүүхэд гаргасан М.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: С.******* би М.*******ийн автомашиныг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Иймд хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Түүний эхнэр эй зээлийн гэрээний төлбөр тооцооны асуудал байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх талаар Г.Батбилэг болон түүний нөхөр М.******* нарт шаардлага тавьсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд зарим асуудал тодорхой болж байх шиг байна. Энэ бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа шаардах эрх гэж ойлгож байна. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж маргаж байх шиг байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх хөрөнгө буюу түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр тээврийн хэрэгсэл хөдлөх хөрөнгөнд ордог. Гэхдээ Татварын тухай хуулиар өмчлөгчийн бүртгэлийг улсын бүртгэл бүртгэдэг. Тээврийн хэрэгсэл бол заавал Авто тээврийн тухай хуульд зааснаар өмчлөгчийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэдэг. Гэтэл тээврийн хэрэгслийн өмчлөл бол Гуртын тавилан ХХК-ийн нэр дээр байгаа гэдэгт нэхэмжлэгч болон хариуцагч тал маргахгүй байгаа. Тийм учраас тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Гуртын тавилан хоршоо байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх, хуульд заасан шаардах эрх нь өмчлөгчид байгаа. Лизингийн зээл болон барьцааны гэрээ нь өмчлөгч болох гэж байгаа хэлцэл юм байна. М.******* өөрөө зээлээ бүрэн төлж дууссаны дараа машин түүний мэдэлд очно. Түүнээс өмчлөгч болох хэлцэл биш. Өмчлөгч биш гэсэн асуудал тодорхой болж байна. Нэхэмжлэгчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх угаасаа байхгүй байна. Харин шаардах эрх байхгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой. М.******* зээлийн хоршооноос итгэмжлэл авсан зүйл байхгүй. Энэ асуудлыг тодруулахын тулд шүүх иргэний хэрэг үүсгээд явдаг. Ингээд явж байхад шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тодорхой болж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч М.******* нь Гуртын тавилан ЗГБХН-өөс 2019 оны 10 сарын 11-ний өдөр 367 Л дугаартай лизингийн болон барьцааны гэрээ гэх нэртэй зээлийн гэрээгээр 11100000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлж, уг мөнгөөрөө улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг худалдан авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан бөгөөд зээлийн барьцаанд худалдан авсан машинаа барьцаалж, барьцааны гэрээгээр улсын дугаартай Приус-30 маркийн автомашины өмчлөх эрх Гуртын тавилан ЗГБХНөхөрлөлийн нэр дээр шилжсэн ба гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдэгч буюу нэхэмжлэгч М.******* зээлээ бүрэн төлж дууссаны дараа түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 111.2.1-д өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж тус тус зааснаар улсын дугаартай Приус-30 маркийн автомашин нь нэхэмжлэгч М.*******ийн эзэмшилд шилжсэн, тэрээр уг машиныг унаж ашиглаж, өмчлөлдөө байлгаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч С.******* нь...нэхэмжлэгч М.*******ийн эхнэрээс мөнгө авах ёстой... гэсэн үндэслэлээр түүний эзэмшлийн машиныг хууль бусаар авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.******* нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар өөрийн өмчлөл, эзэмшлийн машинаа түүний хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч С.*******гаас улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч М.*******эд олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир түүний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 190950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* *******-аас улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* ******* *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 190950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ