Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01803

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01803

 

 

 

Н.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01462 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Т- ХХК-д холбогдох

 

Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 203 975 848 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Ө-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, С.Болормаа

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Ө- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 7 дугаар сараас эхлэн О.Т- ХХК-ийн Хангамжийн хэлтэст гэрээний ажилтан, 2011 оны 7 дугаар сараас тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2014 оны 6 дугаар сараас Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалын дагуу ажлаасаа халагдсан.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Миний гүйцэтгэж байсан ажил үүрэг компанийн үйл ажиллагаанаас хасагдаагүй, стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, барааны гэрээ хариуцсан менежерт 2 хувааж шилжүүлсэн. Намайг ажлаас халахын тулд өөр нэршил бүхий менежерийн албан тушаалыг бий болгосон.

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг компанийн хүний нөөцийн хэлтсээс дуудаж, миний хэрэглэж байсан гар утас, компьютер зэрэг албан ажлын хэрэгцээний эд хогшлыг бүгдийг нь хураан авч, ажиллах боломжгүй болгосон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан гэж үзэж байна. Харин тушаалыг хожим 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажил олгогч Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэснийг компани зөрчиж, дээрх тушаалыг гаргасан.

Иймд компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 203 975 848 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Ө-ын эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо нь хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэж, улмаар 12 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Мэдэгдлийг гардуулаад 30 өдөр болсон, хууль зөрчсөн гэвэл түүнийгээ нотлох шаардлагатай. Нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээж авснаа зөвшөөрсөн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын 47/17 тушаалаар компанийн орон тоо бүтцийг өөрчилж, нэхэмжлэгчийн ажлын орон тоо хасагдсан. Гүйцэтгэх удирдлагын гэрээнд компанийн бүтэц, орон тоог батлах эрх олгосон. Улсын бүртгэлээс ирүүлсэн дүрмийн 6б заалтад албан тушаалтнуудтай байхыг, дүрмийн 8-д гүйцэтгэх удирдлага нь албан тушаалтанд хамаарч байгаа. Улсын бүртгэлд өгсөн дүрмийн орчуулга нь алдаатай тул англи эхийг барина. Шүүхэд зөв орчуулга гаргаж өгсөн. Мэдэгдэлд заавал ажиллахыг шаарддаггүй. Орон тоо нь байгаа гэдэг хэрэгт нотлогдохгүй байна.

Иймд О.Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НR4007/17 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө-ыг эрхэлж байсан О.Т- ХХК-ийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн О.Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №Эйч Ар 4007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, олговорт шаардсан дүнгээс 316 336 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч О.Т- ХХК-иас 203 659 512/ /хоёр зуун гурван сая зургаан зуун тавин есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ө-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 203 659 512 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, Н.Ө-ын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч О.Т- ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Т- ХХК-иас 1 246 447 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа давж заалдах гомдолдоо:

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн О.Т- ХХК-ийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоос үзэхэд тухайн дүрэм нь 2011 оны 10 дугаар сард шинэчлэн найруулсан дүрмийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт болно. Түүнээс шийдвэрт дурьдсанчлан шинэчлэн найруулсан дүрэм биш. Улсын бүртгэлийн газар нь гадаад хэл дээрх баримт материалыг улсын бүртгэлд бүртгэдэггүй. Шүүх Улсын бүртгэлээс гаргуулан авсан дүрэм бол О.Т- ХХК-ийн орчуулга бүхий баримт бөгөөд үүний нотолгоо нь хавтаст хэрэгт авагдсан дүрмийн зүүн доод буланд О.Т- ХХК-ийн дардас дарагдсан болно. О.Т- ХХК-аас шүүхэд тус компанийн англи хэл дээрх дүрмийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж, мөн дүрмийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу албан ёсны зөвшөөрөл бүхий этгээдийн орчуулсан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгснийг шүүх үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болно.

О.Т- ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6 (b)-д заасан бөгөөд Гүйцэтгэх удирдлагын гэрээний 3.3-ын Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүрэг гэсэн заалтын (g) ... Компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг батлах эрхийг гүйцэтгэх удирдлагад олгосон. Ингэхдээ Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 152 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэх удирдлага томилогдож, түүнд заасны дагуу гэрээ хийгдсэн. Тиймээс шүүхийн ажилтнуудын бүтэц, орон тоог хасах эрх зөвшөөрөл олгогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

О.Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 12/17 дугаартай тушаалаар зөвхөн санхүү болон хангамжийн хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан байсан бол гүйцэтгэх захирал нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаартай тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт болон нийт ажлын байр, орон тоог баталсан. Нэхэмжлэгч Н.Ө-ын хөдөлмөрийн гэрээ орон тоо хасагдсан үндэслэлээр цуцлагдсан байхад шүүх шийдвэртээ орон тооны бүдүүвч хүснэгтүүдэд хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо сул устгах ажлын байранд тус тус ороогүй байсан байна хэмээн Хөдөлмөрийн хуульд заасан орон хасагдах зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримт, тэдгээрийн үг, утга санааг ойлгоогүй хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

Гүйцэтгэх захирлын 2017 он 10 дугаар сарын 11-ний өдрийн О.Т- ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 47/17 дугаар тушаал, тушаалын хавсралтаар О.Т- ХХК-ийн компанийн бүтэц, зохион байгуулалт болон нийт ажлын байр, орон тоог баталсан. Энэхүү тушаалын хавсралт болох Хангамжийн хэлтсийн орон тооны бүдүүвчийн баруун дээд хэсэг дэх тэмдэглэгээнээс харахад Н.Ө-ын Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх орон тоо нь орон тоо хасагдах тэмдэглэгээтэй байгаа бөгөөд орон тоо нь 2017 оны 11 дүгээр сард хасагдахаар тусгагдсан. Тухайн нотлох баримтыг шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, дүгнэж шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш бичвэр нь жижиг, том хэмээн хэмжээгээр нь үнэлэх нь хууль зүйн үнэлэлт, дүгнэлт биш.

Хөдөлмөрийн гэрээний 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах тохиолдолд 30 хоногоос доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэнэ гэж хугацааг маш тодорхой зааж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан сарын хугацааг хэрхэн тооцох талаарх асуудалд хариулт өгч байна. Тиймээс шүүхийн шийдвэр дэх нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн заалт зөрчигдсөн гэсэн нь үндэслэлгүй болно.

Хариуцагчаас амралтын мөнгөн олговрыг олгосон. Мөн ажилтан ажлаас халагдах тохиолдолд биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгохоор тогтоосон ба үүнээс бусад тохиолдолд биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгохыг хориглосон. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хуульчилсан байхад орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтанд мөнгөн урамшууллын талаар тушаалд байхгүй гэж шүүх Хөдөлмөрийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг үндэслэлгүйгээр буруутгасан. Тиймээс шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны болсон гэж үзэхгүй.

Хариуцагчаас О.Т- ХХК болон О.Т- ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016, 2017 оны хамтын гэрээ болон О.Т- ХХК-иас өөр ажлын байранд шилжих боломжийн талаар зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл-ийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцалгүйгээр өөр хэлтэс рүү шилжүүлэх боломжтой эсэхийг тогтоосон зүйлгүй гэсэн үнэлэлт дүгнэлт өгч байгааг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Хэрэгт Н.Ө-ын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цуцалснаас хойш ажил олгогч даруй 3 сарын дараа тухайн орон тоог бий болгосон баримт байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, шүүх хуралдаанд яригдаагүй, шүүх үүнийг тогтоогоогүй атлаа шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг удирдлага болгосон нь үндэслэлгүй.

Шүүх дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалин хөлснөөс бус өөрийн үзэмжээр сараа сонгож дундаж цалин хөлсийг тооцсон. Тиймээс шүүхийн шийдвэр дэх ...нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 10 848 691 төгрөг-өөр тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 203 659 512 төгрөг гаргуулах заасан нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй, улсын тэмдэггийн хураамж төлөөгүй байхад шүүх 70 200 төгрөг гэсэн мөнгөн дүнг гаргаж ирж хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд шүүхийн шийдвэр дэх олговрын хэмжээ, тухайн хэмжээг үндэслэн тооцсон улсын тэмдэгтийн хураамжийн дүн буруу байна.

Шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 160 дугаар зүйлийг аль алийг барьсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх зэрэгцүүлэн хэрэглэх боломжгүй, хуулийн өөр өөр зохицуулалт бүхий заалтыг шийдвэртээ удирдлага болгон хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн алдааг залруулаагүй Н.Ө-ын шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвтгөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улмаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу шүүх гагцхүү хуульд захирагдах заалтыг зөрчсөн.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Н.Ө- нь Оюутолгой ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулан, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 203 975 848 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... орон тоо хасагдсан ..., ... хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн ... гэх үндэслэл заан маргажээ.

Талуудын хооронд 2010 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр HR4007/17 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Н.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна.

Зохигчид гүйцэтгэх захирлын 2017 оны 47/17 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, орон тоо бодитоор хасагдсан эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмын дагуу ажилтанд мэдэгдсэн эсэх талаар маргасан ба энэ тохиолдолд нотолгооны үүрэг хариуцагчид хуваарилагдана.

Хариуцагч Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 152 дугаартай тогтоолоор Армандо Торресыг гүйцэтгэх захирлаар томилж, түүнтэй гүйцэтгэх удирдлагын гэрээ байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83 дугаар зүйл болон компанийн дүрэмд нийцсэн байна. /1хх-76,96,97, 2хх-24-32/ Уг гэрээний 3.3-т гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүргийг тодорхойлж өгчээ. Хариуцагч Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 47/17 дугаартай тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалт болон нийт ажлын байр, орон тоог хавсралтаар баталсан байх ба уг тушаалын хууль зүйн үндэслэл, хүчин төгөлдөр байдлын талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс маргасан баримт хэрэгт байхгүй байна. Иймээс гүйцэтгэх захирал Армандо Торрессыг тус компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг батлах эрх бүхий этгээд гэж үзнэ. /1хх-97-107/ Анхан шатны шүүх энэ талаар алдаатай дүгнэлт хийжээ.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь дээрх тушаалыг үндэслэж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НR4007/17 дугаартай тушаал гаргаж нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тушаал зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх-114-115, 125-129/

Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад уг үйл баримт бодитой байхаас гадна мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх 2 нөхцөл бүрдсэн байх учиртай.

Дээрх 47/17 дугаартай тушаалын хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Ө-ын гүйцэтгэж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажлын байрыг орон тоо хасагдах ажлын байр гэж тэмдэглэсэн байгаа хэдий ч энэ нь бодитой хасагдсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. /1 хх-127-129/ Тодруулбал, хавсралтад тухайн байгууллага нь 2017, 2018 оны 4 дүгээр улиралд монгол ажилтны тоо нь ижил тоогоор буюу 61 ажилтан, нийт гадаад болон монгол ажилчдын тоог 71 байхаар баталжээ. Мөн хангамжийн стратегийн менежерийн ажил үүрэг нь хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, үүрэгтэй ижил төстэй гэж үзэхээр байна. /1хх-68-70, 117-119, 127-129/ Үүнээс дүгнэвэл өмнө нь хариуцагч компанийн бүтэц, орон тоо ямар байгаад шинээр хэрхэн өөрчлөгдсөн, улмаар хангамжийн үйлчилгээний менежерийн орон тоо хасагдаж ажлын байрны эрх, үүрэг өөр ажлын байрны эрх үүрэгт шилжиж, нэгтгэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийг татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Ажил олгогч орон тоо хасагдах үндэслэлээ хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заажээ. Хариуцагч Оюутолгой ХХК, нэхэмжлэгч Н.Ө-д хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирлын HR4007/17 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөх хугацааг зөрчсөн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, тушаал зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх-12-13/ Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт ...сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна... гэж заажээ. Иймд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд харьцуулан зөв үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 203 975 848 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.Ө-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 9-11 дүгээр сарын цалин, хөлсний дунджаар 1 сарын цалинг 10 848 691 төгрөг гэж тодорхойлсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөрчөөгүй байна. /1хх-121-122/ Үүнээс тооцвол нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 203 854 360 төгрөг /18 сар 17 хоног буюу 404 хоног х 504 590 төгрөг/ авахаар байгаа боловч шүүх ажлын өдрийг 22 хоногоор тооцон нэхэмжлэлийг 203 659 512 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагад хамаардаг ба уг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заажээ. Иймээс нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт хавсаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01462 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1 246 447 гэснийг 1 176 247 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 246 447 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД