Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2017/02513

 

 

 

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2017/02513

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц газар-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.О миний бие аймгийн У газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Ц газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын дагуу ажлаасаа чөлөөлөгдлөө. Би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь газрын дарга С.Э нь улс төрийн зорилгоор олон хүнийг ажпаас нь үндэслэлгүйгээр чөлөөлж хууль бус шийдвэрүүдийг гаргасаар байна. аймгийн У газар нь Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу жил бүр санхүүгийн тайландаа аудит хийлгэж байсан бөгөөд  аймгийн А газраас 2013, 2014, 2015, 2016 онуудад зөрчилгүй дүгнэлт авч байсан. Гэтэл Б яамны Х газрын Дотоод аудитын ажлын тайланд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие Ц газрын даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онуудад Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болгож жилийн эцсийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт, төсвийн гүйцэтгэлийн тайлан болох холбогдох бусад тайлбар тодруулга бүхий санхүүгийн тайланд аймгийн А газраар аудит хийлгэж, зөрчилгүй дүгнэлт авч байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай " аймгийн Ц газрын 2015 он 2016 оны 1, 2, 3, дугаар улирлын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх ажлын удирдамж-ыг Б сайд Д.О  баталж уг удирдамжийн дагуу хийгдсэн ажлын тайланд үндэслэн Б яамны д хорооны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн   дугаартай Дотоод аудит хийсэн дүнгийн тухай тогтоол гарсан. Ц газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалд дээрх  дугаартай Дотоод аудит хийсэн дүнгийн тухай тогтоолыг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 -д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэж маш тодорхой заасан бөгөөд миний бие Б сайдтай биш Ц газрын даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Ажилтан нь "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд Б яамны дотоод аудитын хороог ажил олгогчийн буюу Ц газрын дотоод аудит гэж үзэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт миний бие хамааралгүй бөгөөд энэ тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгохоор тусгасан. Миний бие дээрх заалтад хамаарах мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтаны аль нэгэнд хамааралгүй болно.

Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар тогтоолыг үндэслэсэн байх бөгөөд уг тогтоол нь ажлаас халах үндэслэлд огт хамааралгүй болно. Миний бие аймгийн Ц албаны даргаар ажиллаж байхад Б сайдын тушаалыг үндэслэн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбогдуулан шүүхэд хандаж шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халахтай ямар ч холбогдолгүй юм.

Иймд С.О намайг аймгийн Ц газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Ц газрын даргад даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2015 оны дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны тоот дүгнэлт, зөвлөмж, Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2016 оны дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэн Ц газрын дарга 2016 оны 09 сарын 29-ний өдөр Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай дугаар тушаал гаргаж уг тушаалаар аймаг хотын  Ц албаны нэр, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэр бүхий албадын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, аймаг хотын Ц газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилох, аймаг хотын Ц газрын дарга нарын ажлын байрны тододрхойлолт, Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг шинэчлэн боловсруулж батлуулах, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг зохих хууль журмын дагуу холбогдох газарт тавьж, шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн.

Энэхүү дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дугаарт С.О-ыг аймгийн Ц албаны даргын апбан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтын 20 дугаарт аймгийн Ц газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Нэхэмжлэгч С.О нь албаны даргын албан тушаалаас чөлөөлж, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон дүгээр тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн дугаар тогтоол гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч С.О нь албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан алдаа дутагдал гаргасан нь дээд шатны болон хуулийн байгууллагын удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон ба гаргасан шийдвэрт нь нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул албан ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. С.О нь өөрийнхөө цалинг дур мэдэн нэмэгдүүлсэн нь тогтоогдсон, дээд шатны байгууллагын шалгалтаар алдаа зөрчил гаргасан болохыг А газрын албан бичгээр, Б яамнаас тогтоосон. Бүтэц, зохион байгуулалтын хувьд аймгийн Ц газрын дээд байгууллага нь яам, агентлаг юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ц газарт холбогдуулан аймгийгн Ц газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 4,792,664 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар зөрчил дутагдал гаргасан нь дээд шатны болон хуулийн байгууллагын удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

С.О нь ажил олгогчийн ажлаас халах тухай 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гомдлоо гаргасан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 7637 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ц газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар С.Оыг аймгийн У,ц албаны даргын албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар  аймгийн Ц газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /хх 89-91/

Үүнийг эс зөвшөөрч С.О нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 4-6/ байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 12-13/

Үүний дараа Ц газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар Б яамны Х газраас аймгийн Ц газрын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр С.О нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.4, 13.5, 13.6, 13.7, 20.1.4, Төсвийн тухай хуулийн 5.1.3, 6.4.1, 6.4.8, 16.5.2, 16.5.3, 16.5.5 дахь хэсгийг зөрчсөн, А газрын хянан шалгалтаар хамтран амьдрагч Ц.Э ажилд томилж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2 дахь заалтыг зөрчсөн, тус газрын даргын 2017 оны дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр өөрийн үндсэн цалинг дур мэдэн нэмэгдүүлсэн, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлд хамаарна гэх үндэслэлээр С.Оыг ажлаас халжээ.

Уг тушаалд дурдсан үндэслэлүүдийг дараах байдлаар дүгнэлээ:

1.Б сайд Д.О баталсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаартай аймгийн Ц газрын 2015 он, 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх ажлын удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан дотоод аудит хийжээ. Үүний дагуу С.Оыг 5 төрлийн зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэж ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан байна. /хх 106-143/ Тухайлбал: дээрх аудитын шалгалтаар С.Отгонбабатарыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.4, 13.5, 13.6, 13.7, 20.1.4, Төсвийн тухай хуулийн 5.1.3, 6.4.1, 6.4.8, 16.5.2, 16.5.3, 16.5.5 дахь хэсгийг зөрчсөн гэжээ. Гэтэл Орхон аймгийн Аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  дугаар Аудитын гэрчилгээнд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  дүгээр Аудитын гэрчилгээнд аймгийн Ус Ц газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль УСНББОУС, түүнд нийцүүлэн С сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэж зөрчилгүй санал дүгнэлтийг хүргүүлсэн байна. Дээрх 2 байгууллагын аудитын шалгалтаар 1 байгууллагын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд зөрчилтэй болон зөрчилгүй гэх зөрүүтэй дүгнэлтүүд гаргасан байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нь орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх бүрэн эрхтэй байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д Төрийн аудитын байгууллага хүсэлт ирүүлсэн хүмүүст төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайланг хэвлэмэл эхээр нь буюу хувилж өгөхөөр зохицуулсан байна. Гэтэл дотоод аудит гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийсэн аудит нь төрийн аудитын байгууллагаас өөр дүгнэлт гаргасан байгаа нь ойлгомжгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баталсан удирдамжийн зорилго нь санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх удирдлагыг эрсдлийн удирдлагаар хангах, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино гэсэн атлаа энэхүү удирдамжийн дагуу С.Оыг зөрчил дутагдал гаргасан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр Б яамны дотоод аудитын дүгнэлт, О аймгийн А газрын дүгнэлт цаг хугацааны хувьд давхцаж байхад аймгийн аудитын газрын албан бичгийг харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг баримтлан С.Оыг ажлаас халсан нь буруу байна. Дээрх 2 зөрүүтэй дүгнэлтээс үзэхэд С.Оыг санхүүгийн зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Дотоод аудитын дүрэмд заасны дагуу хяналт шалгалтыг санхүүгийн улсын байцаагч, аудиторын эрхтэй эрх бүхий этгээд хийхээр байх ба шалгалт хийсэн Ч.Ц, Ц.П нар нь дээрх шаардлагыг хангасан эрх бүхий эсэх нь тодорхойгүй байна.

Ц газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тоот Аудитын зөвлөмж хэрэгжүүлэх тухай тушаалаар 2016 оны жилийн эцсийн санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр шалгуур үзүүлэлтийг хангасан харьяа байгууллагын төсөв захирагч, санхүүгийн ажилтнуудад олгох урамшууллыг хавсралтаар баталж, уг хавсралтын 19-д аймгийн Ус Ц газрын даргад сарын цалингийн 60 хувиар урамшуулал олгохоор шийдвэрлэсэн атлаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тоот тушаалаар хүчингүй болгож байгаа нь зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн үйл ажиллагааг дүгнэж урамшуулал олгосон боловч 8 хоногийн дараа санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь ямар шалгуураар 2 дүгнэлтийн алийг хүчин чадлын хувьд давуу гэж үзсэн нь ойлгомжгүй.

Мөн хариуцагч ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэснийг үндэслэсэн ба хуулийн дээрх хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог. Хөдөлмөрийн гэрээнд С.О нь аймгийн нутаг дэвсгэр дээр ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын сүлжээний нэгжүүдийг удирдлагаар хангаж, тэдгээрийн тасралтгүй үйл ажллагааг хангах, төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах үүргийг гүйцэтгэж ажиллахаар заасан бөгөөд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг хуульд заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэсэн ойлголтод хамруулан ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайбар үндэслэлтэй байна.

2.Авилгатай тэмцэх газрын хянан шалгалтаар хамтран амьдрагч Ц.Э ыг ажилд томилж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж тушаалд дурджээ. Гэтэл энэхүү зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлд хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулиийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг ажил олгогч хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Б яамны удирдамжийн дагуу дотоод аудитыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-нын өдрийг хүртэл явуулахаар тогтоосон байх бөгөөд дээрх зөрчлүүдийг энэ хугацаанд илрүүлсэн гэж үзнэ. Үүнээс гадна Дотоод аудитын хорооны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тоот Дотоод аудит хийсэн дүнгийн тухай тогтоол гарсан, А газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тоот Хариуцлага тооцуулах тухай албан бичиг зэргээс хойш дүгнэж үзэхэд ч 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.Оыг ажлаас халсан тушаал гаргасан нь дээрх хуулийн сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг ажил олгогч зөрчиж тушаал гаргасныг дурдах нь зүйтэй.

3. тоот тушаалд С.Оыг өөрийн үндсэн цалинг дур мэдэн нэмэгдүүлсэн нь Ц газрын даргын тушаал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэжээ.

Дээрх үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч нотлох баримтаа өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 90 хоногийн хугацаанд уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй. Хэргийн 61 дүгээр талд авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн баримтад аймгийн Ус Ц газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тоот тушаалаар С.О нь өөрийн үндсэн цалинг дур мэдэн нэмэгдүүлсэн нь Ц газрын даргын 2016 оны тушаал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна гэсэн байгаа боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүх хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан нотлох баримтыг үнэлээгүй болно. Учир нь мөн хуулийн 44.4-т заасан хуулбар үнэн гэх тэмдэг дарж нотлох баримтыг шүүхэд ирүүлэх зохицуулалт нь хэргийн оролцогчид хамааралгүй болно.

Мөн С.Оын 2016, 2017 оны эхний хагасын цалингийн түүвэр гэх баримтад 2016, 2017 онуудад үндсэн цалин 910,000 төгрөг гэсэн байх ба дээрхээс үзэхэд 2017 оны 01 дүдгээр сарын 12-ны өдөрийн  тоот тушаалаар өөрийн цалинг нэмэгдүүлсэн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. /хх 19/

С.Оыг албан тушаалаас чөлөөлөх тухай тоот тушаалд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоол, Ц газрын даргын 2016 оны тоот тушаал,  аймгийн Засаг даргын 2016 оы тоот албан бичиг зэргийг үндэслэсэн байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал: Улсын дээд шүүхийн тогтоол нь С.Оыг аймгийн Ус Ц газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсоныг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Ц газрын даргын 2016 оны , тоот тушаал нь С.Оыг аймгийн Ус Ц албаны даргаас чөлөөлж, аймгийн Ус Ц газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Харин Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлөхөөр хуульчилсан ба аймгийн ЗД 2016 оны тоот албан бичигт С.Оыг чөлөөлөх талаар биш, харин Я.Тийг томилуулах саналыг хүргүүлсэн, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.Оыг ажлаас халсан нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр С.Оыг ажлаас үндэслэлгүйгээр халсан байх тул түүнийг Орхон аймгийн Ус Ц газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7а-д заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцож олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан 5 сар 8 хоногийн цалинд 4,792,664 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар 0339996 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016, 2017 оны эхний хагас жилийн цалингийн түүврийг хавсаргасан. 2017 оны цалингийн түүвэрт ажлаас халагдах хугацаанаас өмнөх сүүлийн 3 сарын үндсэн цалин 910,000 төгрөг байх бөгөөд үүнээс ажилгүй байсан 5 сар 8 хоногоор тооцоход 4,888,600 төгрөг /910,000 х 5 сар = 4.550.000 төгрөг. 910,000 : 21,5 хоног = 42.325 нэг хоногт. 42,325 х 8 хоног = 338,600 төгрөг. Нийт 4,550,000 + 338,600 = 4,888,600 төгрөг/ байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4,792,664 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймээс нэхэмжлэгч С.Оын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 91,632 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагад 70,200 төгрөг, нийт 232,032 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оыг аймгийн Ус Ц газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ц газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,792,664 төгрөгийг гаргуулж, С.От олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ц газарт үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагч Ц газраас улсын тэмдэгтийн хураамжид 232,032 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ