Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2020/00107

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00747 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

22-54 УАЕ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний эхнэр Г.Батбилэгт 29.000.000 төгрөг зээлдүүлсэн юм билээ. 29.000.000 төгрөгөөсөө эхнэр 23.900.000 төгрөгийг нь буцааж өгөөд 5.100.000 төгрөгийг нь өгөөгүй үлдэгдэл байгаа болохыг би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн юм. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* нөхрийн хамт надтай уулзаад эхнэрээс чинь 25.000.000 төгрөг авах учиртай машинаа барьцаанд өг гэхээр нь би санаа зовоод ТОЁОТА ПРИУС-30 маркийн 22-54 УАЕ улсын дугаартай суудлын авто машинаа *******д үлдээгээд эхнэрээсээ асууж байгаад машинаа авна гэж хэлээд хариад эхнэрээ *******д 25.000.000 төгрөгийн өглөгтэй эсэхийг асуухад 5.100.000 төгрөг өгөх ёстой гэхээр нь 03 дугаар сарын 06-нд 5.100.000 төгрөгийг нь өгөөд машинаа авъя гэтэл ******* 25.000.000 сая төгрөг өгч байж машинаа ав гэхээр нь би 5.100.000 төгрөгөө өгөлгүй Орхон аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж улмаар Орхон аймгийн Прокурорын газар 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 82 дугаартай тогтоол өглөө. Би энэ машинаа 2019 оны 10 дугаар сарын 11-нд Улаанбаатар хот дахь ГУРТЫН ТАВИЛАН ЗГБХН-ээс 11.000.000 төгрөгийн зээл авч авсан юм. Одоогоор машин маань тухайн байгууллагын нэр дээр байдаг бөгөөд би зээлээ бүрэн төлж дуусгаж байж машинаа өөрийн нэр дээрээ болгох юм. Би *******гаас зээл огт аваагүй машинаа ч албан ёсоор барьцаанд тавиагүй учир миний машиныг ******* хууль бусаар авсан учир би машинаа түүний хууль бус эзэмшлээс гаргуулан авахаар шаардаж байна. Иймд *******гаас ******* миний эзэмшлийн Приус-30 маркийн 22-54-УАЕ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* би тус шүүхэд гаргасан *******ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: ******* би *******ийн автомашиныг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Иймд хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Түүний эхнэр Г.Батбилэгтэй зээлийн гэрээний төлбөр тооцооны асуудал байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх талаар Г.Батбилэг болон түүний нөхөр ******* нарт шаардлага тавьсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00747 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан хариуцагч Чонос овогт Сүхбаатарын Золзаяа /РД:ГЮ88062103/-аас 22-54 УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Иншеебу овогт Мишкагийн Нарансүх /РД:ГЮ82011871/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 190.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* ....нэхэмжлэгч *******ийн эхнэрээс мөнгө авах ёстой гэсэн үндэслэлээр түүний эзэмшлийн машиныг хууль бусаар авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* нөхрийн хамт надтай уулзаад эхнэрээс чинь 25.000.000 төгрөг авах учиртай машинаа барьцаанд өг гэхээр нь би санаа зовоод Тоёото приус-30 маркийн 22-54 УАЕ улсын дугаартай суудлын автомашинаа *******д үлдээгээд гэж бичсэн. Энэ нь нэхэмжпэгч ******* нь өөрийн гэх тээврийн хэрэгслийг өөрөө сайн дураараа *******д шилжүүлэн өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч нотлогдсон байна. Гэтэл шүүх тээврийн хэрэгслийг ******* хууль бусаар авсан гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэргийг шийдвэрлэхдээ шүүх Линзингийн зээл болон барьцааны гэрээ гэх нэртэй хэргийн 7-8 дахь талд авагдсан гэрээг үндэслэсэн. Энэхүү гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтанд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал уг гэрээ нь эх хувь биш ба өнгөт хувилагчаар хувилсан, нотариатаар гэрчлүүлээгүй бичмэл баримт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан зохицуулалтыг зөрчиж гаргасан нотлох баримтыг шүүх үнэлсэн нь буруу болжээ. Гэрээний хуулбар болох нь гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь цаасан дээр бэхээр будагдаагүй, хувилагчаар олшруулсан байгаагаар тогтоогдож байна. Хэрэв тухайн гэрээг шүүх үнэлэх шаардагатай бол нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргуулан авч гэрээний 3.4 дэх заалтыг анхаарч үзэх шаардлагатай байсан. Гэрээний 3.4-т Зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр зээлдэгч зээлийн болон барьцааны эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, бусдад барьцаалах дамжуулан түрээслэхийг хориглоно. Хэрэв гэрээг зөрчиж зээлийн болон барьцааны эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол зээлдуүлэгчийн автомашиныг өмчлөх болон барьцааны эрх хэвээр хадгалагдах бөгөөд зээлдүүлэгч нь уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ шилжүүлэн авна гэж заасан байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлээр Хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалтыг тусгасан ба 111.1 Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Харин нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний 3.2-т Тээврийн хэрэгслийн өмчлөлийн эзэмшигчийн гэрчилгээг зээлдүүлэгч ахлах менежер болон Гуртын тавилан ЗГБХН-ны нэр дээр бүртгүүлэн авах ба зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусгавар болсон цагт тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр шилжүүлнэ гэж заажээ. Үүнийг гэрээнд өөрөөр заасан гэж ойлгох учиртай бөгөөд гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн үүрэг дуусгавар болсны дараа угтээврийн хэрэгслийн өмчлөх эрх *******эд үүсэхээр тусгажээ. Иргэний хуулиийн 111 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалт бөгөөд хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах, бэлэглэх, арилжих гэрээнд хамааралтай ерөнхий зохицуулалт юм. Харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрхтэй шууд хамааралгүй ойлголт юм. Гэтэл шүүх иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж *******ийг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзсэн нь буруу болсон. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох зохицуулалтыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол 91.1 хамаарахгүй гэж заасныг хэрэглэх учиртай байсан. Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх талаар тодорхой заасан бөгөөд тээврийн хэрэгсэлийн өмчлөх эрх заавал улсын бүртгэлд бүртгэгддэг. Энэ нь тээврийн хэрэгсэл хэдий хөдлөх хөрөнгө боловч улсын бүртгэлд бүртгэгддэг болох ойлгомжтой юм. Уг тээврийн хэрэгсэлийн өмчлөгчөөөр Гуртын тавилан ЗГБХ нөхөрлөл бүртгэгдсэн байгаа болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогддог. Үүнээс үзвэл уг тээврийн хэрэгслийн бусдын эзэмшлээс шаардах эрх нь нэхэмжлэгчид байхгүй юм. Ийнхүү анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 747 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс 22-54 УАЕ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Гуртын тавилан ЗГБХН-өөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр лизингийн гэрээ байгуулан 11 сая төгрөгийг 30 сарын хугацаатай зээлж 22-54 УАЕ улсын дугаартай приус-30 маркийн машиныг худалдаж авсан, өөрийн эзэмшилд ашиглаж байхад хариуцагч ******* эхнэрээс маань мөнгө авах ёстой гэж машиныг эзэмшилдээ авсан гэсэн үйл баримтад үндэслэн тодорхойлжээ.

Тухайн автомашин нь Гуртын тавилан ЗГБХН-ийн нэр дээрх өмчлөлийн машин байх ба нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж зээлээ төлж дуусахад өмчлөлдөө шилжүүлэн авах үүрэгтэй байсан байна.

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.-т зааснаар зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүй зээлдэгч нь зээлийн болон барьцааны хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, бусдад барьцаалах, дамжуулан түрээслэхгүй байх үүрэгтэй боловч эхнэрийнхээ өр төлбөрийн асуудлыг тодруулах зорилгоор машинаа *******д үлдээсэн. Эхнэрийнхээ хэлснээр үлдэгдэл төлбөр болох 5.100.000 төгрөгийг өгөөд машинаа авъя гэхэд ******* зөвшөөрөөгүй гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэгэнт нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжээгүй эзэмшилд нь байгаа бусдын өмчлөлийн автомашиныг барьцаалан авах эрхгүй хууль бусаар эзэмшилдээ байлгасан байна.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д заасан шуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч *******гаас 22-54 УАЕ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 91, 101, 106 дугаар зүйлд нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаярын шүүх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн гэсэн гомдол нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 7-8 дахь талд авагдсан лизингийн зээл болон барьцааны гэрээ нь Гуртын тавилан ЗГБХН-тэй байгуулсан гэрээний зээлдэгчид үлддэг эх хувь гэрээ байна.

Иймд хариуцагч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаярын нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ