Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02180

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02180

 

Монгол дээвэр ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01634 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Монгол дээвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 10 952 700 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батдорж, Р.Батцогт нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянга, О.Оджаргал нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол дээвэр ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай явган замын хавтан нийлүүлэх тухай 16/06-143 тоот гэрээ байгуулан 10:20:06 хэмжээтэй, 1650 м.кв хавтан нийлүүлж 27 225 000 төгрөгийг бүрэн авсан болно. Тухайн үед гэрээнд бусад компаниудаас хавтан нийлүүлэлт хийгдэхээ больж хавтан дутсанаас тухайн үеийн Захирагчийн ажлын албаны тохижилт хог хаягдлын ажлын албаны дарга Т.Батбаяр, мэргэжилтэн Т.Даваахатан нар манай компанид 10:20:06 хэмжээтэй 663,8 м.кв 10 952 700 төгрөгийн үнэ бүхий хавтан нэмж нийлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу уг хавтанг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр нийлүүлсэн. Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сүүлд нэмж нийлүүлсэн 663,8 м.кв хавтангийн үнэ 10 952 700 төгрөгийг одоо болтол өгөхгүй элдэв шалтаг тоочиж байсаар 2017 он гаргасан. Сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 84/17 тоот албан бичгээр, мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр тус тус нэмж нийлүүлсэн 663,8 м.кв хавтангийн үнэ 10 952 700 төгрөгийг гаргаж өгөх тухай хандсан боловч огт хариу өгөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлд нэмж нийлүүлсэн 663,8 м.кв хавтангийн үнэ 10 952 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас явган хүний зам талбайн тохижилтод хэрэглэх 10:20:06 хэмжээтэй 1650 м.кв талбайд явган замын хавтан нийлүүлэх ажил гүйцэтгэх 16/06-143 дугаар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Гэрээгээр нийт 1650 м.кв явган замын 10:20:06 хэмжээтэй хавтан нийлүүлэх ажлыг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд нийлүүлэх ажлыг 27 225 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Дээрх гэрээг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дүгнэж гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн дуусгасан тул санхүүжилтийг олгох шийдвэр гарч, ажлыг хүлээлцэх акт үйлдэн санхүүжилтийг олгожээ. Гэтэл Монгол дээвэр ХХК нь гэрээгээр тохиролцсоноос илүү хавтанг ямар ч бүртгэл тооцоогүйгээр нийлүүлсэн талаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр хандаж, илүү нийлүүлсэн хавтангийн мөнгийг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй гэж заажээ. Гэтэл гэрээнд тусгаагүй ажил үүргийг өөрсдийн хайхрамжгүй байдал, бүртгэл тооцоогүй, гэрээний дагуу хяналтаа тавиагүй гүйцэтгэсэн хохирлыг бусдаас хайж, өөрсдийн буруутай үйл ажиллагааг хаацайлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 10 952 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Монгол дээвэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт миний бие Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас илүү нийлүүлсэн хавтангийн үнэ 10 952 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/01634 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд анхан шатны шүүх нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК нь АСЕМ-ын үйл ажиллагаа цаг хугацааны хувьд тулчихсан байсан тухайн үед Анбуба групп ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүйн улмаас захирагчийн ажлын албаны албан тушаалтнуудын хүсэлтээр Анбуба групп ХХК-ийн нийлүүлэх байсан 663,8 м.кв явган хүний хавтанг нэмж нийлүүлсэн гэж мэтгэлцэж байна. Анбуба групп ХХК-ийн Буурал сутай ХХК-д нийлүүлсэн 663,8 м.кв хүлээж авсан тухай баримтад хүлээн авагчийн гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй, он сар, өдөргүй байна. Нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК нь нэхэмжлэлийн хамт 22 зарлагын падааныг нотлох баримтаар өгсөн байх бол хариуцагчийн нотлох баримтаар өгсөн архивын хавтаст нийт 20 ширхэг зарлагын падаан эх хувиараа авагджээ. Эдгээр зарлагын падаанаас зөрүү болох 2 падаан нь 07/16, 06/16 дугаартай, тус бүр 345,6 м.кв, 331 м.кв хэмжээтэй "Буурал сутай" ХХК-д хавтан нийлүүлсэн тухай 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн огноотой баримтууд байна. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж үзвэл Монгол дээвэр ХХК нь Анбуба групп ХХК-ийн Буурал сутай ХХК-д хүргүүлбэл зохих 663,8 м.кв замын хавтанг нийлүүлсэн байх боломжтой байна гэж хэргийг зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу шаардах эрх үүсээгүй гэж үзсэн нь хууль нийцэхгүй гэж үзнэ. Мөн шүүх хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба тухайн төсөл хөтөлбөрийн хувьд хүлээн авсан нийт хавтангийн хэмжээ болон гэрээний төлбөрт шилжүүлсэн үнийн зөрүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн, үндэслэлгүйгээр ашиг орлого бий болгосон нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Монгол дээвэр ХХК-иас илүү шилжүүлсэн байж болох 663,8 м.кв явган хүний замын хавтангийн үнийг үндэслэлгүй олж авсан тухайн этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн боломжтой гэж үзсэн хирнээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хэн нэгнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаагүй бодит байдал дээр Анбуба групп ХХК-ийн гүйцэтгэж чадаагүй үүргийг түүний өмнөөс холбогдох албан тушаалтнуудын шийдвэрээр нэмж нийлүүлсэн 663,8 м.кв хавтангийн үнэ болох 10 952 700 төгрөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан болно. Түүнчлэн анхан шатны шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн Анбуба групп ХХК-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг тогтоолгосны үндсэн дээр тус компаниас дээрх мөнгийг нэхэмжлэх боломжтой гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн манай компани Анбуба групп ХХК-тай хавтан гэрээ байгуулаагүй, энэ компаниас мөнгө нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй, зөвхөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулж хавтанг мөн дээрх төрийн байгууллагын захиалгаар нийлүүлсэн тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэмж нийлүүлсэн хавтангийн үнийг нэхэмжлэх хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/01634 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК нь хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдуулан гэрээний үүрэгт 10 950 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК нь хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №16/06-143 тоот, явган хүний замын хавтан нийлүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1650 м2 хавтанг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь 27 225 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд талууд хэн аль нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлджээ. /хх-ийн 19-21, 50-54 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын байгуулсан дээрх гэрээнд зааснаас илүү 663,8 м.кв хэмжээтэй явган хүний замын хавтанг дахин нийлүүлэх хүсэлт хариуцагч байгууллагаас гаргасны дагуу нийлүүлсний төлбөр 10 952 700 төгрөгөө шаардсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх талуудыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөнөөс хууль буруу хэрэглэх нөхцөл байдал үүссэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл, түүний үнийг тодорхойлох, төлөхтэй холбоотой үүрэг нь гэрээний үндсэн шинжтэй холбоотой тайлбарлагддаг болно. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний зүйл, бусад ажлын үр дүнг ихэвчлэн нэг бүрийн шинжээр тодорхойлох боломжтой зүйл байх тул гэрээний зүйл гэрээнд заасан тоо, хэмжээнээс их байх нь түүний үнийг хариуцагчаар төлүүлэх шууд үндэслэл болохгүй.

 

Талуудын хоорондын гэрээгээр нэг тал нь 1650 м.кв явган хүний замын хавтан өөрөө үйлдвэрлэж нийлүүлэх, нөгөө тал гэрээний үнэ 27 225 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний зүйлийг нэхэмжлэгч өөрөө үйлдвэрлэх буюу шинээр хийж бий болгох зүйл байгаа боловч уг зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжтэй бус харин төрлийн шинжээр тодорхойлогдох шинжтэй эд зүйл байх бөгөөд талбайн хэмжээгээр үнийн дүнг тодорхойлсон байна.

Иймд талуудын гэрээнд нэг талын захиалсан төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг шинээр бий болгож өмчлөлд нь шилжүүлэх, нөгөө тал хүлээн авч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ талуудын харилцаанд үйлчилэхээр заасан.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06/16 дугаар зарлагын падаанаар 5 461 500 төгрөгийн үнэ бүхий 663,8 м.кв хавтанг Буурал сутай ХХК-ийн н.Болдбаатар хүлээн авсныг баталж гарын үсэг зуржээ. /хх-ийн 10 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК нь хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүсэлтээр дахин 663.8 м.кв хавтанг ажил гүйцэтгэгч Буурал сутай ХХК-д нийлүүлсэн гэх үндэслэлтэй.

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд явган хүний зам тавих ажил гүйцэтгэж байсан Буурал сутай ХХК нь нэхэмжлэгчээс нийлүүлсэн хавтангуудыг хүлээн авах эрхтэй байсныг хариуцагч зөвшөөрч, энэ талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн хавтанг хариуцагчийн заасан этгээдэд шилжүүлсэн гэж үзнэ.

 

Харин 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/16 дугаар баримтад нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК-иас Буурал сутай ХХК-д шилжүүлсэн гэх 5 702 400 төгрөгийн хавтанг хэн хүлээж авсан нь тодорхойгүй, хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй тул тус баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид эд хөрөнгө нийлүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /хх-ийн 10 дугаар тал/

 

Нэхэмжлэгчээс шилжүүлсэн 663.8 м.кв хавтан нь талуудын хоорондын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр тохиролцсон тоо хэмжээнээс илүү байх боловч уг хавтанг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5 дах хэсэгт Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана гэж заасан. Хариуцагчийн зүгээс хавтанг буцаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс авсан хавтангийн үнэ 5 461 500 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 5 461 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.5 дах хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01634 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 5 461 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 491 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 102 334 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол дээвэр ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 193 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ