Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2020/02601/И |
Дугаар | 181/ШШ2020/02294 |
Огноо | 2020-09-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2020/02294
2020оны 09сарын 148дөр |
| 181/ШШ2020/02294 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Т /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М. ХХК /РД:/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь 2002 онд Монгол Улсын Их сургуулийг биологич /биотехнологич/ мэргэжлээр төгсөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан. Ингээд Тайландын Вант улсын Азийн технологийн институтэд суралцаж, 2005 онд орчны хор судлал, менежментийн чиглэлээр шинжлэх ухааны мастерын зэрэг, 2015 онд БНСУ-ын Корей их сургуулийн Анагаахын сургуульд молекул эсийн биологийн чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Англи, солонгос хэлтэй. Докторын зэргээ хамгаалсны дараа Монгол Улсад буцан ирж өмнө ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байсан. Гэтэл М. ХХК нь чанарын менежерээр ажиллах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хүлээн авч, тус компанийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/2019-11 дүгээр тушаалаар чанарын менежерээр томилогдсон ба мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ээжийгээ харж асрах шаардлагатай болсон тул 2020 оны 06 дугаар сард ээлжийн амралтаа авсан, гэтэл тус компанийн захирал 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б/21 дүгээр тушаал гарган, мөн өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгожээ. Дээрх тушаалыг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан. Г.Тын ажиллаж байсан М. ХХК-ийн Евростандарт лабораторийн чанарын менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад тус компани хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй. Хэдийгээр мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох боловч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулах болсон үндэслэлээ тодорхой заагаагүй болно. Ажлаас халсан тушаалд дурдсан Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ. Г.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1-т гэрээний хугацааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал 1 жил гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг 2020 оны 04 сарын 30 гэсэн боловч Г.Т 2020 оны 06 сарын 08 хүртэл ажиллаж улмаар ээлжийн амралтаа 2020 оны 06 сарын 08-наас 07 сарын 09 өдөр хүртэл авсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдсан гэж бодож ажил үүргээ гүйцэтгэж байтал гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар ээлжийн амралттай байгаа ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ба ээлжийн амралтын хугацаа 2020 оны 07 дугаар 09-нд дуусахаар байхад ажил олгогч 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасныг зөвшөөрөхгүй. Иймд Г.Тыг М. ХХК-ийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг /үндсэн ба нэмэгдэл хөлс/ хөдөлмөрийн гэрээнд зааснаар тооцож, ажлаас халагдахаас өмнөх 3 сарын дундаж буюу сарын 1,695,704 төгрөгөөр тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсье. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Г.Т нь Нийгмийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад сургалтын чөлөө авсан, Нийгмийн Эрүүл мэндийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгомооргүй байна, энэ ажлын байраа алдмааргүй байна, тиймээс чөлөөтэй байх хугацаандаа л манай компанид ажиллах хүсэлтээ илэрхийлсэн учир компанийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/2019-11 дугаартай тушаалаар түүнийг М. ХХК-д чанарын менежерээр ажиллуулахаар томилж, түүнтэй харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тиймээс Г.Ттай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэсэн заалт, мөн хуулийн 23.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна гэсэн заалт, 23.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох тухай хуулийн заалтуудтай нийцэж байгаа юм. Манай компани Г.Тд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 07 сарын 03-ны өдөр дуусгавар болгох тухай мэдэгдлийг түүний имэйлээр явуулж мэдэгдэхэд Г.Т компанийн имэйлээр болон манай нягтлан А.Наранчимэгийн утас руу захиа бичиж амралтын мөнгөө авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд тэрээр 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэж өгье гэснээр түүний ажлыг энэ өдрөөр хүлээлцэж, энэ өдрөөс хойш Г.Т нь манай компанид ажиллаагүй. Компани түүний 06 дугаа сард ажилласан хоногийн болон амралтын мөнгийг нь 06 дугаар сарын сүүлийн цалин дээр нь бодож өгнө гэдгээ хариу мэдэгдсэн, түүнээс биш тэрээр ээлжийн амралттай байгаагүй юмаа. Г.Т нь анхнаасаа манай компанид ажилд орохдоо төрийн байгууллагад ажиллаж байгаа ажлын байраа алдах хүсэлгүй, чөлөөтэй байх хугацаандаа манай компанид ажиллах хүсэлтээ илэрхийлж, бид харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн аль ч зүйл, заалтыг зөрчөөгүй. Тиймээс Г.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч М. ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Г.Т болон М. ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр Чанарын менежерийн ажлын байранд 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал буюу 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ /хх-5-8 тал/ байгуулагдсан байх ба М. ХХК-ийн захирлын 2020 оны 07 сарын 03-ны өдрийн Б/21 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-31 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан Г.Түшинжаргалыг 2020 оны 07 сарын 03-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэлийн үндэслэл болгож гаргасан байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2019 оны 06 сарын 18-ны өдрийн Б/70 дугаартай Г.Тыг ажлаас түр чөлөөлж, гадаадад суралцуулах тухай тушаалын хуулбар /хх-46 тал/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Г.Т нарын хооронд 2018 оны 12 сарын 03-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар /хх-42-45 тал/ зэргээр Г.Т нь өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу ажил эрхэлдэг, уг ажлаас түр чөлөө авсан байх үедээ М. ХХК-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул Г.Т болон М. ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр Чанарын менежерийн ажлын байранд 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал буюу 1 жилийн хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох хуулийн зохицуулалтад нийцсэн гэрээ гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахад ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд байгуулсан байхыг шаардах бөгөөд Г.Тын хувьд өөрийн эрхэлж байсан ажил албан тушаалаас түр хугацаагаар чөлөө авсан байх үедээ М. ХХК-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсныг бодитой үндэслэл, шаардлагын үндсэн дээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр Г.Т болон М. ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгааныг тодорхой тусгаагүй байх боловч энэ нь Г.Т өөрийн эрхэлж байсан ажил албан тушаалаас түр хугацаагаар чөлөө авсан байх үедээ М. ХХК-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бодитой үндэслэл, шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Г.Т болон М. ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 04 сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх боловч Г.Т нь 2020 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд М. ХХК-д ажиллаж, 2020 оны 06 сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ажил хүлээлцэх акт нэртэй баримт /хх-32 тал/-аар тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтад Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан.
Г.Т болон М. ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 04 сарын 30-ны өдөр дуусгавар болсон байхад Г.Т нь ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтад зааснаар Г.Т болон М. ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэсэн хэдий ч Г.Т нь 2020 оны 06 сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн, ийнхүү ажлаа хүлээлгэн өгөхөд ажил олгогчийн зүй бус шаардлага, шахалт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажилтан ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй.
Ажилтан ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа авсан байсан, ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад нийцээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэлийн үндэслэл болгон гаргасан байх боловч Г.Т нь 2020 оны 06 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, ажил олгогчийн зүгээс Г.Тд ээлжийн амралт олгосон тушаал шийдвэр гараагүй, Г.Т нь 2020 оны 06 сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон тул Г.Тыг 2020 оны 06 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралт авсан байсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн гаргасан ээлжийн амралттай байх хугацаанд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Г.Тд М. ХХК-ийн зүгээс 2020 оны 06 сард олгосон гэх ээлжийн амралтын олговор нь Г.Т ээлжийн амралтаа авсан учраас олгосон олговор биш харин Г.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан ажил олгогчийн зүгээс ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын олговрын тооцооны дагуу олгосон мөнгөн олговор гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтад зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтад зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.
Хариуцагч М. ХХК нь Г.Ттай 2020 оны 06 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж ажлыг хүлээн авсан атлаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг 2020 оны 07 сарын 03-ны өдөр гаргасныг М. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтад заасан ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Ажил олгогч ажилтны ажлыг 2020 оны 06 сарын 04-ний өдөр хүлээж авсан атлаа ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд гаргаагүй явдалд ажилтныг буруутгах үндэслэлгүй тул М. ХХК нь Г.Түшинжаргалыг 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байлгасан гэж үзэн уг хугацаанд ногдох ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч М. ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснийг баримтлах бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.Тын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-10 тал/-нд тусгагдсан сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2020 оны 03 сарын цалин хөлс 1,500,000 төгрөг, 04 сарын цалин хөлс 1,500,000 төгрөг, 05 сарын цалин хөлс 1,797,682 төгрөг, нийт 4,797,682 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,599,227 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход 74,382.65 төгрөг, үүнийг 2020 оны 06 сарын 04-ний өдрөөс 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 21 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 1,562,035.65 төгрөг болж байх тул хариуцагч М. ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,562,035.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Тын 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч М. ХХК-д даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Тын хариуцагч М. ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М. ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,562,035.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Тын 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч М. ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагын үлдэх хэсэг буюу 2020 оны 07 сарын 03-ны өдрөөс шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 09 сарын 09 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч М. ХХК-д даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч М. ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110,142 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР