Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/01462

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/01462

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Н.Ө

Хариуцагч: т.т

Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Эйч Ар 4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Н.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 07 дугаар сараас эхлэн т.т ХХК-ийн Хангамжийн хэлтэст гэрээний ажилтан, 2011 оны 07 дугаар сараас мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2014 оны 06 дугаар сараас Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалын дагуу ажлаас халагдсан.

Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаал нь үндэслэлгүй бөгөөд намайг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. 1.Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Компани нийт 3,000 гаруй ажилтантай, түүний дотор миний ажиллаж байсан хангамжийн хэлтэс нь 5 менежер, нийт 70 орчим ажилтантай, гэтэл зөвхөн миний ажлын байрыг цомхотголд оруулсан. Миний гүйцэтгэж байсан ажил үүрэг компанийн үйл ажиллагаанаас хасагдаагүй, стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, барааны гэрээ хариуцсан менежерт 2 хувааж шилжүүлсэн. Стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэсэн албан тушаалыг 2017 оны 06 дугаар сард шинээр бий болгосон нь яваандаа миний ажлын байрыг шилжүүлэх зорилготой байсан гэдэг нь илт харагдаж байна.

т.т ХХК-ийн үйл ажиллагааны хангамжийн хэлтсийн үйлчилгээний гэрээний баг нь жилд дунджаар 150 сая ам.долларын зарцуулалт бүхий гэрээнүүдийг хариуцдаг, миний орон тоог хассан дүр үзүүлж, миний гүйцэтгэж байсан бүх ажил үүргийг дахин бий болгосон. Стратеги гэрээний менежер гэх албан тушаалд шилжүүлэн өгсөн нь бизнесийн үйл ажиллагааны зайлшгүй шаардлага байгаагүй зөвхөн хангамжийн хэлтсийн дарга Эван Хиллийн үзэмжээр, түүнд ая тал засаж ханддаггүй учраас намайг ажлаас халахын тулд цомхотгол нэрийдлээр хийж байгаа хууль бус үйлдэл юм.

Тус компани нь намайг ажлаас халахын тулд өөр нэршил бүхий менежерийн албан тушаалыг зохиомлоор бий болгосон.

Би Үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд ажилласан 3 жилийн хугацаанд нийт 57.8 сая ам.долларын хэмнэлт, 660 орчим үйлчилгээний ханган нийлүүлэгчдийн тоог цөөрүүлж, 330 болгосон, дотоодын үйлчилгээний ханган нийлүүлэлтийг 76 хувиас 90 хувь болтол нэмэгдүүлсэн зэргээр үр бүтээлтэй сайн ажилласан ба энэ хугацаанд манай багийн гишүүд худалдан авалт, ёс зүйн дүрэм журмуудыг чанд мөрдөн ажиллаж байсан.

2. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг компанийн хүний нөөцийн хэлтсээс дуудаж, миний хэрэглэж байсан гар утас, компьютер зэрэг албан ажлын хэрэгцээний эд хогшлийг бүгдийг нь хураан авч, ажиллах боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон миний хөдөлмөрийн харилцааг зогсоож, ажлын багаж хэрэгслийг бүгдийг нь хураан авсан ба ажлын байранд нэвтрэх эрхгүй болгосон.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан гэж үзэж байна. Харин тушаалыг хожим 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажил олгогч Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэснийг компани зөрчиж, дээрх тушаалыг гаргасан.

Иймд дээрх үндэслэлүүдээр компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл дундаж цалин 10,848,691 төгрөгөөр 18 сар 17 хоногийн, нийт 203,975,848 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Н.Н.Өын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхмжлэгчийн тайлбарыг дэмжин гаргасан тайлбартаа: Өнөөдрийн хөдөлмөрийн маргаантай хэргийн гол баримт нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, мөн хуулийн 55 дугаар зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2010 оны 166 дугаар тушаал, гүйцэтгэх захирлын 47/17 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний 2.19 дэх заалт гэх мэтчилэн найман зүйлийг үндэслэсэн байдаг. Дараах үндэслэлээр уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:1.Компанийн дүрэмд зааснаар бүтцийг ТУЗ-өөс тухайн компанийн бүтэц, орон тоог баталсан шийдвэр байна гэж байгаа боловч тийм шийдвэр байхгүй. Компанийн гүйцэтгэх захирлын 47/17 тоот тушаалаар гүйцэтгэх захирал нь орон тоо бүтцийг шинэчлэн баталсан байна. Хэргийн 128 дугаар талд авагдсан хавсралтыг харахаар нэхэмжлэгчийн ажлын байр, албан тушаал гээд Англиас Монгол руу орчуулсан. Хангамжийн хэлтэс гээд хавсралтаар гаргаж өгсөн хүснэгтийг харахад Монгол ажилтан 61 байна гээд заасан. Нийт тоогоороо 2017 оны 04 дүгээр улиралдаа 61, мөн 2018 оны 04 дүгээр улиралдаа мөн адил 61. Хэрвээ үнэхээр хасагдсан бол энэ тоо өөрчлөгдөх ёстой. Энэ өөрсдийнх нь гаргаж өгсөн бүтцийн баримт.

2. Тушаалд орон тоо хасагдсан гэдэг агуулга байдаггүй, алба хэлтсийн нэр л өөрчлөгдсөн байгаа. 2017 оны 05 дугаар сард нэхэмжлэгчийн ажлын чиг үүргийг хангамжийн стратегийн менежерийн ажил руу шилжүүлсэн. Гэхдээ мэдэгдлээ бизнесийн үйл ажиллагааны нөхцөлийн улмаас гэсэн байгаа. Үнэхээр тийм нөхцөл байдал бий болсон бол адил чиг үүрэгтэй албан тушаал бий болгох шаардлага байсан уу? үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Ямар нөхцөл байдал бий болсон нь тодорхойгүй. Далд уурхай ашиглалтад орсонтой холбоотой улам өргөжиж байхад ганцхан энэ хүнтэй холбоотойгоор бүтэц хасаж байгаа нь үндэслэлгүй.

3. Тушаалыг компанийн гүйцэтгэх захирлаас тушаах нь гэсэн байна. ТУЗ-ийн ямар нэг шийдвэр байхгүй. Гэрээний заалтаар компанийн гүйцэтгэх захирал ТУЗ-ийн шийдвэрээр ажилтны орон тоог өөрчлөх эрх хэмжээг заасан.

4. Гүйцэтгэх захиралтай хийсэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний 3.3-т ТУЗ эрх олгосон хэдий ч гэрээг үндэслэсэн байхыг заасан.

5. 2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст Компанийн дүрмийн гүйцэтгэх удирдлага 6б гэсэн хэсэгт компани нь ТУЗ-ийн шийдвэрээр тодорхойлсон чиг үүрэг бүхий ажилтнуудтай байж болно гэж тодорхой заасан. ТУЗ өөрөө дүрмээрээ тодорхойлогдсон.

6. 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудас. Хэргийн 128 дахь талд байгаа бүтэц зохион байгуулалт баталсан гэдэг эргэлзээтэй. Баруун доод буланд 3/05. 18 гэж биччихсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолно.

7. Тушаалд яагаад гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажил олгогч 1 сарын өмнө мэдэгдлээ өгөх заалт хэрэгжээгүй.

Хариуцагч тал мэдэгдлийг 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн. Гэтэл тушаал 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Ингэснээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн. Хэрвээ хариуцагчийн үзээд байгаачлан орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан бол 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сараар тоолох хугацаа уг сарын мөн өдөр дуусах ёстой. 6-ны өдөр мэдэгдсэн бол тушаал нь 05-ны өдөр биш 06-ны өдөр гарах ёстой. Иргэний хуулийн хугацаа тоолох заалтыг зөрчсөн. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тушаал гараад тушаалын 1 дэх заалтаар 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгож цуцалсугай гэж гарсан.

Гэтэл мэдэгдэлд 2 дугаар хэсэгт 12 дугаар сарын 06-аас цуцлах болно гэдгээ заасан атлаа тушаалаа 12 дугаар сарын 05-ны өдөр гаргаад ажлыг нь хүлээлц гэж заачихсан. Тушаалд 05-ны өдрөөр тасалбар болго гэдэг 5 гэдэг нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, 1 сарын өмнө өгсөн гэж үзэхгүй.

Мэдэгдэлд сарын дараа гэчхээд гардуулсан өдрөөс ажлын багаж хэрэгслийг хураан авч, ажлын байранд нэвтрүүлэхгүй болгосон нь ажил хүлээлцэх, ээлжийн амралт эдлэх хоног хугацаа олгоогүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч анхнаасаа хангамжийн хэлтэст ажиллаж байсан бол Батбаатар өөр хэлтсээс томилогдсон.

Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 19 дүгээр зүйлд ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн тушаалд заахдаа ажилтанд ногдвол зохих ээлжийн амралтын хугацааг тооцоод ажил хүлээлцэх сүүлчийн өдрөөр тогтооно гэж хугацаа тоолох журам заасан. Тэгвэл ээлжийн амралтыг эдлүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн.

9.Нэхэмжлэгч 2010 оноос энэ байгууллагад ажилласан. Нэхэмжлэгчийн ажлын байр 10 жилийн өмнөөс гэрээний мэргэжилтэнгээс эхлээд тасралтгүй ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажиллаж ирсэн. Гэтэл өнөөдөр бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлын улмаас гэсэн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Стратегийн менежерийг бий болгоод Батбаатарыг ажилд авч ажиллуулсан. Н.Н.Ө компанийн өмнөөс ашигтай гэрээ байгуулах чиг үүрэг хүлээсэн, Батбаатарынх худалдааны таатай гэрээ байгуулах гэж байгаа. Хангамж хариуцсан менежер ажлын байрны ерөнхий агуулга тэр чигээрээ орсон байна.

Хариуцагч тал Батбаатарын ажлын байр хамааралгүй гэдэг, гэтэл хэрэгт байгаа баримтаар Батбаатарыг 05 дугаар сарын 12-ны өдрөөр стратегийн менежерээр ажиллуулсан мөртлөө 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр томилсон тушаал гаргасан нь 3 сарын өмнөх үйл баримтыг урьдчилан шийдсэн болж байна.

Мөн ажлын байрны тодорхойлолтоор хангамж гэдэг чиг үүрэгтэй хэлтэс байгаагаараа л байна, өөрийнх нь чиг үүрэгтэй адил ажлын байрыг ажлаас халахаас хэдхэн сарын өмнө бий болгоод чиг үүргийг нь шилжүүлж байгаа нь бүтэц нь өөрчлөлт хийгдсэн эсэх асуудал яригдана. Цалингийн дундаж нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдоно. Гүйцэтгэх удирдлагад ТУЗ-өөс олгосон эрх хэмжээ байхгүй. Орон тоо хассан гэх үндэслэл тодорхойгүй. Батбаатарын хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тушаалд ямар нэг үндэслэл заагаагүй тодорхойгүй. Иймд сарын дундаж цалин 10,848,691 төгрөг, 1 өдрийнх нь 511,730 төгрөг, өнөөдрийг хүртэл 18 сар, ажлын 17 хоногийн олговороо шаардаж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н.Өын эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо нь хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлэх гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу түүнд нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Мэдэгдэл 12 дахь талд авагдсан байгаа. Гардуулаад 30 өдөр болсон байсан, хууль зөрчсөн гэвэл түүнийгээ нотлох шаардлагатай. Мэдэгдлийг хүлээж авснаа зөвшөөрсөн.2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын 47/17 тушаалаар компанийн орон тоо бүтцийг өөрчилж, нэхэмжлэгчийн ажлын орон тоо хасагдсан. Хавтаст хэргийн 128 дугаар талд авагдсан орон тооны бүдүүвч 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуулбар үнэн батлуулж, 2018 оны 05 дугаар сард зохих хураамж авч хийлгэсэн орчуулга, 127, 128 дугаар хуудасны бүдүүвчээр хангамжийн хэлтсийн нийт ажилчид 74, үүнээс 3 нь гадаад, Монгол 71, үйл ажиллагааны хэлтэст нийт 63 ажилчин байна. 61 Монгол, 2 гадаад байна. Гүний уурхайн хэлтэст 11 ажилтнаас 10 Монгол, 1 гадаад байгаа. 124, 125 дугаар талд 47/17 тушаал нь зөвхөн нэр бус агуулга нь орон тоо бүтцийн өөрчлөлтийг заасан. Гүйцэтгэх удирдлагын гэрээнд компанийн бүтэц, орон тоог батлах эрх олгосон. Улсын бүртгэлээс ирүүлсэн дүрмийн 6б заалтад албан тушаалтнуудтай байхыг, дүрмийн 8-д гүйцэтгэх удирдлага нь албан тушаалтанд хамаарч байгаа. Улсын бүртгэлд өгсөн дүрмийн орчуулга нь алдаатай тул англи эхийг барина. Шүүхэд зөв орчуулга гаргаж өгсөн. Мэдэгдэлд заавал ажиллахыг шаарддаггүй.

Иргэний хуулийн хугацаа тоолох журам энд хамаарахгүй. 1 сар хэд хоног байх нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээний 10-ын 4-т заасны дагуу 12 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй. Одоо орон тоо хэвээр байна гэсэн тайлбараа нотлох үүрэгтэй. Орон тоо нь байгаа гэдэг хэрэгт нотлогдохгүй байна.

Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж тайлбарласан байдаг тул нэхэмжлэгч Н.Н.Өд урьдчилан мэдэгдэж ажил олгогчийн зүгээс хуулийг үндэслэлтэй хэрэгжүүлсэн.

Иймд т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №Эйч Ар 4007/17 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Н.Н.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл баримтуудыг нэг бүрчлэн шинжлэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжпэгч Н.Н.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Эйч Ар 4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нарын хамт оролцон, олговрын хэмжээг энэ өдрийг хүртэл хугацааны олговорт 203,975,848 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулж шаардсан.

Хариуцагч т.т ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагыг эс зөвшөөрч, гүйцэтгэх удирдлага олгогдсон эрх хэмжээний дагуу компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсны улмаас нэхэмжпэгчийн эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаал байхгүй болж, орон тоо хасагдсан учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзсан.

Нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тул гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаандаа гаргасан гэж үзнэ.

Талууд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажпын орон тоо хасагдсан эсэх, гүйцэтгэх захирлын эрх хэмжээ мөн эсэх талаар маргаж байна.

Нэхэмжлэгч 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн т.т ХХК-ийн хангамжийн хэлтэст гэрээний ажилтан, 2011 оны 07 дугаар сараас мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд өөрчлөн томилогдож, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээний ажилтан, 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл гардуулан өгч, хэрэглэж байсан ажлын багаж хэрэгслийг нь хураан авч, ажлын байранд нэвтрүүлээгүй.

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй.

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн т.т ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., мөн хуулийн 55 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1., Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын ээлжийн амралт олгох заавар-ын 15 дугаар зүйлийн 15а, т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, т.т ХХК болон компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016, 2017 оны хамтын гэрээний 2.19 болон 2.19б хэсгийг тус тус үндэслэн, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан тул Н.Н.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

Хариуцагч тал маргаж буй үндэслэлээ т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаартай бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар эрх зүйн үндэслэлийг заасан тул шүүх энэ эрх зүйн үр дагавар үүсгэсэн хууль зүйн факт болж буй гүйцэтгэх захирлын №Эйч Ар 4007/17, 47/17 дугаартай тушаалууд түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

1.Хариуцагч тал шүүхэд талуудын хүсэлтээр улсын бүртгэлээс гаргаж ирүүлсэн т.т ХХК-ийн дүрмийг орчуулгын хувьд алдаатай гэж өөр орчуулга хийсэн дүрэм ирүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж заасан, мөн хариуцагч тал өөрөө шүүхэд гаргаж өгсөн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 248 дахь тал/-нд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүрмийн шинэчилсэн найруулга улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэхүү эхээрээ дүрэм /хавтаст хэргийн дүгээр хавтас 71-80 дахь тал/-ийг бүртгэлийн байгууллага шүүхэд ирүүлсэн тул үнэлэх үндэстэй. Харин /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 9-17 дахь тал/ улсын бүртгэлд бүртгэгдээгүй дүрэм буюу орчуулгыг үнэлэх боломжгүй.

2. Дүрмийн 6/Ь/ заалтад Компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон албан тушаал, чиг үүрэг бүхий ажилтнуудтай байж болох-оор тусгасан ба компанийн гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүхий л тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн хариуцаж, дүрмийн заалтууд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан гэрээний нөхцөлийн дагуу өөрийн үүргээ биелүүлэхийг заасан.

т.т ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой байгуулсан гүйцэтгэх удирдлагын гэрээ /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 24-32 дахь тал/-ний 3.1.гүйцэтгэх удирдлагын албан тушаал нь энэхүү гэрээ, НӨОДТХНГ, компанийн дүрэм, төлөөлөх бүрэн эрх, Компанийн тухай болон бусад хууль тогтоомж, ТУЗ-ийн тогтоолууд болон ТУЗ-өөс тухай бүрт нь өгөх хууль ёсны бусад удирдамж, зааварчилгааны хүрээнд ногдуулсан тодорхой заавар, удирдамжууд, эрх мэдлийн хязгаарлалтуудын хүрээнд өдөр дутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэгтэй гээд, 3.3.гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг хэсгийн /g/-д гүйцэтгэх удирдлага нь ажилтнуудыг ажилд авах, тэдэнд цалин хөлс олгох, мөн тэдгээрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох болон компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг батлах бүрэн эрхтэй болохыг тусгажээ.

Дээрх дүрэм, гэрээний заалтыг харьцуулан үзвэл, компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүхий л тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн, дүрмийн заалтууд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан гэрээний нөхцөлийн дагуу ажиллагсдын орон тоог цөөрүүлэх, хасах ажиллагааг явуулах ёстой гэж ойлгогдож байх боловч компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаартай тушаал тухайн үед өгсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн ямар удирдамж, зааварчилгаа, тогтоол шийдвэрт үндэслэгдсэн, гэрээний заалт хэрхэн хэрэгжсэн, ажилтнуудын бүтэц, орон тоог хасах эрх зөвшөөрөл олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

3. Хариуцагч тал шүүхэд өөрийн нотолгооны хэрэгсэл болгон ирүүлсэн дүрмийн болон тушаалын хавсралтын орчуулга буруу зөрүүтэй хийгдсэн гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан хуулиар хүлээсэн зохигчийн үүрэг юм.

Шүүх хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа аливаа баримтат мэдээллийг, дээрх хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэргийг хянан шийдвэрлэхэд бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

4. Ажлын байр: Хариуцагч т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47\17 дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт ажлын байрны тоог шинэчлэн батлахаас өмнө т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 44/16 дугаар тушаал /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 44, 47 дахь тал/-аар компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлахад, нэхэмжлэгчийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо батлагдсан байх ба компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12\17 дугаар тушаал /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 39, 42 дахь тал/-аар санхүү болон хангамжийн хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлагдахад нэхэмжлэгчийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо батлагдсан байсан, орон тооны бүдүүвч хүснэгтүүдэд хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо сул устгах ажлын байранд тус тус ороогүй байсан байна.

т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0680/16 дугаар тушаал /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 48 дах тал/-ын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар хувь дээр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн, хангамж-бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн менежер Д.Амартүвшинг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хангамжийн бодлогын хэлтсийн хангамжийн бодлого хариуцсан ерөнхий зөвлөхөөр, /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 49 дэх тал/-д авагдсан т.т ХХК-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хэлтэс болон албан тушаал өөрчлөх тухай 0680/16 дугаар тушаалын орчуулга хувь дээр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн, хангамж-бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн менежер Д.Амартүвшинг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хангамж стратегийн худалдан авалтын хэлтсийн, хангамжийн стратегийн ерөнхий зөвлөхөөр ажиллуулах гэсэн нь нэг огноо дугаартай тушаалын ажлын байр өөр өөр байна.

т.т ХХК Г.Батбаатартай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төслийн үйлчилгээний зохицуулагч албан тушаалд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 89-93 дахь тал/ байгуулсан, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хавтаст хэргийн 2 дугаар хавтас 74, 76дахь тал/-өөр хангамж, стратегийн худалдан авалтын хэлтсийн стратегийн мэргэжилтэн албан тушаалыг тус хэлтсийн хангамжийн стратегийн менежер шинэ албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн хэлтэс албан тушаал өөрчлөх тухай 0767\16 дугаар тушаалын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар /хавтаст хэргийн 35 дахь тал/ хувь дээр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн хангамж үндэсний ханган нийлүүлэлтийн хэлтсийн бизнес хөгжлийн ахлах мэргэжилтэн Г.Батбаатарыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хангамж, хангамжийн бодлогын хэлтсийн хангамжийн бодлогын мэргэжилтнээр, уг тушаалын орчуулга /хавтаст хэргийн 36 дахь тал/ хувь дээр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн, хангамж үндэсний ханган нийлүүлэлтийн хэлтсийн ханган нийлүүлэгчийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Г.Батбаатарыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хангамж, стратегийн худалдан авалтын хэлтсийн стратегийн худалдан авалтын мэргэжилтнээр,

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын №Эйч Ар 3263/17 дугаар албан тушаал зэрэглэл болон цалин өөрчлөх тухай тушаал /хэргийн 2 дугаар хавтас 60-61 дэх тал/-аар хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн, хангамжийн бодлогын хэлтсийн хангамжийн стратегийн мэргэжилтэн Г.Батбаатарыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хангамжийн стратегийн менежерээр ажиллуулах тухай нотариатаар хуулбарын үнэн зөв гэрчлэгдсэн, хэргийн 61 дэх талд авагдсан энэ тушаалын орчуулга хувь дээр хангамж стратегийн худалдан авалтын хэлтсийн стратегийн мэргэжилтэн Г.Батбаатарыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хангамжийн стратегийн менежерээр ажиллуулах гэсэн нь тушаал, хөдөлмөрийн гэрээнд хэлтэс өөр өөрөөр бичигдсэн, мөн 3 сар өнгөрсний дараа нөхөж тушаал гаргасан нь 2017 оны 05 дугаар сараас шинэ албан тушаалд ажилласан гэж үзэх боломжгүй.

Эндээс үзэхэд нэхэмжлэгч болон Г.Батбаатар нарын хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, хангамжийн стратегийн менежер гэх албан тушаалууд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тус компанид байсан, гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаар т.т ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаалыг бүтэц бүдүүвчээс хассан зүйлгүй, уг орон тоог хасах тухай болон ямар нэг албан тушаал орон тоог хасах талаар 47/17 дугаар тушаалд агуулга заалт ороогүй, харин бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар зарим алба газар, хэлтсийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээ авахыг боловсон хүчин хэлтэсд үүрэг болгосон байгаа нь хариуцагч талын гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаар т.т ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо нь хасагдсан гэх тайлбар нотлогдохгүй байна.

Хангамжийн орон тооны бүдүүвч зураглал /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 128 дахь тал/ дээрх хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаалын дор 2017 оны 11 дүгээр сар гэсэн жижиг бичвэр хийсэн нь тушаалаар эрх зүйн үндэслэл тогтоогоогүй байхад 2017 оны 11 дүгээр сард хасагдана гэх ойлголт болохгүй.

Орон тоо хасагдах гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болохыг ойлгох ба 47\17 дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах үндэслэл шалтгаан заагаагүй, ийнхүү шинэчлэн батлахдаа түүнээс өмнөх хуучин бүтэц, орон тоог хассан гэх баримт байхгүй тул шүүх нэхэмжлэгчийн орон тоог хасагдсан гэж дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг зохицуулсан.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна., 83.6.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна гэж заасан.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулсан хариуцагчийн дүрмийн 6b-д Компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон албан тушаал, чиг үүрэг бүхий ажилтнуудтай байж болох... гэж заасан нь ажилтнуудын албан тушаал, чиг үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэн тодорхойлсон ийм шийдвэр баримтгүй байна.

Хариуцагч талын баримт болох тушаалын хавсралт гэж ирүүлсэн, хангамжийн орон тооны бүдүүвч зураглал бүхий хүснэгтэд, үйл ажиллагаа 2017 оны 4 дүгээр улиралд Монгол ажилтан 61, 2018 оны 4 дүгээр улиралд мөн адил 61, хангамжийн хэлтсийн нийт ажилтан 2017 оны 4 дүгээр улиралд 71, 2018 оны 4 дүгээр улиралд 71 байгаа нь орон тоо хасагдаагүй гэж үзэх бас нэг үндэслэл болно.

6. Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл / хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 111-112 дахь тал/-ийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид гардуулан өгсөн талаар маргаагүй. Мэдэгдэлд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн атлаа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилтны ажлын байранд хэрэглэж байсан ажлын багаж хэрэгслийг нь хураан авч, түүнийг тэр өдрөөс ажлын байранд нэвтрүүлээгүй нь ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэр бичгээр гаргаагүй ч ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэж үзэх ба энэ хугацааны цалин хөлс бүрэн олгогдсон талаар нэхэмжлэгч маргаагүй тул 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаал гарснаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1., 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхийг зохицуулсан бөгөөд мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс цуцлах болно гэж заасан атлаа тушаал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сараар тоолох хугацаа уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусахаар зохицуулсны дагуу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусах тул тушаал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан нь нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн заалт зөрчигдсөн гэж үзнэ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана., 43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.гэж заасан. Тушаал гарсан өдөр болох 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор ажил хүлээлцэх хугацаа заажээ.

Тушаалд ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгөн олговор тооцож олгосон, харин ээлжийн амралтын хоногийг эдлүүлээгүй, амралтын хоногийг урьдчилан тооцон гаргасан дээрээ ажил хүлээлцэх хугацааг оруулан ажлаас халагдсан сүүлчийн өдрийг тогтоогоогүй нь ажилтанд ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх, мөнгөн урамшууллын журам, хамтын гэрээ, тохиролцооны талаар байхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1., 79 дүгээр зүйлийн 79.1.дэх заалтуудыг зөрчсөн.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д, хөдөлмөрийн гэрээнд хуулийн 21.1.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр, 21.1.2. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг гэсэн гол нөхцөлийг тохирохыг заасан.

Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 67-69 дэх тал/-д зорилго нь, уурхайд шаардлагатай байгаа үйлчилгээ худалдан авах, гэрээг удирдан зохицуулахад оршино. Үйлчилгээний ангиллын багийг удирдаж, бизнесийн үндсэн эцсийн хэрэглэгчийн шаардлагыг тусгасан уул уурхай, төслийн талбай, мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой худалдан авалтын төслүүдийг удирдан зохион байгуулснаар зорилгоо биелүүлнэ.

Хангамжийн стратегийн менежерийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 116-118 дахь тал/-д зорилго нь, худалдааны таатай гэрээ байгуулж, компанид оновчтой үнэ цэнийг бий болгоход хувь нэмрээ оруулах, стратегийн гэрээний төслүүдэд зөвлөлгөө өгөх гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ажилтны ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгах ба хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг хангамжийн стратегийн менежерийн ажил үүрэгтэй давхцаж байгаа болох нь Хангамжийн стратегийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод Худалдааны таатай гэрээ байгуулах харин нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод Худалдааны ашигтай гэрээ байгуулах хэмээн тусгагдсан байгаагаас үзэхэд дээрх 2 ажлын байрны үндсэн зорилго аль аль нь Худалдааны гэрээ байгуулах гэсэн адил чиг үүрэг гүйцэтгэж байгаа нь нэхэмжлэгч Н.Н.Өын хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Н.Ө тус хангамжийн хэлтэст 2010 оны 07 дугаар сараас эхлэн гэрээний ажилтнаар тогтвортой, хугацаагүй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж ирсэн нь энэ ажлын байрны хэрэгцээ шаардлагын илэрхийлэл болно.

9. т.т ХХК болон компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016, 2017 оны хамтын гэрээний 2.19. доорх үндэслэлүүдээр тухайн ажлын байранд хамаарах хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болох ажилтныг компанийн өөр хэлтэс хэсэг рүү шилжүүлэх боломжгүй үед ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж олгоно., 2.19б.орон тоо хасагдсан гэж зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болох ажилтныг компанийн өөр хэлтэс хэсэг рүү шилжүүлэх боломжтой эсэхийг тогтоосон зүйлгүй тул энэ заалт хэрэгжих нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.

10. т.т ХХК-ийн дотоод журмын хөдөлмөр-удирдлагын харилцаа, түүнийг дуусгавар болгох 6 дугаар хэсгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 3-т /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 53 дахь тал ар талд/ ...ажил олгогчийн санаачлагаар ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай шийдвэр гаргахдаа: 1.ажилтанд өөрийн хүсэлтээр ажлаас халагдах боломж олгох, 2.хэлтсийн болон шууд харьяалах менежер мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авснаар тогтоосон ажилтны мэргэжил, ур чадварын бодит түвшин эдгээрийг харгалзан үзнэ..гэсэн заалт хэрэгжсэн зүйлгүй байна.

Эндээс дүгнэхэд, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэх үндэстэй.

Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй хэдий ч ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт бий болгосон, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид үр дагавар үүсгэхгүй учир шүүх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч...орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно. гэж заасан.

Иймд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаал хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох нэхэмжлэгч Н.Н.Өыг хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор....олгоно., 46 дугаар зүйлийн 46.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.гэж заасны дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 10,848,691 төгрөг /10,802,221+10,858,432+10,885,420=32,546,073, 32,546,073:3=10,848,691 төгрөг/ /арван сая найман зуун дөчин найман мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөг байх ба 1 өдрийн дундаж цалин хөлс 493,122 /10,848,691:22=493,122/ /дөрвөн зуун ерэн гурван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 18 сар, ажлын 17 өдрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас /195,276,438+8,383,074=203,659,512/ /хоёр зуун гурван сая зургаан зуун тавин есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт илүү нэхэмжилсэн /203,975,848-203,659,512=316,336/ /гурван зуун арван зургаан мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч олговорт олгогдох 203,659,512 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгосон талаар талууд маргаагүй ба хэдэн төгрөг олгогдсон тухай баримтгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Ажил олгогч нь энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. гэж заасантай нийцэж байх тул буруутгах үндэсгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг дээр олговорт олгогдох дүнгээр 1,176,247 төгрөг бүгд 1,246,447 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118,160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н.Өыг эрхэлж байсан т.т ХХК-ийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн т.т ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, олговорт шаардсан дүнгээс 316,336 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч т.т ХХК-иас 203,659,512/ /хоёр зуун гурван сая зургаан зуун тавин есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н.Өд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 203,659,512 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, Н.Н.Өын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч т.т ХХК-д үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч т.т ХХК-иас 1,246,447 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ