Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/01634

 

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/01634

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М Д” ХХК -ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБХЗА-нд холбогдох

 

Илүү нийлүүлсэн хавтангийн үнэ 10,952,700 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ”М Д” ХХКнь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр УБХЗА-д тай Явган замын хавтан нийлүүлэх тухай 16/06-143 тоот гэрээ байгуулан 10:20:06 хэмжээтэй 1650 м.кв хавтан нийлүүлж 27,225,000 төгрөгийг бүрэн авсан болно. Тухайн үед гэрээт бусад компаниудаас хавтан нийлүүлэлт хийгдэхээ больж хавтан дутсанаас тухайн үеийн захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын ажлын албаны дарга Т.Б, мэргэжилтэн Т.Д нар манай компанид 10:20:06 хэмжээтэй 663,8 м.кв 10,952,700 төгрөгийн үнэ бүхий хавтан нэмж нийлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу уг хавтанг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр нийлүүлсэн. Гэтэл УБХЗА-д  сүүлд нэмж нийлүүлсэн 663.8 м.кв хавтангийн үнэ 10,952,700 төгрөгийг одоо болтол өгөхгүй элдэв шалтаг тоочиж байсаар 2017 он гаргасан. Сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 84/17 тоот албан бичгээр, мөн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр тус тус нэмж нийлүүлсэн 663.8 м.кв хавтангийн үнэ 10,952,700 төгрөгийг гаргаж өгөх тухай хандсан боловч огт хариу өгөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд УБХЗА-д наас сүүлд нэмж нийлүүлсэн 663.8 м.кв хавтангийн үнэ 10,952,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: УБХЗА-д наас явган хүний зам талбайн тохижилтод хэрэглэх 10:20:06 см хэмжээтэй 1650 м.кв талбайд явган замын хавтан нийлүүлэх ажил гүйцэтгэх 16/06-143 дугаар гэрээг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан.

Гэрээгээр нийт 1650 м.кв явган замын 10:20:06 см хэмжээтэй хавтан нийлүүлэх ажлыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд нийлүүлэх ажлыг 27,225,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.

Дээрх гэрээг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дүгнэж гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн дуусгасан тул санхүүжилтийг олгох шийдвэр гарч, ажлыг хүлээлцэх акт үйлдэн санхүүжилтийг олгожээ. Гэтэл “М Д” ХХКнь гэрээгээр тохиролцсоноос илүү хавтанг ямар ч бүртгэл тооцоогүйгээр нийлүүлсэн талаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр хандаж, илүү нийлүүлсэн хавтангийн мөнгийг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй гэж заажээ. Гэтэл гэрээнд тусгаагүй ажил үүргийг өөрсдийн хайхрамжгүй байдал, бүртгэл тооцоогүй, гэрээний дагуу хяналтаа тавиагүй гүйцэтгэсэн хохирлыг бусдаас хайж, өөрсдийн буруутай үйл ажиллагааг хаацайлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зйүлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М Д” ХХКнь хариуцагч УБХЗА-д нд холбогдуулан гэрээнд заасан хэмжээнээс илүү нийлүүлсэн 663,8 м2 явган хүний замын хавтангийн үнэ 10,952,700 төгрөгийг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин 2016 онд УБХЗА- тай 16/06-143 тоот гэрээ байгуулан 1650 м2 хавтан нийлүүлж, 27,225,000 төгрөг хүлээн авсан. Тухайн үед тус байгууллагын албан тушаалтан Батбаяр, Даваахатан нарын хүмүүсээс хүсэлт тавьсны дагуу нэмж 663.8 м2 хавтан нийлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Эрх бүхий этгээд хүсэлт гаргасан тул бид тоо ёсоор нь нэмж нийлүүлсэн хавтангийн төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн үед хэд хэдэн компаниудтай гэрээ байгуулан явган хүний замын хавтан худалдан авсан боловч гэрээндээ нэмэлт, өөрчлөлт хийсэн байгууллага байхгүй. Холбогдох бүх байгууллага төлбөрөө бүрэн хүлээн авч хавтангаа нийлүүлсэн байдаг гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.  Нэг талаас УБХЗА , нөгөө талаас “М Д” ХХКнарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 16/06-143 дугаартай явган хүний замын хавтанг хийж, нийлүүлэх гэрээ байгуулагджээ. Тус гэрээний зүйл нь явган хүний замын тохижилтод хэрэглэх 10*20*6 см хэмжээтэй 1650 м2 явган хүний замын хавтан байх ба гэрээний хариу төлбөрт 27,225,000 төгрөг нийлүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримтын талаар зохигчид харилцан маргахгүй байна. Түүнчлэн гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг түүнд заасан хугацааны дотор чанарын шаардлага ханган нийлүүлсэн, хариу төлбөрийг холбогдох журмын дагуу хүлээн авсан талаар зохигчид маргаагүй. Талуудын хооронд гэрээний үндсэн дээр үүссэн уг харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

 

2.  Гэрээний зүйл болох явган хүний замын хавтан нийлүүлэх ажлыг “М Д” ХХК-аас гадна хэд хэдэн өөр компани гүйцэтгэж байсны дотор “А Г” ХХКбайсан бөгөөд тус компани мөн 1650 м2 хавтанг 27,390,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 16/06-145 тоот гэрээ байгуулсан тухай баримт хариуцагчийн ирүүлсэн архивын хавтас бүхий нотлох баримтын 233-235 дугаар талуудад авагдсан байна. Гэрээний зүйл болох явган хүний замын хавтанг “А Г” ХХК, “М Д” ХХК-иуд нь Буурал сутай, Улаанбаатар нэгтгэл, “Т Х” ХХК-ийг оролцуулан нэр бүхий хэд хэдэн компаниудад нийлүүлж байсан байх ба тэдгээр компаниуд явган хүний зам тавих ажлыг хийж гүйцэтгэж байсан үйл баримтын талаар зохигчид харилцан маргахгүй байна.

 

3.  Нэхэмжлэгч “М Д” ХХКнь АСЕМ-ын үйл ажиллагаа цаг хугацааны хувьд тулчихсан байсан тухайн үед “А Г” ХХКгэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүйн улмаас захирагчийн ажлын албаны албан тушаалтнуудын хүсэлтээр “А Г” ХХК-ийн нийлүүлэх байсан 663.8 м2 явган хүний хавтанг нэмж нийлүүлсэн хэмээн мэтгэлцэж байна.

 

“А Г” ХХК-ийн “Б С” ХХК-нд нийлүүлсэн 663.8 м2 хавтанг хүлээж авсан тухай баримтад хүлээн авагчийн гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй, он, сар, өдөргүй байна /хариуцагчийн ирүүлсэн архивын хавтас бүхий нотлох баримтын 254 дүгээр тал/

Нэхэмжлэгч “М Д” ХХКнь нэхэмжлэлийн хамт 22 зарлагын падааныг нотлох баримтаар өгсөн байх бол хариуцагчийн нотлох баримтаар өгсөн архивын хавтаст нийт 20 ширхэг зарлагын падаан эх хувиараа авагджээ. Эдгээр зарлагын падаанаас зөрүү болох 2 падаан нь 07/16, 06/16 дугаартай, тус бүр 345,6 м2, 331 м2 хэмжээтэй “Б С” ХХК нь хавтан нийлүүлсэн тухай 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн огноотой баримтууд байна. /хх-ийн 10-18 дугаар тал, хариуцагчийн ирүүлсэн архивын хавтас бүхий нотлох баримтын 302-303 дугаар хуудасны завсарт дугаарлагдаагүй 20 ширхэг зарлагын падаан/

 

Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж үзвэл “М Д” ХХКнь “А Г” ХХК-ийн “Б С” ХХК-нд хүргүүлбэл зохих 663,8 м2 замын хавтанг нийлүүлсэн байх боломжтой байна. Гэвч дан ганц тус үйл баримтын үндсэн дээр “М Д” ХХКболон УБХЗА-ны хооронд байгуулсан үндсэн гэрээний тоо хэмжээ, үнийн талаар нэмэлт, өөрчлөлт оруулж 663.8 м2 хавтанг нэмж нийлүүлэх тохиролцоо бий болсон гэх үндэслэл болохгүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1-д ...зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурна гэж заасны зэрэгцээ хариуцагчийн төлөөлөгч тухайн үед ийнхүү захиалгаа нэмэгдүүлэхээр албан ёсны хүсэлт гаргаж байгаагүй хэмээн тайлбарлаж байна. Иймд “М Д” ХХК-нд УБХЗА-д наас гэрээний эрх зүйн үндсэн дээр 10,952,700 төгрөгийн шаардах эрх үүсээгүй гэж дүгнэв.

4.  Түүнчлэн хариуцагч УБХЗА-д  “А Г” ХХК-нд 27,390,000 төгрөг, “М Д” ХХК-нд 27,225,000 төгрөгийг гэрээний үнэд тооцон тэдгээрээс ирүүлсэн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлтийн дагуу төлж барагдуулсан тухай баримт хариуцагчаас ирүүлсэн архивын баримт бүхий хавтсын 229, 230, 296, 297 дугаар талуудад нотлох баримтаар авагдсан байна. Тодруулбал, хариуцагч УБХЗА-д  тухайн төсөл хөтөлбөрийн хувьд хүлээн авсан нийт хавтангийн хэмжээ болон гэрээний төлбөрт шилжүүлсэн үнийн зөрүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн, үндэслэлгүйгээр ашиг орлого бий болгосон нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин “М Д” ХХК-иас илүү шилжүүлсэн байж болох 663.8 м2 хавтангийн үнийг үндэслэлгүй олж авсан байх тухайн этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн боломжтой юм.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан 663.8 м2 явган хүний замын хавтангийн хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6-д заасан үүргийн эрх зүйн харилцаа бий болоогүй буюу “М Д” ХХК-ийн хувьд УБХЗА-наас 663.8 м2 явган хүний хавтанг илүү нийлүүлсэн гэх шалтгаанаар 10,952,700 төгрөгийг шаардах эрх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу үүсээгүй гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч “М Д” ХХК-ийн хариуцагч УБХЗА-д холбогдуулан гаргасан 10,952,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч УБХЗА- наас 10,952,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА