Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2018/00120

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00721 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал. эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. ******* нь 2016 оны 02 дугаар сард Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08- ны өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Иймд *******г Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 15-ны өдрийн тогтоолоор баталсан Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх хэсэгт сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс гүйцэтгэх бөгөөд ажил үүргийн үндсэн хуваарийн адил гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Энэ заалтын хэрэгжилт болон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс ажлын байрны ачааллыг нягтаршуулан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Эрдэнэт сангийн санхүүгийн бүртгэлийг Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн П.Энхжаргалд хариуцуулж, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг баримтлан ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тул Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Эрдэнэт сангийн нягтлан бодогч ажилтай *******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Дээрх Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00721 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******г орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.751.121 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 129.168 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудас 19-22 дугаар мөрөнд Хэдийгээр ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн ч ажилтан *******гийн орон тоо хасагдсан эсэх нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаартай аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн батлах тухай тушаалд Эрдэнэт сангийн Нягтлан бодогч гэдэг орон тоо байхгүй болох нь нотлогдож байгаа. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор баталсан Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх хэсэгт сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс гүйцэтгэх бөгөөд ажил үүргийн үндсэн хуваарийн адил гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ гэж заасан нь Эрдэнэт сан анхнаасаа бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах эрхгүй, Эрдэнэт сангийн нягтлан гэдэг ажил, албан тушаал байх ёсгүйг нотолж байгаа. Гэтэл шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шийдвэрийн 3 дугаар хуудас 23-29 дугаар мөрөнд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг үндэслэн ажлаас халсан нь буруу байх бөгөөд нэхэмжлэгч ******* жирэмсэн болох нь Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар нотлогдож байна хэмээн дүгнэсэн.Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл нь жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон зохицуулалт мөн боловч нэхэмжлэгч *******д хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэж хөдөлмөрийн гэрээг аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар цуцалсан. Дээрх хугацаанд буюу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл авснаас хойш ******* жирэмсний хяналтанд орсон, жирэмсэн тухайгаа ажил олгогчид мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс ажилтныг ажлаас халахдаа жирэмсэн эсэхийг тодруулж асуух нь ажил олгогчийн үүрэг мэтээр дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж гарах хүртэл хугацаанд ******* ажил олгогчид нэг ч удаа ямар нэгэн тайлбар, хүсэлт гаргаагүй, жирэмсэн тухай мэдэгдээгүй болно. Хэрэгт мэдэгдсэн талаар нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******г орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.751.121 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын Б/11 дугаартай захирамжаар орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахаар болжээ.

Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх заалтуудыг үндэслэн: 2018 оны 2 дугаар сарын 6 ны өдрийн Эрдэнэт сангийн зөвлөлийн хурлаас сангийн орлого, зарлагын гүйлгээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хариуцуулан ажиллуулах болсон тул тус сангийн нягтлан бодогч *******гийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 2 дугаар сарын 8 ны өдрөөс цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж 3 үндэслэл заасан байхад аль үндэслэлээр нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй энэ талаар тушаалдаа бичээгүй байна.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тул Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Эрдэнэт сангийн нягтлан бодогч ажилтай *******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбарыг өгдөг боловч энэ нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна.

Энэ байдал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч нэхэмжлэгч *******г орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.751.121 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд нийцжээ.

Орхон аймгийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх ба хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баттүвшингийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүнийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00721 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН

Б.БАТТӨР