Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00721

 

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00721

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг *******, Чулуун овогт Баярмагнайн Нямаахүү /ФБ: 91090123/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. ******* нь 2016 оны 02 дугаар сард Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Иймд *******г Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 15-ны өдрийн тогтоолоор баталсан Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх хэсэгт сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс гүйцэтгэх бөгөөд ажил үүргийн үндсэн хуваарийн адил гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Энэ заалтын хэрэгжилт болон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс ажлын байрны ачааллыг нягтаршуулан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Эрдэнэт сангийн санхүүгийн бүртгэлийг Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн П.Энхжаргалд хариуцуулж, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг баримтлан ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тул Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Эрдэнэт сангийн нягтлан бодогч ажилтай *******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Дээрх Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч... Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх хэсэгт заасны дагуу сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс гүйцэтгэх бөгөөд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн, *******г ажлаас чөлөөлсөн захирамж үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч Санхүү төрийн сангийн ажилтанд давхар хариуцуулж байгаа, тэтгэмж олгоогүй, хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж жирэмсэн эмэгтэйг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын Б/11 дүгээр захирамжаар орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн албан тушаалд ТҮ-7 ангилал, зэрэглэлийн l шатлалд 535,286 төгрөгийн цалинтай томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон байна./хх-16, 17-20/

Ийнхүү ажиллаж байгаад Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх заалтыг үндэслэн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн үүрэгт ажлыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хариуцуулан ажиллуулах болсон гэсэн шалтгаанаар ажлаас халагдсан байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс цуцалжээ. /хх-4/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс цуцлах тухайгаа ажилтан *******д 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдэгдэлээр нотлогдож байна.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаартай аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Улс төрийн болон Төрийн захиргааны албан тушаалын орон тоог шинэчлэн баталж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөн ажиллах болсон байх бөгөөд дээрх тушаалаар Санхүү төрийн сангийн хэлтсийг 8 орон тоотойгоор баталжээ.

Орхон аймгийн *******-г бие даасан байдлаар ажиллуулж байгаад Орхон аймгийн *******гийн зөвлөлийн хурал 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, дүрмийн 3.9 дэх заалтын дагуу нягтлан бодогчийн үүрэгт ажлыг Санхүү төрийн сангийн хэлтэст хариуцуулан холбогдох мэргэжилтэн хавсран гүйцэтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээрх хурлын тэмдэглэлийг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Эрдэнэт сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хариуцан гүйцэтгэхийг даалгаж, ажилтан *******гийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс цуцалсан байна.

Орхон аймгийн орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар нягтлан бодогчийн үүрэгт ажлыг Санхүү төрийн сангийн хэлтэст хариуцуулахаар шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлд тусгасан байгаа боловч энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа холбогдох албан тушаалтны албан ёсны шийдвэр гэж дүгнэх боломжгүй, орон тоо хассан буюу цөөрүүлсэн гэж үзэх үндэсгүй байна.

Эрдэнэт сангийн дүрмийн 4.2-т сангийн зөвлөл нь аливаа асуудлыг хэлэлцэж хурлын тэмдэглэл хөтлөн тогтоол гарна гэж заасан байх бөгөөд Орхон аймгийн *******гийн зөвлөлийн хурлаас дээрх асуудлаар тогтоол гарсан эсэх нь тодорхойгүй байна.

Хэдийгээр ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн ч ажилтан *******гийн орон тоо хасагдсан эсэх нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан.

Гэтэл түүнийг жирэмсэн байхад ажлаас халсан нь буруу байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь жирэмсэн болох нь түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Ачлалт нар өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар нотлогдож байна.

Хуулийн дээрхи зохицуулалт нь эмэгтэй хүний эх байх эрхээ эдлэх, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэхэд чиглэгдсэн хөдөлмөрийн харилцааны нэмэлт баталгаа юм.

Иймд нэхэмжлэгч *******г Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэстэй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 5 сар 3 хоног буюу нэг сард ажлын 21.5 хоногоор тооцоход / 21,5х5 сар =107.5 хоног, 107.5+ 3 = 110.5 хоног ажилгүй байжээ.

Нэхэмжлэгчийн 535 286 төгрөгийн үндсэн цалинг ажлын 21,5 хоногт хуваан нэг өдрийн цалин 24,897 төгрөгийг 110 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2,751,121 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсынтэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдөх бөгөөд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас /70,200+58,968/ төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******г орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2,751,121 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 129,168 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН