Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00934

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02513 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар магадлалтай,                                                                                                                                                                

С.О-ын нэхэмжлэлтэй,

Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Орхон аймгийн Ус цаг орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 07 сарын 05-ны өдрийн Б/84 дугаартай Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын дагуу ажлаасаа чөлөөлөгдлөө. Би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь газрын дарга С.Энхтүвшин нь улс төрийн зорилгоор олон хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлж хууль бус шийдвэрүүдийг гаргасаар байна. Орхон аймгийн Ус цаг орчны шинжилгээний газар нь Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу жил бүр санхүүгийн тайландаа аудит хийлгэж байсан бөгөөд Орхон аймгийн Аудитын газраас 2013, 2014, 2015, 2016 онуудад зөрчилгүй дүгнэлт авч байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Дотоод аудитын ажлын тайланд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онуудад Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож жилийн эцсийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт, төсвийн гүйцэтгэлийн тайлан болох холбогдох бусад тайлбар тодруулга бүхий санхүүгийн тайланд Орхон аймгийн Аудитын газраар аудит хийлгэж, зөрчилгүй дүгнэлт авч байсан. Гэтэл 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 05 дугаартай "Орхон аймгийн Цаг уур орчны шинжилгээний газрын 2015 он, 2016 оны 1, 2, 3, дугаар улирлын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх ажлын удирдамжийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол баталж уг удирдамжийн дагуу хийгдсэн ажлын тайланд үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны дотоод аудитын хорооны 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 17/07 дугаартай Дотоод аудит хийсэн дүнгийн тухай тогтоол гарсан. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 07 сарын 05-ны өдрийн Б/84 дугаартай Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалд дээрх 17/07 дугаартай Дотоод аудит хийсэн дүнгийн тухай тогтоолыг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэж маш тодорхой заасан бөгөөд миний бие Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай биш Цаг уур орчны шинжилгээний газрын даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажилтан нь "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны дотоод аудитын хороог ажил олгогчийн буюу Цаг уур орчны шинжилгээний газрын дотоод аудит гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт миний бие хамааралгүй бөгөөд энэ тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгохоор тусгасан. Миний бие дээрх заалтад хамаарах мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтаны аль нэгэнд хамааралгүй болно.

Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00842 дугаар тогтоолыг үндэслэсэн байх бөгөөд уг тогтоол нь ажлаас халах үндэслэлд огт хамааралгүй болно. Миний бие Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргаар ажиллаж байхад Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбогдуулан шүүхэд хандаж шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халахтай ямар ч холбогдолгүй юм. Иймд С.О- намайг Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, 2017 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргад даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Байгаль орчин аялал жуучлалын сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2016 оны А/32 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 сарын 29-ний өдөр Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай А/92 дугаар тушаал гаргаж, уг тушаалаар аймаг хотын Ус цаг уур орчны шинжилгээний албаны нэр, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэр бүхий албадын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, аймаг хотын Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилох, аймаг хотын Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга нарын ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг шинэчлэн боловсруулж батлуулах, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг зохих хууль журмын дагуу холбогдох газарт тавьж, шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү А/92 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 20 дугаарт С.О-ыг Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтын 20 дугаарт Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нэхэмжлэгч С.О- нь албаны даргын албан тушаалаас чөлөөлж, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон А/92 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00842 дугаар тогтоол гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч С.О- нь албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан алдаа дутагдал гаргасан нь дээд шатны болон хуулийн байгууллагын удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон ба гаргасан шийдвэрт нь нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул албан ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. С.О- нь өөрийнхөө цалинг дур мэдэн нэмэгдүүлсэн нь тогтоогдсон, дээд шатны байгууллагын шалгалтаар алдаа зөрчил гаргасан болохыг Авилгатай тэмцэх газрын албан бичгээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тогтоосон. Бүтэц, зохион байгуулалтын хувьд Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дээд байгууллага нь яам, агентлаг юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02513 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.О-ыг Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,792,664 төгрөгийг гаргуулж С.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.О-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Цаг уур орчны шинжилгээний газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.О-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 232,032 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 485 дугаар Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын гомдол гаргаж байна.

Орхон аймгийн УЦУОШГазрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.О- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” тул ЦУОШГазрын дарга 2017 оны 07 сарын 05-ны өдөр Б\84 дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан Орхон аймгийн аудитын газрын “Төрийн аудитын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасны дагуу жил бүр тухайн төсвийн байгууллагын санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт, БОАЖЯамны дотоод аудитын газрын “Төсвийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.11, 11.1.12, 12 дугаар зүйлийн 12.1.16, 69 дүгээр зүйлд заасны дагуу санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн дотоод аудит, хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлээд гаргасан дүгнэлт зэрэг баримтуудыг нэг утга агуулга бүхий зөрүүтэй баримт гэж нотлох баримтыг хуулийн дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүйгээс Магадлал ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх “Дээрх 2 дүгнэлт зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцагч тал, нэхэмжлэгчийн гэм бурууг нотлох нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийг мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтныхаа хувьд ажил олгогчийн итгэлийг алдаж байгууллагад хохирол учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй” гэжээ.

С.О- нь ажил үүрэг, эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ гаргасан удаа дараагийн зөрчил нь төрийн эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар илэрсэн ба энэхүү хяналт шалгалт нь Төсвийн тухай хуулийн дээрх зүйл заалт болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт заасны дагуу байнгын буюу шаардлагатай үед хэдийд ч хэрэгжихээр хуульчилсан, харин Орхон аймгийн аудитын газраас хийсэн санхүүгийн тайлангийн баталгаажуулалт нь тухайн төсвийн байгууллага нь санхүүгийн тайланг стандартын дагуу үнэн зөв гаргасан эсэхийг тайлангийн жилд 1 удаа баталгаажуулахаар хуульчилжээ. Иймээс нэхэмжлэгч С.О- нь БОАЖЯамны дотоод аудитын 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 17\07 дугаар дүгнэлтэд гомдол гаргаагүй, зөвшөөрсөн, дээрх дүгнэлтүүд нь өөр өөр цаг хугацаанд гарсан, нэхэмжлэгч үйл баримтаа ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу үгүйсгээгүй атал хуулийн дээрх үүргийг зөвхөн хариуцагчид хамааралтайгаар тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч С.О- нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд заасан хориглосон үйлдэл хийсэн нь АТГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон, цалингаа нэмэгдүүлэн тогтоосон, санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, төрийн албаны стандарт зөрчсөн, боловсон хүчний мэдлэг чадвар, салбарын үйл ажиллагаа доголдсон, албан үүргээ хангалтгүй биелүүлж ажлын хариуцлага алдсан зэрэг зөрчил дутагдал гаргасан нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон байхад шүүх хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн байна. Иймд ИХШХШТХуулийн 172 дугаар зуйлийн 172.2.1, 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 485 дугаар Магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зөрчил, дутагдал гаргасан нь дээд шатны болон хуулийн байгууллагын удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон гэж маргажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б/84 тоот тушаалаар С.О-ыг ажлаас чөлөөлөхдөө Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00842 дугаар тогтоол,  Байгаль орчин, аялал жуулчлалын  яамны Дотоод аудитын хорооны 2017 оны 17/07 дугаар тогтоол, тус газрын даргын 2016 оны А/92 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/3739, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 1/2718 тоот албан бичгийг үндэслэсэн байна.  

Орхон аймгийн Аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19 тоот дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн удирдаж буй газрын 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэсэн баримт хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Орхон аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2015, 2016 оны 1-3 дугаар улирлын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, төрийн албаны стандартыг зөрчсөн, боловсон хүчний мэдлэг чадвар сул, салбарын үйл ажиллагаа доголдсон, мөн нэхэмжлэгчийг менежерийн үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан баримт хэрэгт байна.

Ажил олгогч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтийг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд эрх бүхий хоёр байгууллагын дүгнэлт зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцагч тал, нэхэмжлэгчийн гэм бурууг нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцнэ. 

Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас хариуцагч байгууллагад хүргүүлсэн 05/3739 тоот албан бичиг нь “...С.О-ыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байхыг анхааруулж, гаргасан зөрчилд нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-д заасан хариуцлага тооцох”-ыг мэдэгдсэн агуулгатай болохоос нэхэмжлэгчийг эд хөрөнгө хариуцан ажиллаж байсантай холбоотой итгэл алдсан зөрчил гаргасныг нотолсон баримт биш гэж дүгнэсэн шүүхийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч тал ажилтныг чөлөөлсөн үндэслэлээ нотлосон гэж үзэх өөр бусад баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтныхаа хувьд ажил олгогчийн итгэлийг алдаж байгууллагад хохирол учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.О- ажил олгогчийн итгэлийг эвдэн байгууллагад хохирол учруулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагыг хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02513 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН